Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2016/0922/З |
Дугаар | 173 |
Огноо | 2017-03-10 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 173
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ганзоригийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “2” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “А” ТББ
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөл
Гуравдагч этгээд: “М” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “...Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний Мэргэжлийн зөвлөлийн 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны “М” ХХК-ийн У-1 газрын тосны хайгуул, судалгааны төслийн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланг баталсан шийдвэрийг хүчингүй болгуулах”
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Я.Ц, түүний өмгөөлөгч Г.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч “А” ТББ-ын тэргүүн Я.Ц шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Төсөл хэрэгжсэнээр байгаль орчинд асар их хохирол учрахаар судалгаанд дурдсан байсан. “М” ХХК-ийн У-1 газрын тосны хайгуул, судалгааны төслийн хамрах хүрээ У аймгийн 14 сумын нутаг дэвсгэрт хэрэгжихээр Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан. У-1 газрын тосны хайгуул, судалгааны байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ зөвхөн М суманд хэрэгжихээр хийгдсэн бөгөөд төсөл хэрэгжсэнээр байгаль орчинд асар их хор хохирол учруулах талаар үнэлгээний тайланд тусгагдсан байна. Хайгуул өрөмдлөгийн ажлын үед машин механизм, тоног төхөөрөмжийн нөлөөгөөр агаарын орчин бохирдох, тэсэлгээ хийх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихэссэнтэй холбоотойгоор хөрсөн бүрхэвч элэгдэн доройтох, талхлагдах, ургамлын нөмрөг устах, бүрхэц нь багасахын зэрэгцээ тоос, ахуйн хатуу, шингэн хог хаягдал, нефтийн бүтээгдэхүүн асгарах зэргээр бохирдох, газрын доорх усан орчин бохирдсон тохиолдолд тэр нь хөрсөөр дамжин хүрээгээ тэлж хөрс, хүн, мал, амьтан, ургамалд сөргөөр шууд нөлөөлөх, химийн бодис, урвалж агуулсан бохир ус хөрсөнд асгарснаас усан орчин бохирдох, мал амьтан хордож ард иргэдэд шууд сөргөөр нөлөөлөх зэрэг болно.
Ингэсэн тохиолдолд тухайн бүс нутагт амьдарч байгаа иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан “...эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх...” нь асар ихээр зөрчигдөх юм. Байгаль орчин, аялал жуучлалын яамнаас 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ирүүлсэн албан бичигт “...У-1 талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээний хамрах талбайн У аймгийн 14 сумын нутаг дэвсгэр боловч уг үнэлгээний тайлан нь зөвхөн М сумын нутагт хайгуул судалгааны ажил хийхээр боловсруулагдсан нь ямар нэг хуулийн зүйл заалт зөрчсөн гэж үзэх эрх зүйн үндэслэлгүй ба бусад 13 суманд хайгуул судалгааны ажил хийхдээ Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.4-д заасны дагуу тухай бүр үнэлгээ хийлгэх шаардлагатай юм...” гэж дурдсан байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д “...Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд дараах асуудлыг тусгана...”, 8.4.6-д “...газрын тос, уул уурхай, цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалт зэрэг төсөлд хаалтын үйл ажиллагааны чиглэл, нөхөн сэргээлтийн зорилт, хамрах хүрээ, шалгуур үзүүлэлтүүд, дүйцүүлэн хамгааллын арга хэмжээ...”, 8.4.8-д “...төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэдийн нийтийн хурлын санал, тэмдэглэл...” байхаар хуульчилсан. Мөн тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д “...Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг төсөл хэрэгжүүлэгч, үнэлгээ хийсэн мэргэжлийн байгууллага хамтран төслийн нөлөөлөлд өртөх орон нутгийн оршин суугчдад танилцуулах ажлыг зохион байгуулна...”, 18 дугаар зүйлийн 18.4-д “...Төслийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийж байгаа хуулийн этгээд тайлан боловсруулах явцдаа төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэд, оршин суугчдаас албан ёсоор санал авч, хэлэлцүүлэг зохион байгуулна...”, 18.5-д “...Олон нийтийн оролцооны асуудлыг журмаар зохицуулах бөгөөд уг журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална...” гэж хуульчилсан.
Энэ үнэлгээг хийхдээ Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дээр дурдсан заалтууд болон Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А-03 тоот тушаалаар батлагдсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах тухай журмыг зөрчиж хийсэн байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах тухай журмын 2.7-д “...үнэлгээний эрх бүхий аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэгчтэй хамтран байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж дууссаны дараа үнэлгээний тайлан, олон нийтийн саналын нэгдсэн дүнг ажлын 15 өдрийн хугацаанд тухайн нутаг дэвсгэрийн баг хорооны нийтийн хурлаар хэлэлцүүлж санал авна...”, 2.8-д “...хэрэв тухайн төсөл нь хэд хэдэн баг сумын нутаг дэвсгэрийг хамарч хэрэгжих бол тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, багийн иргэдийн Нийтийн Хуралд тус тусад нь танилцуулж санал авна...” гэж заасан. Гэтэл уг үнэлгээний тайланг батлахдаа хууль болон журамд нийцсэн эсэхийг хяналгүйгээр баталсан нь тодорхой харагдаж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан эрхийн хүрээнд Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны ”М” ХХК-ийн У-1 газрын тосны хайгуул судалгааны байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланг баталсан шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.
Хоёр. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь нийтийн эрх ашгийг хамгаалах зорилготой үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. У-1 гэсэн газрын тосны хайгуулын байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланг баталснаар У аймгийн 14 суманд амьдарч буй Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 2 дахь заалтыг хэрэгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, хүний үйл ажиллагааны улмаас байгаль орчны тэнцвэрт байдал алдагдахаас сэргийлэх, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатайгаар байгалийн нөөц ашиглалт явуулах, бүс нутаг, салбарын хэмжээнд баримтлах бодлого, хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөө болон аливаа төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлэх, хэрэгжүүлэх эсэх талаар дүгнэлт, шийдвэр гаргах, оролцогч талуудын харилцааг зохицуулахад оршино” гэж хуулийн зорилтыг заасан. Төсөл хэрэгжсэнээр тайлгын дүгнэлтийн 232 дахь талын хүснэгт 118 дээр төслийн дурдсанаар экологи, эдийн засгийн үнэлгээгээр 307.539.102 төгрөгийн хохирол учирч болзошгүй талаар судлаад гаргаад ирсэн. Хэрэв нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзвэл экологи, эдийн засгийн үнэлгээг гаргасан тооцоо, судалгаа хуурамч болно
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.8-д зааснаар хэрэв тухайн төсөл 2-оос дээш хэд хэдэн сумдын нутгаар хэрэгжих бол сум бүрийн нутгийн Иргэдийн Хурлаар хэлэлцүүлж саналыг авах ёстой. Сумын Засаг дарга хавтсан дээр гарын үсэг зурсныг санал өгсөн гэж үзэхгүй. Төрийн захиргааны байгууллага үйл ажиллагаагаа хууль журамд нийцүүлэн явуулах ёстой. Хэрэв байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан энэ байдлаараа үргэлжилбэл дараагийн 13 сум дээр энэ байдлаар хийгдэнэ. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулинд заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрх зөрчигдөж болзошгүй байгааг анхаарч үзэх үүднээс Засгийн газрын 2013 онд батлагдсан журмын 4.9 дэх хэсгээс эхлэн үнэлгээтэй холбоотой зохицуулсан байдаг. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан судалгааны явцад бүх баримтыг шаардлагатай бол үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн хуралд танилцуулах бөгөөд танилцуулсан баримт хэрэгт байдаггүй. Уг журмын 4.12-т заасан төсөл хэрэгжүүлэгч байгууллагын удирдлагыг мэргэжлийн зөвлөлийн хурлаар оролцуулахаар заасан байхад оролцуулаагүй. Мөн журмын 4.13-т мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээс 3-аас доошгүй хоногийн өмнө гишүүдэд мэдээлэл хүргүүлсэн байхаар заасан. Энэ Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн зохицуулалт, сая дурдсан журмын зохицуулалт, 2014 оны Байгаль орчны яамны сайдын тушаалаар баталсан журамд заасан процессийн үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй, журмыг мөрдөлгүй хурал зарлаад шууд баталсан. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулинд үнэлгээ нь хууль, журамд нийцээгүй бол хянан магадлагаа хийх ёстой талаар заасан. М суманд хийгдсэн үнэлгээг сум бүрээр дахин хийхгүй. М суманд хийсэн дүгнэлтийг бусад 13 суманд хийх ёстой гэсэн зүйл дурдагдаагүй. Иймд процессын нарийвчилсан зохицуулалтууд зөрчигдсөнөөр нутгийн иргэдийн байгаль орчны тэнцвэр алдагдахаас хамгаалуулах эрх хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал байгаа тул нэхэмжлэгч нь өөрийн дүрэмд заасан үүргийнхээ дагуу болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Төрийн байгууллага хууль, журамд нийцүүлж үйл ажиллагаа явуулахгүй байна гэв.
Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...У-1 бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайд газрын тосны хайгуул олборлолт хийх төсөл хэрэгжсэнээр байгаль орчинд асар их хохирол учруулах талаар үнэлгээний тайланд тусгагдсан тул тухайн бүс нутагт амьдарч буй иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан эрх асар ихээр зөрчигдөнө гэж үзсэн байна. Энэ тухайд Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд тухайн төсөл хэрэгжсэнээр байгаль орчинд учруулж болзошгүй аливаа сөрөг нөлөөллийг урьдчилан тооцож нөлөөллийг бууруулах арга замыг тодорхойлж, түүнтэй уялдуулан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулдаг бөгөөд үнэлгээний тайланд тусгагдсан сөрөг нөлөөллийг бууруулах зөвлөмж, байгаль хамгаалах төлөвлөгөөг хэрэгжүүлж ажилласнаар байгаль орчинд учруулах нөлөөллөөс зайлсхийх арга замыг тодорхойлсон байдаг болно. Иймд уг төсөл хэрэгжсэнээр нарийвчилсан үнэлгээний тайланд тусгагдсан сөрөг нөлөөллүүд нь тухайн орчинд шууд нөлөөлж, байгаль орчинд хохирол учруулна гэж ойлгох боломжгүй юм. Мөн хүмүүсийн Үндсэн хуулинд заасан эрх зөрчигдсөн зүйл байхгүй.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.6-д газрын тос, уул уурхай, цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалт зэрэг төсөлд хаалтын үйл ажиллагааны чиглэл, нөхөн сэргээлтийн зорилт, хамрах хүрээ, шалгуур үзүүлэлтүүд, дүйцүүлэн хамгааллын арга хэмжээг тусгахаар заасан байна. Энэ тухайд “Ма” ХХК-ийн боловсруулсан “М" ХХК-ийн хэрэгжүүлэх төсөл нь зөвхөн газрын тосны хайгуул, судалгааны төсөл юм. Ашиглалтын төсөл биш юм.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8.4.8-д төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэдийн нийтийн хурлын санал, тэмдэглэл тусгахаар заасан байна. Уг нутаг дэвсгэрийн захиргааны санал тайлангийн батлагдсан нүүрэн дээр байгаа. Уг нүүрэнд сумын болон багийн Засаг дарга нарын гарын үсэг байгаа. Мэргэжлийн зөвлөлийн хувьд олон нийтийн оролцооны журамд зааснаар олон нийтийн оролцоог хангасан гэж үзэж байна. “М” ХХК-ийн хэрэгжүүлэх газрын тосны хайгуул, судалгааны нарийвчилсан үнэлгээний тайлан нь У аймгийн 14 сумын нутаг дэвсгэрт хамаарахаар нийт төслийн хэмжээнд боловсруулж ирүүлсэн бөгөөд мэргэжлийн зөвлөл тайланг 14 сумаар нь батлахад учир дутагдалтай гэж үзсэн учраас эхний ээлжинд зөвхөн М сумын нутагт хайгуул хийх судалгааны төслийн тайланг батлах нь илүү нарийвчилсан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг тусгайлан боловсруулсанд нийцсэн гэж үзсэн болно. Дараа нь 13 сум бүрт хайгуулын төслийг хэрэгжүүлэхэд байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланг менежментийн төлөвлөгөөний хамт оруулж ирэх нь зүйтэй гэж үзсэн. Үүнийг хариуцагчаас байгаль орчноо хамгаалах талаар гаргасан шийдвэр гэж үзэж байна.
Энэ үнэлгээний тайланг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, журамд нийцүүлээгүй баталсан байна гэсэн тухайд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий мэргэжлийн байгууллага болох “Ма” ХХК-ийн боловсруулсан У-1 газрын тосны хайгуул, судалгааны төслийн нарийвчилсан үнэлгээний тайланг хянаж үзээд Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 374 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журам” болон Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А-117 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх аргачлал”-ын дагуу хийгдсэн гэж үзсэн. Тухайн тайланг шаардлага хангасан гэж үзсэн тул мэргэжлийн зөвлөлийн хурлаас батлах шийдвэр гаргасан.
Нэхэмжлэгчээс байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд хүний эрүүл мэнд, байгаль орчинд асар их хор хохирол учруулахаар тусгагдсан нь бүс нутгийн тэнцэл алдагдаж үндсэн хуулиар баталгаажуулсан эрх зөрчигдөнө гэж үзэж байна гэжээ. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5, 49.6-д заасны дагуу байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоохдоо Засгийн газрын гишүүний баталсан аргачлалын дагуу байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллага ойн сан, амьтан, ургамал, усны нөөц, газар, газрын хэвлий, хөрс гэсэн 7 ангиллаар тухайн чиглэлийн мэргэжлийн эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдийг хамруулан газар дээр нь шинжилгээ судалгааны дүнг үндэслэн тогтоодог бөгөөд төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө уг төсөл нь хэрэгжсэнээр байгаль орчинд учруулж болзошгүй нөлөөллийг урьдчилан тооцож боловсруулсан нарийвчилсан үнэлгээний тайлангаас байгаль орчны асар их тэнцэл алдагдаж, хохирол учирна гэж дүгнэх боломжгүй юм гэв.
Дөрөв. Гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.С шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэхдээ: Газрын тосны хайгуулын бүтээгдэхүүн хуваах гэрээ нь Засгийн газар болон гадаадын хөрөнгө оруулагч, дотоодын хөрөнгө оруулагч нарын хооронд хийгддэг байгаа. Үүнтэй холбоотойгоор гарсан шийдвэр нь гэрээний нөгөө тал буюу Засгийн газрын эрх зөрчигдөх тул компани дангаараа тайлбар гаргах нь учир дутагдалтай гэж үзэж байна. Газрын тосны талбайг хуваарилахдаа хайгуул хийх боломжгүй дархан цаазат, тусгай хамгаалалттай, байгалын цогцолборт газрыг хасаад үлдсэн талбай дээр компани өөрсдөө аль хэсэгт хайгуулын ажил хийхээ тодорхойлсны үндсэн дээр дараа дараагийн ажил хийгддэг. Бидэнд 14 сумыг хамарсан лицензийн талбай байгаа учраас хамгийн боломжит байдлаар М сумыг сонгоод хийсэн. Өөр бусад 13 суманд хайгуул хийх боломжгүй байхад хайгуул хийнэ гэж судалгаа оруулах боломжгүй. Ерөнхий байдлаар хайгуул хийхтэй холбоотой ажлуудын судалгааг оруулах боломжтой. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хууль нь өөрөө нарийвчилсан нөхцөл заасан байдаг тул газрын тосны компаниуд шууд тулган хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байдаг. Бид М суманд ажил хийхээр тодорхойлсон байсан тул М суманд хийсэн” гэв.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “М” ХХК-ийн У-1 газрын тосны хайгуул, судалгааны төслийн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланг хүчингүй болгуулах гэж тодорхойлж байгаад Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний Мэргэжлийн зөвлөлийн 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны “М” ХХК-ийн У-1 газрын тосны хайгуул, судалгааны төслийн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланг баталсан шийдвэрийг хүчингүй болгуулах” гэж өөрчилжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
“А” ТББ нь “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн биелэлтэд хяналт тавих, үзлэг хийх, илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах, байгаль орчныг хамгаалах талаар саналаа холбогдох байгууллагад уламжлах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төсөл, зөвлөмж аргачлал боловсруулах үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2006 оны 04 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авчээ.
“А” ТББ байгууллага нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд “М” ХХК-ийн У-1 газрын тосны хайгуул, судалгааны төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний талаар гомдол гаргаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хариу хүргүүлсэн байна.
Нэхэмжлэгч тал У аймгийн 14 сумын нутгийг хамарсан “М” ХХК-ийг У-1 талбайд газрын тосны хайгуул, судалгааны Байгаль орчны нөлөөлөлийн нарийвчилсан үнэлгээг хуульд нийцүүлж хийгээгүй байхад Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөл баталсан нь хууль бус гэж хариуцагч тал Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий мэргэжлийн байгууллага болох “Ма” ХХК-ийн боловсруулсан У-1 газрын тосны хайгуул, судалгааны төслийн нарийвчилсан үнэлгээний тайлан нь Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 374 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журам” болон Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А-117 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийж аргачлал”-ын дагуу хийгдсэн гэж маргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
1. “М” ХХК-ийн У-1 газрын тосны хайгуул, судалгааны төслийн хамрах хүрээ У аймгийн 14 суманд хэрэгжихээр гэрээ байгуулагдсан боловч Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ зөвхөн М суманд хэрэгжихээр хийгдсэн энэ төсөл хэрэгжсэнээр байгаль орчинд асар их хор хохирол учруулах талаар үнэлгээний тайланд тусгагдсан Тухайлбал: Хайгуул, өрөмдлөгийн ажлын үед машин механизм, тоног төхөөрөмжийн нөлөөгөөр агаар бохирдох, хөрсөн бүрхэвч элэгдэн доройтох, ахуйн шингэн хог хаягдал, нефтийн бүтээгдэхүүн асгарах зэргээр бохирдох, химийн бодис хөрсөнд асгарснаас ус бохирдох, мал амьтан хордож ард иргэдэд шууд сөргөөр нөлөөлж Үндсэн хуулиар баталгаажсан “...эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх...” нь асар ихээр зөрчигдөнө.
2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д заасан газрын тос, уул уурхай, цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалт зэрэг төсөлд хаалтын үйл ажиллагааны чиглэл нөхөн сэргээлтийн зорилт, хамрах хүрээ, шалгуур үзүүлэлтүүд, дүйцэн хамгаалалтын арга хэмжээ, төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэдийн нийтийн хурлын санал, тэмдэглэл, төслийн нөлөөлөлд өртөх орон нутгийн оршин суугчдад танилцуулах ажлыг зохион байгуулах, албан ёсны санал авч, хэлэлцүүлэг зохион байгуулах гэсэн заалтуудыг зөрчсөнөөс гадна Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А-03 тоот тушаалаар батлагдсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах тухай журмыг зөрчиж хийсэн гэж тайлбарладаг.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: У-1 бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайд газрын тосны хайгуул, олборлолт хийх төсөл хэрэгжсэнээр байгаль орчинд учруулж болзошгүй аливаа сөрөг нөлөөллийг урьдчилан тооцож нөлөөллийг бууруулах арга замыг тодорхойлж, түүнтэй уялдуулан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хэрэгжүүлж ажилласнаар байгаль орчинд учруулах нөлөөллөөс зайлхийх арга замыг тодорхойлдог.
“М” ХХК-ийн хэрэгжүүлэх газрын тосны хайгуул, судалгааны нарийвчилсан үнэлгээний тайлан нь У аймгийн 14 сумын нутаг дэвсгэр хамаарахаар нийт төслийн хэмжээнд боловсруулж ирүүлсэн бөгөөд мэргэжлийн зөвлөлийн хурлаас 14 сумын газар нутгийн хэмжээгээр байгаль орчныг тодорхойлоход хүндрэлтэй асуудлууд тулгарах учраас хайгуул, судалгааны ажлын хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу уг үнэлгээний тайланг эхний ээлжинд зөвхөн М сумын нутагт хайгуул хийх судалгааны төсөлд тусгайлан боловсруулах нь зүйтэй гэж үзсэн юм. Хүний эрүүл мэнд байгаль орчинд асар их хор хохирол учруулсан хохирлын хэмжээг тогтоохдоо тухайн чиглэлийн мэргэжлийн эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдийг хамруулан газар дээр нь шинжилгээ судалгааны дүнг үндэслэн тогтоодог бөгөөд байгаль орчинд учруулж болзошгүй нөлөөллийг урьчилан тооцож боловсруулсан нарийвчилсан үнэлгээний тайлангаас байгаль орчны асар их тэнцэл алдагдаж, хохирол учирна гэж дүгнэх боломжгүй гэж тайлбарлаж байна.
Монгол улсын Засгийн газрын 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 162 дугаар тогтоолоор Газрын тосны хайгуулын У-1 талбайд Газрын тосны газар болон “М” ХХК-ийн хооронд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрхийг Газрын тосны газар олгож, 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр “У-1” талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар Газрын тосны газар “М” ХХК-ийн хооронд байгуулагдсан бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулагджээ.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас У-1 талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар Газрын тосны газар “М” ХХК-ийн хооронд байгуулагдсан Бүтээгдэхүүн хуваах гэрээ, У аймгийн Засаг Даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1/582 тоот саналуудыг харгалзан “М” ХХК-ийн газрын тосны хайгуул, судалгааны төсөлд ерөнхий үнэлгээ хийж, уг төсөлд шинээр батлагдсан аргачлалын хүрээнд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний төслийг боловсруулан 2015 оны 4 дүгээр улиралд багтаан тус яаманд ирүүлэхийг “М” ХХК-д мэдэгдсэн байна.
Тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага болох “Ма” ХХК нь М суманд хийсэн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайландаа Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.10-д заасны дагуу “М” ХХК-ийн У аймгийн М сумын нутагт явуулж буй газрын тосны хайгуулын өрөмдлөгийн тусгай зөвшөөрөлтэй талбайд археологийн авран хамгаалах хайгуул судалгаа хийлгэхээр Шинжлэх ухааны академийн түүх, археологийн хүрээлэнтэй гэрээ байгуулж, У аймгийн М сумын нутаг дахь газрын тосны хайгуулын зөвшөөрөлтэй талбайд археологийн авран хамгаалах хайгуул, судалгааны ажил явуулж зохих ажлыг гүйцэтгэн баримтжуулсан байна. М сумын нутагт орших ус болон рашаанд Геологийн төв лаборатори, химийн технологийн хүрээлэн, Шинжлэх ухааны академийн Газар зүй-геоэкологийн хүрээлэн усны шинжилгээний лабораторит шилжилгээ хийлгэжээ. Мөн хөрс судлалын лабораторит У аймгийн сумуудаас авсан дээжээр хөрсний задлан шинжилгээ хийлгэсэн талаарх баримтууд болон У аймгийн М сумын Засаг дарга Б.Бтэй, М сумын байгаль хамгаалагч Ц.Б, Ц.Ба, У нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга М.А, У аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Б.Г, М н.Д, Д.О, Б.БЯ, Т.Т, А.Г, Д.Ц, М.Н, Х.Т, Ж.Г, Ч.Б, Ц.Д, Я.М, М.Б, Д.И, Ю.Ч, Ж.Ю, Х.Ц, Б.А зэрэг хүмүүстэй уулзсан тэмдэглэл, 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хурлын тэмдэглэл, М суман дахь Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний судалгаа /М айл өрхийн асуулга/, 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр У аймгийн нутагт хайгуулын судалгаа хийгдэж буй “У-1”, газрын тосны хайгуулын талбайн М сумын нутагт өрөмдлөгө хийх хайгуулын ажлын байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг орон нутгийн иргэдэд танилцуулсан жагсаалт зэргийг хавсаргажээ.
Дээрх бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд “М” ХХК-ийн У-1 талбайд газрын тосны хайгуул, судалгаа хийх төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийсэн тусгай зөвшөөрөл бүхий “Ма” ХХК нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Энэ хуулийн 7.4.3-т заасны дагуу гарсан дүгнэлтэд нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний ажлын зорилт, чиглэл, хамрах хүрээ, хугацааг тодорхой заана”, 8.2-т “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг энэ хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу эрх авсан дотоодын аж ахуйн нэгж гүйцэтгэнэ, 8.4-д “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд төсөл хэрэгжих орчны байгаль орчны төлөв байдал; төслийн болзошгүй болон гол сөрөг нөлөөлөл, тэдгээрийн эрчим, тархалт, үр дагаврыг тогтоосон тооцоо, судалгааны үр дүн; төслийн болзошгүй болон гол сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээний зөвлөмж; төслийн үйл ажиллагаанаас байгаль орчинд сөрөг нөлөөлөл үүсгэж болзошгүй бохирдлыг бууруулахад боломжит арга технологи, байгаль орчинд ээлтэй техник, технологийг ашиглах зөвлөмж; байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээнд эрсдэлийн үнэлгээ хийхээр заасан бол төслийн үйл ажиллагаанаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн эрсдэлийн үнэлгээ; газрын тос, уул уурхай, цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалт зэрэг төсөлд хаалтын үйл ажиллагааны чиглэл, нөхөн сэргээлтийн зорилт, хамрах хүрээ, шалгуур үзүүлэлтүүд, дүйцүүлэн хамгааллын арга хэмжээ; байгаль орчны менежментийн төлөвлөгөөний зорилт, хамрах хүрээ, шалгуур үзүүлэлтүүд; төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэдийн нийтийн хурлын санал, тэмдэглэл; төсөл хэрэгжих газрын түүх соёлын үнэт зүйлс, төслийн онцлогтой уялдсан бусад асуудлыг тусгана, 10 дугаар зүйлийн 10.5-д “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг төсөл хэрэгжүүлэгч, үнэлгээ хийсэн мэргэжлийн байгууллага хамтран төслийн нөлөөлөлд өртөх орон нутгийн оршин суугчдад танилцуулах ажлыг зохион байгуулна”, 18 дугаар зүйлийн 18.4-д “Төслийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийж байгаа хуулийн этгээд тайлан боловсруулах явцдаа төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэд, оршин суугчдаас албан ёсоор санал авч, хэлэлцүүлэг зохион байгуулна” гэснийг зөрчөөгүй байна.
Мөн Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/03 дугаар тушаалын Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах тухай журамд заасны дагуу хийгджээ.
Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд тухайн төсөл хэрэгжсэнээр байгаль орчинд учруулж болзошгүй аливаа сөрөг нөлөөллийг урьдчилан тооцож нөлөөллийг бууруулах арга замыг тодорхойлж, түүнтэй уялдуулан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулж, үнэлгээний тайланд тусгагдсан сөрөг нөлөөллийг бууруулах арга замыг тодорхойлдог байна. Харин уг төсөл хэрэгжсэнээр нарийвчилсан үнэлгээний тайланд тусгагдсан сөрөг нөлөөлүүд нь тухайн орчинд шууд нөлөөлж, байгаль орчинд хохирол учруулна гэж үзэх боломжгүй юм.
Байгаль орчны нөлөөөлөх байдлын нарийвчилсан Үнэлгээний зөвлөлийн 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хурлаар “М” ХХК-ийн У аймгийн нутагт хийх газрын тосны хайгуул, судалгааны үнэлгээний тайланг баталсан бөгөөд ингэхдээ “М” ХХК-ийн хэрэгжүүлэх төсөл нь газрын тосны хайгуул, судалгааны нарийвчилсан үнэлгээний тайлан тул Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.6-д газрын тос, уул уурхай, цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын төсөлд хаалтын үйл ажиллагааны чиглэл, нөхөн сэргээлтийн зорилт, хамрах хүрээ, шалгуур үзүүлэлтүүд, дүйцүүлэн хамгааллын арга хэмжээг тусгахаар заасан заалтад хамаарахгүй гэж үзэж, “М” ХХК-ийн хэрэгжүүлэх газрын тосны хайгуул, судалгааны нарийвчилсан үнэлгээний тайлан нь У аймгийн 14 сумын нутаг дэвсгэр хамаарахаар боловсруулан ирүүлсэн боловч 14 сумын газар нутгийн хэмжээгээр байгаль орчныг тодорхойлоход хүндрэлтэй гэж үзэж хайгуул, судалгааны ажлын хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу эхний ээлжинд зөвхөн М сумын нутагт хайгуул, судалгаа хийх төслийн тайланг баталсан нь буруу биш байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-д зааснаар байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний үр дүнгийн үнэн зөвийг тайлан боловсруулсан мэргэжлийн байгууллага хариуцахаар заажээ.
Иймд “М” ХХК-ийн У-1 талбайд газрын тосны хайгуул, судалгаа хийх төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий мэргэжлийн байгууллага болох “Ма” ХХК-ийн боловсруулсан үнэлгээний тайлан болон түүнийг баталсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн 2015 оны 07 дугаар сарын 9-ны өдрийн 2015-6 дугаар хуралдааны шийдвэр нь Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 374 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Байгаль орчны нөлөллийн үнэлгээний журам”-ыг болон Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/117 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх аргачлал”-ыг зөрчөөгүй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 10 дугаар зүйлийн 10.5, 18 дугаар зүйлийн 18.4-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ТББ-ын нэхэмжлэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөлд холбогдуулан гаргаснаар “...Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний Мэргэжлийн зөвлөлийн 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны “М” ХХК-ийн У-1 газрын тосны хайгуул, судалгааны төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланг баталсан шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ