Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 205/МА2024/00001

 

 Завхан аймгийн *******ийн газрын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 140/ШШ2023/00491 дугаар шийдвэртэй

Завхан аймгийн *******ийн газрын нэхэмжлэлтэй Д.*******т холбогдох албадан эмчилгээнд явуулах тухай иргэний хэргийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******үү, хариуцагч Д.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгч Завхан аймгийн *******ийн газар Д.*******т холбогдуулан албадан эмчилгээнд хамруулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл:

Д.*******ыг 2023 оны 09 дүгээр сард архины сайн дурын 10 хоногийн эмчилгээнд хамруулсан боловч дахин архи согтууруулах ундааг хэрэглэсээр байгаа учраас архины албадан эмчилгээнд явуулах саналыг дэмжиж байна гэв.

2.    Хариуцагч талын хариу татгалзал, тайлбарын агуулга:

Би 3 хүүхэдтэйгээ байгаа учраас одоо дахин архи ууж явахгүй. Би архи уугаагүй 1 сар гаран болж байна гэв.

3.    Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар *******ийн газрын хүсэлтийн дагуу *******и овгийн *******ын ******* /РД:*******/-ийг албадан эмчилгээнд явуулж албадан эмчлүүлж, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар Д.*******ыг албадан эмчилгээнд хүргүүлэхийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт зааснаар албадан эмчилгээний онцлог үр дүнгээс шалтгаалан 3-6 сар хүртэл хугацаагаар эмчилгээг хийх бөгөөд энэ хугацаанд тухайн этгээдийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын дүгнэлтийг үндэслэн шүүхийн шийдвэр дуусгавар болохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

4.    Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга, тайлбар:

Миний бие Завхан аймгийн Улиастай сумын багийн *******ын хэсгийн ******* тоотод нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. Би нөхөртэйгөө муудалцаад чамгүй болно зайл гээд байхаар нь хүүхэд харах ямар хэцүү байдгийн үзүүлэх гээд хэд хоног найзуудтайгаа нийлж архи уусан. Би одоо архи уухгүй. Хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд нь зөөгөөд хүүхдүүдээ хараад халуун гэртэй сайхан байна. архи уудаг нь миний буруу. Одоо дахиж хэзээ ч архи уухгүй. Намайг хэдхэн хоног яваад ирэхэд хүүхдүүдийн хамаг хувцас нь шээс, баас болсон арилгах хүн байхгүй. Гэр орон авах юмгүй болсон байсан. Тэгээд би яс махандаа тултал ойлгосон. Цаашид гэр орноо цэвэрлээд сайхан байна гэж бодож байна. Том банди 7 настай сургуульд явдаг. Хоёр бага нь 2, 3 настай цэцэрлэгт явдаг. 80 настай ээж маань уурыг нь олохгүй хадмуудын үгэнд орж өргөдөл өгчээ. Одоо яадаг билээ гээд бие нь өвдөөд, хүнд байна. аймаг дээр 10 хоног эмчлэх юм гэж ойлгожээ. Хүүхдүүдийг минь бодоорой, хүүхдүүдийг харах хүн надаас өөр байхгүй. Нөхөр маань ажил олдвол, хөдөө гадаа ажил гололгүй хийдэг. Иймд анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож болгож өгнө үү гэв .

5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Миний бие Завхан аймгийн *******ийн газрын хэсгийн байцаагч бөгөөд Улиастай сумын Богдын гол, багийг хариуцан ажилладаг. Д.******* хүсэлтэн дээрээ хоёр, гурван удаа, гэрээсээ хүүхэд харах ямар хэцүү байдгийг мэдрүүлэх гэж явсан гэж худлаа ярьж байна. *******ыг 2 удаа багаас, 3 эрэгтэй хүнтэй байхад, 1 удаа Баазад 1 эрэгтэй хүнтэй байхад нь гэрт нь хүргэж өгсөн. Хүүхдүүдийг нь нөхрийнх нь дүү нар сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгч, авдаг. Гэртээ бай гэхээр боож үхнэ гээд айлгаад байх юм, яах аргагүй танай байгууллагад хандаж байна гээд нөхөр Д.*******ыг эрэн хайж явдаг. Ганц нэг удаа, архи уудаг гэдэг нь худлаа. Архины хамааралтай хүн чинь өөрийгөө архины хамааралтай болсон юм байна гэдгээ ойлгож, ухамсарлаж байж архинаас гардаг. Миний ганц нэгхэн удаа архи уусныг буруу ойлгоод, хадмуудын үгэнд ороод ээж цагдаад хүсэлт гаргасан байна гэж байгаа нь, Д.******* өөрийгөө архины хамааралтай болсон гэдгээ ойлгоогүй байна гэсэн үг. Архинаас гарчихвал *******ийн байгууллагаас Д.*******тай хөөцөлдөөд шаардлага байхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн, согтуурах мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, үзүүлэх, байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна,

Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, мөн насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, 16 нас хүрээгүй хүүхэд, 60-аас дээш настай хүн болон биеийн хүнд эмгэгтэй хүнийг албадан эмчлэхийг хориглоно гэж тус тус заажээ.

Архины албадан эмчилгээнд хамруулах тухай *******ийн байгууллагын нэхэмжлэл болон хэрэгт авагдсан баримтуудаас харахад Д.******* нь согтуурсан, мансуурсан үедээ зөрчил гаргасан, эсхүл эрүүлжүүлэгдсэн, өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй болох, мөн сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан гэх байдлууд тодорхой бус байхаас гадна, тэрээр багийн Засаг даргын тодорхойлолтод зааснаар нөхөр, бага насны 3 хүүхдийн хамт амьдардаг гэх бөгөөд хүүхдүүдийн регистрийн дугаар болон Д.*******ын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар бага хүүхэд нь 03 нас хүрээгүй болох нь тогтоогдож байна.

Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг хянаж, дүгнэлгүйгээр Д.*******ыг албадан эмчлэх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй байхад, түүнийг албадан эмчлүүлэхээр шийдвэрлэсэн нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.3 дахь заалтыг тус тус зөрчсөн байна.

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Согтууруулах, мансууруулах донтой этгээдийг албадан эмчлэх албадан хөдөлмөр хийлгэх тухай хууль гэсэн хүчин төгөлдөр бус хуулийн зохицуулалтуудыг баримталж, хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

Дээрх үндэслэлээр Д.*******ын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, архины албадан эмчилгээнд явуулах тухай Завхан аймгийн *******ийн газрын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 140/ШШ2023/00491 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.3 дахь хэсэгт заасныг баримтлан Д.*******ыг архины албадан эмчилгээнд явуулж эмчлүүлэх тухай Завхан аймгийн *******ийн газрын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.*******ын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Энэ шийдвэр нь Д.*******ыг дахин албадан эмчилгээнд явуулах хүсэлт гаргах эрх бүхий этгээдийн эрхийг хөндөхгүй болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ

Б.АРИУНБАЯР