Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2016/0030

 

Р.С-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч О.Зандраа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгч Р.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын өмгөөлөгч нарыг оролцуулан хийж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 24 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 512 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын хяналтын журмаар гаргасан гомдлоор Р.С-ын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг дарга, тус аймгийн Боловсрол, соёлын газрын дарга нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Зандраагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Р.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёлын газрын төсөв, санхүүгийн ахлах мэргэжилтнээр 13 дахь жилдээ ажиллаж байгаад 2015 оны 5 дугаар сарын 01-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн А/109 дүгээр захирамжаар миний орон тоог хассан асуудлыг болон аймгийн Боловсрол, соёлын газрын даргын намайг ажлаас чөлөөлсөн хууль бус тушаалыг хүчингүй болгох, хуучин ажилд эгүүлэн томилохыг хүсэж, хуульд заасан хугацаанд аймгийн Засаг дарга, аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд тус тусдаа албан ёсоор гомдол гаргасан боловч миний гомдолд дээрхи байгуулага, албан тушаалтан нар боломжгүй гэж хариу өгсөн.

Миний бие өнгөрсөн хугацаанд Боловсрол, соёлын салбарын төлөө мэдлэг оюунаа дайчлан их ачаалалтай ажлыг чадварлаг гүйцэтгэж ирсэн ба сахилгын ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй.

... Би 2015 оны төсвийн төслийг боловсруулан тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ээлжит XI хуралдаанд оруулан төлөөлөгчдөөр хэлэлцүүлэн батлуулсан. Аймгийн Боловсрол, соёлын салбарын 2015 оны жилийн эхний төсвийг надаар хийлгэж батлуулж авсан ба одоо аймгийн Төрийн санд жилийн эцэс хүртэл ямар ч асуудал гарахгүй. 2015 оны 1, 2, 3 дугаар сард Боловсрол, соёлын газраас гаргасан төлөвлөгөөний дагуу мөн байгууллагын мэргэжилтнүүд 2015 оноос эхлэн хариуцлагын дэвтэр нээн ажиллуулж, тус дэвтэрт 40 гаруй ажлыг хийж гүйцэтгэн тэмдэглэж, газрын даргаар баталгаажуулсан юм. Хэрвээ Боловсрол, соёлын газарт төсвийн мэргэжилтний орон тоо хэрэггүй байсан бол тийм олон төрлийн ажлыг надад хариуцуулах ёсгүй байсан гэж бодож байгаа. Үүнээс харахад үнэхээр Боловсрол, соёлын газарт төсвийн мэргэжилтний орон тоо шаардлагатай гэдэг нь өнгөрсөн 13 жилийн ажлын замналаас тодорхой харагдаж байна.

Аймгийн Засаг дарга Х.Д, Төрийн сангийн хэлтсийн дарга Б.Ш
нар томилогдсон өдрөөсөө эхлэн хэт улс төржиж, намчирхаж, намайг сэтгэл санааны дарамтад оруулж, аймгийн Засаг даргын өрөөнд албаны ажил хэлэлцэх үеэр Р.С танай намын нөхдүүдийн үед ингэдэг шүү дээ, тэгдэг шүү дээ, тийм бишээ гээд надад байнга элдэв үг хэлж ёс зүйгүй хандаж ирсэн. Аймгийн Засаг дарга нь ажил хийж байгаа мэргэшсэн мэргэжилтнийг дэмжиж ажиллахын оронд байнга дарамтлах нь хүний урмыг хугалж, сэтгэл санааны дарамтад оруулж байх нь зохимжгүй асуудал гэж үзэж байна. Харин миний бие тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч учраас ямар нэгэн нам, эвсэлд харьяалалгүй байдаг билээ. Төсөв боловсруулах, хуваарилах   ажлыг миний ажлын байрны тодорхойлолтод тодорхой заагаад өгсөн байгаа.

... Б.Ш нь аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд миний тухай буруу, ташаа ойлголтыг байнга өгснөөр аймгийн Засаг дарга 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн А/109 дүгээр захирамж гарган Соёлын байгууллагууд    Боловсрол,    соёл,    шинжлэх   ухааны   яамд   шилжиж   ирсэнтэй холбогдуулан   аймгийн   Боловсролын   газрыг   Боловсрол,   соёлын   газар   болгон өөрчилж, бүтэц, орон тоог батлах үед төсөв, санхүүгийн ахлах мэргэжилтний орон тоог  хассан   байна.   Бусад   20   аймаг,   Улаанбаатар  хотын   9  дүүрэгт  төсвийн мэргэжилтний орон тоо одоо хүртэл хэвээрээ байхад зөвхөн тус аймгийн Засаг дарга намайг үзэл бодлоор нь хавчин гадуурхаж, онцгойлон захирамж гарган, миний ажиллаж байсан орон тоог хууль бусаар хассан болохыг миний хэлсэн дээрх тайлбарууд баталж байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Боловсрол, соёлын газрын төсвийн мэргэжилтний орон тоо хасагдсан тухай ямар нэгэн бичиг, үүрэг даалгавар, чиглэл ирээгүй байхад аймгийн Засаг дарга дур мэдэн төсвийн мэргэжилтний орон тоог Боловсрол, соёлын газраас хассан нь өөрөө хуулийг ноцтой зөрчсөн асуудал гэж үзэж байна. Соёлын яам болон Боловсрол, шинжлэх ухааны яам хоёр нийлж, орон нутагт Боловсролын газар болон Соёлын байгууллагууд нийлж, Боловсрол, соёлын газар болж хүрээгээ тэлж, өргөжиж
байхад орон тоо хасах биш харин ч орон тоо нэмэгдэх ёстой гэж үзэж байна. Гэхдээ аймгаас миний орон тоог цомхотгосон шийдвэр гарсан ч Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүү, эдийн засгийн газраас аймгийн Боловсрол, соёлын газрын төсөв, санхүү хариуцсан мэргэжилтэн надад и-мэйлээр байнга харьцаж мэдээ, мэдээллээр хангаж байна. Хэрэв миний орон тоо Боловсрол, соёлын газраас 2015 онд хасагдсан бол Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүү, эдийн засгийн газраас төсөв, санхүү хариуцсан мэргэжилтэнд гэж надтай и-мэйлээр байнга харьцахгүй байсан.  Манай байгууллагатай ижилхэн үйл ажиллагаа явуулдаг аймгийн Эрүүл мэндийн газрын төсвийн мэргэжилтний орон тоо хасагдаагүй одоо хүртэл хэвээрээ байгаа.

... Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын 1 дүгээр зүлийн 3-т “бүх шатны Засаг даргын орлогч, төсөвт байгууллагуудын дэд дарга, яам, агентлагийн газрын орлогч дарга, даргын туслах, төсвөөс цалинждаг зөвлөх зэрэг орон тоог цөөлөх, цомхотгох” гэж заасан ба харин аймгийн Боловсрол, соёлын газраас орон тоо цомхотгох гэсэн нэг ч үг,  өгүүлбэр байхгүй байгаа. Засгийн газрын дээрх тогтоолын 3 дугаар зүйлийн 3-т дурдсан “Шинээр орон  тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулж орон тоог бууруулах, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх замаар цалингийн
зардлыг хэмнэх” гэснийг зөрчиж, 2015 оны төсвийг батлах үед аймгийн төвийн нягтлангуудын цалинг Бугат, Булган сумын Шүвтэр баг, Ногооннуур сумын Ховд баг, Сагсай сумын хүүхдийн цэцэрлэг, аймгийн төвийн 3, 4, 8, 9 дүгээр хүүхдийн цэцэрлэгүүдэд тус тус бүлэг нэмж, шинээр нэмэгдсэн нийт 28 хүний цалин болон үйл ажиллагааны зардалд гүйлгэн зарцуулсан.

Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас аймгийн төвийн сургууль, хүүхдийн цэцэрлэгүүдийн нягтлан бодогч нарын орон тоо хэвээрээ гэсэн бичиг ирсэн байхад аймгийн удирдлагууд аймгийн төвийн сургууль, хүүхдийн цэцэрлэгүүдийн нягтлангуудын орон тоог зүй бус хасч, 2015 оны төсөв батлах үед цалинг төсөвт тусгаагүй батлуулсан. Дараа нь нягтлангууд хэл ам гарган   Сангийн яаманд хандан аймгийн төвийн нягтлангуудын орон тоо хасагдсан мөн төсөв нь батлагдаагүй шалтгааны талаар тодруулж өргөдлийг хүргүүлснээр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Г-оос: “аймгийн төвийн сургууль, хүүхдийн цэцэрлэгийн нягтлан бодогч нарын орон тоо хэвээрээ байна” гэсэн бичиг ирж, нягтлангууд хэвээрээ үлдсэн байгаа. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Боловсрол, соёлын газар дээр төсөв, санхүү хариуцсан мэргэжилтний орон тоог хэвээр нь цалинтайгаа хамт баталж өгч байхад эсрэгээр аймгийн Засаг дарга хууль бус захирамж гарган төсвийн мэргэжилтний орон тоог хасаад байна. Мөн Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын 6-д “Төрийн захиргааны төв байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, чиг үүргийн давхардлыг арилгах, орон тоог бууруулах асуудлыг нэгдсэн цогц байдлаар боловсруулан Монгол Улсын 2015 оны төсвийн төсөлд тусгах, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах саналын хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нарт даалгасан байхад тус аймгийн Засаг дарга Боловсрол, соёлын газрын орон тоог хууль бусаар хасаж байгаад гомдолтой байна.

Аймгийн Боловсрол, соёлын газрын бүтэц, орон тоог Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны саналыг үндэслэн Сангийн яам баталдаг. Учир нь Боловсрол, соёлын газар орон нутгийн өмчит төсвийн байгууллага биш босоо удирдлагатай, улсын төсөвт байгууллага. Боловсрол, соёлын газрын төсвийг орон нутаг батлахгүй, шууд яамнаас батлагдаж ирдэг. Ингээд хуулийн дагуу Сангийн сайдын эрхийн асуудалд дураараа оролцож, тус аймгийн Засаг дарга Х.Д хууль зөрчиж байгаа хэрэг юм. Аймгийн Боловсрол, соёлын газрын дарга К.Иманмагзам Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т заасан “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох”, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны А/315 тоот тушаалаар баталсан “аймаг, нийслэлийн Боловсролын газрын үлгэрчилсэн журам”-ын 3 дугаар зүйлийн 3.3, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2013 оны 126 тоот захирамжаар баталсан “аймгийн Боловсролын газрын дүрэм”-ийн 4.1.2, аймгийн Боловсролын газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 82 тоот тушаалаар баталсан “аймгийн Боловсролын газрын ажиллах журам”-ын 3.2.1, 3.2.2 хэсэгт тус тус заасны дагуу байгууллагын бүтэц, орон тоог төсвийн шууд захирагчийн хувьд өөрөө батлах ёстой.

Гэхдээ аймгийн Боловсрол, соёлын газрын дарга К.И 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 тоот тушаал гаргаж Боловсрол, соёлын газарт ажиллах ажил, албан тушаалын жагсаалтыг батлах үед төсөв, санхүүгийн ахлах мэргэжилтний орон тоог хамтад нь баталсан. Түүнчлэн 2014 оны 8 дугаар сард аймгийн Боловсролын газрын дарга К.И-тай хамт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд биеэр очиж, аймгийн Боловсролын газрын 2015 оны төсвийн төслийг зохиох үед төсвийн мэргэжилтний орон тоог хэвээр нь төсөвт оруулж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны санхүү, эдийн засгийн газарт хамгаалан хянуулсан байсан ба Боловсрол, соёлын газрын 2015 оны батлагдсан төсөвт төсвийн мэргэжилтний орон тоо хэвээр нь батлагдаж ирсэн. Миний бие орон тоог маань үндэслэлгүй хассан асуудлаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад гомдол гаргасан ба сайдаас 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 1б/3104 тоот албан бичгээр “... Дээр дурдсан “аймаг, нийслэлийн боловсролын газрын үлгэрчилсэн дүрэм”-ийн Хоёр. Үйл ажиллагааны үндсэн чиглэл хэсгийн 2.3, 2.3.8, 2.3.9, 2.3.10, 2.4.1, 2.5.2, 2.5.4, 2.5.5, Гурав. Удирдлага зохион байгуулалт хэсгийн 3.4 заалтуудад төсөв, санхүү хариуцсан мэргэжилтэн шууд оролцоотой тул зайлшгүй байх шаардлагатай. Иймд Баян-Өлгий аймгийн боловсролын газрын бүтэц орон тоонд төсөв, санхүүгийн мэргэжилтний орон тоог хэвээр үлдээж ажиллуулна уу...” гэж дурджээ.

2015 оны 01 дүгээр сард аймгийн Боловсрол, соёлын газрын төсөвт нийт 25 ажилтны цалин хөлс, орон тоо дээрээс батлагдаж ирсэн ба түүний дотор миний ажиллаж байсан орон тоо ч хэвээрээ батлагдсан байгаа. Гэтэл аймгийн Боловсрол, соёлын газарт одоо 27 ажилтан ажиллаж байна. Үүний заримыг нарийвчлан тайлбарлавал, урьд нь тус байгууллагад бичиг хэрэг, архив хариуцсан ажилтнаар ажиллаж байсан Х.Дамешийг шүүхээс хуучин ажилд эгүүлэн тогтоож ажилд орсон. Мөн “Хүүхдийн Эрх-Хөгжил-2” төслийн хамтын ажиллагаа болон Боловсролын газрын хооронд байгуулсан гэрээнд дотуур байр хариуцсан ажилтанг жил бүр өсөх хувиар хариуцан төсөл хэрэгжиж дуусахад 100 хувь цалинжуулахаар тохиролцсоны дагуу эхний жилд буюу 2015 онд Н.Б-ыг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үндсэн цалингийн 20 хувиар цалинжуулж байна. Энэхүү асуудал ч миний орон тоог хууль бусаар хассан гэдгийг давхар нотлож байна.

Иймд Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёлын газрын бүтэц, орон тоонд төсөв, санхүү хариуцсан ахлах мэргэжилтний орон тоог нэмж баталсан шийдвэр гаргахыг тус аймгийн Засаг даргад даалгаж, Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёлын газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 21 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Р.С намайг урьд эрхэлж байсан төсөв, санхүү хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг нийгмийн даатгалын шимтгэлийн хамт төлөхийг аймгийн Боловсрол, соёлын газрын даргад даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Төсвийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.8 дахь заалтад аймгийн Засаг дарга бүрэн эрхийн хүрээнд “Тухайн шатны төсөвт байгууллагын орон тоог төсвийн захирагч бүрээр батлах”, мөн Монгол Улсын Боловсрол шинжлэх ухааны сайдын 2013 оны “Журам шинэчлэн батлах” тухай А/315 тоот тушаалаар аймаг, нийслэлийн Боловсролын газрын үлгэрчилсэн журмыг баталсан ба уг журмын 3 дугаар бүлгийн 3.1-д “газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжийг аймгийн Засаг дарга батална”, 3.2-т “газарт эрх бүхий байгууллагаас баталсан орон тооны хязгаарт багтсан дарга, мэргэжилтэн, үйлчилгээний ажилтан ажиллана” гэж тус тус заасны дагуу Боловсролын газрын шинэчилсэн бүтцийг 2015 оны А/109 дүгээр захирамжаар баталсан.

Боловсрол, соёлын газрын бүтэц орон тоог батлахаас өмнө Боловсролын газрын саналыг авсан ба тус байгууллага санал оруулахад салбарын төсвийн ахлах мэргэжилтний орон тоог хасч оруулж ирсэн. Ямар орон тоог бүтцэд оруулах, ачааллыг хэрхэн нягтруулах нь тухайн байгууллагын эрхийн асуудал.

Сургууль цэцэрлэгийн төсөв урьд нь Боловсролын газрын мэдэлд байсан ба 2015 оноос эхлэн аймгийн төрийн санд шилжсэн. Оны эхэнд төсөв батлах үед болон Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга нарын сургалт семинарын үеэр салбарын төсвийн мэргэжилтний ажил үүргийн жишиг зааврыг гаргаж орон нутгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс дотор байхаар яригдаж, батлах нь тодорхой болсон тул тухайн байгууллагын санал болон хууль журмуудыг үндэслэн аймгийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд 2015 оны А/109 дүгээр захирамжийг гаргасан.

Сангийн сайдын 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 90 дүгээр тушаалаар батлагдсан “Орон нутгийн Санхүү, төрийн сангийн ажилтны жишиг заавар”-т салбарын төсвийн мэргэжилтний ажил үүргийн жишиг зааврыг баталж, уг журмын 1.4-т зааснаар орон нутгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн төсвийн мэргэжилтэнд хариуцуулан гүйцэтгүүлэхээр заасан байна. Мөн энэхүү зааврыг баталсан өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга нарт даалгасан. Үүний дагуу боловсролын төсвийн мэргэжилтний орон тоог Боловсрол, соёлын газрын бүтцэд үлдээх боломжгүй.

... Салбарын төсвийн асуудал хариуцаж байсан ахлах мэргэжилтэн Р.С Боловсролын салбарын төсөвт санхүүгийн тайлангийн аудитаар 2013 онд 111,780,900 төгрөгийн, 2014 онд 116538,0 мянган төгрөгийн өртэй гарсан явдалд тухайн албан тушаалтны буруутай үйл ажиллагаатай холбоотой тул шүүмжлэл хэлж байсан. Учир нь төсөв, санхүүгийн тухай ажлын чиг үүрэг нь ахлах мэргэжилтний хариуцах ажлын байрны тодорхойлолтод заагдсан юм. Сангийн сайдын 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 90 дүгээр тушаалыг үндэслэн салбарын төсвийн мэргэжилтний ажлыг Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нэг мэргэжилтэнд хариуцуулан ажиллуулж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёлын газрын дарга К.И шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Аймгийн Боловсрол, соёлын газрын өмч нь орон нутгийн өмчид харьяалагддаг, газрын даргыг аймгийн Засаг дарга томилж чөлөөлдөг, нийт газрын хэмжээгээр аймгийн Засаг даргын Тамгын газарт захирагддаг орон нутгийн төрийн үйлчилгээний байгууллага. Улсын хэмжээний орон нутгийн өмчит бүх төсөвт байгууллагын төсвийг харьяа яам, Сангийн яам хамтарч баталдаг тул Боловсрол, соёлын газар нь орон нутгийн өмчит төрийн үйлчилгээний байгууллага юм. Монгол Улсын Засгийн газрын 67 дугаар тогтоолын 4 дэх заалтад аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажиллах хэрэгжүүлэгч агентлагт Боловсрол, соёлын газрыг багтаасан бөгөөд Засаг даргын шууд удирдлагын дор ажилладаг учир аймгийн Засаг дарга Боловсрол, соёлын газрын бүтэц, орон тоог батлах хууль ёсны эрхтэй юм.

Аймгийн боловсрол, соёлын салбар нь 43 сургууль, 33 хүүхдийн цэцэрлэг,
16 соёлын төвийг хамарсан аймагтаа нүсэр бүтэцтэй салбар. Иймд нийт 92
төсвийн байгууллагын төсвийг боловсруулдаг мэргэжилтнийг Боловсрол, соёлын газар хянан ажиллуулах боломжгүй. Учир нь Боловсрол, соёлын газар нь боловсрол, соёлын байгууллагуудтай сургалт, арга зүйн хувьд хамтарч ажилладаг байгууллага болохоос биш санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага биш. Аймгийн хэмжээний нийт төсөвт байгууллагуудын үйл ажиллагаа аймгийн Санхүү, төрийн санд төвлөрдөг тул ийм нүсэр бүтэцтэй салбар тус хэлтэст харяьалагдах ёстой. Боловсрол, соёлын газрын төсөв, санхүү хариуцсан мэргэжилтэн удирдлагын хоёрдмол харяалалтай байсан тул 2014 оны сүүлээр боловсролын салбараас 400,0 орчим сая төгрөгийг улсын төвлөрсөн төсөвт татан төвлөрүүлж аймгийн боловсролын салбар ихээхэн хохирол амссан нь бүтцийн энэхүү дутагдлаас болсон гэж үзэж байна. Иймд Боловсрол, соёлын газрын төсөв, санхүү хариуцсан мэргэжилтний орон тоог аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэст авч байгаа нь зөв шийдвэр болно.

Аймгийн Боловсрол, соёлын газар нь аймгийн Засаг даргад харьялагдах агентлагийн хувьд аймгийн Засаг даргын шийдвэрийг дагаж мөрдөх ёстой. Иймд нэгэнт Боловсрол, соёлын газрын төсөв, санхүү хариуцсан мэргэжилтнийг Санхүү,  төрийн сангийн хэлтэст төвлөрүүлэх захирамж гаргасан тул газрын даргын тушаал гаргаж төсөв санхүү хариуцсан мэргэжилтний орон тоог цомхотгосон нь хууль зарчсөн үйлдэл биш гэж үзэж байна.

... Аймгийн Засаг даргын захирамжаар баталсан Боловсрол, соёлын газрын бүтэц, орон тоонд одоо ажиллаж байгаа орон тоо, албан тушаал заагдсан ба цалингийн сан, төсөв хүрэлцэхгүй байгаа асуудал байхгүй болно. Энэ бүхнээс үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1.1, 61.1.2, 61.1.3, 61.3, 65 дугаар зүйлийн 65.1.2, 65.1.8, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, 281 дугаар зүйлийн 281.1-д заасныг баримтлан “Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёлын газрын бүтэц, орон тоонд төсөв, санхүү хариуцсан ахлах мэргэжилтний орон тоог нэмж баталсан шийдвэр гаргахыг тус аймгийн Засаг даргад даалгах, Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёлын газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 21 дүгээр тушаалыг хүчингүй болгож, иргэн Р.С-ыг урьд эрхэлж байсан төсөв, санхүү хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг нийгмийн даатгалын шимтгэлийн хамт төлөхийг аймгийн Боловсрол, соёлын газрын даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 512 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийн “Тогтоох нь” хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёлын газрын даргын “Ажлаас чөлөөлөх тухай” 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 21 дүгээр тушаалын 2 дахь хэсгийг хүчингүй болгож, Р.С-ыг мэргэжил, мэргэшлийн дагуу Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст урьд эрхэлж байсан ажлын чиг үүрэг нь хадгалагдан үлдсэн албан тушаалд томилох эсхүл цалин хөлсийг бууруулахгүйгээр өөр ажил, албан тушаалд томилохыг хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгаж, тухайн ажил, албан тушаалын цалин хөлстэй тэнцэх олговрыг нийгмийн даатгалын шимтгэлийн хамт нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд буюу 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх 4 сар 14 хоногийн хугацаагаар тооцон олгохыг Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгасугай” гэж, үлдэх “Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёлын газрын бүтэц, орон тоонд төсөв, санхүү хариуцсан ахлах мэргэжилтний орон тоог нэмж баталсан шийдвэр гаргахыг тус аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 512 дугаар магадлал дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй байна.

Аймгийн Засаг дарга бол Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг томилж, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан биш бөгөөд Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог Засаг даргын Тамгын газрын дарга эрх хэмжээнийхээ хүрээнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т зааснаар баталж, ажилтнуудыг томилж, чөлөөлдөг тул давж заалдах шатны шүүхийн магадлал хууль бус болсон бөгөөд хэрэгжүүлэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч Р.С нь анхны нэхэмжлэлдээ Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст урьд эрхэлж байсан ажлын чиг үүрэг нь шилжсэн орон тоонд томилуулах тухай нэхэмжлэлтэй шаардлага гаргаагүй байхад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас өөр байдлаар шийдвэр гаргасан.

Нэхэмжлэгч Р.С болон аймгийн Засаг дарга нарын хооронд хөдөлмөрийн харилцааны асуудал байхгүй тул ажил олгогч биш юм. Гэтэл аймгийн Засаг даргыг ажил олгогч байдлаар хандаж байгаа нь ойлгомжгүй байна.

Аймгийн Засаг дарга зөвхөн хууль ёсны захирамж гаргах бөгөөд хууль бус байсан нөхцөлд хариуцлагыг үүрэх ёстой. Гэтэл захирамжийг хоёр шатны шүүх хууль ёсны захирамж гэж үзсэн боловч тухайн ажлаас чөлөөлөгдсөн хүнийг томилох, нийгмийн даатгалын шимтгэл, ажилгүй байсан хугацааны цалинг аймгийн Засаг даргаас гаргуулахаар шийдвэр гаргасан нь илт хууль бус юм.

Мөн Р.С нь ажлаас халагдсаны тэтгэмж болох 3,600,000 төгрөгөөс 1,214,400 төгрөгийг хүлээж авсан нь Сангийн сайдын 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 90 дүгээр тушаалаар батлагдсан “Орон нутгийн Санхүү, төрийн сангийн ажилтны жишиг заавар”-т салбарын төсвийн мэргэжилтний ажил үүрэг нь Санхүү төрийн санд шилжсэнийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

Давж заалдах шатны шүүх Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийн заалтуудыг тус тус зөрчиж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдаагүй асуудлаар дур мэдэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хууль бус шийдвэр гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үүгэжээ.

ХЯНАВАЛ:

Баян-Өлгий аймгийн Засаг дарга өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын “Б”, Төсвийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, Засгийн газрын 2015 оны “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 8 дугаар тогтоолыг тус тус үндэслэн аймгийн Боловсролын газрыг Боловсрол, соёлын газар болгон өөрчилсөнтэй холбогдуулан бүтэц, орон тоог шинээр тогтоож, 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн А/109 дүгээр захирамжийг гаргахдаа тус газрын дарга К.И-ын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 44 дүгээр албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу уг газрын төсөв, санхүү хариуцсан ахлах мэргэжилтний орон тоог хассан байна.

Мөн аймгийн Боловсрол, соёлын газрын дарга нь 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 21 дүгээр тушаалаар аймгийн Засаг даргын 2015 оны А/109 дүгээр захирамжийг үндэслэн тус газарт төсөв, санхүү хариуцсан ахлах мэргэжилтнээр 13 жил мэргэшиж ажилласан Р.С-ыг 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгохдоо маргаан бүхий үйл баримтад хамааралгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг хэрэглэснээс гадна нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан байдлаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсгийг буруу хэрэгжүүлжээ.

Тухайлбал, Засаг даргын 2015 оны А/109 дүгээр захирамж, Боловсрол, соёлын газрын даргын 2015 оны 21 дүгээр тушаал гарсны дараа нэхэмжлэгч Р.С-ын урьд эрхэлж байсан төсөв, санхүү хариуцсан ахлах мэргэжилтний орон тоо Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст шилжиж, мөн аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 71 дүгээр тушаалаар уг хэлтсийн төсвийн салбарын мэргэжилтнээр Ж.А томилогдсон байна.

Үүнээс үзэхэд Р.С-ын урьд эрхэлж байсан ажил, албан тушаалын орон тоо бүр мөсөн хасагдаагүй, түүний албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст шилжсэнээр хадгалагдан үлджээ.

Гэвч Р.С-ыг урьд ажиллаж байсан дээрх албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй болсон тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн баталгааг хангаж, түүнийг өөр ажил, албан тушаалд томилон ажиллуулах үүрэг хуулийн дээрх зохицуулалтын дагуу Боловсрол, соёлын газрын даргад байжээ.

Аймгийн Засаг даргын 2015 оны А/109 дүгээр захирамжаар Боловсрол, соёлын газрын бүтэц, орон тоог 34 ажилтантай байхаар тогтоож, шинээр 10 орон тоо нэмэгдсэн байхад Р.С-ыг мэргэжил, мэргэшлийн дагуу цалин хөлсийг бууруулахгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэн томилоогүй, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан хууль дээдлэх, төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг баримтлаагүй Боловсрол, соёлын газрын дарга буруутай юм.

Иймээс Боловсрол, соёлын газрын даргын хууль бус 2015 оны 21 дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, Р.С-ын ажилгүй байсан хугацааны буюу 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх 4 сар 14 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговрыг нийгмийн даатгалын шимтгэлийн хамт Боловсрол, соёлын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор байна.

Харин давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-т “Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хууль буруу хэрэглэсэн бол давж заалдах шатны журмаар захиргааны хэрэг хянан хэлэлцсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь өөрчлөх эрхтэй” гэж зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хариуцагч тус бүрийн хуулиар тогтоосон албан тушаалын чиг үүргийг харгалзан үзэлгүй, аймгийн Засаг даргыг ажил олгогч мэтээр дүгнэлт хийж, нэхэмжлэгч Р.С-ыг ажил, албан тушаалд томилох, түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нийгмийн даатгалын шимтгэлийн хамт тооцон олгохыг Засаг даргад даалгасан, маргаан бүхий Боловсрол, соёлын газрын даргын хууль бус 2015 оны 21 дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч Р.С-ын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нийгмийн даатгалын шимтгэлийн хамт хариуцагч байгууллагаас гаргуулаагүй зэрэг нь буруу болжээ.

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтаар Р.С-ын “Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёлын газрын бүтэц, орон тоонд төсөв, санхүү хариуцсан ахлах мэргэжилтний орон тоог нэмж баталсан шийдвэр гаргахыг тус аймгийн Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байхад давж заалдах шатны шүүх дахин хэрэгсэхгүй болгосон нь ч буруу болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Д-ий хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, магадлалд өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Хариуцагч нарт хяналтын шатны шүүх хуралдааны товыг урдчилан мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 175 дугаар зүйлийн 175.2-т “Зохигч ... шүүх хуралдаанд ирээгүй явдал хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй” гэсний дагуу хэргийг хянан хэлэлцсэн болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 512 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... тушаалын 2 дахь хэсгийг ...” гэснийг “... тушаалыг бүхэлд нь ...” гэж өөрчилж, “... хүчингүй болгож, ...” гэсний дараа “... Р.С-ыг мэргэжил, мэргэшлийн дагуу цалин хөлсийг бууруулахгүйгээр өөр ажил, албан тушаалд томилохыг Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёлын газрын даргад даалгаж, нэхэмжлэгчийн 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх 4 сар 14 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговрыг нийгмийн даатгалын шимтгэлийн хамт Боловсрол, соёлын газраас гаргуулан нэхэмжлэгч Р.С-д олгосугай.” гэсэн нэмэлт оруулж, магадлалын 2 дахь заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                                   О.ЗАНДРАА