Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чадраагийн Энхтөр |
Хэргийн индекс | 133/2016/0055/э |
Дугаар | 02 |
Огноо | 2017-02-06 |
Зүйл хэсэг | 215.1., |
Улсын яллагч | Г.Сайнхүү |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 02
Б.Оюунчимэгт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Одбаяр, прокурор Ц.Сайнхүү, хохирогч Б.Мөнхцэцэг, хохирогчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Мөнхцэцэг түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Оюунчимэгт холбогдох 201507000170 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд төрсөн, 39 настай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 4-12 тоотод оршин суудаг, дээд боловсролтой, хувиараа бизнес эрхэлдэг, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Цогт Овогт Бавуугийн Оюунчимэг нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Приус маркын 15-21 УБГ улсын дугаартай автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Есөнбулаг сумын Оргил багийн нутаг дэвсгэрт 21-р байрны баруун талын зам дээр явган зорчигч Б.Мөнхцэцэгийг мөргөж биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Шүүгдэгч Цогт овогт Бавуугийн Оюунчимэгийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодод хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оюунчимэгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 2 сарын хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.920.000 /нэг сая есөн зуун хорин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч нь хохирогчид 559500 төгрөг төлсөн бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ давж заалдах гомдол, тайлбартаа: Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215-р зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар Б.Оюунчимэгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1920000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж хэргийг эцэслэн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь:Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318-р зүйлд зааснаар мөрдөн байцаалт болон шүүхийн ажиллагаа хэт нэг талыг барьж мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэд биш байхад хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Хохирогч Б.Мөнхцэцэгийн хувьд хөдөлмөрийн чадвар бүрэн алдаад хэвтэрт хүний асрамжинд байж байгаад энгийн явцаараа эдгэрэх боломжгүй байсан учраас 2017 оны 01 дүгээр сарын 5-нд Улаанбаатар хот явж хагалгаа хийлгээд ирсэн. Суулгасан төмрийг нь 3 сарын дараа дахин шинжилгээ үзлэг хийж байж авах эсэхийг нь шийдвэрлэх байгаа. Шинжээчийн дүгнэлт хүндэвтэр гэмтэл гэж гарсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын Дөрвийн 103.3-т Дунд чөмөгний хугарал бороолоогүй буюу хуурамч үе үүсэх нь энгийн хөдөлмөрийн чадварын алдалт 55 хувь, 104.4 Дунд чөмөг гэмтсэнээс түнх өвдөгний үений хөдөлгөөн аль аль нь их хэмжээгээр хязгаарлагдсан нь энгийн хөдөлмөрийн чадвар алдалт 60 хувь, 2.2.4-т Ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр /35-100 хувь/ тогтонги алдагдсан нь хүнд гэмтлийн шалгуур болж байгаа. Б.Мөнхцэцэг нь 2016 оны 11-р сарын 04-ний өдрөөс хойш 2 сар шахам бүсэлхийнээс доош зүүн хөл нь бүхэлдээ гипстэй түнх өвдөгний хөдөлгөөн бүрэн хязгаарлагдсан нөхцөлд байсан бөгөөд хүнд гэмтэл учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байгаа. Хохирогчийн биеийн байдлын талаар хэрэгт авагдсан баримт огт байхгүй. Ядаж өвчтөний түүх, карт ч хэрэгт авагдаагүй. Гэтэл энэ хүн хот явж хагалгаанд орох хүртлээ таг хөндлөн, хэвтээ байдалтай буюу бүсэлхийнээсээ хөлийн тавхай хүртэл гипстэй байсан. Хот явж хагалгаанд орж байж өнөөдөр шүүх хуралдаанд орж ирээд сууж байна. Хохирогчийн гэмтлийг үнэн зөвөөр тогтоож өгөөгүй, хохирогчийн нөхцөл байдлыг зөв үнэлэх боломжийг шинжээч эмчид олгоогүй, дахин дүгнэлт гаргуулах эрхээр нь хангалгүйгээр шийдвэр гаргасан гэж үзэж байгаа. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэв.
Хохирогч Б.Оюунчимэг давж заалдах гомдол тайлбартаа: 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр цагаан өнгийн PRIUS маркын авто машинд мөргүүлж зүүн хөлний хугаралтай, гэмтэлд хүргэгдсэн. Эрчимт эмчилгээнд хамрагдаж 1 сарын хугацаанд таягтай байж байгаад 12 сарын 04-нд зүүн хөлөө гэдэснээсээ доош бүрэн гипсдүүлэн эмнэлгээс гэртээ гаран хэвтэрт нэг сар хэвтэж байгаад 2017 оны 01 сарын 04-ний өдөр эмчлүүлэгч эмч Гантөмөрт очиж үзүүлэн рентгенд харуулахад урьдын адил болоогүй байсан. Дунд чөмөгний толгойн цууралттай байсныг урьд нь надад хэлээгүй байж байгаад сүүлд эмч хэлсэн. Миний бие хөдөлмөрийн чадвараа 100% алдсан байхад шүүхийн шинжилгээний алба хүндэвтэр гэж гаргасанд гомдолтой байна. Гантөмөр эмч хот явж хадуулах шаардлагатай гэсэн тул 2017 оны 12 сарын 5-нд Улаанбаатар хот явж хагалгаанд орсон. Миний гэмтлийг өөрөөрөө эдгэрэх боломжгүй гэсэн учир булуунд нь төмөр хадаасаар бэхэлгээ хийж хадаж өгсөн. Миний хөл татлагатай сар болсон. Дараа нь миний хөл битүү гипстэй байсан учир шугам шиг оршчихсон байсан. Одоогоор хөшсөнийг нь гаргах гэж физик эмчилгээ хийлгэсний үр дүнд хөл маань арай гайгүй хөдөлдөг болсон. Одоо хүртэл хүний асаргаанд байгаа. Лашидын өгсөн мэдүүлэгт намайг мөнгө өг гэж дарамталсан гэсэн байсан. Би тийм зүйл хийгээгүй.
Би Улаанбаатар хот руу эмчилгээнд явахдаа банкнаас хоёр сая төгрөгийн зээл авч явсан нийтдээ 3 сая төгрөгийн зардал гарсан. Надад учирсан эд хөрөнгийн хохирлыг буруутай этгээдээс гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Б.Оюунчимэг нь Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэлээ авсан. Анхан шатны шүүх хурал болоход хохирлын талаар ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байсан учраас шүүх эмчилгээ сувилгаатай холбогдон гарсан зардлаа жич нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэй үлдээсэн. Анхан шатны шүхийн шийвэр үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн 45 дугаартай тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байгаа. Хохирогчид учирсан гэмтэл нь амь насанд аюултай биш, амь тэнссэн байдал илрээгүй байсан. Тухайн гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөөгүй хуурамч үе үүсээгүй байсан. Тийм учраас Б.Мөнхцэцэгийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг 4 долоо хоног буюу нэг сараас дээш хугацаагаар сарниулж байгаа учраас гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гарсан байгаа. Хохирогчийн биед учирсан гэмтэл нь зүүн дунд чөмөг ясны далд сэлтэрсэн хугарал гэсэн шинжээчийн дүгнэлт байгаа. Хэрвээ гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар тухайн дунд чөмөгт ясны толгойн тасарсан хугарал байсан бол гэмтлийн эмч нар тухайн үед нэн даруй хагалгаанд орох ёстой байсан. Хохирогчийн биед дунд чөмөгний толгой үений тасарсан хугарал нь учраагүй байсан нь хэрэгт авагдсан өвчний түүхээс тодорхой харагдаж байгаа. Мөн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3 дугаар зүйлийн 3.1.20-д дунд чөмөг ясны ил хугарал нь хүнд гэмтэлд хамаарна, бусад тохиолдолд хүндэвтэр гэмтэлд хамаарна гэж дээрх журамд заасан байгаа. Хохирогчийн биед дунд чөмөг ясны далд сэлтэрсэн хугарал үүссэн гэж шинжээчийн дүгнэлт, өвчний түүх дээр байгаа. Мөн гэмтлийн зэрэг тогтоох журамд хүнд гэмтэлд хамаарах гэмтлийг нэг бүрчлэн заасан байдаг бөгөөд эдгээр гэмтэлд хохирогчид учирсан далд хугарал гэсэн гэмтлийн зэрэгт байхгүй. Иймээс шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гарсан тул дахин Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээр дүгнэлт гаргуулах шаардлагагүй байна гэж үзсэн. Тийм учраас анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Б.Оюунчимэгт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа тогтоол гаргахад чухал ач холбогдолтой зүйлийг тодруулалгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Тухайлбал шүүгдэгчийн үйлдлийг эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэл болсон шинжээч Т.Алтайбаатарын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт ...Зүүн түнхний үений 2 проекцоор авсан рентген зурагт: Зүүн дунд чөмөгний толгой хугарч шигдэж чихэгдсэн, дунд чөмөгний толгойн дотор буланцар яс хугарч сэлтэрсэн, трохантерика маиор цуурч хугарсан мөн дунд чөмөгний мэс заслын хүзүүгээр хугарч зөрсөн болохыг тэмдэглэсэн атлаа дүгнэлт хэсэгт Б.Мөнхцэцэгийн биед зүүн дунд чөмөгт ясны далд сэлтэрсэн хугарал, тархи доргилт, толгойн оройд шарх, зүүн дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт, зүүн дээд зовхи, зүүн нүдний зүүн тал, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдсон нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ.
Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20 дахь хэсэгт чөмөгт ясны ил хугарал буюу атгаал, дунд чөмөг, шилбэний шаант ясны ил хугарал нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарахаар заасан бөгөөд дунд чөмөгний ил хугарал гэдэгт эдгээр яс ил зөрөөтэй хугарсныг хамааруулан ойлгодог.
Шинжээч нь хохирогчийн зүүн дунд чөмөгний толгой хугарч шигдэж чихэгдсэн, дунд чөмөгний толгойн дотор буланцар яс хугарч сэлтэрсэн, трохантерика маиор цуурч хугарсан мөн дунд чөмөгний мэс заслын хүзүүгээр хугарч зөрсөн байтал уг гэмтлийг бүхэлд нь зүүн дунд чөмөгт ясны далд сэлтэрсэн хугарал гэж дүгнэсэн нь эргэлзээтэй байна.
Түүнчлэн гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.9.2 дахь хэсэгт шинжлүүлэгч нэг цаг хугацаанд биедээ хэд хэдэн гэмтэл авсан бол шаардлагатай тохиолдолд гэмтэл тус бүрт эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоох ба эдгээрийн аль хүндээр нь гэмтлийн зэргийг үнэлж, хэрэв эдгээр гэмтлүүд нь нэг нэгэндээ харилцан нөлөөлж шинжлүүлэгчийн биеийн байдлыг хүндрүүлсэн бол тэдгээрийг бүрдэл байдлаар авч үзэж эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоохоор заасан байна.
Гэтэл шинжээчийн дүгнэлтэд гэмтэл тус бүрт эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоож тэдгээрийн аль хүндээр нь гэмтлийн зэргийг тогтоосон уу? эсхүл хохирогчид учирсан гэмтлүүд нь нэг нэгэндээ харилцан нөлөөлж биеийн байдлыг нь хүндрүүлснээс тэдгээрийг бүрдэл байдлаар авч үзсэн үү гэдэг нь тодорхойгүй байхад шинжээчээс гаргасан шинжилгээнийх нь талаар асууж тодруулаагүй байна.
Хэрэг бүргэлт болон шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох энэхүү байдлыг тодруулалгүй орхигдуулсан нь хэрэг бүртгэлтийн ажиллагааг гүйцэд биш хийсэн, шүүхээс хэргийг бүх талаас нь хэлэлцэж, хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлсөн байх тул дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах замаар энэхүү эргэлзээтэй байдлыг тодруулсны дараа хэргийн зүйлчлэл зөв эсэхийг тогтоосны үндсэн дээр мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн хийж, хэргийн үйл баримт, гэм бурууг үндэслэлтэй зөв тогтоон, хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.
Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай хохирогчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Мөн хохирогчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо Б.Мөнхцэцэг нь хөдөлмөрийн чадвараа бүрэн алдаад хэвтэрт хүний асрамжид байгаа, Гэмтлийн зэрэг тогтоох журмын дөрөвийн 103.3 дахь хэсэгт зааснаар дунд чөмөгний хугарал бороолоогүй буюу хуурамч үе үүсэх нь энгийн хөдөлмөрийн чадварыг 55 хувь, 104.4 дэх хэсэгт зааснаар дунд чөмөг гэмтсэнээс түнх өвдөгний үений хөдөлгөөн аль аль нь их хэмжээгээр хязгаарлагдсан нь энгийн хөдөлмөрийн чадварыг 60 хувь алдагдуулдаг, 2.2.4-т ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр /35-100/ тогтонги алдагдсан нь хүнд гэмтлийн шалгуур болж байна. Б.Мөнхцэцэг нь 2016 оны 11 дүгээр сарын 04-нөөс одоог хүртэл бүсэлхийнээс доош зүүн хөл гипстэй байгаа гэж тайлбарлаж байгаа боловч Б.Мөнхцэцэгийн биед учирсан гэмтэл нь энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарах талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлтийн хэсэг үндэслэлтэй болохыг дурьдах нь зүйтэй.
Түүнчлэн гэрч Ж.Ганхөлөг нь “Прүс машин хүн мөргөж байгааг яг сайн ажиглаж хараагүй. Машины гэрэлд нэг хүн унаж байгаа харагдсан. ...Явган зорчигч гарцтай газраар гараагүй. Гарцын наад талаар гарч байсан” гэж учир зүйн хувьд эргэлзээтэй өөрөөр хэлбэл “Хүн унаж байгааг нь харсан” гэсэн атлаа түүнээс өмнө болж өнгөрсөн үйл явдлыг буюу хохирогч гарцгүй газраар гарч байгааг нь харсан мэтээр эргэлзээтэй мэдүүлэг өгсөн байхад уг мэдүүлгийг шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгон үнэлсэн нь учир дутагдалтай болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Оюунчимэгт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Говь-Алтай аймгийн прокурорын газарт буцааж, хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
2. Хэргийг прокурорт очтол Б.Оюунчимэгт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохгүйг дурдсугай.
ДДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ
Ч.ЭНХТӨР