Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 197

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргалыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “1” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Ж

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар

Гуравдагч этгээд: “Х” ХХК, Ж.С

Нэхэмжлэлийн шаардлага: “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 11/**4,11/**2 дугаартай улсын ахлах бүртгэгч, 11/**4, 11/*2 дугаартай улсын бүртгэгч нарын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн БГҮ/*** дугаартай барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэсэн хууль бус бүртгэлийг хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, гуравдагч этгээд “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, гуравдагч этгээд Ж.Сийн өмгөөлөгч Д.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч  Д.Ж шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 11/**4, 11/**2 дугаартай улсын ахлах бүртгэгч, 11/**4, 11/*2 дугаартай улсын бүртгэгч нарын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар БГҮ/*** дугаартай барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэсэн хууль бус бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тайлбарлаж байна. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын ахлах бүртгэгч, улсын бүртгэгч нарын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн БГҮ/*20 дугаартай барьцааны гэрээг тус тус бүртгэхдээ бол хуульд заасан үндсэн үүргээ зөрчиж, Б дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, **-* тоот 19 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцны улсын бүртгэлийг барьцааны гэрээ дээр Ү/********995 гэж буруу бичсэнийг, мөн Ү-********115 засвартай гэрээг улсын бүртгэлд хууль бусаар бүртгэсэн. Мөн Ч дүүргийн ** дүгээр хороо, Н **-*** тоотод байрлах 209.9 м.кв талбай бүхий Ү/*202020926 улсын бүртгэлд энэ эд хөрөнгийн хэмжээ, барьцааны гэрээг 209.2 м.кв гэж буруугаар хандсан. Хариуцсан ажилдаа хайнга хандаж, холбогдох хууль болон журмыг ноцтой зөрчиж, миний болон гуравдагч этгээдийн эрх, ашгийг ноцтойгоор зөрчиж байна. Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын 2014 оны улсын ахлах бүртгэгч болон 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Ү/*20 дугаартай барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хоёр. Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гэрээг бүртгэсэн тэр бүртгэл нь хуульд зааснаар хүчин төгөлдөр бус гэж байхгүй байгаа. Б дүүргийн хөрөнгийн дугаарыг банкнаас зөрүүтэй ирснийг нь тухайн гэрээг баталсан нотариатын тамга, тэмдгээр залруулж ирсэн байгаа. Ч дүүргийн хөрөнгийн хувьд 209.9 м.кв талбайтай хэмжээг барьцааны гэрээ дээрээ 209.2 м.кв гэж бичсэн. Бүртгэсэн бүртгэл нь хууль зөрчөөгүй. Яагаад гэхээр 209.9 м.кв талбай нь 0.7 м.кв талбайн зөрөөтэй байж магадгүй. Энэ бол тухайн хөрөнгийн хаягаар болон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний дугаараар нотлогдож байгаа учраас үүнийг ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн гэж үзэхгүй байгаа. Улсын бүртгэлийн гэрчилгээний дугаарыг буруу бичээд нотариатаар залруулсан болон талбайн хэмжээг 0.7 м.кв талбайгаар зөрүүлсэн энэ байдал нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашгийг хэрхэн яаж зөрчсөн талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй байна. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, Барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан бүхий л шаардлагыг хангасан учраас бүртгэсэн байгаа. Тийм учраас нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гурав. Гуравдагч этгээд Ж.Сийн өмгөөлөгч 2017 оны 03 дугаар     сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн БГҮ/*40 дугаартай барьцааны засвартай гэрээг бүртгэсэн байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3 дахь хэсэгт заасан энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах заалтыг зөрчсөн. Ж.С тухай орон сууцанд  хамтран өмчлөгчөөр байдаг. Хууль ёсны төлөөлөгч, асран хамгаалагч нь Ж.У бөгөөд эхтэйгээ хамт амьдарч байгаа. Багадаа ээж, аав нь тусдаа амьдарсан бөгөөд ээж нь байдаг. Ээж нь зөвшөөрөл өгөх ёстой. Дээр нь 995 байхыг 115 гэж бичсэн бөгөөд буруу байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Улсын бүртгэлийн хууль бус бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэв. 

Дөрөв. Гуравдагч этгээд “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа. Манай ямар эрх, ашиг хөндөгдөж байгаа вэ гэхээр барьцааны эрх, ашиг хөндөгдөж байгаа. Иргэн Д.Ж манай банктай 2014 онд зээлийн гэрээ байгуулж, 50 сая төгрөгийн зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан. Энэ гэрээндээ Ү-********115 дугаар бүхий үл хөдлөх хөрөнгө, мөн 209.9 м.кв талбай бүхий гаражийн зориулалттай байшин зэрэг хөрөнгүүдийг барьцааны гэрээ байгуулж барьцаалсан. Энэхүү барьцааны гэрээнд 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Нэхэмжлэгч өөрөө бол барьцааны гэрээг уншиж танилцаж, гарын үсгээ зурсан. Улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлгээ өөрөө бөглөж,  барьцааны гэрээгээ бүртгүүлсэн байгаа. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-т зааснаар мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө. Нэхэмжлэгч өөрөө мэдүүлгээ бөглөж, нотлох баримтаа хавсаргасан бөгөөд мэдүүлгийн хуудасны хуулбараар нотлогдох юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй болох нь дараах байдлаар харагдана. Зээл авч байх үед болон зээлээ хэвийн төлж байх үед энэ талаар ерөөсөө маргаж байгаагүй. Тухайн үед барьцааны гэрээгээ уншиж танилцсан бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлсэн. Энэ талаар мэдэж байсан атлаа маргадаггүй. Зээлээ төлөх боломжгүй болж, зээлийн хугацаа хэтэрч байхад ямар нэгэн байдлаар барьцаа хөрөнгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй байх үүднээс маргаж эхэлсэн. 2014 онд байгуулсан гэрээний ү дугаар засвартай ч гэдэг юм уу, 0.5 м.кв зориулсан ч гэдэг юм уу, энэ маргааныг өнөөдөр гаргаж ирж байгаа нь үндэслэлгүй байна. Нөгөө талаар нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн талаар хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. Хэрвээ энэ улсын бүртгэлийн ү дугаарыг 5115 гэдэг дээр алдаатай, гараар засварласан байхад бүртгэсэн, 0.7 м.кв талбайгаар зориулаагүй бол нэхэмжлэгчийн ямар эрх, ашиг хамгаалагдах ёстой байсан нь харагдахгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэгч захиргааны хууль бус үйл ажиллагаанаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй хууль ёсны эрх, ашгаа хамгаалуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийг хэлдэг. Барьцааны гэрээ дээрх дугаарын засвараас, эсхүл үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг 209.2 м.кв болон өөрийнх нь өмчлөх ямар эрхийг зөрчсөн талаар хэрэгт авагдсан баримтаар харагдахгүй байна. Оюуны өмч, улсын бүртгэлийн байгууллагын ажилтан хайнга хандсан, миний эрхийг ноцтой зөрчсөн гэдэг боловч хариуцагч нарын үйлдлээс болж ямар эрх, ашиг нь зөрчигдсөн, улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг шүүх хангавал түүний ямар эрх, ашиг сонирхол сэргэх гээд байгаа нь хэрэгт байгаа баримтаар харагдахгүй байна. Хэрвээ нэхэмжлэлийн шаардлага хангагдах юм бол банк, санхүүгийн салбарт том эрсдэлийг авчирна. Яагаад гэхээр иргэний хуульд заасны дагуу талууд хэлцэл байгуулж, үүрэг хүлээгээд явж байснаа үүргээ биелүүлэх боломжгүй болж ирэхээрээ нотариатыг, эсхүл улсын бүртгэгчийг хариуцагчаар татаад хүчин төгөлдөр гэрээнээсээ мултрах арга хайж байна. Шүүхээр баталгаажуулна гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй юм аа. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 11/**4,11/**2 дугаартай улсын ахлах бүртгэгч, 11/**4, 11/*2 дугаартай улсын бүртгэгч нарын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн БГҮ /420 дугаартай барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэсэн хууль бус бүртгэлийг хүчингүй болгуулах”  гэж тодорхойлжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн БГҮ/*** дугаартай Барьцааны гэрээний 2.2-д барьцааны зүйл болох Улаанбаатар хотын Б дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол **-* тоот 19 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны улсын бүртгэлийн дугаар Y-2204015115 гэсэн засвартай хууль бус гэрээг улсын бүртгэлд бүртгэсэн, мөн Ч дүүргийн 11 хороо Н **-*** тоот 209.9 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн  талбайн хэмжээг 209.2 м.кв гэж буруу бичсэн байхад хариуцсан ажилдаа хайнга хандаж, холбогдох хууль журмыг зөрчиж, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж хохироосон гэж, хариуцагч тал барьцааны гэрээ нь иргэн Д.Жамьяндагвын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан мэдүүлэг, нотлох баримтууд болон нотариатчийн гэрчилсэн зээлийн гэрээ болон барьцааны гэрээг үндэслэн бүртгэгдсэн. Барьцааны гэрээний 2.2-т барьцааны зүйлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарыг “Y-2204015115” гэж техник алдааг засварлан нотариатч хувийн тэмдэгээ даран баталгаажуулсан нь илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй гэж маргажээ.

             Д.Ж нь 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн БГҮ/*** дугаартай барьцааны гэрээг бүртгүүлэхээр эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргажээ.  Мэдүүлэгт 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр “Х” ХХК-тай байгуулсан ЗГ/420 дугаартай зээлийн гэрээ, 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн БГҮ/*** дугаартай барьцааны гэрээ, хамтран өмчлөгчийн зөвшөөрөл, иргэний үнэмлэхний хуулбар зэргийг хавсаргажээ.

             Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/04861 дугаар шийдвэрээр Д.Ж, Г.Я нараас 60.922.989 /жаран сая есөн зуун хорин хоёр мянга есөн зуун наян ес/ төгрөгийг гаргуулж “Х” ХХК-ийн Дэнжийн мянга тооцооны төвд олгохоор шийдвэрлэсэн байна.

             Нэхэмжлэгч  “Х” ХХК-тай хийсэн зээлийн гэрээ болон барьцааны гэрээтэй маргадаггүй бөгөөд, харин  барьцааны гэрээний 2.2-т заасан барьцааны гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн  улсын бүртгэлийн дугаар засвартай, мөн барьцааны зүйлийн талбайн хэмжээг буруу бичигдсэн байхад бүртгэсэн гэдэг дээр маргадаг.

             Нэхэмжлэгч Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан  үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг бүртгүүлэх мэдүүлэг гаргах эрхтэй ба мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д заасан мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй байна.

             Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох улсын бүртгэлийн газарт гаргасан мэдүүлэг түүнд хавсаргасан  зээлийн гэрээ, барьцааны гэрээ, хамтран өмчлөгчийн зөвшөөрөл зэрэг бичгийн нотлох баримтуудаас үзэхэд хариуцагчийг  2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Д.Ж, “Х” ХХК-ийн хооронд байгуулсан БГҮ/*** дугаартай барьцааны гэрээг бүртгэхдээ  Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан барьцааны гэрээний агуулгад тавигдах шаардлагыг, 12 дугаар зүйлийн 12.1-д заасан улсын бүртгэлийн тухай  хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлэх,  12.2-д заасан улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

            Нэхэмжлэгч барьцааны гэрээний 2.2-т заасан барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаар засвартай байхад бүртгэсэн гэж тайлбарладаг бөгөөд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг судлан үзэхэд 2015 оны 4 дүгээр сарын 15 өдөр Ч дүүргийн тойргын нотариатч Ч.Э барьцааны гэрээний хуулбарын үнэн зөвийг гэрчилсэн байх бөгөөд завсартай хэсэгт нотариатчийн тэмдэг дарж гэрчилжээ. Нотариатын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “Нотариатч эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхтэй холбогдсон баримт бичгийг гэрчилж болно”,47.2-д “Энэ хуулийн 47.1-д заасан баримт бичгийг гэрчлэхдээ тухайн баримт бичиг нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг нягтална”, 49 дүгээр зүйлийн 49.1-т “Баримт бичгийн бүрэн буюу хэсэгчилсэн хуулбарын агуулга нь хуульд харшлаагүй бол нотариатч хуулбарыг эх хувьтай нь тулган шалгасны үндсэн дээр гэрчилнэ”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Нотариатч болон энэ хуульд заасан эрх бүхий албан тушаалтны хийсэн нотариатын үйлдсэн буюу гэрчилсэн бусад баримт бичиг, түүний хуулбар, лавлагааг нотариатын баримт гэнэ”,11.2-д “Энэ хуульд заасны дагуу үйлдэж олгосон нотариатын баримт нотлох баримтын эх сурвалж болох бөгөөд хуульд заасан тохиолдолд нотариатын баримтыг гүйцэтгэх баримт бичигт тооцно” гэж зааснаар нотариатчийн гэрчилсэн баримт бичгийг улсын бүртгэлийн байгууллага дахин шалгах үүрэггүй байх бөгөөд Нотариатын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1-т зааснаар  нэхэмжлэгч өөрөө нотариатын үйлдэл хийлгэх баримт бичгийг үнэн зөв бүрдүүлж өгөх үүрэгтэй байна.

           Өөрөөр хэлбэл 2014 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн БГҮ/*** дугаартай барьцааны гэрээний 2.2-т заасан барьцааны зүйл болох Улаанбаатар хотын Б дүүргийн ** дугаар хороо ** дугаар хороолол **-* тоот 19 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Y-2204015115 дугаарын засвараас, мөн Улаанбаатар  хотын Ч  дүүргийн ** дүгээр хороо Н **-*** тоот автогаражийн зориулалттай улсын бүртгэлийн Y-2202020926 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн 209.9 м.кв талбайг 209.2 м.кв гэж зөрүүтэй бичсэнээр нэхэмжлэгчийн өөр үл хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээнд бүртгэгдэж, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн  гэх байдал тогтоогдохгүй байна. 

            Иймд нэхэмжлэгчийн “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 11/**4,11/**2 дугаартай улсын ахлах бүртгэгч, 11/**4, 11/*2 дугаартай улсын бүртгэгч нарын 2014 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн дугаар №/420 дугаартай барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэсэн хууль бус бүртгэлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй  байна.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.4, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай  28 дугаар зүйлийн 28.1, 28.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны  тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 10 дугаар зүйлийн 10.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.2-т заасныг тус тус баримтлан Д.Жамъяндагвын нэхэмжлэлээр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргаснаар нэхэмжлэгчийн “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 11/**4,11/**2 дугаартай улсын ахлах бүртгэгч, 11/**4, 11/*2 дугаартай улсын бүртгэгч нарын 2014 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн БГҮ/*** дугаартай барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэсэн хууль бус бүртгэлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЧАНЦАЛНЯМ