| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдын Амарбаясгалан |
| Хэргийн индекс | 171/2019/0052/Э |
| Дугаар | 116 |
| Огноо | 2021-03-12 |
| Зүйл хэсэг | 11.1.2.5., |
| Улсын яллагч | О.Сарангэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 116
Ч.Б д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 300 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 92 дугаар магадлалтай, Ч.Б д холбогдох 1825 00000 0469 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбатын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, П овогт Ч.Б
Ч.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5-д заасан хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5-д зааснаар 8 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 1.704.500 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Оюун-Эрдэнэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21.795.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Б , түүний өмгөөлөгч Х.Оюунбат нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... 1. Хохирогч Н.Ц нас барсан үйл баримт түүнд гэмтэл учирсан гэх Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018.11.13-ны өдрийн 786 тоот /2хх-23/ дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний албаны 2018.12.10-ны өдрийн 89 дугаартай дүгнэлт /1хх-115/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019.10.04-ний 1194 өдрийн тоот дүгнэлт /125 хх/, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019.10.16-ны өдрийн 685 тоот дүгнэлт /134/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020.04.28-ны өдрийн 448 тоот дүгнэлт /180 хх/ зэрэг гэмтлийн зэрэг тогтоосон 5 баримт нотлох баримтууд хэрэгт авагдсан. Эдгээр баримт нь өөр хоорондоо болон бусад нотлох баримтуудтай зөрүүтэй бөгөөд нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй. Талийгаачийн гэмтэл болон нас барсны шалтгаан нөхцлийг тогтоох 5 удаагийн шинжээчийн дүгнэлтүүдийн зарим дүгнэлтүүд нь бие биенээ үгүйсгэсэн дүгнэлтүүд бөгөөд 2 дүгнэлтийг буюу Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018.11.13-ны өдрийн 786 тоот, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019.10.16-ны өдрийн 685 тоот дүгнэлтүүдийг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй бөгөөд уг дүгнэлтүүдийн талаар үгүйсгэсэн няцаасан дүгнэлт хийлгүй орхигдуулсан.
Шаардлагатай бол бүх дүгнэлтүүдийг анхаарч 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргах боломжтой хэрэг. Өөрөөр хэлбэл 2018.10.30-31-ний шөнө талийгаачийн биед учирсан эдгээр бүх гэмтлүүдийг тухайн өдөр авсан гэх байдал үгүйсгэгдсэн нотлох баримтуудын зөрүүтэй байдалд дүгнэлт хийгээгүй. Өөр, өөр өдрүүдэд буюу хэрэгт авагдсан шинжээч нарын дүгнэлтүүдээс 2018.10.30-31-нд шилжих шөнөөс өмнө хугацаанд, уг хугацааны шилжих шөнө, уг өдрөөс хойш буюу 2018.11.03-04-нд шилжих шөнүүдэд гэмтлүүд авсан байж болзошгүй буюу удаа дараагийн үйлдлээр талийгаач гэмтэл авсныг тогтоосон. Гэмтлүүдэд Ч.Б ыг буруутган дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.
2. Хэрэгт Ч.Б гэмтэл учруулсан гэх хангалттай баримт байхгүй ба талийгаач өөрт нь хэн гэмтэл учруулсныг мэдэхгүй байна гэх мэдүүлэг, Ч.Б мөн би 2018.10.30-31-ний шилжих шөнө хүнд гэмтэл учруулснаа мэдэхгүй байна гэдэг бөгөөд энэ байдлаа архи ууж согтсон гэх мэдүүлэгтээ холбон анхнаасаа тайлбарладаг бөгөөд хэргийн газар байсан гэх гэрч Булгансүрэн, гэрч Ганхуяг нарын мэдүүлэгт үндэслэн анх Ч.Б ыг ялласан. Гэтэл дээрх 2 гэрч нь гэрчийн мэдүүлэг өгөх асуудлаас болж нэг нь нөгөөдөө дарамт үүсгэсэн гэх асуудлаас болж, гэрч Булгансүрэн амиа хорлосон болох хэрэгт нотлогдсон бөгөөд энэхүү байдал нь гэрч нарын мэдүүлгийн үнэн зөв нотлох баримт эсэхэд эргэлзээтэй байдлыг үүсгэсэн байхад эдгээр нотлох баримтыг шүүх үнэлдэг бөгөөд Н.Ц гийн амь нас хохирсон хэрэгт холбоотой асуудлыг гэрчүүд хоорондоо ярилцсан нь /гэрч Ж.Ганбаярын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч Амарсайханы мэдүүлэг, 77хх Ц.Оюунбилэгийн мэдүүлэг 88хх, 90хх, Г.Хажидмаагийн мэдүүлэг 99хх, 96хх Ганбаярын 94577939 дугаар манай эгч барьдаг манай эгч Эрдэнэчимэгийн дугаар гэх мэдүүлэг, 100хх Б.Эрдэнэбаярын мэдүүлэг, 101хх Б.Эрдэнэдаваагийн мэдүүлэг/ аавыг гарсны дараа нөгөө 3 хүн архи ууж хоорондоо маргалдсан гэсэн ... гэх зэрэг мэдүүлгэн нотлох баримт/ хэрэгт авагдсан боловч энэ асуудлыг шалгалгүй орхигдуулан Ч.Б ыг буруутай эсэхийг тогтоохдоо дээрх ач холбогдол бүхий баримтыг шүүх тал бүрээс анхаарч шийдвэрлээгүй.
3. 2010.10.30-31-ний өдөр талийгаач Н.Ц нь гэмтэл авсан уу, авахдаа хүнд гэмтэл авсан уу гэх асуудал бүрэн нотлогдоогүй. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018.11.13-ны өдрийн 786 тоот, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019.10.16-ны өдрийн 685 тоот дүгнэлтүүдээр хүнд гэмтэл үгүйсгэгддэг ба Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020.04.28-ны өдрийн 448 тоот дүгнэлт гарахдаа дээрх 2 дүгнэлтийг үнэн зөв эсэхэд дүгнэлт хийгээгүй, харин 89 тоот болон 1194 тоот шинжээчийн дүгнэлтүүдийн зарим хэсгүүдийг үгүйсгэсэн дүгнэлтийг хийсэн. Өөрөөр хэлбэл зөрүүтэй дүгнэлтүүд хэрэгт авагдсан байхад үгүйсгэсэн няцаасан баримтуудад үнэлэлт хийгээгүй орхигдуулсан. Учир нь Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018.11.13-ны 786 тоот дүгнэлт, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019.10.16-ны өдрийн 685 тоот дүгнэлт, эмч Оюунболдын мэдүүлэг /2хх 14, 16/, шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн мэдүүлэг /2хх 27/, гэрч А.Эрдэнэбаярын мэдүүлэг /3хх 139/, гэрч Ц.Болдбаатарын /3хх 140/ мэдүүлэг, шинжээч эмч Н.Туяагийн мэдүүлэг /3хх 176-177/ зэрэг нотлох баримтууд нь талийгаачийн биед үзлэг хийсэн, цээжний рентген зургийг уншсан эмч нар төдийгүй эдгээр эмч нараас гадна дотрын эмч Отгонцэцэг, гэмтлийн эмч Сандуй зэрэг эмч нар 2018.11.03-04-ний шилжих шөнө талийгаачийн биед үзлэг хийж, цээжний рентген зургаар олон тооны хавирга хугарсан гэмтсэнийг үгүйсгэсэн онош тавьсан нотлох баримт авагдсан бөгөөд ялангуяа эмнэлэгт очих үеийн цээжний рентген зурагт нэг ч хавирганы хугарлын талаар тодорхойлоогүй баримтыг шүүх үнэлээгүй үгүйсгэж байгаа үндэслэлдээ дүгнэлт хийгээгүй. 2018.10.30-31-ний шөнө талийгаач нь согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгийг үгүйсгээгүй бөгөөд харин өөрийгөө удирдан жолоодох чадваргүй, гэмтэл авсан үйлдэлдээ эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байсан гэдэг нь баримтаар нотлогдоогүй бөгөөд зөвхөн Ч.Б ы мэдүүлгээр давхар нотолж байгаа мэт давж заалдах шатны шүүх дүгнэн, буруутай гэдгийг нотолсон гэж дүгнэж буруутгасан нь үндэслэлгүй.
4. Ч.Б нь онц харгис хэрцгийгээр хүний биед хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан гэх дүгнэлтийг хийсэн нотлох баримтууд өөр хоорондоо зөрүүтэй байдалд шүүх дүгнэлт хийгээгүй. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020.04.28-ны өдрийн 448 тоот дүгнэлт нь талийгаач дээрх гэмтлүүдийг 2018.11.30-31-ний шөнө, 2018.11.30-31-ний шөнөөс өмнө авсан, мөн дараа авсан байх үндэслэлийн талаар дүгнэлт хийсэн ба энэхүү гэмтлүүдийг авсан даруйд эмнэлгийн тусламж авсан бол амь насыг аврах боломжтой эсэх, эсвэл аврах боломжгүй эсэхэд шинжээч нар дүгнэлт хийгээгүй, ялангуяа хохирогч эмнэлгийн тусламж авахаас татгалзсан баримт хэрэгт авагдсан бөгөөд үүнд Ч.Б буруутай эсэх нь нотлогдоогүй байхад шүүх хэргийн байдлыг хүндрүүлэн яллаж, өөрөөр хэлбэл уг хэргийн улмаас хохирогч нас барсан бол гэх дүгнэлтийг хийж Ч.Б ыг буруутгасан нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтад тал бүрээс дүгнэлт хийж, үгүйсгэж байгаа үндэслэлээ шүүх дурдаагүй атал уг зүйлчлэлд гэм буруутай гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Ч.Б хэдэн өдөр дараалан буюу удаа дараа талийгаачид гэмтэл учруулсан гэх байдал хэрэгт нотлогдоогүй.
5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020.04.28-ны өдрийн 448 тоот дүгнэлтийн 11-р заалтад ... тавшсан зулгаралтууд болон шинэ зулгаралтууд нь өөр, өөр цаг хугацаанд үүссэн талаар дурдан ... 18, 19, 25, 30, 32 болон 33-37 дугаартай зурагт арьсны түвшингээс доош байрласан тав үүсээгүй, улаан хүрэн өнгийн зулгаралтууд нас барахын өмнөхөн хэдхэн цагийн өмнө үүссэнийг дурдсан байх ба энэ цаг хугацаанд энэхүү гэмтлийг хэрхэн, яаж авсан болохыг тогтоосон дүгнэлт хийгээгүй. Уг дүгнэлтийн 12-р заалтад уг зулгаралтууд ... мохоо зүйлийн олон удаагийн тухайлбал цохих, шүргэгдэх, нидрэгдэх үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж дүгнэсэн асуудлыг анхаарч дүгнэлт хийгээгүй. Учир нь талийгаач нь 2020.11.03-ны өдөр бусдад зодуулж гэмтэл авсан байж болзошгүй дээрх баримтыг байгааг шүүх анхаарч үзээгүй. Түүнийг хэн учруулсан болохыг тогтоогоогүй атлаа Ч.Б ыг буруутгасан нь үндэслэлгүй. Талийгаачид удаа дараа гэмтэл авсан байдал нь адилхан шинжтэй буюу арьс нь гүн хууларч, зулгаралт үүссэн, зулгаралтууд нь өөр, өөр цаг хугацаанд үүссэн гэмтэл болох нь тогтоогдсон гэх ба 2018.11.03-04-ний шөнө Ч.Б өөр газарт байсан нь хэрэгт нотлогдсон. Түүнчлэн эдгээр арьсанд гүн үүссэн хууларсан зулгаралтууд нь ямар зүйлээр учруулсан байж болох талаар, ялангуяа шинжээчийн дүгнээд байгаа мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу гараар, хөлөөр эсвэл ямар нэгэн зэвсэг эд зүйлээр учруулсан эсэхийг бүрэн нотлоогүй, Ч.Б ы өмсөж явсан гутлын мөрөөр, эсвэл гараар, хөлөөр, дэвсэх, өшиглөх зэрэгт арьс хууларч, хоорондоо хамаарал бүхий олон тооны зулгаралт гэмтлүүдийг үүсэх эсэхэд буюу зулгаралтын шинжид шинжээч дүгнэсэн дүгнэлтэд анхаарч дүгнэлт хийгээгүй, ямар эд зүйл, мөр бүхий хүчин зүйлийн үйлчлэлээр дээрх арьс хууларсан, зулгаралтууд үүссэнийг бүрэн нотлоогүй. Хэрэгт авагдсан шинжээчийн 2018.11.28-ны өдрийн 12133 тоот дүгнэлтэд /1хх 168/ цус болон биологийн ул мөр илрээгүй, шинжээчийн 2018.12.04-ний өдрийн 12131 тоот дүгнэлтэд ... шар өнгийн хагас түрийтэй гуталд цус илрээгүй гэх дүгнэлтүүд зэргийг 2020.04.28-ны өдрийн 448 тоот /180хх/ дүгнэлтийн 8, 12-р заалттай харьцуулсан дүгнэлт хийгээгүй. Ч.Б ыг гар болон өмсөж явсан гэх гутлын мөрнөөс цохих, нидрэгдэх, шүргэгдэх, өшиглөх дэвсэх үйлдэл хийж гэмтэл учруулсан гэдгийг үгүйсгэсэн шинжээчийн дүгнэлт нотлох баримтуудыг буюу Ч.Б гараар талийгаачийн арьсанд олон тооны гэмтэл буюу хууларсан зулгаралт үүсгэсэн, эсвэл хөлөөр дэвсэх, нидрэгдэх, шүргэгдэх, цохих байдлаар хохирогчид гэмтэл учруулсан гэмтлийг учруулаагүй болох нь нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаа байдалд дүгнэлт хийлгүй буруутгасан нь үндэслэлгүй.
6. Талийгаач гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан байх ба уушигны хатгалгаа өвчтэй байсан нь амьсгалын дутагдал гүнзгийрэхэд нөлөөлсөн байна гэж дүгнэсэн нь хохирогч гэмтлийн улмаас нас барсан гэж дүгнэх боломжгүй. Талийгаачийн амьсгалын дутагдал гүнзгийрэхэд гэмтэл бус түүний өвчин нөлөөлснийг шүүх анхаарч дүгнээгүй.
7. Мөн гэрч нар мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй, 2018.10.30-31-ний өдрийн үйл явдлыг гэрчлэх гэрч Булгансүрэн нь энэхүү хэргийн улмаас өөрийн амь насыг хохироосон нь хэрэгт нотлогдсон ба архи ууж хэтрүүлэн өөрөө тасарч ухаангүй байсан гэх Ч.Б ы мэдүүлгийн хэсгийг талийгаач биеэ хамгаалж чадахгүй байжээ гэж дүгнэж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдыг зодсон эсэхээ мэдэхгүй гэх Ч.Б ы зодож гэмтэл учруулсан гэх байдал хэрэгт нотлогдоогүй байхад хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Хэргийн газарт 4 хүн байсан бөгөөд хэргийг шалгах явцад нэг гэрч энэхүү хэргээс болж амиа хорлосон нь хэргийн бодит байдлыг тогтооход хүндрэл учирсан төдийгүй Ч.Б ыг буруутгасан С.Булгансүрэн, Ганхуягийн мэдүүлгүүд нь эргэлзээтэй, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой эсэхэд эргэлзээтэй байдлыг үүссэнийг шүүх анхаарч дүгнэлт хийгээгүй.
8. Хохирогч Н.Ц 2020.11.03-04-ний шилжих шөнө Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хүргэгдэн эмнэлгийн тусламж авч байх явцад нас барсан хэрэгт Ч.Б ыг буруутган шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтууд тал бүрээс нь бодит дүгнэлт хийгээгүй, хохирогчид учирсан гэмтлүүдийн цаг хугацаа, гэм буруугийн хэлбэр, нотлох баримтын агуулга, нотлох баримтын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үндэслэл бүхий баримтуудад үгүйсгэсэн няцаасан үндэслэлийг заагаагүй, гэмт хэргийн шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт өгөөгүй атал Ч.Б ыг хохирогчид учирсан гэмтэлд гэм буруутай гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Ч.Б ыг цагаатгаж өгнө үү” гэв.
Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоосон гэж үзэж байна. Харин шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэсэн шинжээр хүндрүүлж гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хохирогч, шүүгдэгч нар нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан. Хэрэгт хэд хэдэн удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд 5 бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр хохирогчийг цээжний битүү гэмтэл, олон тооны хавирга хугарсан, үүний улмаас уушиг няцарсан, цус алдсан, улмаар амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан гэж дүгнэсэн. Эдгээр гэмтлүүдийг авсан ч гэсэн амь хохирогч үйл хөдлөл хийх боломжтой гэж дүгнэсэн. 3 бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр амь насыг аврах боломжгүй гэсэн. Сүүлийн дүгнэлтээр үүнийг няцаагаад осголтын улмаас нас бараагүй гэдгийг тогтоосон. 5 бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон. Шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, шүүгдэгч болсон процессын талаар муу мэддэг. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийг санаатайгаар бусдын амь насыг хохироосон гэж үзэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсчээ. Иймд шүүгдэгчид ашигтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар шийдвэрлэсэн нь зөв байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Б ы өмгөөлөгч Х.Оюунбатын гомдлыг үндэслэн Ч.Б д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасан анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Прокуророос Ч.Б ыг 2018 оны 10 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Даваат багийн Манханы 14-2 тоотод 65 настай Н.Ц г биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр олон тооны гэмтэл учруулан үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд хууль зүйн үндэслэлтэй, хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, эргэлзээгүй дүгнэлт хийсэн байна.
Хоёр шатны шүүхээс Ч.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2.1, 2.5-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний доторх ялыг сонгон эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Мөн шүүхүүд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбатын зүгээс “Ч.Б д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх агуулга бүхий гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд хохирогч Н.Ц гийн эх сурвалжаа тодорхой зааж, Ч.Б ы үйлдлийг мэдүүлсэн нь уг мэдүүлгийг бэхжүүлэн авсан СиДи бичлэгт тусгагдсан, мөн Ч.Б д зодуулсан талаараа гэрч Б.Мөнх-Ирээдүй, Д.Янжинсүрэн нарт хэлсэн болохыг дээрх 2 гэрч нотолсон, түүнчлэн гэрч Н.Булгансүрэн, Д.Норовсүрэн, Ж.Ганбаяр нарын мэдүүлэгт шүүгдэгч Ч.Б өөрийнхөө хохирогч Н.Ц г зодсон үйлдлийн тухай болон хэрэг гарсны дараа хохирогчид тусламж үзүүлэхээр оролдож байсан талаар тодорхой тусгагдсан нь шүүгдэгчийн өгсөн мэдүүлэгтэй тохирч байгаа зэрэг нөхцөл байдлыг, улмаар хэрэгт 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй хийсэн 448 дугаартай дүгнэлтээр хохирогч осгож нас бараагүй болох нь тогтоогдож, шинжээч эмчийн мэдүүлгээр дээрх гэмтлүүдийг авсны дараа тодорхой хугацаанд үйлдэл хийх боломжтойн гадна уг хүнд гэмтэл нь талийгаачийн үхлийн шалтгаан болсныг тодорхой мэдүүлжээ.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбатын гаргасан хяналтын гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 300 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 92 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбатын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Ч.ХОСБАЯР
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ