Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батжаргалын Нармандах |
Хэргийн индекс | 137/2016/0225/И |
Дугаар | 221 |
Огноо | 2016-08-15 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 221
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дорноговь аймаг Замын-Үүд сумын 3-р багийн малчин Дамба овогт Зундуйн Бэхбат /РД:ЕЦ63102569/-ын
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч З.Бэхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пүрэвсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч З.Бэхбат шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд: “Миний бие 1979 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын “Шинэ амьдрал” нэгдэлд малчинаар орж 1994 оны 11 дүгээр сарын 28-ныг хүртэл ажилласан бөгөөд хөдөлмөрийн дэвтэрийн бөглөлт баталгаажуулалт дутуу тул 1979 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Би үхэр тэмээ хариулдаг байсан” гэжээ.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч З.Бэхбат нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч З.Бэхбат нь 1979 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Өргөн сумын “Шинэ амьдрал” нэгдэл болон “Шинэ амьдрал” бүрэн бус хариуцлагатай компанид малчнаар 15 жил 5 сар 19 хоног ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Дорноговь аймгийн Өргөн сумын “Шинэ амьдрал” нэгдлийн даргын 1979 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн илгээлтээр ирсэн хүүхдүүдийг ажилд томилох тухай тушаал, Дорноговь аймгийн Өргөн сумын “Шинэ амьдрал” бүрэн бус хариуцлагатай компаний захирлын 1994 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай тушаал, Дорноговь аймгийн засаг даргын тамгын газрын архивын тасгаас авсан 1987 оноос 1989 он хүртэлх цалингийн тодорхойлолт, 7/43 дугаарт З.Бэхбатын нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, М.Төмөрбаатар, Ч.Оюунханд,О.Дашдорж нарын тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч З.Бэхбатын улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дамба овогт Зундуйн Бэхбат /ЕЦ63102569/-ыг 1979 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл Дорноговь аймгийн Өргөн сумын “Шинэ амьдрал” нэгдэл болон “Шинэ амьдрал” бүрэн бус хариуцлагатай компанид малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч З.Бэхбатын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ