Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 191

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Б.Номинзул;

улсын яллагч: Ц.Амгаланбаатар;

шүүгдэгч: Ч.Ц (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн  Шарнууд овогт Ч.Цд холбогдох эрүүгийн 1809038900140 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1967 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машин механизмын операторч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эх, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-1 дүгээр гудамжны 48 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ДК67092011 регистерийн дугаартай, Шарнууд овогт Ч.Ц.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Ч.Ц нь 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутагт Бэлхийн 33 дугаар гудамжны 1-48 тоотод байрлах гэртээ эхнэр М.Баярчимэгтэй маргалдаж нүүр, толгой, нуруу руу нь гараараа цохиж биед нь тархи доргилт, баруун гарын эрхий хуруу, баруун хөлийн долоовор хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, зүүн сарвуу, баруун мөрөнд цус хуралт буюу хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Ц мэдүүлэхдээ: Нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

   Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Баярчимэг /хх-ийн 19-21/, гэрч Ч.Цогоо /хх-ийн 22-23/ нарын мэдүүлэг, Ч.Цы гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10822 дугаартай дүгнэлт /хх-ийн 27/, Ч.Цы хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 32, 45-48, 59-62/, аюулын зургийн үнэлгээний маягт /хх-ийн 55-58/, М.Баярчимэгийн хүсэлт /хх-ийн 63/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Ч.Ц нь 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-1 дүгээр гудамжны 48 тоотод байрлах гэртээ эхнэр М.Баярчимэгтэй маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч М.Баярчимэгийн /хх-ийн 19-21/: “... Би 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гэртээ байсан. Тухайн өдөр хагас сайн өдөр байсан юм. Гэтэл ажлаас дуудаад “ажилла” гэхээр нь би ажилдаа явах гэтэл манай нөхөр Цогтсайхан “ажлаасаа гар байнга оройтдог биз дээ, ажлаасаа гар” гээд хэрүүл хийгээд эхэлсэн. Би “ажлаасаа гарч болохгүй байна” гэж хэлээд байж байтал нөхөр хүрч ирээд гарыг маань угаалгын машины иртэй тагаар дараад байсан. Би өшиглөөд авсан чинь нөхөр миний үснээс зулгаагаад нүүр гарын алчуур эрчилж ороолгоод толгой тархи болон нуруу руу цохиж эхэлсэн…” гэх мэдүүлгээр,

 

Ч.Цы гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 24-25, 2-4/: “... Би 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гэртээ байж байхад эхнэрийг ажлаас нь дуудахаар нь “ажлаасаа гар” гээд хэрүүл хийсэн. Эхнэр уурлаад хэрүүл болоод эд зүйл эвдэж сүйтгээд угаалгын машин татаж унагаах гэхээр нь би угаалгын машиныг түшсэн чинь угаалгын машины таг бууж ирээд гарыг нь хавчсан. Тэр үед эхнэр миний гэдэс рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би нүүр гарын алчуураар ороолгоод гартаа алчуур ороож байгаад шанаа руу нь хоёр удаа цохисон. Тэгээд дайраад байхаар нь ор руу 2 удаа түлхэж унагаасан...” гэх мэдүүлгээр,

 

“... М.Баярчимэгийн биед тархи доргилт, баруун гарын эрхий хуруу, баруун хөлийн долоовор хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, зүүн сарвуу, баруун мөрөнд цус хуралт” бүхий мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10822 дугаартай дүгнэлт /хх-ийн 27/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар ямар шалтгаанаас болж маргалдсаныг хохирогч, шүүгдэгч нар мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийг зодсоныг өөрөө болон хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Ч.Цы санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Ч.Цы “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч М.Баярчимэгийн “эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн баримт хэргийн 63 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд Ч.Цыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ц нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Шарнууд овогт Ч.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Цыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун  мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ц торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Ч.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ