| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2019/0028/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/26 |
| Огноо | 2019-03-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2019/ШЦТ/26
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга П.Р,
улсын яллагч Э.Н,
шүүгдэгч Н.Ц нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Н-ын Ц-т холбогдох эрүүгийн 1917000140020 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 15-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Н-ын Ц /РД:НЧ72072015/, Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд 1972 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 4 дүгээр байрны 4-54 тоотод оршин суух, “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Говьсүмбэр салбарт жолооч ажилтай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй гэх,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч Н.Ц нь 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 23 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Сангийн аж ахуйн 6-н байшингийн 24-01 тоот хашаанд иргэн Ц.О-ын нүүрэн тус газар алгадаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Н.Ц нь 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 23 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Сангийн аж ахуйн 6-н байшингийн 24-01 тоот хашаанд Ц.О-ыг эхнэр Д.Д-тэй удаа дараа архи уусан гэх шалтгаанаар нүүрэн тус газар алгадаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч Н.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр манай эхнэр Д, О хоёр орой ажлаа тараад архидсан. Тэр нь нэг удаа биш нэлээн хэдэн удаагийнх. Эхнэр болохоор утсаа авахгүй, О утсаа авахаараа би ажилтай явж байна гээд худлаа яриад байдаг. Тэр орой гэртээ ирэхгүй болохоор нь хүүхдээрээ О луу залгуулаад асуулгасан чинь би танай ээжтэй цуг байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд орой 23 цагийн үед эхнэр согтуу би хаана байгаагаа мэдэхгүй байна чи намайг ирж ав гэхээр нь очиж авсан. Чи хаана архи уусан бэ гэсэн чинь миний хэнтэй архи уух чамд хамаагүй гэж хэлсэн. Тэгээд эхнэрийг машиндаа суулгаад тэр айл руу орох гээд явж байсан чинь хашаан дотор О согтуу явж байсан. Тэгэхээр нь би очоод чи архи уудаггүй гэчихээд яагаад согтуу явж байгаа юм бэ гэсэн чинь би уугаагүй гэсэн. Тэгэхээр нь би чи цуг уусан л байна шүү дээ гээд 1 удаа зүүн хацар луу алгадаад гараад явсан. О-т эмчилгээний зардал 110 000 төгрөг өгсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.
1.2. Хохирогч Ч.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Нямсайхан эгч Дугуй дэлгүүрээс юм авна гээд дэлгүүрийн гадна зогсоход Д ганц шил архи авчих гэхээр нь би нөхөр чинь дараа нь бөөн юм болдог биз дээ гэхэд зүгээрээ гэсэн. Би Дугуй дулгүүрээс 0,5 литрийн Хар экс архи аваад Н эгчийг замдаа гэрт нь буулгаж өгөөд 11 дүгээр байр 12 дугаар байрны голын зогсоол дээр очоод Х айлаас юм авна гээд ороход нь Д бид хоёр сүүдрэвчинд сууж байгаад авсан архиа уусан. Тэгээд Х-ын эхнэртэй уулзана гээд явахдаа замаараа Андууд дэлгүүрээс 0,75 литрийн Хар экс архи нэг шилийг аваад гэрт очсон. Д бид хоёр авч очсон архиа гаргаад Х-ын эхнэртэй хувааж уусан. Миний утас руу Д-ийн охин залгаад ээж байна уу гэхээр нь байхгүй эгч нь өөр газарт байна гэж хэлсэн. Харин Д нь нөхөр Ц-ыгаа дуудсан байсан. Тэгээд удалгүй Д Х-ын гэрээс гараад явсан. Удаагүй хашааны гадаа Д орилоод байхаар нь гарч очоод Х-ын 00 ар талд нуугдаж байгаад харсан чинь чимээгүй болохоор нь гайгүй болоод яваад өглөө гэж бодоод 00 араас гараад ирэхэд Ц хашааны хаалгаар орж ирээд үгийн зөрөөгүй миний зүүн хацар луу нэг удаа хүчтэй алгадахад би газар баруун талаараа унасан. Ц намайг чи эхнэр уруу татаж архи уулаа янхан архичин, дарга нарт чинь хэлж ажилгүй болгоно гэж байгаад яваад өгсөн. Би Х-ын гэрт ороод жаахан уйлж сууж байгаад цагдаа дуудсан. Тухайн үед миний баруун талын шанаа шороо болоод толгой өвдөж байсан. Ц-т цохиулахаас өмнө надад ямар нэгэн гэмтэл байгаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 17-19 хуудас/
1.3. Гэрч Г.Х мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Д эгч О нар танай эхнэртэй дотно танилцъя гээд дэлгүүр ороод 0,75 литрийн Хар экс архи аваад манайд очсон. Би тэр архинаас 2 хундага уугаад өдрийн ажилдаа ядраад унтаад өгсөн байсан. Тухайн үед Д эгчийн нөхөр О луу яриад Д эгчийг асуугаад байсан. О байхгүй гээд хэлсэн юм байна лээ. Маргааш өглөө босоод ажил дээрээ очоод О-ыг Д эгчийн нөхөр Ц алгадсан гэж сонссон. Үдээс хойш ирээд эхнэрээсээ асуусан чинь Д эгчийн нөхөр ирээд О-ыг алгадсан гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 20 хуудас/
1.4. Гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 01 дүгээр сарын 14-ний орой Х-ын гэрт О бид нар 1 шил 0,75 литрийн Хар экс нэртэй архи аваад хамт очсон. Урд нь О бид хоёр нэг шил архи уусан байсан. Тэгээд бид хэд архи ууж байгаад би нөхөр Ц руу ирээд ав гээд утсаар ярьсан. Ц над руу утсаар залгаад байхаар нь би аваагүй юм. Мөн О луу манай охин утсаар ярьхад нь намайг байхгүй гээд хэлсэн. Ц намайг авахаар 23 цаг өнгөрч байхад ирээд архи уулаа гээд загнисан. Би машинд чинь суухгүй гээд орилж хашгирахад Ц Х-ын хашаа руу ороод удаагүй гараад ирсэн. Тэгээд хонхорт гэрийн гадаа очоод машинаасаа буух гэж байтал 2 цагдаа ирээд Ц-ыг аваад явсан. Маргааш О-тай уулзахад танай нөхөр намайг нэг алгадсан гэж байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 21 хуудас/
1.5. Гэрч Т.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ байж байтал 19 цагийн үед манай нөхөр ажлын газрын Д, О нарын хамт 1 шил 0,75 литрийн Хар экс архи болон чихэр, сүү авч ирсэн. Д, О нар нь архи уусан халамцуу байсан. Архийг задлаад О, Д нар ууцгаасан. Би цөс өвддөг эмчилгээ хийлгэж байсан тул архинаас 2 хундага уусан. Архи ууж байхад Д-ийн нөхөр нь залгаад Д утсаа авахгүй байсан. Тэгээд Д харилаа гээд 22 цаг нилээн өнгөрч байхад гадаа гараад орилохоор нь хашааны хаалганы өндөр босгонд тээглээд уначихлаа гэж бодоод О бид хоёр гараад очсон чинь хашааны хаалгаар нэг эрэгтэй хүн орж ирсэн. Тэр эрэгтэй хүн О-т хандаад чи муу худлаа яриад архичин гэж хэлээд түүний зүүн талын хацар луу нь гараараа алгадсан уу, цохисон уу мэдэхгүй байна. Ямарч байсан их хүчтэй цохих шиг санагдсан. О доошоо тонгойгоод ёооё гээд доошоо суусан. Тэр эрэгтэй хүн О-т хандаад чамайг би маргааш ажилгүй болгоно байгууллагад чинь хэлнэ гээд гараад явсан. О гэрт орж ирээд уйлж байгаад цагдаад дуудлага өгсөн. Би О-аас юун хүн юм бэ гэсэн чинь Д-ийн нөхөр нь байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 22 хуудас/
1.6. Шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 35 дугаар дүгнэлтэнд: Ц.О-ын биед тархи доргилт, баруун нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.С гэжээ. /х.х-ийн 24 хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч Н.Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Н.Ц-ын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчилэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Н.Ц нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэнийг дурдлаа.
ХОЁР. Шүүгдэгч Н.Ц-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:
2.1. Хохирогч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Цогтбаатартай сайн дураараа эвлэрсэн. Хохирлын тал дээр маргаан байхгүй болсон” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 17-19 хуудас/
2.2. Гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Ц-ын хувьд хэлье гэсэн үгээ хэнд ч хэлчихдэг шударга зантай, хамт олныхоо дунд нэр хүнд сайтай, ажил хөдөлмөрт сэтгэлээсээ ханддаг хүн. Цахилгаан түгээх сүлжээнд 28 жил тасралтгүй ажиллаж байгаа” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 21 хуудас/
2.3. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 46 хуудас/
2.4. “Багануур зүүн өмнөд бүсийн Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Говьсүмбэр салбарын тодорхойлолт /хх-ийн 57 хуудас/
2.5. Н.Ц-ын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, гэрчилгээний хуулбарууд /х.х-ийн 56, 60-61 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Н.Ц-ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба прокуророос шүүгдэгчийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн, мөн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Ц нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Н-ын Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц-т торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Н.Ц нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА