| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 130/2023/00271/И |
| Дугаар | 212/МА2023/00127 |
| Огноо | 2023-11-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 212/МА2023/00127
“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШШ2023/00676 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ****** тоотод үйл ажиллагаа явуулдаг “А” ХХК /улсын бүртгэлийн ****** дугаартай, ***** регистрийн дугаартай, захирал Х.Д/-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ***** багт оршин суух К овогт С-ын Н-т холбогдох,
“Зээлээр худалдаж авсан барааны үнэ 1,667,350 төгрөг гаргуулахыг хүссэн” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып, хариуцагч С.Н-, нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, орчуулагч Б.Жанерке нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга:
1.1. Нэхэмжлэгч “А” ХХК нь Баян-Өлгий аймгийн Өлгий суманд хүнсний барааны бөөний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус компани нь Өлгий сумын төвд худалдаа наймаа эрхэлдэг дэлгүүрүүдэд зээлээр бараа бүтэгдэхүүн нийлүүлж тухайн бараа бүтэгдэхүүний төлбөрийг бараа худалдаалсны дараа хэсэгчлэн төлүүлж авдаг.
1.2. “Д” гэх супермаркетыг хариуцагч С.Н- болон түүний нөхөр хариуцан ажиллуулдаг байсан ба түүний нөхөр “А” ХХК-аас бараа бүтээгдэхүүн авсан байна. Гэхдээ хариуцагчийн нөхөр нь хаана байгаа нь тодорхойгүй тул зөвхөн С.Н-ийн авсан бараа бүтэгдэхүүний үнийг нэхэмжилж байгаа.
1.3. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ” гэж зааснаар хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Хариуцагч төлбөр тооцоогоо нэг сарын дотор төлөх үүрэгтэй байсан боловч үүргээ биелүүлээгүй.
1.4. Иймд хариуцагч Х.Н-ээс 2019 оны 02 дугаар сард зээлээр худалдан авсан барааны үнэ болох 1.667.350 төгрөг гаргуулж өгөхийг хүсэж байна.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:
2.1. Нэхэмжлэгчийн дурдаж байгаа хугацаанд нөхөр бид хоёр “Д” гэх супермаркетыг түрээсэлж ажиллуулдаг байсан. Тухайн үед “А” ХХК-аас барааг зээлээр худалдаж авахдаа өмнөх зээлээр авсан барааны үнийг төлсний дараа дахин зээлээр бараа авдаг байсан. Тухайн үед би худалдагчийн үүргийг гүйцэтгэдэг байсан. Нөхөр бид хоёр гэрлэлтээ цуцлуулж 2 жилийн хугацаа өнгөрч байна.
2.2. 2019 онд нөхөр Ш.С- хамт “Д” гэх дэлгүүрийг 2020 оны 12 дугаар сар хүртэл ажиллуулж, “А” ХХК-ний хүнсний бөөний дэлгүүрээс барааг падаанаар авч, миний бие 2019 оны 6 дугаар сард жирэмсний амралт авахаас өмнө бүх дэлгүүрт тооцоогоо дансаар болон бэлэн бусаар төлж дуусгаж, 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр амаржсан.
2.3. Хэрэв тооцоотой байсан бол тухайн үед яагаад шаардаж аваагүй юм бэ, бүхэл бүтэн 4-5 жилийн дараа гэнэт ийм төгрөгийг нэхэмжилж байгааг би зөвшөөрөхгүй. Тухайн үед дараагийн худалдагчид бүх тооцоогоо хийж дуусгаад бүх бараагаа хүлээлгэж өгсөн.
2.4. Тухайн үед “А” ХХК-аас барааг зээлээр худалдаж авахдаа өмнөх зээлээр авсан барааны үнийг төлсний дараа дахин зээлээр бараа авдаг байсан. Хэрэгт авагдсан зарлагын баримтад дурдагдсан барааг авсан нь үнэн, уг баримтад зурсан гарын үсэг минийх мөн.
2.5. Дэлгүүрээ ажиллуулдаг байх үед зөндөө падаанд гарын үсэг зурж бараа авдаг байсан. Анхны зээлээр худалдаж авсан барааныхаа төлбөрийг төлж дуусгасны дараа дахин зээлээр бараа бүтээгдэхүүн өгдөг байсан. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс өмнөх барааны үнийг төлөөгүй тохиолдолд дахин зээлээр бараа өгөхгүй. Заавал өмнөх тооцоогоо дуусгаж байж хоёр дахь удаа бараа бүтээгдэхүүн өгдөг байсан.
2.6. Өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгч талаас надад ямар нэгэн байдлаар утсаар ярьж төлбөр тооцоотой гэдгийг мэдэгдээгүй. Энэхүү үйл явдлаас хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тул төлбөрөө төлсөн талаар ямар нэгэн нотлох баримт хадгалж чадаагүй. Нөхөр бид хоёр гэрлэлтээ цуцлуулж, 2 жилийн хугацаа өнгөрч байна. Одоогийн байдлаар нөхөргүй 2 хүүхдээ арай гэж тэжээн тэтгэж байгаа тул нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилж байгаа мөнгийг төлж чадахгүй.
3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШШ2023/00676 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч С.Н-ээс зээлээр худалдаж авсан барааны үнэ 1,667,350 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэгч “А” ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41627 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгч “А” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух Уах овогт Сураганы Нургайып би Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 13/ШШ2023/00676 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах журмаар энэхүү гомдлыг гаргаж байна.
4.2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Иргэний хуулийг буруу хэрэглэсэн. Талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байхад шүүхээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэсэн. Иргэн С.Н- нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 1,667,350 төгрөгийн барааг зээлээр худалдан авч, тухайн барааны үнийг өөрийнхөө ажиллуулж байгаа хүнсний дэлгүүрт тавьж, худалдан борлуулсны дараа төлөхөөр болж тохиролцож, барааг хүлээн авдаг. “А” ХХК нь тодорхой хугацаа өнгөрсний дараа худалдан авагч С.Н-ээс зээлээр авсан барааны үнийг асуудаг боловч тухайн бараа борлогдоогүй байсан гэсэн тайлбар хэлж төлбөр төлөх хугацааг хойшлуулсаар ирсэн байна. Нэгэнт анх С.Н- нь зээлээр авсан барааны үнийг өөрийнхөө дэлгүүрт тавьж худалдан борлуулсны дараа төлөхөөр болж тохиролцсон учраас “А” ХХК-ны зүгээс 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хүлээж байгаад тооцоо хийхгүй байхаар нь шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.
4.3. Шүүхээс нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөсөн гэж үзсэн нь үндэслэлгүй болсон. С.Н- нь зээлээр авсан барааны үнийг өөрийнхөө дэлгүүрт тавьж худалдан борлуулсны дараа төлөхөөр болж тохиролцсон бөгөөд үүргийг гүйцэтгэх хугацааг тохиролцоогүй юм. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж зааныг зөрчиж зээлээр бараа худалдан авагч С.Н-ийн төлбөр төлөх хугацаа хэзээ байсанд дүгнэлт хийхгүйгээр буруу тооцоолж шийдвэр гаргасан. “А” ХХК нь Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулдаг ихэнх дэлгүүрүүдэд зээлээр бараа нийлүүлдэг бөгөөд тухайн дэлгүүрүүд зээлээр авсан барааг хэзээ борлуулахаас хамааран төлбөрийн үүрэг гүйцэтгэдэг юм. “Д” дэлгүүрийг ажиллуулж байсан С.Н- нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 1,667,350 төгрөгийн барааг зээлээр худалдан авсан хэрнэ бүрэн борлуулж чадаагүй гэсээр байгаад 2023 он хүртэл хүлээлгэсэн байна. Нэгэнт бараа бүрэн борлогдоогүй гэсэн тул төлбөр төлөх үүрэг үүсээгүй, хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлээгүй байсан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй тул өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
5. Хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт:
5.1. 2019 онд бид “Д” дэлгүүрийг түрээсэлж аваад ажиллуулж байсан. Гэхдээ тухайн гэрээг байгуулахад би байгаагүй. Миний нөхөр гэрээ байгуулж байсан. Би зөвхөн худалдагчийн үүргийг гүйцэтгэдэг байсан. “А” ХХК-аас бараа авч худалдаж байсан нь үнэн. Нэг барааг авахдаа өмнөх зээлээр авсан барааны үнийг төлж авдаг байсан. 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр би жирэмсний амралт аваад явсан. Тэр хүртэлх тооцоогоо бүгдийг нь дуусгасан байсан. Тэрнээс хойш 5 жилийн дараа барааны үнэ гэж нэхэмжлэл гаргаж байна. Надаас зээлээр авсан барааны үнийг төлөх талаар шаардаж байгаагүй. Бид тооцоогоо бүгдийг нь төлж дуусгасан байсан.
ХЯНАВАЛ:
6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
7. Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу талуудаас цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч “А” ХХК болон хариуцагч С.Н- нарын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд “А” ХХК-ийн хүнсний бөөний дэлгүүрээс хариуцагч С.Н- нь хүнсний бүтээгдэхүүний үнийг дараа төлөхөөр 1,667,350 төгрөгийн бараа худалдаж авсан үйл баримт 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр үйлдсэн зарлагын баримтууд болон талуудын тайлбараар тогтоогджээ.
8. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
Иргэний хуулийн 262 дугаар зүйл буюу зээлээр худалдах-худалдан авах гэрээ нь худалдах-худалдан авах гэрээний нэг төрөл бөгөөд худалдан авсан эд зүйлийн үнийг нэг дор биш, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх учраас талуудын хооронд хүү тохирох, ийнхүү тохирсноор гэрээний зүйл болох эд хөрөнгийн үнэ нь “эд хөрөнгийн үнийг шууд төлөх үеийн үнэ”-ээс нэмэгдсэн шинжтэй байна. Худалдах-худалдан авах гэрээ, зээлээр худалдах-худалдан авах гэрээний аль алинаар ч Иргэний хуульд заасан анзыг тохирч болно. Мөн худалдах-худалдан авах гэрээнд худалдсан эд зүйлийн үнийг хэсэгчлэн буюу төлөх хугацааг хожим хийхээр талууд тохиролцож болно. Ийнхүү үнийг хэсэгчлэн, тодорхой хугацааны дараа, эсхүл хожим төлснөөр эд хөрөнгийн үнэ нэмэгдээгүй байдгаараа худалдах-худалдан авах гэрээ нь зээлээр худалдах-худалдан авах гэрээнээс ялгаатай. Өөрөөр хэлбэл гэрээний талууд худалдан авсан эд зүйлийн үнийг хэсэгчлэн төлөхөөр тохирсон л бол зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй.
9. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа гэж зөв дүгнэсэн байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн “...анхан шатны шүүх Иргэний хуулийг буруу хэрэглэсэн, талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн” гэх гомдол үндэслэлгүй.
10. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдал, шаардах эрхийн үндэслэл, худалдагч буюу нэхэмжлэгч нь барааны үнийг хариуцагчаас шаардах эрхтэй боловч уг шаардах эрхээ хэрэгжүүлэх хуульд заасан хугацааг өнгөрөөсөн талаарх анхан шатны дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
11. Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып нь анхан шатны шүүхэд 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа тухайн худалдах-худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад заасан гурван жилийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.
Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байх бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Талуудын хооронд бичгээр гэрээ хийгдээгүй бөгөөд хэрэгт авагдсан 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн падаан үйлдэгдсэнээр талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээний үнийг төлөх хугацаа тохирсон эсэх нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хиймэгц биелэгдэх хэлцэл гэж үзэж шаардах эрхийг тухайн өдрөөс эхлэн тоолж, дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдолд зааснаар үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй.
12. Иймээс зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой гурван жилийн хөөн хэлэлцэх хугацааг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолоход, нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар дуусгавар болсон нь илэрхий тогтоогдсон болно. Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үед нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаар хариуцагч хариу тайлбартаа дурдаж, талууд энэ талаар шүүхэд мэтгэлцсэнийг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэл тогтоогдоогүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШШ2023/00676 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,627 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ Д.КӨБЕШ