| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/0207/э |
| Дугаар | 202 |
| Огноо | 2019-02-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Батнасан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 202
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;
улсын яллагч: Р.Батнасан;
шүүгдэгч: Б.Д (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Зальт овогт Б.Дд холбогдох эрүүгийн 1909004540172 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүү менежмент мэргэжилтэй, “Голомт” банкинд харилцааны менежер ажилтай, ам бүл 3, ах, эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 33 дугаар гудамжны 416 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, УИ96072217 регистерийн дугаартай, Зальт овогт Б.Д.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Б.Д нь 2019 оны 01 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ялгуун” караокед иргэн Д.Мөнхтөрийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ: 2019 оны 1 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө найз Данзанравжаатай МУИС-ийн 1 дүгээр байрны хажуу талын пабд ороод 2 шил архи авч уусан. Ямар нэгэн маргаан болох шалтгаан байхгүй байсан. Тухайн үед хохирогчийг өөрийн мэдэлгүй очоод цохисон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 676.000 төгрөг төлж барагдуулсан гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Мөнхтөр /хх-ийн 4/, гэрч Т.Лхамсүрэн /хх-ийн 8-9/ нарын мэдүүлэг, Б.Дгийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 6-7, 20-21/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1682 тоот дүгнэлт /хх-ийн 12/, хохиролын баримтууд /хх-ийн 25-30/, Б.Дгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 32-39/, Д.Мөнхтөрийн хүсэлт /хх-ийн 42/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 01 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах “Ялгуун” нэртэй караокед Д.Мөнхтөрийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Д.Мөнхтөрийн /хх-ийн 4-5/: “... Миний бие 2019 оны 01 дүгээр сарын 24-ний шөнийн 01 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, МУИС-ийн 4 дүгээр байрны ард талын “Ялгуун” нэртэй караокед өөрийн танил Лхамсүрэнгийн хамт үйлчлүүлэхээр орсон. Бид 2 тэнд сууж байхдаа ямар нэгэн хүнтэй маргалдаагүй. Гэтэл энэ үл таних залуу гэнэт миний араас “хүүе” гэж хашиграх шиг болохоор нь би эргээд хартал миний нүүр хэсэг рүү 1 удаа өшиглөсөн. Би өшиглүүлээд газар унасан чинь дээрээс нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлгээр,
гэрч Т.Лхамсүрэнгийн /хх-ийн 8-9/: “... 2019 оны 01 дүгээр сарын 23-ны шөнө 22 цагийн үед Мөнхтөр бид хоёр Монгол Улсын их сургуулийн хойд талд байрлах “Ялгуун” пабд орсон. Ороод Мөнхтөр пиво, би жүүс захиалаад хоорондоо ажил хэргийн зүйл ярилцаад сууж байтал хажуу ширээнд сууж байсан 2 залуугийн нэг нь босож ирээд Мөнхтөрийн нүүр рүү нь цохисон. Тухайн газрын бармен залуу салгаад зогсож байтал нөгөө залуу дахиж Мөнхтөр рүү дайрч дахиад толгойн тус газар нь хэд хэдэн удаа гараараа цохиж өшиглөсөн...” гэх мэдүүлгээр,
Б.Дгийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 20-21/: “... 2019 оны 01 дүгээр сарын 23-ны шөнийн 22 цаг өнгөрч байхад найз Данзанравжаатай хамт пабд орж хоёр шил 0,5 граммийн хэмжээтэй “Соёрхол” архи авч уусан. Би найзтайгаа хэсэг юм ярьж суусан. Би нилээн согтож муудсан. Бид хоёрын эсрэг талын ширээнд үл таних ах, эгч хоёр сууж байсан. Ингээд намайг зүгээр сууж байхад эсрэг талын ширээнд сууж байсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүний эрэгтэй нь намайг “алиа бацаан хэвтчихлээ” гэж хэлэхээр нь би тэр ахаас “намайг хэлсэн үү” гэж асуусан чинь дуугарахгүй болохоор нь буцаад сууж байсан буйдан дээрээ хэвтсэн. Тэгээд хэвтэж байтал дахиад “алиа бацаан минь” гэх шиг болохоор нь нөгөө ах дээр явж очоод шууд зүүн гараараа нүүрэн хэсэгт нь цохисон. ...Би маргааш өдөр нь найз Данзанравжаагаас асуухад “чи тэр хүнийг 2-3 удаа цохиж, нэг удаа хөлөөрөө өшиглөсөн” гэж хэлсэн. Би өөрөө нэг удаа нүүрэн тус газар нь гараараа цохисноо мэдэж байна. Бусад үйлдлээ сайн санахгүй байгаа юм...” гэх мэдүүлгээр,
“...Д.Мөнхтөрийн биед зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт, зүүн зовхи, сарвуунд цус хуралт” бүхий мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1682 тоот дүгнэлт /хх-ийн 12/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар ямар шалтгаанаас болж маргалдсаныг хохирогч, гэрч, шүүгдэгч нар мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийг зодсоныг өөрөө болон хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Б.Дгийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч Б.Дгийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Д.Мөнхтөрийн “хохиролоо бүрэн барагдуулж авсан, сайн дураар эвлэрсэн, гомдолгүй” гэсэн баримт хэргийн 42 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд Б.Дг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдаж байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Зальт овогт Б.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ