Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/25

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Х.Ганзориг,

улсын яллагч Э.Нямбилэгт,

шүүгдэгч Ч.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Хөндлөн овогт Ч-н А-т холбогдох эрүүгийн 1917000150022 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1969 оны 05 дугаар сарын 25-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын  дүгээр баг,  дугаар байрны  тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Чойр хотын шүүхийн 1992 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор /1986 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан гэх Х овогт Ч-н А /РД:

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Ч.А нь 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 20 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3-р баг, Хэрлэнгийн 2-06 тоот хашаанд М.Б-н зүүн суга руу хутгаар нэг удаа хутгалж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Ч.А нь 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 20 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Хэрлэнгийн 2-06 тоот хашаанд хохирогч М.Б-н зүүн суга руу хутгаар нэг удаа хутгалж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Ч.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр би архи жоохон уусан байсан. Б-г хэл амаар доромжлоод байхаар нь айлгах санаатай хутгаар шүргэсэн. Тэрийгээ мэдэхгүй байж байгаад өглөө нь мэдсэн. Тэгсэн суга руу нь орчихсон байсан. Хутгаа савтай үнс рүү чулуудсан байсан чинь өглөө нь хогийн машин ачаад явсан байсан гэв.

 

1.2. Шүүгдэгч Ч.А мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр С.Б-н зүүн суга руу хутгалж хөнгөн гэмтэл учруулсан асуудлаар шалгагдаж байгаа. 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр манай нөхрийн дүү Б-н төрсөн өдөр болсон. Б-н төрсөн өдөрт очоод 18 цагийн үед Хэрлэнгийн 2-6 тоот хашаанд байдаг гэртээ очсон. Тэгээд гэртээ ороод байж байгаад хажуу айлдаа орсон. Б нэг танихгүй залуутай хамт ирсэн. Би Б-с эгчдээ нэг пиво аваад өгчих гээд нэхсэн. Тэгээд надад дэлгүүрээс пиво авч өгсөн. Б авч өгсөн үү, хажууд нь байгаа залуу авч өгсөн үү мэдэхгүй байна. Би тухайн үед нилээн согтсон болохоор сайн санахгүй байна. Б тэр пивийг манай хашаанд машин дотор уусан гээд байгаа. Би болохоор хөдөө гарч уусан гэж санаад байгаа юм. Нэг мэдсэн Б-тэй маргалдсан. Б таньтай унтана гээд олон юм яриад байсан. Тэгэхээр нь уур хүрээд гэр лүүгээ ороод хутга авч гараад айлгах санаатай хутгаараа савсан чинь Б-н зүүн суга хавьд шүргээд өнгөрөх шиг болсон. Би тухайн үед хутгалснаа мэдээгүй. Тухайн үед би пиво уусан дээр нь уур хүрсэн байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна. Тэгээд маргааш өглөө нь босоод хажуу айл Г-н гэрт орсон чинь Г надад хандаад та өчигдөр шөнө Б-н зүүн суга орчимд хутгалсан. Би Б-н шархийг нь орныхоо даавуугаар боож өгсөн гэж хэлсэн. Би Б-г хутгалсны дараа Г-н гэрт орсон гэсэн. Тэрийгээ мөн санахгүй байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/

 

1.3. Хохирогч М.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гэрээс гараад сүм орохоор явж байтал хөдөөний бололтой дээлтэй хүнтэй тааралдсан. Тэр хүн өөрийгөө О гэж танилцуулаад та харахад хөдөөний бололтой хүн байна. Та надад нэг унаа олоод хөдөө гэрт хүргээд өгөөч гээд гуйхаар нь би хүргэн Н луу утсаар ярьсан чинь Н тэгье гэсэн. Тэгээд Н-н машинтай хамт хөдөө Сансар уулын ур талд О-н гэрт очоод хонь, ямаа хоёр аваад буцаад хамт Чойр луу явсан. Чойрын төв дээр ирээд хонь, ямаа хоёроо зарсан. Тэгээд О дэлгүүрээс 3 шил 0.75 литрийн Ерөөл нэртэй архи аваад нэг айлд очьё гээд Н бид хоёрыг дагуулаад явсан. Тэгээд Хэрлэнгийн эгнээнд Г гэх айлд очсон. Г-н гэрт ороход Г, мөн нэг эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан. Тэр хэд архи уусан байсан бололтой байсан. Тэгээд тэнд архи ууцгаасан. Г-н хажуу айлын А Г-н гэрт орж ирсэн. А согтуу архи уусан байдалтай орж ирсэн. А О-р 2.5 литрийн хүрэн савтай пиво авахуулсан. Архи пиво ууж байхад А юунаас болоод уурлаад байгаа нь мэдэгдэхгүй уурлаад байгаа бололтой байсан. Тэгж байгаад А гэр лүүгээ орлоо гээд гараад явсан. Н архи уугаад согтоод машиндаа унтаад өгсөн. О бид хоёр Г-н гэрт байж байгаад гараад ирсэн чинь А гэрээсээ орилоод хашхираад гараад ирсэн. О бид хоёр луу А ирээд О-г түлхээд газар унагаасан. Тэгэхээр би хажуунаас нь яаж байгаа юм бэ гэсэн чинь А зүүн суганы доод хэсэгт цохисон. Тэгээд удаагүй зүүн суга руу халуун оргиод эхэлсэн. Тухайн үед гадаа харанхуй байсан болохоор А-н гарт нь юу байсан талаар харж чадаагүй. Тэгээд Г-н гэрт ороод Г-т А намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Г миний цамцыг сөхөөд харсан чинь ангайсан шарх байсан. Тэр шархнаас цус гарч байсан. Г нэг даавуугаар миний шархийг боож өгсөн. Тэгээд шууд гараад О-н хөдөө гэрлүү явсан. О-н гэрт очоод шөнө болсон болохоор тэндээ хоносон. Маргааш өглөө бие өвдөөд байхаар нь босоод 0.75 литрийн Ерөөл байхаар нь тэрнээс нь уусан. Тэгээд хөдөөнөөс ирээд эхнэр Д-д хэлээд эмнэлэгт үзүүлсэн. Эмнэлгээс цагдаа дуудсан... гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/

 

1.4. Яллагдагч Ч.А-г хохирогч М.Б-тэй нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

Яллагдагч Ч.А мэдүүлэхдээ

Би урд өгсөн мэдүүлэгтээ Б-г пиво авч өгсөн гэж андуурч хэлсэн байна. О авч өгсөн юм байна. О-н авч өгсөн пивийг манай гэрээс холдоод зайдуу гараад уусан. Яг хаана очиж ууснаа мэдэхгүй байна. Хонхорын гэрэл урд талд харагдаж байсан. Машин дотор уусан. Тухайн үед Б надтай маргалдсан, юунаас болоод маргалдсанаа санахгүй байна. Би урд өгсөн мэдүүлэгтээ айгаад Б надтай унтана гээд байсан гээд хэлчихсэн юм. Тухайн үед Б халамцуу байсан. Би архи уусан, нилээн согтсон байсан. Б-тэй маргалдсан уурандаа гэрээсээ хутга аваад Б-г айлгах санаатай савсан чинь зүүн суга хавьд шүргэх шиг болсон.Тухайн үед би Б-г хутгалснаа мэдээгүй. Маргааш нь Г-с Б-г хутгалсан гэдгээ мэдсэн.

Хохирогч М.Б мэдүүлэхдээ

Би А эгчтэй маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Хоорондоо жоохон үг сөрөлцсөн байх. Юунаас болж муудаад байсан талаар мэдэхгүй байна. Би А эгчтэй унтана, хэвтэнэ гэсэн зүйл яриагүй. Би юу гэж эгч шиг, ээж шиг хүнтэйгээ тийм зүйл ярих юм бэ, пиво уухдаа А эгчийн гэрээс жоохон урагш гараад зогссон, гэрээс нь холдоогүй. А манайд уугаад яах юм бэ ийшээ жоохон  холдоод уучихий гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/

 

1.5. Гэрч Ю.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр би Сүмбэр сумын төвд явж байгаад Б буюу Б гэх хүнтэй танилцсан. Тэгээд Б бид хоёр Г-н гэрт хамт архи ууж байгаад би хөдөө гэр лүүгээ явахаар болоод Б-г унаа олоод хөдөө гэр лүү хүргээд өгчих гэж хэлсэн чинь Б өөрийнхөө хамаатан гэх Н гэх залууг утсаар дуудахад Н машинтай ирээд намайг тэр хоёр хөдөө гэрт хүргэж өгсөн. Н, Б бид гурвыг манай хөдөө гэрт очиход гэрт хүн байгаагүй. Тэндээ бид нар үргэлжлүүлээд хоёр шил 0.75 литрийн Хараа нэртэй архи хувааж уучихаад Н надаас хөдөө явах гэж байгаа юм бензиний мөнгө хийх гэсэн юм, нэг хонь өгчихөөч гэж гуйхаар нь би түүнд нэг шүдлэн эр хонь барьж өгөөд бид гурав тэр хонийг, би мөн нэг ямаа барьж аваад нэг хонь, нэг ямаагаа Н-н машинд ачаад буцаад Чойрт орж ирээд хонь, ямаа хоёроо зарчихаад ямааныхаа мөнгийг би аваад Сүмбэр сумын төв дээр байдаг миний танил Г гэдэг айлын хашаанд очиход Б Г-н хашаанд байдаг хажуу айлын хүнийг таньдаг гээд тэр айл руугаа орсон. Би Г-н гэрт орсон. Би Г-н гэрт орохдоо нэг шил 0.5 граммын Хараа архи авч очсон байсныгаа Г болон тэдний гэрт хамт байсан С эгч, Н, Б, мөн нэг танихгүй эрэгтэй хүн, А гэх хүн бид нар түүнийг хувааж уусан. Тэр архиа хувааж ууж дуусчихаад А гэх эмэгтэй надаас нэг пиво аваад өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би А гэх эмэгтэйд 2.5 литрийн Боргио нэртэй пиво нэгийг авч өгөөд буцаад Г-н гэрт очоод тэндээ бид нар тэр пивийг хувааж уугаад дууссан чинь А гэх эмэгтэй гэр лүүгээ орно гээд гараад явсан. Б, Г бид нар гэрт нь үлдээд байж байгаад Б намайг манай хөдөө гэрт хүргэж өгөх гээд гэрээс нь гарсан чинь А гэх эмэгтэй өөрийнхөө гэрээс агсам тавиад хашигчиж гарч ирээд намайг нэг удаа цохиод унагасан. Гэтэл Б А гэх эмэгтэйд хандаад болиоч гээд намайг татаад босгосон. Тэгэхээр нь би хашаанаас гарсан чинь А гэх эмэгтэй Б рүү дайраад хашаан дотор үлдсэн. Миний араас удалгүй Б гарч ирээд намайг А хутгалчихлаа гэж хэлээд машинд бид хоёр суугаад Н машин бариад Чойр дээр Б-н  хамаатан гээд нэг айлын гадаа очоод Б Нхоёр нэг айл руу орчихоод гарч ирээд одоо зүгээр гээд бид гурав манай хөдөө гэр лүү явсан. Тэгээд тэндээ хоноод маргааш өглөө нь буюу 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө Б, Н нар Чойр луу яваад би гэртээ үлдсэн. Манай гэрт Б, Н нар хоноод явахдаа Б-н өмсөж явсан фудволк нь цус болсон байсан учир надаас нэг фудволк авч өмсөөд нөгөө цус болсон фудволкоо өөрөө аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/

 

1.6. Гэрч Р.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Нөхөр Б 4 хүүхдийн хамт бид нар Говьсүмбэр аймгийн төвд байх Сүмбэр сум 1 дүгээр баг, Багш нарын байрны 311 тоотод байсан юм. Би 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 9 цаг 30 минутын үед Христийн цуглаанд очихоор гэрээс гарсан юм. Цуглаан 11 цагаас байсан тул замаараа С эгчийнд очсон. Харин нөхөр Б 4 хүүхдийн хамт гэртээ үлдсэн. Тэгээд 12 цагаас 13 цагийн орчимд 85... дугаарын утсаар залгахад хөдөө 10-аад километр газар айл руу явчихаад ирье гэж хэлсэн. Тэгэхээр нь би за за гэж хэлээд утсаа салгасан.  Тэгээд би 13 цаг өнгөрөөгөөд гэртээ харьсан. Тэгээд би 20, 22, 23 цагийн орчимд залгахад гар утас нь холбогдохгүй байсан. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө 10 цаг өнгөрч байхад манай нөхөр Б 85... дугаарын утсаар над руу залгасан. Тэгэхээр нь би хүүгийнхээ 94... дугаараас эргээд залгаад чи хаана байгаа юм бэ, гэж асуухад Сансар ууланд байна, одоо ингээд гарлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би за за гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд 2-3 цагийн дараа дахиад залгаад чи яасан бэ гэж хэлэхэд гарч амжаагүй байна одоо гарлаа гэж хэлээд утсаа тасдаад дахиж утас нь холбогдоогүй. Тэгээд орой 22 цаг болох гэж байхад би Ц эгчийнд байж байгаад гэртээ орсон чинь манай хүүхдүүд аав ирсэн, хутгалуулсан байна гэж хэлсэн. Харин манай нөхөр гараад явчихсан байсан. Тэгсэн удалгүй манай гаднаас хүргэн Н-тай цуг орж ирсэн. Тэгээд би Наранбаатарын машиныг бариад аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/

 

1.7. Гэрч Б.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Тухайн өдөр орой харанхуй болсон байхад /цагийг нь мэдэхгүй байна/ миний танил Б /бид нар Б гэж дууддаг/ О мөн нэг танихгүй залуугийн хамт манайд орж ирсэн. Би өдөр нь архи уусан согтуу орондоо орсон хэвтэж байсан. Тэр хэд архи аваад орж байсан, ямар архи байсан талаар мэдэхгүй байна. Тэгээд би хэвтэж байгаад унтаад өгсөн байсан. Нэг сэрэхэд Б гаднаас А-т хутгалуулчихлаа гээд ороод ирсэн. Би босоод Б-н дээлийнх нь цээж хэсгийг тайлуулаад харахад зүүн суганы доод хэсэгт ангайсан шарх байсан. Жоохон цус гарсан байсан. Би орныхоо даавуугаар шархыг нь боож өгсөн. Араас Алтанцэцэг эгч орж ирээд би Б-г хутгалчихсан юм аа гэж хэлсэн. Тэгээд тэр хэд манай гэрээс гараад явсан. Би гэртээ унтаад үлдсэн. Өөр зүйл болоогүй. Би Б-г гэрээс гарахад нь эмнэлэгт үзүүлээрэй гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/

 

1.8. Гэрч Н.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Тухайн өдөр гэртээ байж байтал Б над руу утсаар яриад завтай байна уу хөдөө яваад өгөөч гэсэн. Би тэгье гэсэн. Тэгээд Б-тэй очиж уулзсан. Мөн хамт О гэх залуу байсан. Б, О нартай хөдөө гэрт нь очихоор явсан. О-н гэрт очоод хонь, ямаа хоёр аваад буцаад Чойрт ирсэн. О Чойрт ирээд хонь ямаа хоёроо зарчихаад Г гэх эмэгтэйн гэрт очсон. Тэдний гэрт очоод архи уугаад байсан. Би Г-н гэрт ороод сууж байгаад гадаа машиндаа ороод унтаад өгсөн. Би машин барьж явсан болохоор архи уугаагүй. О надад хөдөө хүргүүлнэ гээд хонь зараад бензин хийж өгсөн юм. Би О, Б нарыг хүлээгээд хашааных нь гадаа байж байсан. Нэг сэрэхэд О, Б нар дэлгүүр ороод ирье гэсэн. Мөн одоо энэ А гэх эмэгтэй хамт ирсэн. Тэгээд дэлгүүр ороод нэг том савтай пиво авсан. А нь Г-н хажуу талын айлын хүн юм байна лээ. Тэгээд буцаад А-н гэр лүү явж байтал А манай нөхөр уурлана, жоохон ийшээ гараад зогсчих гэсэн. А нилээн согтуу байсан. А-н гэрээс жоохон холдоод зогссон. А О билүү Б-тэй үг сөргөлцөөд байсан. Тэгээд маргалдах шинжтэй болохоор нь би буцаад А-н гэрийн гадаа очсон. Би хашааны гадаа машиндаа хэвтэж байтал Б, О нар гарч ирсэн. Б хутгалуулчихлаа гэж байсан. Хэнд хутгалуулснаа хэлэхгүй байсан. Тэгээд хөдөө О-н гэрт очсон. О-н гэрт очоод Б-г А-т хутгалуулсан гэж мэдсэн. Урьд нь надад юм хэлээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/

 

1.9. Гэрч Д.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Үзлэгийн хуудаснаас харахад 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр М.Б бусдад хутгалуулсан гэх оношоор үзүүлсэн байсан. Өөр яасан талаараа хэлээгүй байна. Тухайн үед Б-н амнаас архи үнэртэж байсан. Үзлэг хийхэд зүүн суганы урд шугамаар 3,4-р хавирганы түвшинд ойролцоогоор 3х5 см хэмжээтэй 7-8 см орчим хавирга дагасан цээжний хананы шархтай байсан. Цээжний хөндий рүү нэвтрээгүй байсан. Шарханд цэвэрлэгээ хийж оёдол тавиад мэс заслын амбулаториор боолт хийлгээрэй, өвчин нэмэгдээд байвал эргэж үзүүлээрэй гэж хэлээд гэрт нь буцаасан байна. Б-н эхнэр нь  2019 оны 01 дүгээр сарын 13-ны орой хүнд хутгалуулсан байна гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/

 

1.10. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 37 дугаартай дүгнэлтэд:

- М.Б-н биед зүүн суганы дунд шугамаар 4,5-р хавирганы түвшинд шарх, урд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.С гэжээ. /хх-ийн 31 дүгээр хуудас/

 

1.11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 687 дугаартай дүгнэлтэд:

- Шинжилгээнд ирүүлсэн “Б 39 эр” гэж хаягласан цусанд 3.1 промилли спирт хэрэглэсэн. Цусан дахь 3.1 промилли спирт нь согтолтын хүнд зэрэгт хамаана.

Дүгнэлт гаргасан: Химийн шинжээч, Цагдаагийн ахлах дэслэгч А.Б гэжээ. /хх-ийн 36 дугаар хуудас/

 

1.12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 686 дугаартай дүгнэлтэд:

- Шинжилгээнд ирүүлсэн М.Б-н гэх цус нь ABO системээр B/III/ бүлгийн харьяалалтай байна.

Дүгнэлт гаргасан: Биологийн ахлах шинжээч, Цагдаагийн хошууч Ж.О гэжээ. /хх-ийн 38 дугаар хуудас/ зэрэг болно.

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Ч.А-н үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Ч.А нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Ч.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Ч.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Хохирогч М.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

А надаас уучлалт гуйсан. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Одоо эмчилгээний хэдэн төгрөг өгчих юм бол нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/

Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. А-тэй сайн дураараа эвлэрсэн. Хохирлын тал дээр маргаангүй болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/

 

2.2. Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

А-н хувьд шударга зантай, хүнд их тусархуу, хүүхдэд их хайртай. Ааш зангийн хувьд элдэв янзын муухай ааш зан байхгүй. А архи уухгүй 6 жил болж байгаа гэсэн. Яагаад архи уусан талаар мэдэхгүй байна. Хар бор ажилд их сайн. Гэр орондоо цэвэр цэмцгэр байдаг. Өөрийнхөө хариуцсан ажлыг сайн хийдэг. Хүний хувьд өөлөөд хэлэх муу үг байхгүй. Тухайн үед юу болоод ийм асуудалд орсон талаар мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/

 

2.3. Гэрч Т.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

А-н хувьд цагаахан зантай. Хүнд их тусархуу, найз нөхөдтэйгээ эвсэг нийтэч зантай. Найз нөхөдтэйгээ илэн далангүй ярьдаг. Цэвэрч нямбай зантай. Гэр орондоо их цэвэрч нямбай байдаг. Бид хоёр хамт АА нийгэмлэгт хамт явдаг. Бид хоёр 6 жил найзалж нөхөрлөж байгаа. Сүүлийн 6 жил огт архи амсаагүй байсан. Архи уусан гэхээр гайхаад байгаа юм. Ер нь бол өөлөөд хэлэх муухай ааш зан байхгүй. Урд нь хүнтэй маргалдаж муудалцаж байсан талаар би мэдэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/

 

2.4. Хохирогч М.Б-н мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлт /хх-ийн 45 дугаар хуудас/

 

2.5. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 дугаар хуудас/

 

2.6. Чойр хотын шүүхийн 1992 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 60-61 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ч.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

          Иймд шүүгдэгч Ч.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч Ч.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

          Шүүгдэгч Ч.А нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болно.

         

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасаныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Ч-н А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ч.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Ч.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ч.А нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Т.ЭНХМАНДАХ