Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 115

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.И-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, шүүгч Ч.Хосбаяр, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09ий өдрийн 61 дүгээр магадлалтай, Н.И+д холбогдох 2020000000065 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайханы гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд Сум дундын 9 дүгээр шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар 1 жил 2 сар хорих ял шийтгэгдэж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Н овогт Н.И нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх шүүгдэгч Н.И-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Иг 3 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.И-гоос эмчилгээний зардалд 2,871,336 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н-д олгуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.И-г 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэж,

3 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.И-д оногдуулсан 10,000,000 төгрөгийн торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэж тус тус өөрчилж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.И-гийн цагдан хоригдсон 48 хоногийн 1 хоногийг 15,000 төгрөгөөр тооцож, 720,000 төгрөгийн торгох ялыг биелэгдсэнд тооцож, үлдэх торгох ялын хэмжээг 9,280,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан гаргасан гомдолдоо “...Н.И нь төлбөрийн чадваргүй болох үндэслэлээр мөрдөн шалгах үеэс төлбөрийн чадваргүй сэжигтэн яллагдагч, шүүгдэгч нарт эрх зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгч болох н.Энхтуяаг авсан бөгөөд хуль зүйн энэ шаардлагыг хангахын тулд зохих ёсны бичгийн баримтыг бүрдүүлж энэ боломж нөхцөл хангагдсан нь ойлгомжтой юм. Гэтэл давж заалдах шатны шүүхийн шатанд дээрх бодит байдал эсрэгээр өөрчлөгдөж, түүнийг хувьдаа хөрөнгө малтай, төлбөрийн чадвартай болох бичиг баримтуудыг бүрдүүлж шүүхээс торгуулийн ял оногдуулсан нь ойлгомжгүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж, бодитой дүн шинжилгээг хийх нь хууль хэрэглээний зүй ёсны шаардлага юм.

Хэргийн байдлаас харахад энэ хэрэг нь хэдийгээр гэр бүлийн хүчирхийллийн бодит шаардлагаар шалгагдаж хөндөгдөөгүй боловч гэрч н.О, хохирогч н.Д нарын мэдүүлэгт Н.И-н согтуугаар гэр бүлдээ илтэд дээрэнгүй хандаж хониндоо явсангүй  хонины цаад талд хэнтэйгээ банзалдах гэсэн юм гэж доромжлоод авгайнхаа хөл рүү өшиглөсний улмаас ээж нь охиноо өмөөрч ийм нөхцөл байдал үүдэгдсэн болох үндэслэл, улмаар н.О-г 2020 оны 05 дугаар сард хамар руу нь нэг удаа цохиж байсан болох нөхцөл мөн ганц гэрээрээ хөдөө хүн бүл цөөтэй Н.И-гоос айж эмээдэг гэсэн байдлууд тусгагдсан нь уг хэрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой бие сэтгэл эрүүл мэнд сэтгэл санааны дарамт шахалт байхыг үгүйсгэх аргагүй юм.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой эдийн засгийн дарамт шахалтын асуудал ч н.О-д учирч байсны нэг тод жишээ нь энэ хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол төлбөрийг бүрэн гүйцэт төлөлгүйгээр хамтран амьдрах хугацаандаа бий болсон дундын хөрөнгөнөөсөө энэ бүгдийг авч төлнө хэмээн сэтгэл зүйн дайралтыг хийж дарамталдаг байсан асуудал юм.

Гэтэл энэ айлд н.О-ийн ярьж байгаагаар тэрээр Н.И-той хууль ёсны баталгаагүй, өмнөх нөхрөөсөө гэрлэлтээ албан ёсоор цуцлуулаагүй, гэрлэгсдийн хэмжээний хөндөгдөх хөрөнгийн маргааны ямар ч хууль зүйн үндэслэл байхгүйн гадна Н.И нь 2015 онд ял шийтгэхдээ их хэмжээний буюу 5 сая гаруй төгрөгийн хохирол төлбөрийг бусдад учруулан төлж байсан энэ байдалдаа амтшиж тэднийг эдийн засаг эд хөрөнгөөр нь дарамтлах буруу ойлголт авсан болохыг үгүйсгэх аргагүй.

Өөрөөр хэлбэл, Н.И-д оногдуулсан энэ торгуулийн ял шийтгэлийн хэрэгжилт нь түүний хөрөнгө хүч хөдөлмөрөөр биш уг айлын дундын хөрөнгөнөөс төлөх сонирхлоороо дахин гэр бүлийн хүчирхийллийн нэг төрөл болох эдийн засгийн дарамтын асуудал бий болохыг онцлох анхаарч бодитой дүгнэлтийг хийх нь чухал юм. Иймд дээрх үндэслэлүүдээр Н.И-д холбогдох хэргийг дахин хянаж өгнө үү” гэжээ.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа хэлсэн саналдаа “...Хохирогчийн өмгөөлөгч шүүгдэгч Н.И-д торгуулийн ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй, биелэгдэх боломжгүй, торгуулийн ял шийтгэлийн хэрэгжилт нь дундын эд хөрөнгөөс төлөх сонирхлоороо дарамт үүсгэж байна гэсэн гомдол гаргасан. Н.И нь малчин бөгөөд тодорхой тооны мал, хөрөнгө өөрийн нэр дээр нь тоологдсон. Төлбөр төлөөд өмгөөлөгч авах боломжгүй учир таныг өмгөөлөгчөөр авъя гэсэн хүсэлт гаргасан учир би өмгөөлөгчөөр орж хэрэгтэй танилцсан. Н.И нь учруулсан хохирлоос тодорхой хэмжээг төлсөн байдаг. Анхан шатны шүүхээр шийтгэх тогтоолоор хохирол төлбөр эцэслэн тогтоогдсоны дараа үлдэгдэл хохирол, төлбөрийг төлж барагдуулсан байдаг. Н.И нь хөдөлмөрч, архи хэтрүүлэн хэрэглэдэггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг бага насны 3 хүүхэдтэй, өрх толгойлсон эх байхад нь тодорхой тооны хөрөнгөтэйгөөр хамтран амьдарсан байдаг. Энэ хугацаанд дундын эд хөрөнгийг бий болгоход шүүгдэгчийн хөдөлмөр, оролцоо, хувь нэмэр тодорхой хэмжээгээр байгаа. Н.И-гийн хувьд хохирлоо төлөхдөө дундын эд хөрөнгөөс огт гаргаагүй. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг баримталж гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлсөн байдал зэргийг харгалзан үзэж хорих ялыг өөрчилж оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, бодит байдалд нийцсэн гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хохирогчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Золзаяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүх шүүгдэгч Н.И-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулсан. Давж заалдах шатны шүүх ялыг өөрчилж 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд тохирсон байхыг шаарддаг. Энэ агуулгаараа давж заалдах шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна гэж үзэж байгаа. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Н.И нь эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрийн гэсэн орлого, хөрөнгөгүй, учруулсан хохирлоо анхан шатны шүүхэд бүрэн төлж барагдуулаагүй нөхцөл байдал тогтоогддог. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайханы гаргасан гомдлыг үндэслэн Н.И-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд болсон үйл баримтыг зөв тогтоож дүгнэсэн хэдий ч түүнд хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Н.И-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж дүгнэн ял шийтгэл оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

Шүүх хэргийн ач холбогдол бүхий үйл явдлыг нотлох баримтад тулгуурлан сэргээн тогтоож үнэлэлт дүгнэлт өгөхдөө буруутгагдаж буй хүний гэм бурууг хөдөлбөргүй тогтоосны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэн зарчимтай бөгөөд гэм буруугийн ямар хэлбэрээр үйлдсэн болохыг зөв тодорхойлох нь шүүн таслах ажиллагааны гол зорилтын нэг билээ.

 

Энэхүү гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн тухайд Н.И, Д.О нар нь эр, эмийн асуудлаар маргалдах явцад хохирогч С.Д нь охиноо өмөөрч шүүгдэгч Н.И-гийн нуруу хэсэг рүү таягаараа хатгахад Н.И нь хохирогчийн энгэрээс заамдан төвөөс гадагш чиглэлтэй буюу өөрөөсөө холдуулах зорилгоор түлхэж хохирогчийг газар унагааснаас түнхний үе доторх хугарал бүхий хүнд гэмтэл учирчээ.

 

Хоёр шатны шүүхийн тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэхэд Н.И нь хохирогчийг түлхэхдээ хүнд гэмтээх зорилго агуулан хор уршгийг урьдчилан тооцон хүссэн бус харин маргаан, тэмцлээс зайлсхийх, хохирогчийг холдуулах санаатай байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл, хохирогчид учирсан гэмтэл нь Н.И-гийн түлхсэн үйлдэлтэй шалтгаант холбоотой байх боловч энэхүү түлхэлтийн улмаас хохирогч газарт унаж, түнхний үе хугарч хүнд бэртэхийг урьдчилан баттай мэдэж тооцсон гэж дүгнэх боломжгүй тул Н.И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайханы гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09ий өдрийн 61 дүгээр магадлалд:

 

“Шүүгдэгч Н.И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай”,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.И-г нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй”,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.И-гийн цагдан хоригдсон 48 хоногийн 1 хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцож, 720,000 төгрөгийн торгох ялыг биелэгдсэнд тооцож, үлдэх торгох ялын хэмжээг 2,280,000 /хоёр сая хоёр зуун наян мянга/ төгрөгөөр тогтоосугай” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайханы хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.                     

 

 

              ДАРГАЛАГЧ                                    Б.АМАРБАЯСГАЛАН

   ШҮҮГЧ                                             С.БАТДЭЛГЭР

                 Б.БАТЦЭРЭН              

                 Ч.ХОСБАЯР

                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ