| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2018/0897/э |
| Дугаар | 198 |
| Огноо | 2019-02-27 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Жавхлантөгс |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 198
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;
улсын яллагч: Т.Жавхлантөгс;
шүүгдэгч: С.Т (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Тт холбогдох эрүүгийн 1809000800381 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютерийн программ хангамж мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн наран 10 дугаар гудамжны 121 тоотод оршин суух, урьд:
Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 222 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар нийт 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,
Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, гавъяа шагналгүй, ФА92121232 регистерийн дугаартай, Боржигин овогт С.Т.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч С.Т нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 86А байрны гадна автомашины ил зогсоол дээр байсан иргэн Ж.Тунгалагийн эзэмшлийн 1312 УБВ улсын дугаартай “Тоёота Приус-11” маркийн автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Т мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өмнө нь мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Тунгалагийн /хх-ийн 21-24/ мэдүүлэг, С.Тын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 25-27, 114-116, 169-170/ хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-14 /, “Дамно” ХХК-ний автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 97-100/ С.Тын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 28-35, 102/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 46-48, 120-131, 175-179/, хохирогч Ж.Тунгалагийн хүсэлт /хх-ийн 173/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Т нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 86А байрны гадна автомашины зогсоолд байрлуулсан иргэн Ж.Тунгалагийн эзэмшлийн 1312 УБВ дугаартай “Тоёота Приус-11” маркийн автомашиныг хулгайлж 4.950.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Ж.Тунгалагийн /хх-ийн 21-24/: “... 2017 оны 12 дугаар сарын 25-ны өглөө миний бие 1312 УБВ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Приус-11” авто машинаар хүүхдээ хүргэж өгөөд 09 цаг 10 минутын үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 86А байрны зогсоол дээр байрлуулж тавьсан бөгөөд 11 цаг болох гэж байхад гартал миний машин байхгүй, хулгайд алдагдсан байсан...2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр миний материалыг шалгаж байсан Сугар гэдэг байцаагч над руу залгаж “машин чинь олдсон” гэж ярьсан. Тэгээд автомашинаа байцаагчаасаа хүлээж авсан...Тухайн үед машинаа хүлээж авахад миний машины хойд гупер байхгүй, 2 ширхэг толь байхгүй, машин дотор байсан МР тоглуулагч байхгүй болчихсон байсан...” гэх мэдүүлгээр,
С.Тын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 25-27, 114-116, 169-170/: “... 2017 оны 12 дугаар сарын 25-ны өглөө зочид буудлаас согтуу гарч явж байгаад Монгол 3 дугаар сургуулийн ертөнцийн зүгээр зүүн талд байдаг байрнуудын дунд байсан мөнгөлөг саарал өнгөтэй “Приус-11” маркийн машин байхаар нь өөрт байсан “Тоёота” маркийн машины түлхүүрийг жолооч талын буюу баруун урд талын хаалганы цоожинд хийгээд эргүүлтэл хаалга нь онгойчихсон...Би машин онгойлгосон түлхүүрээ хийж асаагаад хойшоо 6 буудал тийш Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт нэг гудамж руу ороод дотор нь унтаж байгаад орой 17 цагийн үед унтаж байсан гудамжиндаа орхиод явсан. Явахдаа тэр машины хойд гупер болон 2 талын толийг нь тайлж авсан. Гупер, толийг нь фэйсбүүк цахим хуудас дээр байсан “Приу-11 машины хойд гупер яаралтай авна” гэсэн зарын дагуу 40 орчим насны танихгүй эрэгтэй хүнд 10 дугаар хороололд 200.000 төгрөгөөр зарчихсан юм...” гэсэн мэдүүлгээр болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-14 /, “Дамно” ХХК-ний автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 97-100/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хохирогч эд зүйлээ хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэний хөрөнгийг нууцаар авч явсныг, хохирогчийн хулгайд алдсан эд зүйлийг буцаан өгсөн, хулгайд алдсан эд зүйлийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх шүүх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Ийнхүү бусдын өмчлөлд байгаа автомашиныг нууцаар, урьдчилан бэлтгэсэн түлхүүр тааруулан жолоодон авч явж, өөр газар аваачин дотроос нь өөрийн хэрэгтэй гэж үзсэн эд зүйлс, автомашины эд ангийг салгаж авах зэргээр хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар, шунахай сэдэлтээр өөрийн эзэмшил болгож буй С.Тын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Тын бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Ж.Тунгалаг нь автомшинаа хүлээж авсан, шүүгдэгч С.Т автомашины бүрдэл хэсгийн хохирол 648.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч “гомдол саналгүй” талаархи баримт хэргийн 173 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчээс нэмж гаргуулах зардалгүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан С.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор хорих ял шийтгэж, мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэ хорих байгууллгад эдлүүлэхээр тогтов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигин овогт С.Тыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тт оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т энэ хэрэгтээ 131 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч С.Т нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Тт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Тт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ