| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 130/2023/00703/И |
| Дугаар | 212/МА2023/00132 |
| Огноо | 2023-12-15 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 212/МА2023/00132
Б.А-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2023/00827 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ***** оршин суух хаягтай, одоо **** хотод оршин суух Б-ын А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***** оршин суух Т.М-д холбогдох,
“3 тооны адууны үнэ 3,300,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн үндэслэл:
1.1. Миний бие ар гэрийн гачигдал гарч эхнэрээ эмчлүүлэх шаардлага гарсан тул Казахстан Улсад 2015 оны намар түр хугацаагаар гэр бүлийн хамт явсан ба би өөрийнхөө мал хөрөнгөө таньдаг ойрын төрлийн хүмүүст захиж явсан юм.
1.2. Би өөрийн хэдэн адуугаа Д.Б-д хариуцаж байхаар захиж явсан. Уг нь, миний мал урд жилүүд ч гэсэн Д.Б-д байсан. Гэтэл миний төрсөн зээ болох Т.М- нь 2016 оны хавар унагалах гэж байсан хээлтэй хээр алаг зүсний гүү, ижил хээр алаг зүсний 2 насны 2 гүү, бүгд 3 гүүг Д.Б-д “А- аваарай” гэж хэлсэн... гээд аваад явсан байна.
1.3. Миний бие Казахстанаас жил бүр ирдэг бөгөөд ирсэн болгонд Т.М- дүүгээс адуугаа нэхэж асуухад тэрээр “би авсан нь үнэн, гүүгээ сааж ашиглаж байгаа, танд мөнгө, эсхүл 100кг ноолуур өгнө, та явахаас өмнө би өөрөө хүргэж өгнө” гэж хэлдэг байсан.
1.4. Миний бие энэ зун буюу 2023 оны зун Казахстанаас ирээд дахин түүний гэрт нь очиж “өгнө гэж байсан ноолуураа өг, эсхүл гүүгээ өг” гэж хэлэхэд Т.М- нь “чи мартах болоогүй юу, одоо чамд өгөхгүй, чи шүүхэд хандаад олоод ав” гэх мэтээр хэл амаар доромжлоод явуулсанд маш их гомдолтой явлаа.
1.5. Иймд хариуцагч Т.М-аас 3 гүүний үнэ болох 3,300,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
2.1. Нэхэмжлэгч Б.А- бол миний төрсөн нагац ах бөгөөд түүний хүү болох А.Х- нь аймгийн төвд амьдардаг байсан ба тэрээр 2013 оны 11 дүгээр сард манай гэрт ирээд надад “...би өвлийн идшиндээ адуу гаргах гэсэн юм. Гэтэл надад 1 унагатай гүү байна., та надад сувай гүү өгч оронд нь миний унагатай гүүг аваач, тэгэхгүй бол надад өөр идэш олдохгүй байна” гэж гуйсан тул би зөвшөөрөөд, өөрийн хээр зүсмийн сувай гүүгээ өгч явуулсан.
2.2.Харин түүний надад өгсөн унагатай гүүг 2014 оны 3 дугаар сард Д.Б-ын адуунаас бариулж аваад, өөрийнхөө адуун сүрэгтээ нийлүүлэн малласан. А.Х-ийн надаас авсан гүүг Ногооннуур сумын Х овогтой А гэх залуу аймгийн төв рүү хөтлөөд түүний гэрт нь хүргэж өгч байсан ба нэхэмжлэгчийн хүү А.Х- 2021 оны 9 дүгээр сард өвчний улмаас нас барсан.
2.3. Нэхэмжлэгч Б.А-ийн хүү талийгаач А.Х- бид хоёрын дунд дээрх байдлаар худалдаа наймаа явагдсан бөгөөд түүнээс хойш 11 жилийн хугацаа өнгөрсөн. Уг нь 11 жилийн хугацаанд нэг унагатай гүү 20-30 тооны адуу болж өссөн байх ёстой. Тийм байхад нэхэмжлэгч надаас 3 гүүний үнэ нэхэж байгааг нь ойлгохгүй байна.
2.4. Иймд Б.А-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл огт үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2023/00827 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 274 дугаар зүйлийн 274.1 дэх хэсэг, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Т.М-аас 3 тооны гүүний үнэ 3,300,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Б-ны А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,750 (жаран долоон мянган долоон зуун тавин) төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх Б.А-ийн нэхэмжлэлтэй Т.М-д холбогдох 3 тооны гүүний үнэ 3,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Иргэний хуулийг буруу тайлбарлан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
4.2. Хариуцагч Т.М- нь Б.А-ийн өмчлөлийн 3 тооны адууг Б.А-ийн малыг маллаж байсан Д.Б-оос хүлээн авсныг зөвшөөрсөн, Д.Б- нь Б.А-ийн 3 тооны адууг Т.М-д хүлээлгэн өгснийг мэдүүлсэн, Т.М- нь уг адууг Б.А-ийн хүү талийгаач Х-т өвлийн идшинд өгсөн гэсэн мэдүүлгүүдээр Т.М- нь Б.А-ийн адууг хүлээж авсан нь тогтоогдсон гэж үзэж байна.
4.3. Б.А- нь одоогоор Казахстан улсад түр амьдарч байгаа ба жил бүр Баян-Өлгий аймагт айлчлан ирэх үед иргэн Т.М-тай уулзаж, Т.М-аас “Би авсан нь үнэн, гүүгээ сааж ашиглаж байгаа, танд мөнгө, эсхүл 1000 кг ноолуур өгнө, та явахаас өмнө би өөрөө хүргэж өгнө’’ гэж хэлж байсан нөхцөл байдал, Б.А- нь 2023 оны зун Казакстанаас ирэхэд дахин Т.М- нь “чи мартах болоогүй юу, одоо чамд өгөхгүй, чи шүүхэд хандаад олоод ав” гэж хэлж байсан нөхцөл байдал зэрэг нь уг маргааны хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөгүй болохыг нотолж байна. Дээр дурдсан нөхцөл байдлуудыг анхан шатны шүүхээс Б.А-ийн нэхэмжлэлтэй Т.М-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарч үзээгүй, зөвхөн нэг талыг барьсан буюу хариуцагчийн эрх ашгийг илт хамгаалсан агуулгатай байсан гэж үзэж байна.
4.4. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтад нийцэхгүй байна гэж үзэж байна.
4.5. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 130\ШШ2023\00827 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгөхийг хүсье.
ХЯНАВАЛ:
5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаА- эрхийн үндэслэлийг буруу тодорхойлж, хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн тайлбарыг хуульд заасан журмаар үнэлээгүй тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.
6. Нэхэмжлэгч Б.А- нь хариуцагч Т.М-нд холбогдуулж 2015 оноос хойш иргэн Д.Б-д хадгалуулж үлдээсэн нас бие гүйцсэн 1 тооны гүү /1.800.000 төгрөг/, 1 тооны шүдлэн адуу /1.000.000 төгрөг/, 1 тооны унага /500.000 төгрөг/ нийт 3 тооны адуу буюу 3.300.000 төгрөгийг гаргуулахаар шаардаж Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 5 дугаар багийн Засаг даргын “Б.А-ийн 2015 оны жилийн эцсийн мал тооллогын тухай” албан бичиг, үнэ ханшны тодорхойлолт, гэрч Д.Б-ын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг эш үндэс болгож нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “2015 оноос Д.Б-д хадгалуулсан дээрх 3 тооны адууг 2016 онд Т.М- нь “А- аваарай гэж хэлсэн” гэж авч явсан байна. Түүнээс буцаан шаА-ад үнийг нь, эсхүл 100 кг ноолуур өгнө гэсэн боловч одоог хүртэл өгөөгүй” гэж тайлбарлажээ.
7. Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “2014 оны 3 дугаар сард Б.А-ийн хүү А.Х-ийн хүсэлтээр түүний унагатай гүүг Д.Б-ын адуунаас бариулж аваад, оронд нь өөрийн хээр зүсмийн сувай гүүг өгсөн, түүнийг А.Х-т Х.А гэх залуу хүргэж өгсөн, 10 жилийн хугацаа өнгөрсөн байхад адууны үнэ нэхэж байгааг ойлгохгүй байна” гэж хариу тайлбар гаргаж, иргэн Х.А-ын гарын үсгийн үнэн зөвийг нотариатчийн үүрэг гүйцэтгэгчээр гэрчлүүлсэн “2013 оны 11 дүгээр сард А.Х-т 1 тооны адуу хүргэж өгсөн” гэх агуулгатай баримтыг хавсаргажээ.
8. Нэхэмжлэгчийн тайлбар, түүнд хавсаргасан бичмэл нотлох баримтууд, гэрч Д.Б-ын шүүх хуралдаанд гаргасан “Унагатай алаг гүү, алаг даага зэрэг 3 тооны адууг Т.М- гэдэг хүн Б.А- гэдэг хүнээс авсан гэхээр нь /өөрийнхөө адуунаас/ барьж өгсөн. Дараа нь тэр талаараа Б.А-т хэлсэн. /Б.А-ийн/ 10 гаруй адуу нь байсан. Олон жилийн өмнөөс хариулж байгаа. Алаг гүү 10 настай, алаг даага эм, алаг унага 3 байсан” гэсэн мэдүүлэг зэргээс дүгнэвэл, хариуцагч Т.М- нь өмчлөгч Б.А-ийн зөвшөөрөлгүйгээр түүний иргэн Д.Б-д 2015 оноос хойш хадгалуулж байсан 3 тооны адууг 2016 оны хавар авч явсан нь нотлогдсон бөгөөд хариуцагч Т.М-ы “Б.А-ийн 1 тооны унагатай гүүг түүний хүү А.Х-ийн хүсэлтээр өөрийн сувай гүүтэй сольсон” гэх тайлбар үндэслэлгүй, талийгаач А.Х-тэй тохиролцож Б.А-ийн Б.Б-д хадгалуулж байсан 1 тооны унагатай гүүг авахдаа өмчлөгчийн зөвшөөрлийг авсан эсэх нь нотлогдоогүй, түүний гаргаж өгсөн иргэн Х.А-ын гарын үсэг бүхий баримт нотолгооны ач холбогдолгүй, хуульд заасан баримтат мэдээлэл бүхий нотолгооны аль нэг хэрэгсэлд хамаарахгүй байна.
9. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн дээрх 2 төрлийн бичмэл баримт болон гэрч Д.Б-ын мэдүүлгийг давж заалдах шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй гэж дүгнэсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Харин хариуцагч Т.М- нь өөрийн татгалзлын үндэс болсон, хуульд заасан шаардлагыг хангасан нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, татгалзлаа нотлоогүй, түүний хариу тайлбараас үзвэл тэрээр Д.Б-ын адуун сүрэгт байсан нэхэмжлэгч Б.А-ийн өмчлөлийн 1 тооны унагатай гүүг түүний хүү А.Х-ийн хүсэлтээр өөрийн 1 тооны гүүтэй сольсон бөгөөд энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл болохгүй юм. Хариуцагч Т.М- нь нэхэмжлэгч Б.А-ийн өмчлөлийн 3 тооны адууг Д.Б-ын адуун сүргээс авч явсан нь Д.Б-ын гэрчийн мэдүүлгээр хангалттай нотлогдсон тул нэхэмжлэл үндэслэлтэй.
10. Иймээс хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримтад шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг хэрэглэж, зохигчийн хооронд гэрээнээс үүдэлтэй шаА- эрх, эсхүл бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэх, эсхүл зөрчлийн улмаас үүрэг үүсээгүй, хариуцагч Т.М- нь нэхэмжлэгч Б.А-ийн 3 тооны адууг тэдгээрийн хооронд ямар нэгэн эрх, үүрэг үүсээгүй байхад түүний зөвшөөрөлгүйгээр Д.Б-оос авч явсан, бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
11. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй тул түүнд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэсэн агуулгатай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Я.Сьездийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Зохигчийн хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд заасан арилжааны гэрээтэй холбоотой эрх зүйн харилцаа үүсээгүй, Б.А- нь өөрийн хүү А.Х-т Д.Б-д хадгалуулсан мал сүргээ захиран зарцуулах эрх олгосон эсэх нь тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх хэргийн үйл баримтад арилжааны гэрээтэй холбоотой хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй болжээ. Зохигчийн хооронд гэрээнээс үүдэлтэй эрх, үүрэг үүсээгүй тул анхан шатны шүүхийн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтыг хэрэглэж гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаарх дүгнэлт хэргийн үйл баримтад нийцээгүй, харин нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлгийг үндэслэн нэхэмжлэгч Б.А- нь мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацааны дотор бусдын үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй холбоотой шаА- эрхээ хэрэгжүүлж, шүүхэд мэдүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2023/00827 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:
“Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, И овогт Т.М-аас 3 тооны адууны үнэ 3.300.000 (гурван сая гурван зуун мянга) төгрөг гаргуулж К овогт Б.А-т олгосугай” гэж,
2 дахь заалтын “...Б.А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,750 (жаран долоон мянган долоон зуун тавин) төгрөгийг улсын орлого болгосугай” гэснийг “...Б.А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,750 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Т.М-аас 67.750 төгрөг гаргуулж Б.А-т олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Я.Сьездийн давж заалдах гомдлыг хүлээж авсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67.750 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас буцаан гаргуулж, Б.А-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК