Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2019/ШЦТ/56

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,

Улсын яллагч П.Итгэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж,

Шүүгдэгч Б.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын
прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-т холбогдох эрүүгийн 1938000120035 дугаартай хэргийг  2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.Э-, 

Шүүгдэгч Б.Э- нь 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Х аймгийн Ж сумын - дугаар багийн М гэх газар хохирогч Б.С-ийг гараар цохиж, хутгаар хатгаж баруун дээд зовхи, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, дээд уруулын зүүн хэсэгт зулгаралт, нурууны зүүн дээд хэсэг, өгзөгний зүүн дээд хэсэгт шарх бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Э- нь 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Х аймгийн Ж сумын - дугаар багийн М гэх газар хохирогч Б.С-ийг гараар цохиж, хутгаар хатгаж эрүүл мэндэд нь баруун дээд зовхи, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, дээд уруулын зүүн хэсэгт зулгаралт, нурууны зүүн дээд хэсэг, өгзөгний зүүн дээд хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Тэгээд Б.Э- бид хоёр Б.Э-ын хашааны гадна талын сандал дээр сууж байгаад нөгөө тал шил архийг нь хувааж уусан...Тэгээд сүүлд нь Б.Э- хоёр гэрт нь орсон. Тэгэхэд Б.Э- мөн эхнэртэйгээ муудалцаад өгсөн. Тэгэхээр нь Б.Э- буцаад гэрээс нь гарсан. Тэгээд гэрээс гарсан хойноо Б.Э- бид хоёр дахин муудалцаад тэр үед Б.Э- миний зүүн бөөрний доод талд буюу өгзөгний дээд хэсэгт нэг удаа, зүүн талын нурууны суганы доохон талд бас нэг удаа хутгаар хатгасан байсан. Тэгээд сүүлд гэрт нь ороод миний гар утас байхгүй байхаар нь би Б.Э-аас “миний утас хаана байна” гэсэн чинь “чи намайг хулгайч гэлээ” гээд дахиад эхнэрийнхээ дэргэд миний нүүр лүү 2-3 удаа цохиж авсан...Б.Э- эхнэртэйгээ хамт миний нуруу болон өгзгөнд үүссэн шархыг үзээд Б.Э- өөрийнхөө төрсөн эгч Баярмаа сувилагчийг дуудаж үзүүлсэн...Би тэр үед нэг хэсэг болсон зүйлийг мэдээгүй. Миний нуруу өгзөгний шархыг Б.Э- эхнэртэйгээ үзэж байхад эхнэр нь “Б.Э-аа чи хутга аваад гарсан шүү дээ, чи хүн алчихлаа шүү дээ” гээд хашгираад байсан. Би гадаа Б.Э-тай барьцалдаж зууралдаж байхдаа Б.Э-ыг яг хутгалсаныг бол мэдээгүй байсан. Сүүлд гэрт нь орсон чинь нуруу хатгачих гээд өвдөөд байх үед л хутгалсан байна гэдгийг мэдсэн ...Би энэ хэргийн улмаас “цус багадсан” гэж эмч хэлсэн. Заримдаа толгой эргэдэг болсон. Би энэ хэргийн улмаас Мөрөн сум руу явж шүүх эмчид үзүүлсэн. Мөн тархины томографийн зураг авахуулсан. Мөн цээжний рентген зураг авахуулсан. Энэ бүгд төлбөртэй юм байна билээ. Гэхдээ энэ бүх зардлыг Б.Э- өөрөө гаргасан...Надад Б.Э-аас нэхэмжлэх зүйл байгаа...Энэ талаар аав өөрөө хэлэх байх. Надад зүгээр байж байгаад ийм хэмжээнд бие хаа өвдөж байгаад гомдолтой байна...Би 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Б.Э-аас 1.400.000 төгрөгийг өөрийнхөө Төрийн банкны цалингийн 211000155789 дансаар авсан...Анх Мөрөн сум руу эмнэлэгт үзүүлэх гэж явахад Б.Э- өөрийнхөө төрсөн эгч Баярмаагийн хамт авч явахдаа эмнэлэгт үзүүлэхэд шаардагдах эм тариаг авсан юм. Үүнд би Б.Э-ыг хэдэн төгрөг зарцуулсныг хэлж мэдэхгүй...Би ажил төрөлгүй болсон...Бие эрхтэн гэмтсэнээс болоод бие маань ажил хийж дийлэхгүй, одоо ч бараг хэвтэж байна. Мөн бие эрхтэн, сэтгэл санаагаар их хохирч байна. Тэгэхээр би гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 15-18-р тал/,

Гэрч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 22 цагийн үед найз Догсмаагийнхаас гэртээ ирэхэд манай нөхөр болох Б.Э- гэртээ хадам ах болох Баттулгын хамт архи уусан сууж байсан. Намайг гэртээ орж ирэхэд манай нөхөр Б.Э- Баттулга ахтай хамт гэрээс зөрөөд гарсан...Хэсэг хугацааны дараа Б.С-, Б.Э- нар орж ирээд гараад явсан...Шөнө хэдэн цагийн үед гэдгийг мэдэхгүй байна, Б.С-, Б.Э- хоёр хамт гэрт орж ирсэн гэрийн баруун талд суугаад юм яриад байж байсан. Түүнээс өмнө билүү, дараа нь билүү манай нөхөр гэрийн тогооны авдарны шүүгээнээс хутга аваад гарч харагдсан. Би тухайн үед яах гэж байгаа талаар ямар нэгэн зүйл бодолгүй унтсан. Намайг гэртээ унтаж байхад 06 цагийн үед байх Б.С- Б.Э- хоёр хоорондоо ярилцаж байхыг нь сонсоход Б.С- нь “найз нь гэртээ харьж унтах гэсэн нуруу өвөөд байна” гэж хэлж байх шиг байсан. Тэгээд Б.Э- Б.С-ийг татаж босгоод нурууг нь барьж үзэхэд гар нь цус болчихсон байсан. Тэгэхээр нь би “юу болоод байгаа юм” гээд дээлийг нь өмсүүлэх гээд байж байхад нурууг нь харахад цамц нь цус болоод нэвтэрчихсэн байсан. Тэгээд Б.Э-ын төрсөн эгч болох эмнэлэгт ажилладаг Баярмаа гэх хүнийг дуудаж үзүүлээд оёдол тавиулсан. Б.С-ийн хамаатны хоёр хүнийг дуудаад бүгдээрээ эмнэлэг рүү явсан...Тухайн үед би нөхрөөсөө “чи яагаад найзыгаа ингэчихсэн юм бэ” гэж намайг асуухад Б.Э- ямар нэгэн зүйл дуугарахгүй, “би найзыгаа ингэснээ санахгүй байна” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/,

Гэрч М.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: Би хүүгээ хутгалуулсаны маргааш өглөө мэдсэн сумын эмнэлгээс манай бэр Цолмонжаргал руу залгаад болсон зүйлийг хэлээд “эмнэлэг дээр шөл цай хийгээд ир” гэхээр нь... цай, шөл хийгээд эмнэлэг дээр очиход хүү маань шингэн залгуулсан хэвтэж байсан...Би энэ хоёр хүүхдийг яах вэ дээ уг нь хоорондоо зохицихвол түргэн шуурхай шийддэг гээд Мөрөн явцгаасан. Мөрөнд очоод зохицохгүй болоод буцаж ирцгээсэн. Би ямар ч байсан Мөрөнд бэлнээр авч очиж хүүгээ эмнэлэгт хэвтэхэд нь хувцас хунар, хоол цай, такси унаа зэрэгт нь зарцуулсан 500.000 төгрөгөө нэхэмжилж байна. Хүүхдүүд хоорондоо учраа олчихвол надад гомдол санал гээд юу байх вэ...Хуулийн дагуу шийдэгдэнэ биз дээ... гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/,

Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: Тэр өдрийн буюу 2018 оны 12 дугаар сарын 22-ны өглөөний үүрээр буюу 6 цагийн орчимд Б.Э- над руу утсаар яриад “би хүн хутгалчихлаа” гэсэн. Тэр үед би эмнэлэг дээр жижүүртэй хонож байсан учраас Б.Э-ынд очиж хутгалуулсан гэх орчимд, мөн өгзөгний зүүн дээд хэсэгт үүссэн шархыг цэвэрлэж лидаканаар мэдээгүйжүүлэлт хийж оёдол тавьсан. Тэгээд “эмнэлэгт аваачиж үзүүлээрэй” гээд орхиод явсан. Тэгээд ажил цуглахаас арай өмнө эмнэлэгт ирж Ц.Амарсайхан эмчийг дуудаж үзүүлээд тэгээд ажил цугласан. Тэгээд Б.С- хүлээн авахад хэвтэж шингэн хийлгэсэн тэгээд цагдаад мэдэгдсэн...Б.С-ийг эмнэлэгт очиж эмчид үзүүлсэний дараа...цус нэлээд алдсан байсан учраас шингэн их хийгдсэн. Тэгээд үдээс хойш аав нь Мөрөн сум руу авч явна гэсэн учраас эмнэлэгээс Мөрөн рүү аавд нь өгч явуулсан. Явуулахдаа өвчин намдаах лаа, анальгин, демидрол булчинд хийж, судсаар церокул хийж өгөөд явуулсан...Мөрөнд хийгдсэн эм тариаг би хариуцаж авч өгч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р тал/,

Шүүгдэгч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэртээ 19 цагийн үед манайд манай төрсөн эгчийн нөхөр болох Баттулгатай хамт манай гэрт нэг шил 0,5 литрийн Ерөөл нэртэй архи хувааж уусан юм...Тэгээд 00 цаг болж байхад манай хашаанд Ганбаа Б.С-ийн хамт ирсэн...Гадаа барьж гарсан 0,75 литрийн Соёрхол нэртэй архийг Б.С-тай хамт уусан. Тэгээд дахиж архи олж уухаар сумын төвийн хойшоо яваад нэг газраас архи авсан...Тэгээд тэр архийг хаана ууснаа санахгүй байна. Нэг сэртэл Б.С-тай хамт манай гэрт сэрсэн. Тухайн үед 5 цаг болж байсан. Б.С-ийг “босоорой” гэж хэлэхэд нуруу нь цус болсон байсан. Тэгээд эмнэлэг рүү хүн дуудаж оёдол тавиулсан...Надад Б.С-тай маргалдсан талаар санаж байгаа зүйл байхгүй байна. Б.С-ийн зүүн далны доод хэсэг, зүүн бөөрний мөн доод тал хутгалуулсан юм шиг шарх байсан...Энэ асуудлын талаар би санахгүй байна...Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...Би хохирогч Б.С-ийн эмчилгээний зардалд 1.400.000 төгрөгийг одоогийн байдлаар төлчихсөн байгаа. Би Б.С-аас эмчилгээний зардалтай холбоотой баримт нэхсэн боловч “баримттай, баримтгүй мөнгөө өг” гэж дарамталсаар байгаад авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23, 38-39-р тал/

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 36 дугаартай: Б.Сумьяадашийн биед баруун дээд зовхи, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, дээд уруулын зүүн хэсэгт зулгаралт, нурууны зүүн дээд хэсэг, өгзөгний зүүн дээд хэсэгт шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. Б.С-ийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 31-р тал/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-р тал/

Эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрөл /хх-ийн 6-7-р тал/

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 8-9-р тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

              Шүүгдэгч Б.Э- нь 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр согтуурсан үедээ Х аймгийн Ж сумын - дугаар багийн М гэх газар хохирогч Б.С-ийг гараар цохиж, хутгаар хатгаж эрүүл мэндэд нь баруун дээд зовхи, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, дээд уруулын зүүн хэсэгт зулгаралт, нурууны зүүн дээд хэсэг, өгзөгний зүүн дээд хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд, дээрх шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүд нь агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлт нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдал, хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх үзэв.

              Шүүгдэгчийн үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учирч болохыг ухамсарлаж, түүнийгээ хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэр, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.           

        Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, 1.400.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Б.Э-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Эрүүгийн 1938000120035 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 26.5 см урттай, бариул хэсгийн хойноосоо 8,5 см урттай, ясан бариултай, бариулаас урагш 3 см төмрөн хэсэгтэй, ажлын хэсэг нь 15 см урттай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй  болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Э- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн 1938000120035 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 26.5 см урттай, бариул хэсгийн хойноосоо 8,5 см урттай, ясан бариултай, бариулаас урагш 3 см төмрөн хэсэгтэй, ажлын хэсэг нь 15 см урттай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

5. Эрүүгийн 1938000120035 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь өөрт учирсан хохирлоо иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР