| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/0172/э |
| Дугаар | 170 |
| Огноо | 2019-02-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Мөнхгэрэл |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;
улсын яллагч: С.Мөнхгэрэл;
шүүгдэгч: Б.П (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Харнууд овогт Б.Пт холбогдох эрүүгийн 1809054030027 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1969 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн Цээл суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 34 дүгээр байрны 6 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,
Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 194 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, регистерийн дугаартай, Харнууд овогт Б.П.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Б.П нь 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 34 дүгээр байрны орцны үүдэнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Ганбаттай марган улмаар зодож эрүүл мзндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.П мэдүүлэхдээ: Нэмж мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Ганбат /хх-ийн 13-17/, гэрч Я.Байрсайхан /хх-ийн 21-22/, Ч.Пүрэв-Очирын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 3-4/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14229 дугаартай дүгнэлт /хх-ийн 24/, Ч.Пүрэв-Очирын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 28, 33-40/, Ц.Ганбатын хүсэлт /хх-ийн 41/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.П нь 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 34 дүгээр байрны орцны үүдэнд Ц.Ганбаттай маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
хохирогч Ц.Ганбатын /хх-ийн 13-17/: “... Би 2018 оны 11 дүгээр сарын 29-ний оройн 20 цагийн орчим өөрийн гэр болох Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 34 дүгээр байрны падволь буюу 00 тоотод эхнэр хүүхдийн хамт амарч байхад тус байрны 1 давхар 6 тоотод оршин суудаг Баасанжав овогтой Пүрэв-Очир согтуу үл таних хүнтэй хамт манай гэрт орж ирээд “нэг шил архи хувааж уугаад гаръя” гэсэн. Манай эхнэр “манайх нялх хүүхэдтэй, тийм юм байхгүй” гэхэд манай эхнэрийг “гичий, янхан” гэх зэргээр доромжилсон. Би “та яагаад байгаа юм бэ, манай гэрээс гар” гэхэд намайг архины шилээр цохиж, хоолойг боож зодсон. ... Зодоон орцны үүдэнд болсон. Би Пүрэв-Очирыг доороо хийгээд дарчихсан, Пүрэв-Очир намайг заамдаад миний өмсөж явсан подволкны захаар намайг боогоод зогсож байхад Пүрэв-Очирын цаагдаа ирээд тавиулсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Я.Баярсайханы /хх-ийн 21-22/: “...Тэгээд 10 орчим минутын дараа гэрээсээ гарахад орцны үүдэнд байрны жижүүр манай нөхрийг дараад өвдөглөсөн байдалтай байсан. Би “юу болсон юм бэ” гэж жижүүрээс асуухад “энэ хүн согтуу байсан учраас оруулахгүй” гэснээс болж маргасан, цагдаа дуудчихсан байгаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,
Б.Пын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 3-4/: “...2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр найз Батбаатартай таараад манай гэрч 0,33 литрийн архи хувааж уусан. Батбаатарыг гаргаж өгчихөөд гэррүүгээ орохдоо дахиад 0,33 литрийн архи аваад орцны үүдэнд шинээр жижүүрээр орсон залуутай таарсан. Жижүүр нь намайг “та хэн бэ, яагаад энэ хавиар согтуу яваад байгаа юм” гээд бариад авсан. Би “гэртээ орно” гээд жижүүр намайг “оруулахгүй” гээд жижүүрийн эхнэр “наад хүн чинь мөн байна, өдрөөс хойш энэ хавиар согтуу яваад байсан” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр жаахан маргалдаад ноцолдоод би Ганбатыг цамцаар нь боосон. Ц.Ганбатад учирсан гэмтлийг би боож, ноцолдож байхдаа учруулсан ...” гэх мэдүүлгээр,
“... Ц.Ганбатын биед баруун чихний ар хэсэг, хүзүү, цээжинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14229 дугаартай дүгнэлт /хх-ийн 24/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар ямар шалтгаанаас болж маргалдсаныг хохирогч, шүүгдэгч нар мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийг зодсоныг өөрөө болон хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Ч.Пүрэв-Очирын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч Ч.Пүрэв-Очирын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Ц.Ганбат “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн хүсэлт хэргийн 41 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд Ч.Пүрэв-Очирыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Пүрэв-Очир нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдаж байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт Б.П-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Харнууд овогт Б.Пыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Пүрэв-Очир торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Пүрэв-Очирт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ