Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00084

 

2024 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00084

 

Л.Эийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2023/03873 дугаар шийдвэртэй,

 

Л.Эийн нэхэмжлэлтэй

Н.Зд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамханд, хариуцагч Н.З, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Л.Э нь Н.Зтай танилын холбоотой. Улмаар Н.З, түүний нөхөр Б.Г нар хүсэлт гаргасны дагуу Л.Э цалингийн зээл авч, өөрийн нэр дээрх автомашиныг ломбарданд барьцаанд тавьж, танидаг хүмүүсээсээ мөнгө гуйж, цуглуулан 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Улсын их дэлгүүрийн хажууд 20,000,000 төгрөг бэлнээр, 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 13,000,000 төгрөгийг Б.Гийн эзэмшлийн, “Хаан банк” ХХК дахь - тоот дансанд шилжүүлж, мөн дараа нь 7,000,000 төгрөгийг, нийт 40,000,000 төгрөг зээлдүүлсэн.

1.2. H.Заас мөнгөө буцааж нэхэхэд “өгнө, удаахгүй өгнө” гэж явсаар 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “40,000,000 төгрөгийг төлж барагдуулна” гэж баталгаа бичиж өгсөн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй.

1.3. Мөн мөнгө зээлдүүлснээс хойш 16 сарын хугацаанд банк болон банк бус санхүүгийн байгууллагад нийтдээ 26,500,000 төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд төлж, санхүүгийн дарамтанд орж байна.

Иймд Н.Заас 40,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Миний бие Л.Эийн нэхэмжлэлийг дангаараа хариуцах ба Б.Г нь үүнд огт хамааралгүй төдийгүй тэрээр Л.Этэй уулзсан удаа байхгүй. Мөн түүнтэй тэрээр ярьж байгаагүй юм. Энэ нь Л.Э болон Н.Зын хоорондох асуудал юм.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Н.Заас 40,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Эд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нараас 357,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Миний бие төрөлхийн зүрхний гажигтай буюу ховдолын дутуу хаагдал гэсэн оноштойгоор эмчлүүлж, хяналтад байдаг. Эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хандан хяналтанд нь эмчлүүлж байсан. Эмчилгээ хийлгэж байсан эмнэлэг “Мөнхтэнгэр” эмнэлэг гэсэн хаягтай байсан тул тус эмнэлгийг “Мөнхтэнгэр” гэдэг эмнэлэг гэж ойлгосон. Гэтэл “Хоржимиза” гэдэг эмнэлэг байсан бөгөөд “Хоржимиза” эмнэлэг нь “Мөнхтэнгэр” эмнэлгийн байрыг түрээслэж үйл ажилгаагаа явуулдаг юм байна.

4.2. Миний бие өдөр бүр их хэмжээний тариа дусал хийлгэж, судас маань хагарч, гар маань хөдөлж чадахгүй байсан тул Б.Гийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Д.Амаржаргалаас “хүсэлт бичээд өгөөч” гэж гуйж бичүүлсэн хүсэлтээ шүүгчийн туслах охин руу ярьж нотлох бүх бичиг баримтын хамт явуулсан. Гэтэл шүүхээс эмнэлгийн нэр андуурагдсан, мөн өөрийн гараар хүсэлтээ бичээгүй гэсэн шалтгаанаар нэхэмжлэгч тал шүүх хуралдааныг хойшлуулахгүй гэж хүсэлт гаргаж, надгүйгээр шүүх хурлыг явуулсанд би гомдолтой байна.

4.3. Мөн “40,0 сая төгрөг” гэж гүтгэж байгаатай нь санал нийлэхгүй байгаа тул өөрийн биеэр Л.Этэй нүүрэлдэж асуудлаа шийдүүлмээр байна.

Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дээр дурдсан хүндэтгэх шалтгаануудыг авч үзэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомолд гаргасан тайлбарын агуулга: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдаан нийт 7 удаа хойшилсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан гэдгийг хариуцагч маш сайн мэдэж байсан. Зохигчид шүүх хуралдааны товыг шүүхээс асууж тодруулах үүрэгтэй. Мөн хариуцагч Н.Зын өвчтэй байсан талаарх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд нь хянаад, гомдлыг хангаж анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч Л.Э нь хариуцагч Н.Зд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 40,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хариуцагч Н.З нь 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанд эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцож боломжгүй байгааг илэрхийлж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүхэд цахимаар ирүүлжээ. Уг хүсэлтэндээ тэрээр “Хоржимиза” эмнэлэгийн 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн албан бичгийг хавсаргасан байх бөгөөд уг албан бичгээс үзвэл Н.З 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг дуустал тус эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан нь тогтоогдож байна.

Анхан шатны шүүх уг баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэж буй бол шалгах боломжтой бөгөөд ийнхүү шалгах ажиллагааг хийгээгүй атлаа хариуцагчийн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШЗ2023/17557 дугаар захирамж үндэслэлгүй болжээ.

 

4. Иймд хариуцагч Н.З хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байхад шүүх хуралдааныг түүний оролцоогүй явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэлд хамаарч байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2023/03873 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Т.БАДРАХ

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Г.ДАВААДОРЖ                                                                                            

      ШҮҮГЧ                                          Э.ЗОЛЗАЯА