| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2019/0184/э |
| Дугаар | 204 |
| Огноо | 2019-03-13 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Бадарал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 204
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнням, улсын яллагч Э.Бадрал, шүүгдэгч Ч.З, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Чинбатын Занданхүүд холбогдох эрүүгийн “1811027660143” дугаартай, 186/2019/0184/э индекстэй хэргийг 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюуш 25-8 дугаар гудамжны 155 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овогт Чинбатын Занданхүү /РД:УМ90110416/,
Холбогдсон хэргийн талаар:
Ч.З нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны орой Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зиза” нэртэй пабад хохирогч Б.Анударийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож хүнтэй ярьчихаад мөнгө авчихаад ирье хэмээн 258.000 төгрөгний “айфон 6” загварын гар утсыг залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Ч.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:....Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Анударийн:...2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр СУИС-ын хажууд байх “Зиза” нэртэй пабад уулзахаар болсон. Тухайн өдрийн 22:00 цагийн үед бид уулзахад дуу бичлэгийн студийн хүнийг 30 минутын дараа ирнэ гэж хүлээлгээд байсан. Энэ хооронд бид хоол захиалж идээд хүлээсэн боловч нөгөө хүн нь ирээгүй. Ингээд 23 цагийн үед Занданхүү ах миний гар утсаар хүнтэй ярина гээд авч гараад буцаж орж ирээд байсан. Сүүлд нь 4 дэх удаагаа дахин хүнтэй холбоо барина гэж хэлээд гарч яваад эргэж орж ирэлгүй гар утсыг аваад явчихсан гэх мэдүүлэг /хх 14-15/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Хүслэнгийн:...миний ээжийн найзын хүүхэд Занданхүү нь 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр миний huslen hvs фэйсбүүк хаягруу өөрийн drama zandka хаягнаас маргааш ах нь СУИС орно тэгээд уулзъя гэж бичсэн байсан. Ингээд маргааш нь буюу 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 21 цагийн орчим СУИС-ын ертөнцийн зүгээр баруун талд байх BBQ рестораны үүдэнд Занданхүү ахтай уулзсан. Энэ үед би өөрийн найз Анударийг хүлээж байсан. Тэгээд би Занданхүү ахтай ярихад чи хэнийг хүлээж байгаа юм бэ хоёулаа нэг хүн хүлээж байгаа юм биш үү гэж хэлсэн. Удалгүй манай найз Анударь ирсэн. Ингээд бид 3 BBQ рестораны ертөнцийн зүгээр баруун талд байх “Зиза” пабад орсон. Тэндээ бид хамт пиво ууж сууж байхад Занданхүү ах амьдралаа яриад чанга дуугаар орилж уйлаад байсан. Зөөгч бид гурав дээр ирж тооцоогоо хийнэ үү гэхэд Занданхүү ах тоохгүй удаа дараа буцаагаад байсан. Тэгээд зөөгч нь уурлахад Занданхүү ах би Мобайл банкаар тооцоо хийнэ, одоохон захирлаасаа мөнгө аваадхая гэж хэлж байсан. Ингээд Анудариас найзтайгаа утсаар яриадахья гар утсаа өгч бай гэж хэлээд аваад гарсан. Гарах үед нь 23 цаг болж байсан. Тэгээд Занданхүү ах орж ирэхгүй Анударь бид 2 хамт “Зиза” пабад 02:30 цаг хүртэл хүлээсэн. Тооцоо хийх мөнгө байхгүй байсан учир Анударь тухайн пабад сууж байсан хүнээс гуйгаад тооцооны 87.500 төгрөг хийлгэсэн. Би маргааш нь өөрийн huslen hvs фэйсбүүк хаягнаас drama zandka хаягруу нь өчигдрийн болсон явдлын талаар хэлэхэд за ахад нь утас нь байгаа би маргааш гар утсыг нь тооцооных нь мөнгөтэй хамт өгнө гээд одоо хүртэл сураггүй байгаа гэх мэдүүлэг. /хх 16-17/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1.Хавтас хэргээс улсын яллагч:..хавтаст хэргээс 14-15 дугаар хуудас хохирогч Л.Анударийн мэдүүлэг, 17 дугаар хуудас гэрч Б.Хүслэнгийн мэдүүлэг, 21-23 дугаар хуудас Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 32-33 дугаар хуудас яллагдагч Ч.Згийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Ч.З нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны орой Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зиза” нэртэй пабад хохирогч Б.Анударийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож хүнтэй ярьчихаад мөнгө авчихаад ирье хэмээн 258.000 төгрөгний “айфон 6” загварын гар утсыг авч бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Л.Анударийн:...2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр СУИС-ын хажууд байх “Зиза” нэртэй пабад уулзахаар болсон. Тухайн өдрийн 22:00 цагийн үед бид уулзахад дуу бичлэгийн студийн хүнийг 30 минутын дараа ирнэ гэж хүлээлгээд байсан. Энэ хооронд бид хоол захиалж идээд хүлээсэн боловч нөгөө хүн нь ирээгүй. Ингээд 23 цагийн үед Занданхүү ах миний гар утсаар хүнтэй ярина гээд авч гараад буцаж орж ирээд байсан. Сүүлд нь 4 дэх удаагаа дахин хүнтэй холбоо барина гэж хэлээд гарч яваад эргэж орж ирэлгүй гар утсыг аваад явчихсан гэх мэдүүлэг /хх 14-15/, гэрч Б.Хүслэнгийн:...тэгээд зөөгч нь уурлахад Занданхүү ах би Мобайл банкаар тооцоо хийнэ, одоохон захирлаасаа мөнгө аваадхая гэж хэлж байсан. Ингээд Анудариас найзтайгаа утсаар яриадахья гар утсаа өгч бай гэж хэлээд аваад гарсан. Гарах үед нь 23 цаг болж байсан. Тэгээд Занданхүү ах орж ирэхгүй Анударь бид 2 хамт “Зиза” пабад 02:30 цаг хүртэл хүлээсэн. Тооцоо хийх мөнгө байхгүй байсан учир Анударь тухайн пабад сууж байсан хүнээс гуйгаад тооцооны 87.500 төгрөг хийлгэсэн. Би маргааш нь өөрийн huslen hvs фэйсбүүк хаягнаас drama zandka хаягруу нь өчигдрийн болсон явдлын талаар хэлэхэд за ахад нь утас нь байгаа би маргааш гар утсыг нь тооцооных нь мөнгөтэй хамт өгнө гээд одоо хүртэл сураггүй байгаа гэх мэдүүлэг. /хх 16-17/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ч.Зг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хохирогч Л.Анударь нь 258.000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байгааг шүүгдэгч Ч.З нь хүлээн зөвшөөрч хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгааг дурьдаж шүүгдэгчээс 258.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.Згийн цагдан хоригдсон 43 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Чинбатын Занданхүүг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Зг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Згийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 43 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын нэг хоногийг 8 цагтай тэнцүү байхаар тооцож эдлэх ялаас 344 цагийн ялыг эдэлсэнд тооцон үлдэх 56 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн элдүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Ч.Зд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 3 цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.З нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч Ч.Згээс 258.000 /хоёр зуун тавин найман мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Л.Анударьд олгосугай.
8. Шүүгдэгч Ч.Зд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Зд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ