Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 1130

 

Хын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/03260 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Хын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ХХХ” ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 3 052 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Х,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд “ХХХ” ХХК-ийн гүйцэтгэгчээр ажиллаж байсан ХХХХХХХХ дүүргийн ХХ хороо, ХХХХХХХХ орон сууцны ХХ дүгээр давхрын заслын ажлыг гүйцэтгэсэн. Гэрээг 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр бичгээр байгуулсан. Миний хийсэн ажил бол тухайн 12 давхар барилгын 4 дүгээр давхарт 755 м.кв талбайн цагаан замаск, хар замаск татаж, 15 ширхэг цонхны амлагаа хийсэн. Замаск хийгээд цааш үргэлжлүүлэн зүлгүүрийн ажлыг хийх гэсэн боловч халаалт аваагүйн улмаас ерөнхий гүйцэтгэгчийн инженер ХХХХХ болон туслан гүйцэтгэгчийн инженер ХХХХХХ нар зөвлөсний дагуу 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хойш засал чимэглэлийн ажлыг зогсоосон.

Миний бие 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр дахин уулзахаар очиход захиалагч компанитай туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулж орсон ХХХХХХХ, ХХХХХХ инженер нар өөр бригад оруулсан байсан бөгөөд ямар нэгэн гэрээгүй аман тохиролцоогоор ажиллаж байсан. Харин надтай хамт ажилласан ХХХХХХХХт 1 960 000 төгрөгийг Хаан банкаар шилжүүлсэн байсан. ХХХХХХХХ надтай аман тохиролцоогоор 4 дүгээр давхрын зүүн жигүүрийн 6 айл, коридорын цагаан замаскыг хийсэн. ХХХХХХХ нь намайг захиалагч компанитай гэрээ байгуулж, ажлын хөлсийг авч байсныг мэдсэн атлаа санхүү мөнгөний асуудалд огт хамааралгүй ХХХХХХХХт надад мэдэгдэлгүй 2014 оны 10 дугаар сард 1 960 000 төгрөг өгч бидний хийсэн 755 м.кв талбайн ажлын хөлсийг луйвардаж, хохироож байна. Өөрөөр хэлбэл, ХХХХХХХХ бид хоёр анх 1 881 м.кв талбайг хүлээж авснаас ХХХХХХХХ 1 120 м.кв талбайд, би 755 м.кв талбайд тус тус ажил гүйцэтгэсэн.

Тэгэхээр ХХХХХХХ нь миний хийсэн ажлыг үгүйсгээд зөвхөн ХХХХХХХХыг л ажил хийсэн болгож харагдуулаад байна. Миний бие хар замаскны ажлын хөлснөөс 1 800 000 төгрөгийг авсан байгаа. Цагаан замаскны ажлын хөлс 1 м.кв-т 3 500 төгрөгөөр тооцож, 755 м.кв цагаан замаскны ажлын хөлс 2 642 500 төгрөг, хар замаскны үлдэгдэл хөлс 230 000 төгрөг, 15 цонхны амлагааны ажлын хөлс болох 180 000 төгрөг, нийт 3 052 000 төгрөгийг “ХХХ” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Х гэрээ байгуулан ажиллаж байх хугацаандаа туслан гүйцэтгэгч компанийн захирал ХХХХХХХ дээр өөрийн биеэр ХХХХХХХХыг дагуулан ирж “би ажлаа хийж гүйцэтгэж чадахааргүй боллоо, хүн хүчгүй болоод байна, миний гэрээт ажлыг ХХХХХХХХаар хийлгээд дуусгачих” гэж хэлээд ажлаа шилжүүлж өгсөн.

“ХХХ” ХХК нь Хын тухайн үед хийж гүйцэтгэсэн дотор заслын ажлын төлбөр тооцоог барагдуулсан бөгөөд биднээс хийж гүйцэтгээгүй 755 м.кв ажлын хөлсийг нэхэмжлэх үндэслэлгүй. Хын өөрийн дагуулж ирсэн ХХХХХХХХт хэлж ярьж, тохиролцсоны дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсийг ХХХХХХХХт төлсөн. ХХХХХХХХХ нь ХХХХХХХХыг туслан гүйцэтгэгчээр авчирч үлдэх ажлыг хийлгэхээр тохиролцсон гэдгээ зөвшөөрч байна. Ажлын хөлс 1 960 000 төгрөгийг ХХХХХХХХын дансанд шилжүүлсэн. Мөн Х хийсэн ажлаа хүлээлгэн өгсөн акт үйлдээгүй, Хын гүйцэтгэхээр авсан 4 дүгээр давхрын ажил чанаргүй болсон тул дараа дахин зардал гаргаж зассан. Иймд ХХХХХХХХХын нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ХХХ” ХХК-иас 1 995 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хт олгож, нэхэмжлэлээс үлдсэн хэсэг 1 057 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63 790 төгрөгийг орон нутгийн төсөвт үлдээж, хариуцагч “ХХХ” ХХК-иас 46 878 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч “ХХХ” ХХК нь нэхэмжлэгч Хтай 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр “Туслан гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан. Уг гэрээгээр ХХХХХХХХХ нь “ХХХХХ” барилгын ХХ давхрын дотор заслын ажлыг 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд гүйцэтгэхээр тохиролцсон. Гэтэл гүйцэтгэгч тал гэрээнд заасан ажлаа бүрэн гүйцэт хийж өгөөгүй, ажлаа дундаас нь орхин явж, оронд нь өөр хүн оруулсан. Манай компани ХХХХХХХХХт гүйцэтгэсэн ажилд нь тохирсон хөлсийг төлсөн.

Анхан шатны шүүх хуралдаанд гэрч ХХХХХХХ нь “ХХХХХХХХХыг ажлаа хийсэн талаар эргэлзээтэй, би санахгүй байна, хийсэн байх” гэсэн утгатай мэдүүлэг өгсөн байхад анхан шатны үүнийг анхаарч үзэлгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч Х хариуцагч “ХХХ” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний хөлс 3 052 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

            Зохигчид 2014 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр “Туслан гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, гэрээний хавсралтаар ажлын тоо, хэмжих нэгж болон хөлсний хэмжээг харилцан тохирч, гарын үсэг зурсан байх тул талуудад Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг үүссэн байна.

 

Зохигчид  гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон хар замаскны ажлын хөлсөнд төлсөн 1 800 000 төгрөг болон 5 өрөө нь 755 м.кв талбайтай талаар маргаагүй, харин гэрээгээр хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, хөлсний талаар маргаж байна.

            Нэхэмжлэгч Х нь гэрээгээр тохирсон ажлаас 755 м.кв талбайд ажил гүйцэтгэсэн, тохирсон ажлын хөлс 3 052 000 төгрөгийг авах эрхтэй гэж тайлбар гаргаж байх боловч гэрч ХХХХХХХХХХ, ХХХХХХХХХ нар нь “3 өрөөний цагаан замаскны ажлыг ХХХХХХ хийсэн” гэж мэдүүлснээс үзэхэд нэхэмжлэгчийн хийсэн ажлын хэмжээг гэрчийн мэдүүлэгтэй харьцуулан гүйцэтгэсэн ажлын хэмжээгээр шүүх тодорхойлсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцсэн үндэслэл бүхий болжээ.

            Харин хариуцагчийн гаргасан “Х нь ажлаа орхиж явсан” гэх тайлбар нь түүнийг 3 өрөөнд цагаан замаскны ажил хийснийг үгүйсгэдэггүй байдал болон хариуцагч гэрээгээр хүлээсэн ажлын үр дүнг ашиглаж буй байдлаар няцаагдаж байх тул хэлэлцэн тохиролцсон ажлын хөлс төлөх захиалагчийн үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

            Иймд ажил гүйцэтгэгч Хын хийсэн ажлын үр дүнг хариуцагчийн зүгээс хүлээн аваагүй нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т заасан ажлын үр дүнг хүлээн авах үүргийн зөрчил байх тул хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

            Зохигчид 5 өрөөний талбайн хэмжээ дунджаар 755 м.кв талаар маргаагүй тул 1 өрөөний хэмжээг 151 м.кв гэж үзвэл 3 өрөө нь 453 м.кв талбайтай, нэхэмжлэгчийн хийсэн цагаан замаскны ажлын хэмжээг м.кв тутмыг  гэрээнд заасан 3 500 төгрөгөөр тооцоход     1 585 500 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэж үзэх боломжтой байна.

            Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг, талууд гэрээгээр тохирсны дагуу нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн 1 585 500 төгрөгийн ажлын хөлсийг хариуцагч төлөх үүрэгтэй тул шүүх зохигчдын тайлбар, гэрээний тохиролцоо, гэрчийн мэдүүлгийг харьцуулан үнэлж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосон нь зөв, хариуцагчийн гэрч Тунгалагийн эргэлзээтэй мэдүүлгийг шүүх үндэслэж шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй  байна.

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.     Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/03260 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ