Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 52

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0079/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн даргаар                              Ж.Мөнхчимэг,

Улсын яллагч                                               Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч                                                       Н. нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдовоос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.д холбогдох эрүүгийн 1939001020061 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1970 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, эрэгтэй, 49 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, зээ хүүгийн  хамт Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг, Буурлын хороо 710 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх Н. /РД:/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н. нь 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг, Буурлын хорооны 710 тоотод иргэн Р.Алтантуяаг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирлол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н. нь 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг, Буурлын хорооны 710 тоотод иргэн Р.Алтантуяаг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирлол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-9 тал/,

Хохирогч Р.Алтантуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...би архиндаа согтоод тасарчихсан байна лээ. Нэг ухаан ороод хагас дутуу сэргэхэд би Алтанзулын гэрт орон дээр нь сууж байсан. Тэгээд би сууж байсан орноосоо босоод Алтанзулын угаалтуурынх нь хувин дотор шээх гээж байгаад халтираад урагшаагаа духаараа шал мөргөөд уначихсан юм. Унахдаа би хувинтай угаадасыг нь асгачих шиг болсон. Тэгэхэд Алтанзулын нөхөр Н. нь уурлаад намайг алгадаад авах шиг болсон бөгөөд би яг аль хацар руугаа алгадуулснаа сайн санахгүй байна. Тэгээд л би Алтанзулын орон дээр нь очоод унтаад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,

Гэрч Д.Алтанзулын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгээд байж байхад Алтантуяа эгч архиндаа согтоод унаж тусаад орилж хашгираад шээе гээд байсан. Тэгэхээр нь би угаалтуурынхаа хувинг Алтантуяа эгчид гаргаж өгөөд ийшээ шээчих гэхэд Алтантуяа эгч хувин дотор маань шээх гэж байгаад халтираад урагшаа духаараа шал мөргөөд унасан бөгөөд унахдаа хувинтай угаадасыг маань асгачихсан. Тэгэхэд манай нөхөр Н. уурлаад Алтантуяа эгчийн зүүн хацар руу нь нэг удаа алгадсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019.02.15-ны өдрийн №78 дугаартай: “...Р.Алтантуяагийн биед дух, хамар, зүүн хацар, шанаа, 2 нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 32 тал/,

Шинжээч эмч Л.Бямбатуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 33 тал/ зэрэг 

Яллагдагч Н.ийн мөрдөн байцаалтад болон шүүх хуралдаанд шүүгдэгчээр өгсөн: “...Би Алтантуяагийн биед гэмтэл учруулсан асуудлаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Н.т холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Н.ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас Р.Алтантуяагийн биед хөнгөн гэмтэл учирсан бөгөөд хохирогч Р.Алтантуяа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 51 тал/ гэсэн тул шүүгдэгч Н.ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.т холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан бөгөөд шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан ялын саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Н. нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Н. нь түүнд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд 100.000, 200.000, 200.000  төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н. нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Ц.МӨНХТУЛГА