Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2019/0418

 

“А б” ХХК-ийн нэхэмжлэлтэй зөрчлийн хэргийн тухай

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нарыг оролцуулан,  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0377 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор “А б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол банкны Хянан шалгах газрын Хянан шалгах хэлтсийн улсын ахлах байцаагч Б.Г-д холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0377 дугаар шийдвэрээр: Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 31.3.1, Төв банкны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “А б” ХХК-иас Монголбанкны Хянан шалгах газрын Хянан шалгах хэлтсийн улсын ахлах байцаагч Б.Галияд холбогдуулан гаргасан “Монголбанкны Хянан шалгах газрын Хянан шалгах хэлтсийн улсын ахлах байцаагч Б.Г-ийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 0050013 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэн дахин шинэ акт гаргах хүртэл хоёр сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:“... “Ариг банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Р.Наранбаатар нь Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхэд хууль бусаар халдаж банкны зохион байгуулалтын бүтэц орон тоог тушаалаар баталсан зүйлгүй болно. Тус банкны төлөөлөн удирдах зөвлөл нь банкны бүтэц орон тоог батлах эрхтэй ч өөрийн эрхийг гүйцэтгэх удирдлагадаа шилжүүлж банкны захирал өөрийн багийг бүрдүүлж, ямар бүтэцтэй ажиллах эрхийг олгосон байдаг. Энэ нь Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1-д “банкны стратегийг тодорхойлох, хянан үзэж түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, зохион байгуулалтын бүтэц, эрсдэлийн удирдлагын бодлого, жилийн төсөв, бизнес төлөвлөгөө, үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлтийг батлах” гэж заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм. Учир нь “А б” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл нь өөрт олгогдсон эрхээ хэрхэн хэрэгжүүлэх нь өөрийнх нь бүрэн эрх юм. Өөрийн бүрэн эрхээ бусдад шилжүүлэн төлөөлүүлэн хэрэгжүүлэхийг Банкны тухай болон Компанийн тухай хуулиар хориглоогүй бөгөөд энэ үйл явц нь банкны дотоод үйл ажиллагаа юм. Энэхүү Ариг банкны дотоод үйл ажиллагаанд Банкны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол Монголбанк, төрийн бусад байгууллага банкны үйл ажиллагаанд оролцохгүй бөгөөд удирдлага, шийдвэрт нь хууль бусаар нөлөөлж болохгүй” гэж зааснаар Монгол банкны улсын ахлах байцаагч Б.Галия халдах эрхгүй юм. Ариг банкны төлөөлөн удирдах зөвлөл банкны бүтэц орон тоог тогтоох өөрийн эрхийг гүйцэтгэх удирдлагаар дамжуулан хэрэгжүүлж ирсэн нь ТУЗ-ийн хурлаас гарч буй шийдвэрүүдээс нь тодорхой харагддаг. А б-ны гүйцэтгэх захирал дур мэдэн бүтэц орон тоог тогтоосон зүйл байдаггүй бөгөөд үйл ажиллагаа, бүтцийн талаар төлөөлөн удирдах зөвлөлд хагас, бүтэн жилээр тайлагнаж ирсэн болно. Төлөөлөн удирдах зөвлөлөөс “А б” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Т, гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Р.Н-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажил үүргийн хуваарийн 6 дугаарт “Эрх хэмжээний хүрээнд банкны өдөр тутмын үйл ажиллагааг сайжруулах, хэвийн явуулах зорилгоор бүтэц, зохион байгуулалтыг бий болгох, чиг үүргийн хамаарлыг өөрчлөн байгуулах” үүргийг хүлээлгэсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “А б” ХХК нь “Монголбанкны Хянан шалгах газрын Хянан шалгах хэлтсийн улсын ахлах байцаагч Б.Г-ийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 0050013 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдол гаргасан байх ба дээрх маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “А б” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15-д заасан “Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалтыг зөрчсөн зөрчилд” арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн зөв үнэлсэн атлаа захиргааны актыг хоёр сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул давж заалдах шатны шүүхээс өөрчлөлт оруулж зөвтгөх боломжтой гэж үзлээ.

Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т зааснаар “банк болон хуульд тусгайлан заасан этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих” чиг үүргийг Монголбанкинд олгосон бөгөөд уг хуулийн 25 дугаар зүйлийн 1-д “Монголбанкны хянан шалгагч банкны тухай хууль тогтоомж, төрийн мөнгөний бодлого болон Монголбанкны гаргасан дүрэм, журам, Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд банкнаас хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж, шалгалт хийнэ...”, 2 дахь хэсгийн 5-д “... банк, түүний үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомжийг зөрчсөн гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу захиргааны хариуцлага хүлээлгэх” гэж Монголбанкны хянан шалгагчийн эрх хэмжээг тодорхойлжээ.

Харин Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15-д “Энэ зүйлийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14 дэх хэсэгт зааснаас бусад байдлаар Банкны тухай хууль тогтоомж зөрчсөн, эсхүл Монголбанк, түүний хянан шалгагч, улсын байцаагчийн шийдвэр, шаардлагыг биелүүлээгүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж, Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 “Банкны төлөөлөн удирдах зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 31.3.1 “банкны стратегийг тодорхойлох, хянан үзэж түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, зохион байгуулалтын бүтэц, эрсдэлийн удирдлагын бодлого, жилийн төсөв, бизнес төлөвлөгөө, үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлтийг батлах” гэж тус тус заасан байх ба Монголбанкны ахлах хянан шалгагч, улсын байцаагч Б.Г нь Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр баталсан удирдамжийн дагуу Ариг банкинд шалгалт хийж “Тус банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч нь 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 243 дугаар тушаалаар банкны бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулсан үйлдэл нь Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1-д заасан Төлөөлөн удирдах зөвлөлийн “банкны бүтэц, зохион байгуулалтыг батлах” эрхийг зөрчсөн зөрчил”-д шийтгэл ногдуулсан нь хууль зөрчөөгүй байна. Тодруулбал,

Банкны удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчмыг тогтоох, банк болон банкны нэгдлийн үйл ажиллагаанд хяналт тавих, тэдгээрт албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон харилцааг тусгайлан зохицуулдаг Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлээр банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийг тогтоож өгсөн байх бөгөөд энэ тохиолдолд Төлөөлөн удирдах зөвлөл нь банкны зохион байгуулалтын бүтэцтэй холбоотой өөрчлөлт оруулах өөрийн бүрэн эрхээ гүйцэтгэх удирдлагаар хэрэгжүүлсэн нь нарийвчилсан зохицуулалт агуулсан Банкны тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

Түүнчлэн, “А б” ХХК-ийн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.17-д “Төлөөлөн удирдах зөвлөл нь Банкны тухай хууль, Компанийн тухай хуульд заасан эрхийг хэрэгжүүлнэ”, 11 дүгээр зүйлийн 11.5-д “Гүйцэтгэх захирал нь хувьцаа эзэмшигч болон Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхэд хамаарахаас бусад гэрээгээр олгогдсон компанийн гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээнд хамаарах бүх асуудлыг ...шийдвэрлэнэ” гэж зааснаас үзвэл хуульд заасан бүрэн эрхээ гагцхүү банкны Төлөөлөн удирдах зөвлөл хэрэгжүүлэх үүрэгтэйг компанийн дүрмээрээ тогтоосон гэж ойлгохоор байх тул Монголбанкны ахлах хянан шалгагч, улсын байцаагчийг буруутгах, түүний шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ.

Иймд банкны Төлөөлөн удирдах зөвлөл өөрийн бүрэн эрхээ гүйцэтгэх удирдлагад шилжүүлсэн эсэх үйл баримт хэрэгт ач холбогдолгүй, уг нөхцөл байдлыг тодруулах шаардлагагүй.

Нөгөөтэйгүүр, маргаан бүхий шийтгэлийн хуудсанд Зөрчлийн тухай хуулийн заалтыг буруу бичсэн нь техникийн шинжтэй алдаа байх ба энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй, харин ч Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15-д заасан зөрчлийг гаргаагүй гэх үндэслэлээр маргаж нэхэмжлэл гаргасан байхад дээрх алдааг шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээх боломжгүй алдаа гэж үзэхгүй бөгөөд анхан шатны шүүх “хуульд байхгүй заалтыг баримталсан” гэж актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Зөрчлийн тухай хуулийн  2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино” гэж заасантай нийцэхгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт “А б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “төлөөлөн удирдах зөвлөл бүрэн эрхээ бусдад шилжүүлэн  хэрэгжүүлэхийг Банкны тухай болон Компанийн тухай хуулиар хориглоогүй, энэ үйл явц нь банкны дотоод үйл ажиллагаа,  А б-ны дотоод үйл ажиллагаанд Монгол банкны улсын ахлах байцаагч Б.Г хууль зөрчиж халдах эрхгүй” гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.  

 Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг буруу хэрэглэсэн байх тул уг хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т зааснаар давж заалдах гомдлоор хязгаарлаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0377 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг “Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15-д заасныг баримтлан “А б” ХХК-ийн “Монгол банкны Хянан шалгах газрын Хянан шалгах хэлтсийн улсын ахлах байцаагч Б.Г-ийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 0050013 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж,  

3 дахь заалтын “хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж гомдол гаргагчид олгосугай” гэснийг “хэвээр үлдээсүгэй” гэж,

2 дахь заалтыг хүчингүй болгон, 3, 4 дэх заалтыг 2, 3 гэж тус тус өөрчлөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

                ШҮҮГЧ                                                                   Ц.САЙХАНТУЯА  

                ШҮҮГЧ                                                                   О.НОМУУЛИН