| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 139/2018/00011/Э |
| Дугаар | 122 |
| Огноо | 2018-12-14 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Д.Баянмөнх |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.О даргалж,
Нарийн бичгийн дарга Б.О
Улсын яллагч Д.Б
Хохирогч Ц.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Д, С.Т, Х.О, Д.С
Шүүгдэгч М.Г, Б.Ө, Б.Ч нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т овгийн М.Г, Н овгийн Б.Ч, Х овгийн Б.Ө нарт 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэрэгт, мөн шүүгдэгч Б.Чд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн тус шүүхийн 139201600034/Э/ индекстэй, эрүүгийн 201512000131 дугаартай, 7 хавтас хэргийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1975 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, ...... оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Т овгийн М.Г
Монгол Улсын иргэн, 1982 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ..........оршин суух, гавьяа шагналгүй, Баянзүрх дүүргийн шүүхээр 2010 онд 2002 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхээр 2014 онд 2002 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх Х овгийн Б.Ө,
Монгол Улсын иргэн, 1984 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ....... оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Н овгийн Б.Ч
Яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч М.Г, Б.Ө, Б.Ч нар нь бүлэглэн, бусдын орон байранд нэвтэрч, тээврийн хэрэгсэл ашиглаж 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хооронд Дундговь аймгийн Адаацаг сумын 4 дүгээр баг “Эхэн урсгалын бууц” гэх газраас Ц.Дийн өвөлжөөн дээрх ёмкост болон модон амбаарын цоожийг эвдэж, хууль бусаар нэвтрэн мөнгөн тоноглолтой эмээл 5 ширхэг, мөнгөн хул 3 ширхэг, мөнгөн аяга 13 ширхэг, 30 кг үхрийн борц зэрэг 24 нэр төрлийн эд зүйлсийг хулгайлж 47127000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Ч давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд Дундговь аймгийн Гурвансайхан сумын “Шар хадны бууц” гэх газраас Г.Оийн бууцан дээрх байшингийн цоожийг эвдэн, хууль бусаар нэвтэрч 10 ширхэг мөнгөн аяга, цахилгаан үүсгэгч мотор 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж 3720000 төгрөгийн, мөн өдөр Гурвансайхан сумын 3 дугаар багийн “Тахилт” гэх газраас С.Эы бууцан дээрх өвөлжөөний байшингийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч мотор 2 ширхэг, 60 кг ааруул, 6 шил “Болор” нэртэй архи зэрэг эд зүйлс хулгайлж, 1938000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг: Шүүгдэгч нар гэм буруутай эсэх талаар:
- Шүүгдэгч М.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Б.Ч, Б.Ө хоёртой Дундговь аймгийн Адаацаг сумын 4 дүгээр багт байрлах “Эхэн урсгал” гэх газарт хохирогч Ц.Д эгчийн өвөлжөөн дээр ирж эд зүйлсийг нь хулгайлсан. Тэр өдөр бууцан дээр очиход 16 цаг болж байсан. Тэр газар 1 цаг юм уу, 30 минут болсон. Тэгээд буцаж Улаанбаатар хот орж Б.Өынд очиж хоносон. Маргааш өглөө нь Ж.Тг дуудаж эд зүйлээ үзүүлсэн. Энэ хоёр, 2 ширхэг архи, мөнгөн аягануудыг Ж.Тд өгч заруулсан. Эмээлийн толгой нь гөлөм, дөрөөгүй дутуу эмээл байсан. Эмээлд байсан мөнгөн эдлэлүүдийг нь авч “Урт цагаан” дээр авч очиж хүнд өгсөн. Бусад эд зүйлүүдийг нь зах дээр очиж зарах гэсэн боловч авах хүн олдоогүй. Энэ хоёр аягануудыг нь хүнд зарсан. Тэгээд бусдыг нь аваад Б.Өийнд очсон. Маргааш нь Ж.Т эмээлийг үзэх хүн байна гэж дуудахаар нь гурван эмээлээ авч очсон боловч авах хүнтэй нь тохиролцоогүй буцаж Б.Өийнд бүх юмаа авч очиж тавьчихаад тарж өөр, өөр газар хоносон. 6 дугаар сарын 16-ны өдөр Б.Өынд өглөө очиж үлдсэн зүйлүүдээ авсан. Гурван эмээл зарагдаагүй үлдсэн байсан. Тэр гурван эмээлийг хийх газар байхгүй болохоор нь би авч явж өөрийнхөө эгчийн амбаарт нь хийсэн байж байгаад зарсан. Бусад эд зүйлүүдийг нь энэ хоёр зарж, үрсэн байх гэв.
- Шүүгдэгч Б.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумруу эгчийнхээ найранд старикс машинаар явж, эгчийгээ мөн хүргэж өгсөн. Хүргэж өгчихөөд хоёр айлаас хулгай хийсэн. Улаанбаатар хот ороод Ж.Е, М.Г нартай хулгай хийсэн юмнуудаа зараад, 9 дүгээр сарын 29-ний өдөр буцаж найранд очсон. Тэгэхдээ Ийст машинаараа очсон. М.Гтай Дундговь аймгийн Адаацаг суманд хулгай хийсэн зүйл байхгүй. Намайг хэрэгт холбогдсон байхад М.Г Дундговь аймагт хэрэгт холбогдож ирчихээд чи хэрэгт холбогдчихсон байгаа юм чинь надад старикс машинаа өгч явуулсан гэж мэдүүлэг өгчих” гэсэн юм. М.Г миний нагац ах учраас би зөвшөөрсөн гэв.
- Шүүгдэгч Б.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Дундговь аймгийн Адаацаг сумруу М.Гтай хамт явж хулгай хийгээгүй. 6 сард эхнэр Дэрэн суманд ажилд орох гээд Тамгын газарт шалгалт өгөөд тэнцсэн байсан. Манай эхнэр 6 дугаар сарын 13-ны өдөр аймгаас Улаанбаатар хот орсон байдаг. Би эхнэрээ өдөр нь шуудангаар тосч авсан. Би 6 дугаар сарын 13-ны өдөр гэртээ хоносон. Эхнэр, хүүхэд ирсэн байсан учир надад Адаацаг сумруу явах боломж байгаагүй. 6 дугаар сарын дундуур найз Б-Этэйгээ Улаанбаатар хотод зусланд байшингийн дээвэр хийсэн. Тийм ажилтай байсан учраас М.Г ахтай нийлж хулгай хийсэн асуудал байхгүй. Нарантуул зах орж Ж.Т гэх хүнд юм зарахад нь хамт явсан. Тэрийг би зараагүй, өөрөө захруу орж Ж.Т гэх хүнийг дагуулж гарч ирж, машины ард юм ярьж сууж байгаад аягануудаа өгсөн. Тэндээс нэг том аяга үлдсэн. Би зарж чадвал заръя гэж авч явж байгаад зарж чадаагүй өөрт нь буцааж авчирч өгсөн. М.Г тэр аягыг Ж.Тд өгсөн гэв.
- Хохирогч Ц.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өвгөн бид хоёр 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдөр үхрийн гуурийн шинжилгээ суман дээр хийлгэсэн юм. Тэр өдөр манай баруун айлын хүн утасдаад “танайд хулгай орсон байна, байшингаа эргэ” гэж хэлсэн. Өвгөн бид хоёр мотоцикльтойгоо очсон. 2015 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гэрт харьсан хойно жоохон бороо орсон байсан. Манай бэр мэдээд та байшингаа цоожлоогүй байна гэж хэлэхэд очоод үзэхэд хамаг юм самарсан байсан. Хаалгыг нь хаагаад цоожийг нь зүүсэн байсан. Манайх олон хүүхэдтай айл, ёмкост дотор олон зүйл байсан. 5 ханатай гэр, угаалгын машин гээд олон зүйл байсныг бүгдийг нь самарсан байсан. Жижиг зурагтны саванд бүх аягануудаа хийгээд, 2 том авдарны өмнө тавьсан байсан. Нэг авдарт нь юу ч байгаагүй. Хойд авдарт нь нэг том эмээл байсан. Нөгөө хоёр эмээл нь нэг нь поошгинд, нэг нь баруун хойно хучаатай байсан юм. 6 дугаар сарын 15-нд зуд болоод бүх айл нүүгээд явчихсан, ганц манайх үлдсэн байсан. Өвгөн бид хоёр ярилцахдаа манай байшинг хоёр, гурван хүн ухахааргүй гэж ярилцдаг. Учир нь тэр их, овор хэмжээтэй зүйлийг бага хугацаанд авах боломжгүй. 3 том дөчийн бетон, 5 эмээл гээд их зүйл байгаа. Нэг эмээлийг нь угсраагүй болохоос биш гөлөмийг нь хийгээгүй 10 цагаантай эмээл, нөгөө эмээл нь 50 лангийн эмээл байсан. Нэг нь 40 лангийн эмээл байсан. Сүүлийн үеийн нэг эмээлийг М.Г надад буцааж өгсөн. Манай өргөж авсан эхийн минь үс авдаг хутга байсныг аваагүй, харин мөнгөн соёог нь авчихсан байсан. Ер нь хүн юмаа хэрэглэх үедээ үгүйлдэг болохоос биш бусдаар үгүйлдэггүй юм байна. Харин сүүлд нь байхгүй зүйлүүд их гарч ирсэн. Зарим байхгүй зүйлүүдээ хэлээгүй. 30 литрийн савтай борц дүүрэн байсан. Би худлаа хэлэхгүй. Бороо орсон байсан учраас машины дугуйны мөр байсан. Манайх зүүн талдаа голтой. Гол дундуур явсан байсан нь мэдэгдэж байсан. Таана хоёр хуруу ургачихсан мөр нь мэдэгдэхгүй байсан. Би өөрт байхгүй зүйлээ эд нараас нэхэхгүй гэв.
- Хохирогч Т.Дгийн “Манайх Гурвансайхан суманд 2 бууцтай. Тус сумын 3 дугаар багт байх “Эрээний шар хад”-ны бууцан дээрх ёмкост байшингаасаа гэрийн дулаалга авахаар 2015 оны 10 дугаар сарын 3-ны өдөр өөрийн нөхөр Г.О, том охин Ц, хүргэн М нарын хамт очсон. Бид нүүхдээ байшингаа цоожлоод цоожийг нь шар эрээн даавуугаар боосон байсан юм. Биднийг очиход цоожны гадна талаар боосон боолт хэвээрээ байсан. Тэгээд манай нөхөр Г.О байшингаа нээх гээд цоожны боолтыг тайлтал ороогоод уячихсан давуу сул, цоожны нэг тал нь эмтэрч эвдэрсэн, цоожлоогүй зүүгээд орхичихсон, ёмкост байшингийн хаалгыг юмаар хөшсөн байсан. Тэгээд байшин дотор ортол сав суулга, авдрыг ухаж онгичсон, байшингийн үүдэнд байсан, дээрээ 3800 гэсэн бичигтэй 220 вольтийн шар өнгийн банктай, шинэвтэр цахилгаан мотор байхгүй, мөн авдар дотор байсан 4 ширхэг их гарын мөнгөн аяга, 4 ширхэг дунд гарын мөнгөн аяга алга болчихсон байсан. Уг дунд гарын мөнгөн аягануудын 2 нь эртний хийцтэй дотор талдаа лууны дүрсэн хээтэй цул мөнгөөр хийгдсэн, нэг нь “мянгат малчинд дурсгав” гэсэн бичигтэй, нөгөө нь “үр хүүхдүүдээс” нь дурсгав гэсэн бичигтэй байгаа. 2 ширхэг бага гарын мөнгөн аяганы нэг мөнгөн аяга нь нөгөө мөнгөн аяганаасаа арай том хэмжээтэй байсан. Нийт 10 ширхэг мөнгөн аягаа хулгайд алдсан. Аягануудын завсаруудаар саарал өнгийн пансан даавуу хавчуулсан байсан ба тэр даавуу нь бас байхгүй байсан. Манай байшингаас өөр эд зүйл алдагдаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46/
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Дгийн “Манайх эхээс наймуулаа ээжийгээ буянт ээж болсонд баяр хүргэж хүн тус бүр нэг ширхэг зоос гоёлын хийцтэй тавын хэмжээтэй мөнгөн аяга өгсөн... хурааж авсан 5 ширхэг мөнгөн аяга ээжид биднээс өгсөн аяга мөн байна. Бид яг ийм хэлбэр хэмжээтэй аяганууд өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 240/
- Хохирогч С.Эы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...байшиндаа ирээд орж үзэхэд цоожийг нь эвдээд буцааж зүүсэн байсан ба байшин дотор байсан бүх зүйлүүдийг ухаж, тарааж хаясан байсан. Байшин доторхоо янзлахад 380 вольтын мотор, 220 вольтын “ямаахай” мотор, 60 кг ааруул, “болор” нэртэй архи 6 ширхэг алдагдсан байсан. Манай нэг авдарын цүүг нь хуга цохисон байсан. Хажууд нь манай сүх байсан. Түүгээр цохисон байх...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 95/
- Гэрч Т.Лгийн “...Манай гэр Адаацаг сумын төвөөс 2 километрт нутаглаж байгаад 2015 оны 6 дугаар сарын 21-ний өдөр бууцан дээрээ ирэхэд манай бууцан дээр байсан 2 модон амбаар, 1 ёмкост хулгай орсон байсан. Жижиг амбаарын цоожноос бусдынх нь цоож байхгүй модоор цүүлж орхисон байсан... манай ёмкостьноос 4 ширхэг мөнгөн тоногтой 10 цагаантай 3, 6 цагаантай 1 эмээл, 16 ширхэг мөнгөн аяга, хөх өнгийн 120 литрийн савны хүзүүгээр татсан үхрийн борц, хурган дотортой дээл бас 2 нүдний дуран зэрэг эд зүйлс алдагдсан, би 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ирж үзэхэд зүгээр байсан” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 16 /
- Гэрч Т.Лг дахин байцаасан мэдүүлэгт “...М.Г манайхаас хулгай хийсэн гэдгээ манай эхнэр Ц.Дд өөрөө хэлсэн байсан. Би М.Гыг ганцаараа хулгай хийсэн гэж бодохгүй байна. Манай ёмкость голдоо хаалгатай бөгөөд хулгайд алдагдсан эд зүйлс ёмкостьны баруун болон зүүн талд байсан, наагуур нь бүтэн гэрийн мод хураалттай байсан. Тэр бүгдийг холдуулж ёмкость дотор байсан бүх л савыг ухаж онгичсон ба бусад байшин амбаарт байсан бүх сав суулгийг ухаж гаргаж хаясан байсан, тэр их новшийг ганцаараа ухна гэж байхгүй” гэжээ /1-р хх-ийн 242/
- Гэрч В.Оийн “...Би нөхрийнхөө хамт 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдөр 9 цагийн үед бууцан дээрээ ирж үзсэн, тэгтэл байшингийн цоож эвдэрч зүүлттэй орхисон байсан. Байшин дотор ороход хамаг юмыг онгичоод тараагаад хаясан байсан. Тэгэхээр нь бүх зүйлээ буцаагаад хураагаад янзалсан. Манайхаас 380 вольтын улаан өнгийн, 220 вольтын мотор нь цэнхэр өнгийн “ямаахай” мотор, 60 килограм орчим ааруул, 6 ширхэг “Болор” нэртэй архи алга болсон... М гэх айлд саарал өнгийн “Истана” маркийн машинтай 2 залуу ирж машин янзалж байгаад хотруу буцсан гэсэн тэр 2 залууг сэжиглэж байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 99/
- Гэрч Д.Угийн”...Би 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 17 цагийн үед байх “Тахилтын бор толгой” буюу сүлжээ барьдаг овоон дээр гартал С.Э ахын байшингаас хорооруу 2 бараан хувцастай хүн алхаж байхаар нь С.Э ахыг өөрөө ирж дээ гэж бодоод утсаар яриад байж байтал, С.Э ахын хорооноос танихгүй саарал өнгийн “Истана” юмуу “Старикс” маркийн машин гараад хөдлөөд явахаар нь араас нь хөдлөөд явахад тэр машин урдуур нь гарч чигээрээ хойшоо явсан. Тэр машин хороон дотор баруун буланд нь урагш харсан байдалтай гарахад бэлэн зогсож байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 100/
- Гэрч Д.Бийн “...Би М.Гыг танихгүй С.Аыг танина, манай нэг нутгийн ах байгаа юм. 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр С.А ах надруу утасдаад нэг зарах эмээл байна, их хямдхан юм байна авах уу гэхээр нь би сонирхъё гээд “Гэгээнтэн” хороололд аваад ир гэж хэлсэн. Тэгтэл С.А ах нэг танихгүй залуутай эмээлээ аваад ирэхээр нь үзэхэд 12 цагаантай хуучирсан гөлөмтэй, шаргал өнгийн модтой эмээл байсан. Тэгэхээр нь би үнийг нь асуухад 5000000 төгрөг гэхээр нь тэгвэл авахгүй гэхэд 4500000 төгрөгөөр ав гэхээр нь зөвшөөрч худалдаж авсан. Би эмээлийг хаанаас авсан талаар С.А ахаас асуухад хамт явсан залууруугаа зааж манай энэ дүүгийн эмээл байгаа юм гэж хэлсэн. Би мөнгийг нь бэлнээр өгсөн. Би хамт явсан залууг нь одоо харвал танихгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 244/
- Гэрч Х.Агийн “...Миний охин Б.Чгаар Б.Ч нь Толгойтын хуучин эцсийн “Сайн” гэх нэртэй ломбардад 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр жижиг том нийлсэн 4 ширхэг мөнгөн аяга тавиулсан байсныг миний танил Б гэх танил ломбардын хүүхэн надад хэлэхээр нь би очиж үзэхэд шинэ үеийн 4 ширхэг мөнгөн аяга байсан. Тэгээд Б хэд хоногийн дараа хугацаа нь дууслаа аягаа авахгүй юмуу гэхээр нь 30000 төгрөгийн хүү төлж дахиж 3 сар сунгасан юм. Тэгээд охин хүү 2 авахгүй болохоор нь үрээд яахав гээд 160000 төгрөг төлж аваад өөртөө байлгаж байсан юм. 2015 оны 10 дугаар сард би машинтай толгойтын хуучин эцсийн буудал дээр зогсож байтал Б.Ч, Б.Ч 2 зогсож байгаад Б.Ч машиндаа үлдээд Б.Ч нэг юм бариад “Сайн” ломбардруу орж байхыг би харсан юм. Сүүлд нь 4 аяга тавьсаныг мэдээд Б.Чгаас асуухад Б.Ч ах тавиулсан юм гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 246/
- Гэрч Б.Цын “...Би “Нарантуул” зах дээр лангуу түрээсэлж суудаг. 2015 оны 10 дугаар сард үл таних 2 залуу улаан болон шар өнгийн 2 ширхэг нэлээн хуучны моторыг хоёуланг нь 180000 төгрөгөөр зарсан. Би мотор зарсан 2 залууг одоо хараад танихгүй. Нэлээн хуучирсан мотор байсан учраас тэр 2 залуутай үнэ тохирч худалдаж авсан. Одоо тэр 2 моторыг зарчихсан надад байхгүй, хэнд зарсанаа санахгүй байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 248/
- Гэрч Ж.Эын “...Б.Ч 2015 оны 9 дүгээр сард билүү 10 дугаар сард манай эгч өгсөн юм гээд 50 кг шуудайтай дугуй ааруул зарсан юм. Тэр ааруулыг нь би 1 килограммыг 6000 төгрөгөөр бодож авсан. Яг хэдэн кг болсныг санахгүй байна. Ямар ч байсан шуудай нь бараг дүүрэн шахуу байсан. Би тэр ааруулын бүтнийг нь зараад талласан байсан хэсгийг идчихсэн юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 249/
- Гэрч Р.Өын “...Манай ломбардад эд зүйл тавьж байсан хүнийг шүүж үзэхэд ЗЕ84050311 регистрийн дугаартай Б овогтой Ч 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 200000 төгрөгийн эд зүйлс тавиад 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 6200 төгрөгийн хүү төлөөд авсан байна. Би ямар эд зүйлс тавьсныг мэдэхгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 2/
- Гэрч С.Аын “...Би М.Гтай садан төрлийн холбоо байхгүй, уулзаагүй 10 гаруй жил болсны дараа 2015 оны 6 дугаар сард Багшийн дээдийн автобусны буудалд дээр санамсаргүй тааралдсан. Тэгэхэд бид манай гэрт хамт очоод явсан юм. Тэгээд хэд хоногийн дараа утсаар ярьж надад зарах 2 эмээл байна. Авах хүн байна уу гэхээр нь хүнээс асууж өгье гээд өөрийн танил дүү Д.Б гэж дууддаг залууруу ярьж эмээл байна авах уу гэхэд аваад ир үзье гэж хэлсэн. М.Г 2 хоногийн дараа дунд гарын мөнгөн эмээл аваад ирсэн. Бид тэр эмээлийг Д.Бт үзүүлэхэд авъя гээд тэд хоорондоо тохиролцоод 4500000 төгрөгөөр наймаа хийсэн. Түүнээс хойш 2015 оны 10 дугаар сарын сүүлээр М.Г утасдаад нөгөө үлдсэн том гарын эмээлээ зарах гэсэн юм та хүнээс асууж өгөөч гэхээр нь тэгье гээд би өөрийн найзын дүү эмээл хийдэг дархан Б.Доос эмээл авах уу гэж асуухад аваад ир үзье гэж хэлсэн. Тэгээд М.Гыг эмээлээ аваад ир гээд Б.Дид үзүүлэхэд тэр 2 хоорондоо тохиролцоод 5000000 төгрөгөөр наймаа хийсэн. М.Г зуучилж өгсний хөлс гээд 100000 төгрөг надад өгсөн. М.Г надад миний эгчийн эмээл гэж хэлж байсан.Эмээл авч ирэхдээ хоёуланд нь ганцаараа ирсэн. Эхний эмээлээ даавуунд боогоод, дараагийн эмээлээ бараан өнгийн цүнхэнд хийгээд барьж ирсэн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 3/
- Гэрч Б.Дийн “...Би М.Г гэх залууг танихгүй, С.А ахыг зүс танина манай ахын найз байгаа юм. 2015 оны 10 дугаар сарын сүүлээр С.А ах надруу утасдаж нэг мөнгөн эмээл байна, зараад өгөөч гэхээр нь үзье гээд “Саппоро”-гын буудал дээр уулзахад урт үстэй сахалтай залуугийн хамт “Батноров” хийцийн 12 цагаантай мөнгөн эмээл үзүүлсэн. Би наад эмээлийг чинь зарж чадахгүй гэж хэлээд явуулсан. Би дотроо хулгайн эмээл байж магадгүй гэж бодоод авахаас татгалзсан. Тэрнээс хойш 10 хоногийн дараа С.А ах утасдаж чи эмээлийг зараад өгөөч гэхээр нь зарагдахгүй гэхэд чи өөрөө авахгүй юу гэхэд надад боломж байхгүй ээ хэдэн төгрөгөөр зарах юм” гэхэд сайн мэдэхгүй байна, гадуур 14-15 сая төгрөгийн үнэтэй байдаг гэж хэлсэн. Тэрнээс хойш 2-3 хоногийн дараа С.А ах дахиж утасдаад чи хэдээр авахаар байна гэхээр нь 5000000 төгрөгөөр авъя гэхэд зөвшөөрч надад зарсан би хаанаас авсан талаар асуугаагүй тэр эмээл одоо надад байхгүй, би мөнгийг нь хайлуулж өөр зүйл хийгээд зарчихсан. Эмээлийн зургийг үзлээ миний авсан эмээл мөн байна. Зурган дээрх залуу надад эмээл зарсан залуу мөн байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 4/
- Гэрч Д.Мын “...М.Г 2015 оны 6 дугаар сараас манайд байх болсон юм. Би 2015 оны 7 дугаар сарын сүүлээр рашаан сувилалд явах болоод амбаараас тогоо, шанага, майханаа гаргаж байтал манай амбаарт хар бараан өнгийн цүнхтэй юм байхаар нь өргөж цаашаа тавих гэтэл их хүнд байхаар нь нээгээд үзтэл 2 дөрөөг нь зөрүүлээд тавьсан мөнгөн тоногтой эмээл байсан. Би М.Гаас юун эмээл болох талаар асуухад Б.Чын юм байгаа юм аваачиж өгч чадсангүй гэж хэлсэн. Тэгээд амралтанд яваад 10 хоноод ирээд амбаарт юмаа хийхэд нөгөө цүнх хоосон байхаар нь М.Гаас эмээлээ яасан юм гэхэд Б.Ч аваад явсан гэж хэлсэн. 2015 оны 10 дугаар сарын дундуур Б.Ч нэг хүнтэй ирээд М.Гыг асуугаад явсан. Тэрнээс хойш хэд хоногийн дараа М.Г алга болж байгаад ирэхээр нь усанд явуулсан хойгуур надруу Б.Ч яриад М.Г байна уу гэхээр нь усанд явчихсан ирэхээр нь яриулъя гэж хэлсэн. М.Г ус авчирчихаад усанд орно гээд гараад явсан. Тэр оройдоо эргэж ирээгүй байхад Б.Ч надруу залгаж дахин М.Гыг асуухаар нь эмээ нь хэлэхээ мартжээ М.Г усанд орно гэж гараад одоо болтол ирээгүй байна гэхэд та М.Гыг байсаар байтал нуулаа гэхээр нь ямар учраас нуух юм гэхэд би наад М.Гыг чинь араасаа чирнэ дээ харж байгаарай гэхээр нь би мартчихсан байна гэж хэлсэн. Тэгээд утсаа тасалсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 5-6/
- Гэрч Б.Агийн “...Би 2015 оны 7 дугаар сарын эхээр манай дүү Б.Ч би ломбардад хэдэн ширхэг мөнгөн аяга тавьсан юм. Одоо хугацаа нь дуусчихаад байгаа. Надад мөнгө зээлээд аваад өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь би зөвшөөрч хэдэн төгрөг хэрэгтэй болохыг нь асуухад хоёр зуун наян хэдэн мянган төгрөг болсон байна гэхээр нь би Б.Чд 300.000 төгрөг өгөөд аяга авахаар хамт явж толгойтын хуучин эцсийн “ХААН” банкны салбарын ойролцоо очиход Б.Ч өөрөө бууж яваад хэсэг хугацааны дараа эргэж ирэхдээ шар торонд 5 ширхэг хээгүй, бичиггүй мөнгөн аяга аваад ирсэн, надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 10/
- Гэрч Б.Чгийн “...Б.Ч надаар 4 ширхэг мөнгөн аяга тавиулж байсан, би өрх гэр тусгаарлаж байгаа хүн болохоор өөрийнхөө эд зүйлийг тавьж байгаа юм байна гэж бодсон” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 21/
- Гэрч Ж.Тгийн “...Би М.Г Б.Ч, Б.Ө нарыг харж байсан. М.Гыг сайн танина, нөгөө хоёрыг нь танихгүй. 2015 оны 6 дугаар сарын дундуур намайг зах дээр зогсож байхад М.Г 2 танихгүй залуутай хамт дунд гарын 4 ширхэг мөнгөн аяга барьж ирээд нөгөө хамт явсан 2 залуу намайг авах уу гэхээр нь авчирсан аягануудыг үзэхэд амсар нь эмтэрчихсэн энэ тэндээ цөмөрсөн аяганууд байхаар нь ийм аяга зарагдахгүй, та хэд мөнгийг аваад зар гэхэд тэгье гээд мөнгийг нь авсан. Аяганууд дотроо шар өнгийн хуванцар тагштай байсан. Би мөнгийг нь авч зарж өгөөд мөнгийг нь бэлнээр М.Гтай хамт явсан залууд өгсөн. Тэгтэл тэр залуугийн нэг нь нэг шил “Соёмбо” нэртэй архи өгөөд баярлалаа ах гэж хэлээд явсан. Тэрнээс хойш хэд хоногийн дараа М.Г надруу утасдаад нэг мөнгөн эмээл байна авах уу гэхээр нь авъя гээд авсан. Тухайн үед надад мөнгө байхгүй байсан учраас эмээл сураад байсан хүнд эмээлийн мөнгөн тоног байна, иж бүрэн 12 цагаантай гэхэд авъя гээд надад 1000000 төгрөг шилжүүлсэн. Би тэр мөнгийг М.Гт өгсөн. Тэр мөнгөнөөс М.Г надад 10000 төгрөг өгсөн. Би эмээлийн тоног авч нөгөө хүндээ өгөөд мод гөлөм дөрөө зэргийг өөрөө авч “Нарантуул” зах дээр зогсож байгаад зарсан. Тэрний дараа М.Г ах надад 4 ширхэг мөнгөн аяга өгөхдөө хамт явж байсан залуугийн нэгтэй нь ирээд үндсэн хултай их гарын мөнгөн аяга 300000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр аягийг хамт явсан залуу нь М.Гтай хамт барьчихсан ирсэн. Би түүнд аяганы өртөгийг нь өгсөн. Би аягийг хаанаас авсан талаар асуугаагүй. Хулгайн эд зүйлс байсныг мэдээгүй. М.Г болон түүнтэй хамт явсан залуучууд надад өөр ямар нэгэн эд зүйл зараагүй. Би худалдаж авсан эд зүйлээ зах дээр зогсож байгаад л авъя гэсэн хүнд зарчихсан. М.Г бас надад өөр нэгэн зүйл өгч байсан юм байна. Савхин хуйтай хуйны нэг үзүүрт мөнгөн бөгжтэй иш нь ардаа бас мөнгөн бөгжтэй төмөр хутга өгсөн. Мөнгөн хутгыг анх 4 ширхэг аяга өгөхдөө өгч байсан ба тэр хутгаараа аяганы мөнгийг хуулж байсан. М.Г ч надад өгөөгүй юм байна, хамт явсан 2 хүүхдийн нэг нь өгсөн юм байна. Би тэр 2 залууг одоо харвал танина. Тэр залуучууд надтай дахиж уулзаагүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 22-23/
- Гэрч М.Дийн “...Би Б.Чыг танина. Б.Ч нь 2015 оны 6 дугаар сард 6597 УНА улсын дугаартай саарал өнгийн старикс маркийн машиныхаа гүпр, хаалга багажны хаалгыг будуулсан. Б.Ч надад мөнгө байхгүй байна гээд 15-ын хэмжээтэй дугуй өгсөн. Би яг 2015 оны 6 дугаар сарын хэдний өдөр засварласан болохыг санахгүй байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 212/
- Гэрч С.Аын “...Би Б.Чыг Б гэдэг авгайлахаар нь танидаг, бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй. Царайг нь хараад танина, одоогоос нэг жилийн өмнө танилцаж байсан. 2015 оны 10,11 дүгээр сарын үед байх хугацааг нь сайн санахгүй байна. Намайг Улаанбаатар хотод явж байхад Б.Ч надруу утсаар ярьсан. Тэгээд надад 5 ширхэг мөнгөн аяга байна, 250000 төгрөгөөр зарах гэсэн юм. Ломбарданд тавих юм бол үнэд хүрэхгүй байна гэж хэлсэн бид нар зуун айлд очиж уулзсан тэгэхэд Б.Ч, М нар хамт ирсэн. Надад 180000 төгрөг байна, өөр мөнгө байхгүй гэхэд тэр 5 аягаа надад 180000 төгрөгөөр өгсөн. Б.Чаас наад аяга чинь хулгайн аяга юм бишүү гэхэд үгүй манай хуримаар манай аав надад өгсөн аяга гээд байсан. 2 ширхэг аяга нь хар тагштай байсан. Нөгөө 3 аяга “аавдаа дурсгав” гэсэн бичигтэй байсан байх сайн санахгүй байна. Харин дараа нь манай охин А.Н дахин хагалгаанд орох болоод мөнгөний хэрэг гараад “Нарантуул” зах дээр авч очиход үнэд хүрээгүй. Тэгээд “Хар хорин” зах дээр 200.000 төгрөгөөр зарсан. Надаас аяга худалдаж авсан хүнийг би танихгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 217/
-Гэрч В.Гийн “...Би М.Гтай 2016 оны 12 дугаар сарын эхээр Адаацаг сумын нутагт байдаг Аюуш гэх айлд тааралдсан. Үүнээс өмнө 2016 оны 10 дугаар сарын сүүлээр мөн Адаацаг суманд Сандуйжав гэх айлд тааралдсан. Өөр тааралдаж, холбогдож байгаагүй. Одоогоос 3 жилийн өмнө төрсөн эгчийндээ ирж байна гээд Адаацаг суманд байх манай гэрт Приус маркийн машинтай ирж байсан юм. Бидний дунд байнгын холбоо байхгүй, нэг нутаг усны хүмүүс болохоор мэндийн зөрүүтэй явдаг юм. Би М.Гыг хулгайн хэрэгт холбогдсоныг мэдэж байсан. 2016 оны 10 дугаар сард уулзахдаа М.Гыг би урт гартай гээд тоглоомоор хэлсэнд М.Г дургуйцэж “чамайг чирнэ шүү” гэж хэлж байсан. Урт гартай гэж хэлсэнд маань уурлаад намайг Т.Лгийнхийг баян гэж хэлсэн гэсэн байх. Бусдаар би М.Гт тийм зүйл хэлээгүй. Ер нь тэднийхийг хөрөнгөтэй айл гэдгийг М.Г өөрөө сайн мэднэ. М.Г өөрөө Т.Л гуайд 4-5 жилийн өмнө мотоцикль зарж байсан...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 74/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 4, 34, 72 /
- Шинжээчийн 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 3624 дугаартай дүгнэлт /1-хх-ийн 20-22/
- Гурвансайхан сумын 3 дугаар баг “Эрээний шар хад” гэх газар эд зүйл алдагдсан гэх хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-хх-ийн 34-37/
- Цоожинд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 41/
- Гурвансайхан сумын 3 дугаар баг “Тахилт” гэх газар эд зүйл алдагдсан гэх хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-хх-ийн 72-81/
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 5812 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 54-55 /
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 5813 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 58-60 /
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 85, 92 /
- Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /1-р хх-ийн 176-185/
- Хураан авах тогтоол /1-р хх-ийн 186-203, 2-хх-ийн 193-196/
- Дундговь аймгийн Гурвансайхан сумын үнэлгээний комиссийн үнэлгээ /1-р хх-ийн 104-105, 2-р хх-ийн 35-36 /
- Хүн таньж олуулах тухай тэмдэглэл /1-р хх-ийн 204-205, 213-215/
- Эд зүйл таньж олуулах тухай тэмдэглэл /1-р хх-ийн 206-212, 217-220/
- Зураг таньж олуулсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 216 /
- Мөнгөн аяганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 222-225/
- Шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 55-59/
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 114-116/
- “Уваа Уул Аудит” ХХК-ний үнэлгээний тайланд “Дундговь аймгийн Адаацаг сумын “Эхэн ус” газрын өвөлжөөн дээрх байшингаас алдагдсан гэх эд зүйлийн нийт үнэлгээ 41127000 төгрөг” гэжээ /4-р хх-ийн 83-89/
- “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ний хөрөнгө үнэлгээний тайланд “үнэлж буй эмээлний үнэлгээг 10000000 төгрөгөөр тогтов” гэжээ /7-р хх-ийн 49-56/
- Шийтгэх тогтоолын хуулбарууд /2-р хх-ийн 120-126, 129-135/, шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх тодорхойлолтууд зэрэг мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цоож 2 ширхэг, төмөр сүх 1 ширхэгийг үзүүлж таниулав.
Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Г, Б.Ч, Б.Ө нарт 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан, мөн шүүгдэгч Б.Чд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад дараах дүгнэлтийг хийлээ.
Шүүгдэгч Б.Ч нь 2015 оны 9 дүгээр сард Дундговь аймгийн Гурвансайхан сумын “Шар хадны бууц” гэх газраас Г.Оийн бууцан дээрх байшингийн цоожийг эвдэн орж, 10 ширхэг мөнгөн аяга, цахилгаан үүсгэгч мотор 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж 3720000 төгрөгийн, мөн үед Гурвансайхан сумын 3 дугаар багийн “Тахилт” гэх газраас С.Эы бууцан дээрх өвөлжөөний байшингийн цоожийг эвдэн орж, мотор 2 ширхэг, 60 кг ааруул, 6 шил “болор” нэртэй архи зэрэг эд зүйлс хулгайлж 1938000 төгрөгийн хохирол учруулсан буюу давтан үйлдлээр, ашиг олон зорилгоор, тээврийн хэрэгсэл ашиглан, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь өөрийнх нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, түүнийг нотолсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Д, гэрч В.О, Д.У, Х.А, Ж.Э, Р.Ө, Б.А, Б.Ч, хохирогч Т.Д, С.Э нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон дээр дурьдсан бусад баримтаар давхар батлагдаж байх тул шүүгдэгч Б.Чыг тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-д …оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй…, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5-д ...нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна... гэж тус тус заасны дагуу прокуророос шүүгдэгч Б.Чыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, 2002 оны Эрүүгийн хууль мөрдөгдөж байхад гэмт хэрэг үйлдэгдсэн боловч хэргийн зүйлчлэлийг өөрчилж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч М.Г, Б.Ө, Б.Ч нар санаатай нэгдэж бүлэглэн Дундговь аймгийн Адаацаг сумын 4 дүгээр баг “Эхэн урсгалын бууц” гэх газарт байрлах Ц.Дийн өвөлжөөн дээрх ёмкость болон модон амбаараас буюу тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч М.Гын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд удаа дараа өгсөн “би 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Б.Ч, Б.Ө хоёртой Дундговь аймгийн Адаацаг сумын 4 дүгээр багт байрлах “Эхэн урсгал” гэх газарт хохирогч Ц.Дийн өвөлжөөн дээр ирж эд зүйлсийг хулгайлсан” гэх мэдүүлэг, хохирогч Ц.Дийн мөрдөн байцаалтад болон шүүх хуралдаанд өгсөн “...2015 оны 6 дугаар сарын 21-ний өдөр “Эхэн урсгалын бууц” гэх газарлуу нүүж очиход манай хороон дээр байх төмөр ёмкость болон модон байшингийн цоож нь эвдэрсэн, дотор нь байсан эд зүйлс алга болсон байсан..., Өвгөн бид хоёр ярилцахдаа манай байшинг хоёр, гурван хүн ухахааргүй гэж ярилцдаг. Учир нь тэр их, овор хэмжээтэй зүйлийг бага хугацаанд авах боломжгүй. 3 том дөчийн бетон, 5 эмээл гээд их зүйл байсан” гэх мэдүүлэг, хохирогч Т.Лгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...М.Г манайхаас хулгай хийсэн гэдгээ манай эхнэр Ц.Дд өөрөө хэлсэн байсан. Би М.Гыг ганцаараа хулгай хийсэн гэж бодохгүй байна. Манай ёмкость голдоо хаалгатай бөгөөд хулгайд алдагдсан эд зүйлс ёмкостны баруун болон зүүн талд байсан, наагуур нь бүтэн гэрийн мод хураалттай байсан. Тэр бүгдийг холдуулж ёмкост дотор байсан бүх л савыг ухаж онгичсон ба бусад байшин амбаарт байсан бүх сав суулгыг ухаж гаргаж хаясан байсан, тэр их новшийг ганцаараа ухна гэж байхгүй” гэх /1-р хх-ийн 242/ мэдүүлэг, гэрч Д.Бийн “12 цагаантай хуучирсан гөлөмтэй, шаргал өнгийн модтой эмээл байсан... Би эмээлийг хаанаас авсан талаар С.А ахаас асуухад хамт явсан залууруугаа зааж манай энэ дүүгийн эмээл байгаа юм гэж хэлсэн. Би хамт явсан залууг нь одоо харвал танихгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 244/, гэрч С.Аын “…хэд хоногийн дараа утсаар ярьж надад зарах 2 эмээл байна, авах хүн байна уу гэхээр нь хүнээс асууж өгье гээд өөрийн танил дүү Д.Б гэж дууддаг залууруу ярьж эмээл байна авах уу гэхэд аваад ир үзье гэж хэлсэн. М.Г 2 хоногийн дараа дунд гарын мөнгөн эмээл аваад ирсэн. Бид тэр эмээлийг Д.Бт үзүүлэхэд авъя гээд тэд хоорондоо тохиролцоод 4500000 төгрөгөөр наймаа хийсэн. Түүнээс хойш 2015 оны 10 дугаар сарын сүүлээр М.Г утасдаад нөгөө үлдсэн том гарын эмээлээ зарах гэсэн юм та хүнээс асууж өгөөч гэхээр нь тэгье гээд би өөрийн найзын дүү эмээл хийдэг дархан Б.Доос эмээл авах уу гэж асуухад аваад ир үзье гэж хэлсэн. Тэгээд М.Гыг эмээлээ аваад ир гээд Б.Дид үзүүлэхэд тэр 2 хоорондоо тохиролцоод 5000000 төгрөгөөр наймаа хийсэн. М.Г зуучилж өгсний хөлс гээд 100000 төгрөг надад өгсөн. М.Г надад миний эгчийн эмээл гэж хэлж байсан.Эмээл авч ирэхдээ хоёуланд нь ганцаараа ирсэн. Эхний эмээлээ даавуунд боогоод, дараагийн эмээлээ бараан өнгийн цүнхэнд хийгээд барьж ирсэн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 3/, гэрч Б.Дийн “…урт үстэй сахалтай залуугийн хамт “Батноров” хийцийн 12 цагаантай мөнгөн эмээл үзүүлсэн. Би наад эмээлийг чинь зарж чадахгүй гэж хэлээд явуулсан. Би дотроо хулгайн эмээл байж магадгүй гэж бодоод авахаас татгалзсан. ... Эмээлийн зургийг үзлээ миний авсан эмээл мөн байна. Зурган дээрх залуу надад эмээл зарсан залуу мөн байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 4/, гэрч Д.Мын “…манай амбаарт хар бараан өнгийн цүнхтэй юм байхаар нь өргөж цаашаа тавих гэтэл их хүнд байхаар нь нээгээд үзтэл 2 дөрөөг нь зөрүүлээд тавьсан мөнгөн тоногтой эмээл байсан. Би М.Гаас юун эмээл болох талаар асуухад Б.Чын юм байгаа юм аваачиж өгч чадсангүй гэж хэлсэн. Тэгээд амралтанд яваад 10 хоноод ирээд амбаарт юмаа хийхэд нөгөө цүнх хоосон байхаар нь М.Гаас эмээлээ яасан юм гэхэд Б.Ч аваад явсан гэж хэлсэн. 2015 оны 10 дугаар сарын дундуур Б.Ч нэг хүнтэй ирээд М.Гыг асуугаад явсан. Тэрнээс хойш хэд хоногийн дараа М.Г алга болж байгаад ирэхээр нь усанд явуулсан хойгуур надруу Б.Ч яриад М.Г байна уу гэхээр нь усанд явчихсан ирэхээр нь яриулъя гэж хэлсэн. М.Г ус авчирчихаад усанд орно гээд гараад явсан. Тэр оройдоо эргэж ирээгүй байхад Б.Ч надруу залгаж дахин М.Гыг асуухаар нь эмээ нь хэлэхээ мартжээ М.Г усанд орно гэж гараад одоо болтол ирээгүй байна гэхэд та М.Гыг байсаар байтал нуулаа гэхээр нь ямар учраас нуух юм гэхэд би наад М.Гыг чинь араасаа чирнэ дээ харж байгаарай гэхээр нь би мартчихсан байна гэж хэлсэн. Тэгээд утсаа тасалсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 5-6/, гэрч Ж.Тгийн “...Би М.Г Б.Ч, Б.Ө нарыг харж байсан. М.Гыг сайн танина, нөгөө хоёрыг нь танихгүй. 2015 оны 6 дугаар сарын дундуур намайг зах дээр зогсож байхад М.Г 2 танихгүй залуутай хамт дунд гарын 4 ширхэг мөнгөн аяга барьж ирээд нөгөө хамт явсан 2 залуу намайг авах уу гэхээр нь авчирсан аягануудыг үзэхэд амсар нь эмтэрчихсэн энэ тэндээ цөмөрсөн аяганууд байхаар нь ийм аяга зарагдахгүй, та хэд мөнгийг аваад зар гэхэд тэгье гээд мөнгийг нь авсан. Аяганууд дотроо шар өнгийн хуванцар тагштай байсан. Би мөнгийг нь авч зарж өгөөд мөнгийг нь бэлнээр М.Гтай хамт явсан залууд өгсөн. Тэгтэл тэр залуугийн нэг нь нэг шил “Соёмбо” нэртэй архи өгөөд баярлалаа ах гэж хэлээд явсан. Тэрнээс хойш хэд хоногийн дараа М.Г надруу утасдаад нэг мөнгөн эмээл байна авах уу гэхээр нь авъя гээд авсан. Тухайн үед надад мөнгө байхгүй байсан учраас эмээл сураад байсан хүнд эмээлийн мөнгөн тоног байна, иж бүрэн 12 цагаантай гэхэд авъя гээд надад 1000000 төгрөг шилжүүлсэн. Би тэр мөнгийг М.Гт өгсөн. Тэр мөнгөнөөс М.Г надад 10000 төгрөг өгсөн. Тэрний дараа М.Г ах надад 4 ширхэг мөнгөн аяга өгөхдөө хамт явж байсан залуугийн нэгтэй нь ирээд үндсэн хултай их гарын мөнгөн аяга 300000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр аягийг хамт явсан залуу нь М.Гтай хамт барьчихсан ирсэн. М.Г болон түүнтэй хамт явсан залуучууд надад өөр ямар нэгэн эд зүйл зараагүй. М.Г бас надад өөр нэгэн зүйл өгч байсан юм байна. Савхин хуйтай хуйны нэг үзүүрт мөнгөн бөгжтэй иш нь ардаа бас мөнгөн бөгжтэй төмөр хутга өгсөн. Мөнгөн хутгыг анх 4 ширхэг аяга өгөхдөө өгч байсан ба тэр хутгаараа аяганы мөнгийг хуулж байсан. М.Г ч надад өгөөгүй юм байна, хамт явсан 2 хүүхдийн нэг нь өгсөн юм байна. Би тэр 2 залууг одоо харвал танина. Тэр залуучууд надтай дахиж уулзаагүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 22-23/,
Танигч Ж.Т би М.Гтай явж байсан залууг царай зүс, биеийн галбир, төрхөөр нь хараад л танина гэв, мөн таниулж буй хүмүүсрүү харж байснаа зүүн гар талаасаа 3 дахь байранд зогсож байсан Б.Өруу зааж надад мөнгөн эмээл зарсан хүн мөн байна гээд энэ залуу, бас нэг танихгүй залуу, М.Г нар гурвуулаа буруу талдаа жолоотой жижиг машинтай ирээд намайг мөнгөн аяга зараад өг гэж хэлсэн гэх, Б.Чтай ижил өнгийн хувцас, нуруу зүс царай, нүүрний хэлбэр, биеийн галбираар төстэй нэр бүхий гурван хүнийг зогсоож Б.Чыг дуртай байрандаа зогсохыг хүсээд танигч Ж.Тгаар таниулахад Б.Чыг заав гэх хүн таньж олуулах тухай тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 204-205, 213-215/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 4/ , шинжээчийн 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 3624 дугаартай дүгнэлт /1-хх-ийн 20-22/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын гэм бурууг нотолж байгаа эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн, гэрчүүдийн орон зай, цаг хугацаа, үйлдлийн талаар өгсөн мэдүүлэг үнэн зөв, хэрэгт байгаа бусад баримтуудаар тогтоогдсон, хэрэгт хамааралтай бүхий л байдлыг мэдүүлсэн, эх сурвалж тодорхой байна.
Шүүгдэгч Б.Ө, Б.Ч нар болон тэдний өмгөөлөгч холбогдох гэмт хэрэгт гэм буруугүй гэх боловч гэмт хэрэгт хамааралтай нотлох баримтуудын шууд болон шууд бус эх сурвалжийг үнэлэхэд бусдын эд хөрөнгө алдагдсан үйлдэлтэй шүүгдэгч М.Г, Б.Ө, Б.Ч нарын үйлдэл шалтгаант холбоотойг үгүйсгэсэн үндэслэл, нотолгоо хэрэгт байгаагүй бөгөөд шүүгдэгч Б.Ө, Б.Ч нар гэм буруугаа хүлээхгүй, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй бөгөөд энэхүү эрхээ эдэлснийг буруутгах үндэслэлгүй юм.
Харин Б.Ганбаатар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Мөн хулгайлах гэмт хэргийн зайлшгүй байх шинж тэмдэг нь гэм буруутанд үл хамаарах, түүнийг өөрөө захиран зарцуулах ямар ч эрхгүй бусдын эд хөрөнгийг хууль зөрчиж, нууц далд хэлбэрээр, хууль бусаар, шунахай сэдэлт зорилгоор, ямар ч үнэ төлбөргүйгээр өөрт болон бусад этгээдэд ашигтайгаар авах үйлдэл байдаг. Мөн гэм буруутай этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, орчин тойрны хүмүүст болон өмчлөгч этгээдэд мэдэгдэхгүйгээр нууцаар авах, өөрийн үзэмжээр захиран зарцуулж, хууль бусаар завшиж өөрт хэрэглэх буюу ашиг олох гэсэн зорилготой байдаг болно.
Иймд шүүгдэгч М.Г, Б.Ч, Б.Ө нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Тус шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт прокуророос гэрч Э.Давааням, Б.Мөнхжаргал нарын мэдүүлгийг нотлох баримтаас хассаны дагуу шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, үнэлж дүгнээгүй болно.
Шүүгдэгч М.Г, Б.Ч нар урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /2-р хх-115, 116/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ө Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 385 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 525 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж уг хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан болох нь шийтгэх тогтоол, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /2-р хх-ийн 114, 120-126, 129-135/ тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Г, Б.Ө, Б.Ч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Хохирол төлбөрийн талаар:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Д 850000 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг мөнгөн аяга /1-р хх-ийн 221/, 6000000 төгрөгийн үнэ бүхий 10 цагаантай мөнгөн эмээл 1 ширхэг /1-р хх-ийн 228/, нийт 6850000 төгрөгийн эд зүйлийг хүлээн авсан байх тул нийт хохирол 41127000 төгрөгөөс тус тус хасч тооцон, үлдэх 34277000 төгрөгийг шүүгдэгч М.Г, Б.Ө, Б.Ч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс 11425666 төгрөг гаргуулан хохирогч Ц.Дд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Г, түүний өмгөөлөгч нар 10000000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг мөнгө эмээлийг хохирогч Ц.Дд хүлээлгэн өгсөн гэж, хохирогч Ц.Д нь “миний бие М.Гт хохирол гомдолгүй болсон нь үнэн...” гэх өргөдөл гаргасан байх тул шүүгдэгч М.Гыг хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзлээ.
Хохирогч Т.Д мөрдөн байцаалтын шатанд 350000 төгрөгийн үнэ бүхий их гарын мөнгөн аяга 1 ширхэг, 250000 төгрөгийн үнэ бүхий дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, 160000 төгрөгийн үнэ бүхий бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, 160000 төгрөгийн үнэ бүхий архины /жижиг/ мөнгөн аяга 1 ширхэг, нийт 920.000 төгрөгийн эд зүйлс /1-р хх-ийн 229/ хүлээн авсан, мөн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр “Г.Оийн 5454008825 гэх дансанд 2000000 төгрөг”-ийг шилжүүлсэнийг хүлээн авсан /5-р хх-ийн 113/, 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр шүүхийн хэлэлцүүлэгт “Б.Чаас хохирлоо авсан” гэж мэдүүлсэн, мөн хохирогч С.Э тус шүүхэд гаргасан хүсэлтдээ …гомдол саналгүй, хохирлоо төлүүлсэн гэсэн тул шүүгдэгч Б.Чыг хохирогч Т.Д, С.Э нарт учруулсан хохирлоо төлсөнд тооцлоо.
Мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд ирж очсон зардалд хохирогч Ц.Д 281850 төгрөг /5-р хх-ийн 88-95/, хохирогч Т.Д 493791 төгрөг /5-р хх-ийн 97-98, 110-112/ тус тус нэхэмжилсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасныг баримтлан шүүгдэгч М.Г, Б.Ө, Б.Ч нараас 281850 /хоёр зуун наян нэгэн мянга найман зуун тавин/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Ц.Дд, шүүгдэгч Б.Чаас 233391 /хоёр зуун гучин гурван мянга гурван зуун ерэн нэгэн/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.Дд тус тус олгохоор шийдвэрлэлээ.
Хэргийн 5 дугаар хавтасын хэргийн 97, 98 дугаар хуудаст авагдсан баримт хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй тул хохирогч Т.Дгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалаас хасч тооцсон болно.
Иргэний нэхэмжлэлийн талаар:
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд “...гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулах”-аар, мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл... нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан тохиолдолд түүнийг хураан авч гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөөр заажээ.
Иймд мөрдөн байцаагчийн 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоолтой Т.Банзрагчийн эзэмшлийн Крайнс 2 маркийн тээврийн хэрэгсэл, мөрдөн байцаагчийн 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хураан авах тогтоолоор /1-р хх-ийн 198/ Д.Бгийн эзэмшлийн 6597 УНА улсын дугаартай Хюндэй старикс маркийн тээврийн хэрэгсэл, түүний АЯ0274688 дугаартай гэрчилгээ, 0711929 дугаартай тээврийн хэрэгслийн татвар төлөгчийн гэрчилгээ хураагдсан байх ба дээрх тогтоолыг тус тус хүчингүй болгож, хэрэгт хураагдсан тээврийн хэрэгсэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татвар төлөгчийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигчид нь тус тус буцаан олгож, шүүгдэгч М.Г, Б.Ч, Б.Ө нараас Д.Бгийн эзэмшлийн 6597 УНА улсын дугаартай Хюндэй старикс маркийн машины үнийг хувь тэнцүүлэн албадан гаргуулах, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулах нь зүйтэй байна.
Иргэний нэхэмжлэгч Э.Оийн эзэмшлийн Тоёота Ист маркийн 4949 УББ улсын дугаартай автомашиныг гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн эсэх нь хангалттай нотлогдохгүй байх тул мөрдөн байцаагчийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хураан авах тогтоолыг хүчингүй болгож /2-р хх-ийн 193/, Э.Оийн эзэмшлийн 4949 УББ улсын дугаартай Тоёото Ист маркийн машин, 00806435 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээг Э.От буцаан олгох нь зүйтэй байна.
2016 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн хураан авах тогтоолоор иргэний нэхэмжлэгч Д.Баас 4500000 төгрөгийн үнэ бүхий 12 цагаантай мөнгөн эмээл 1 ширхэгийг хураан авсан /1-р хх-ийн 193/, Д.Б нь тус шүүхэд “...өөрт учирсан хохирол болох 4500000 төгрөгийг нэхэмжилж байна...” /4-р хх-ийн 214/ гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч М.Г, Б.Ө, Б.Ч нараас 4500000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Бт олгохоор шийдвэрлэлээ.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 240000 /хоёр зуун дөчин мянган/ төгрөгийг шүүгдэгч М.Г, Б.Ч, Б.Ө нараас хувь тэнцүүлэн гаргуулж “Уваа-Уул” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Энэ хэргийн улмаас шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэнд тооцож, шүүгдэгч нарыг Монгол Улсын хилээс гадагш гарахыг хориглосон шийдвэрийг цуцлахаар шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эвдэрсэн цоож 1 ширхэг, төмөр сүх 1 ширхэг, мөнгөлөг өнгийн цоож 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Чд холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Т овгийн М.Г, Н овгийн Б.Ч, Х овгийн Б.Ө нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч М.Гт 2 /хоёр/ жил, шүүгдэгч Б.Өад 3 /гурван/ жил, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Чд 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.Гт 2 /хоёр/ жил, шүүгдэгч Б.Өад 3 /гурван/ жил, шүүгдэгч Б.Чд 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагат тус тус эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Гын цагдан хоригдсон 539, Б.Чын цагдан хоригдсон 266, Б.Өын цагдан хоригдсон 143 хоногийг хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тус тус тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар М.Гаас 1425666 /нэг сая дөрвөн зуун хорин таван мянга зургаан зуун жаран зургаан/ төгрөг, шүүгдэгч Б.Өаас 11425666 /арван нэгэн сая дөрвөн зуун хорин таван мянга зургаан зуун жаран зургаан/ төгрөг, шүүгдэгч Б.Чаас 11425666 /арван нэгэн сая дөрвөн зуун хорин таван мянга зургаан зуун жаран зургаан/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Ц.Дд, шүүгдэгч М.Гаас 1500000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг, шүүгдэгч Б.Өаас 1500000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг, шүүгдэгч Б.Чаас 1500000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийг тус тус гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Бт олгосугай.
7. Хохирогч Ц.Д 6850000 /зургаан сая найман зуун тавин/ төгрөг, хохирогч Т.Д 920000 /есөн зуун хорин мянган/ төгрөг, хохирогч С.Э 280000 /хоёр зуун наян мянган/ төгрөгийн эд зүйл тус тус буцаан авсныг, шүүгдэгч Б.Ч хохирогч Т.Д, С.Э нарт, шүүгдэгч М.Г хохирогч Ц.Дэжилдэлд 10 сая төгрөгийн хохирлыг төлсөн болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2, 4-т зааснаар шүүгдэгч М.Г, Б.Ө, Б.Ч нараас 281850 /хоёр зуун наян нэгэн мянга найман зуун тавин/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Ц.Дд, шүүгдэгч Б.Чаас 233391 /хоёр зуун гучин гурван мянга гурван зуун ерэн нэгэн мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.Дд, шүүгдэгч М.Г, Б.Ө, Б.Ч нараас 240000 /хоёр зуун дөчин мянган/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж “Уваа Уул” ХХК-д олгосугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Т.Бийн эзэмшлийн Каренс-2 маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоол, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн гэх Э.Оийн эзэмшлийн Тоёото ист маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 3 сарын 11-ний өдрийн тогтоол, Д.Бгийн эзэмшлийн старикс маркийн авто машиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 2 сарын 16-ны өдрийн хураан авсан тогтоолыг тус тус хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчид нь тээврийн хэрэгсэл болон түүний гэрчилгээ, татвар төлөгчийн гэрчилгээг тус тус буцаан олгож, шүүгдэгч М.Г, Б.Ө, Б.Ч нараас Д.Бгийн эзэмшлийн “старикс” машины үнийг хувь тэнцүүлэн албадан гаргуулж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тус тус зарцуулсугай.
10. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Экстра плус Баоксин топ секюрити” гэсэн бичигтэй эвдэрсэн цоож 1 ширхэг, төмөр сүх 1 ширхэг, хоёр талдаа “топ секюрити-экстра” гэсэн бичигтэй мөнгөлөг өнгийн цоож 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй
11. Энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Ч, Б.Ө, Ж.Е нарт Монгол Улсын хилээр гадагш гарахыг хориглосон тус шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 21 дугаартай тогтоолыг цуцалсугай.
12. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч М.Г, Б.Ө, Б.Ч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.
13. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.О