Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2019/ШЦТ/59

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагч П.Итгэл,

Шүүгдэгч Ц.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Г-од холбогдох эрүүгийн 1938000320070 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ц.Г-, 

Шүүгдэгч Ц.Г- нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны орчим Х аймгийн Ж сумын - дугаар багийн нутаг дэвсгэр Ц  гэх газарт зохих зөвшөөрөлгүйгээр 5м3 мод бэлтгэж ойн санд 540.000 төгрөгийн хохирол учруулан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Г- нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны орчим Х аймгийн Ж сумын - дугаар багийн нутаг дэвсгэр Ц  гэх газарт зохих зөвшөөрөлгүйгээр 5 м3 мод бэлтгэж, ойн санд 540.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэдээс ирсэн дуудпага мэдээллийн дагуу Жаргалант сумын 2 дугаар багийн нутаг Цэцүүхийн амны Бүргэдийн өвөр гэх газарт Тамгын газрын жолооч Буянхишиг, Байгаль орчны улсын байцаагч Б.Пүрэвсүрэн нарын хамт хяналт шалгалт хийхэд Бүргэдийн өвөр гэх газарт модны захад 4 метр орчим урттай 60 орчим ширхэг хуурай дүнз мод бэлтгэж хураасан байсан. Мөн түүний хажууд модон дотор 19 ширхэг нойтон дүнз модыг унагаж цагаалалгүй орхисон байсан тайраа ч үгүй зөвхөн унагаад орхисон байсан. Бид анх “тус багийн Ганболд гэдэг хүн зөвшөөрөлгүй мод бэлтгэлээ” гэсэн мэдээллээр очиж шалгасан юм. Тэгээд Ганболдтой уулзах гэхэд гэртээ байхгүй байсан. Маргааш нь сумын төвд Ганболд, Нямжав гэдэг хоёр хүнийг дуудуулсан юм. Дуудуудсан учир нь Ганболдтой зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн асуудлаар уулзах гэж, харин Нямжавтай болохоор нөгөө бэлтгэсэн мод гэрийнх нь хаяанд байсан учраас тэр модыг хариуцуулах гэж дуудсан юм. Тэгсэн чинь Ганболд ирээд “би тэр модыг бэлтгээгүй, би уулын оройд хэдэн хуурай дүнз бэлтгэсэн. Түүнийгээ цагаалаагүй, тэнд унагаад бөөгнүүлсэн байгаа. Харин энэ модыг Нямжав бэлтгэсэн юм” гээд Нямжавыг дагуулаад ороод ирсэн юм. Би сүүлд ойн ангийн хүмүүстэй хамт дүгнэлт гаргах үед нь очиж үзсэн. Янз бүрийн урттай /2-5 метрийн хооронд/ 30 ширхэг хуурай шинэс мод бэлтгэсэн байсан...Энэ мод бэлтгэсэн асуудлын улмаас сум дундын ойн ангийн дүгнэлтээс харахад байгаль орчинд экологи, эдийн засгийн үнэлгээгээрээ 540.000 төгрөгийн хохирол гарсан байна...Ганболд гуай хохирлоо төлж барагдуулсан байна лээ гэх мэдүүлэг /хх-ийн 28-31-р тал/,

Гэрч Б.П-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  ... 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тус сумын 2 дугаар багийн нутаг Цэцүүхийн амны Бүргэдийн өвөр гэх газарт “Ц.Г- гэдэг хүн зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн” талаар иргэдийн мэдээлэл ирсний дагуу очиж хяналт шалгалт хийхэд Ц.Г- гэдэг хүн “би энэ модыг бэлтгээгүй, энэ модыг Б.Нямжав бэлтгэсэн, би бол орой хэсэгт нь хэдэн хуурай мод бэлтгэсэн” гэж мэдүүлсний дагуу Б.Нямжавтай уулзахад “тэр доод хэсэгт бэлтгэсэн модыг би бэлтгэсэн” гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Ц.Г- бол “тэр уулын орой хэсэгт 30 ширхэг хуурай босоо мод унагаж бэлтгэсэн” гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ тухайн үед харанхуй болоод тэр Ганболдын бэлтгэсэн гэх 30 ширхэг хуурай дүнз модыг үзэж амжаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 32-р тал/,

Гэрч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2018 оны                     12 дугаар сарын 20-ны орчимд би Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 2 дугаар багийн нутаг Бүргэдийн өвөр гэх нэртэй газраас мод бэлтгэж байхад Ганболд гуай “малын хашаа барих гэж байгаа” гээд хэдэн ширхэг нарийн мод унагааж байсан. Тэгээд сумын төв орчихоод гараад ирсэн чинь Бүргэдийн өвөр гэх нэртэй уулын бараг орой дээрээс шахуу мод унагааж бэлтгэж байгаа харагдсан. Тэгээд намайг гэртээ байж байтал Базар гэх хүний хүүхэд Амарбаясгалан гэх залуу над руу залгаад “манай азарган үрээ ямархуу байна” гэхээр нь тураад байгаа “чи ирж тэжээхгүй юм уу” гэхэд юм хэлээгүй. Тэгээд надаас “та юу хийж байна” гэж асуухаар нь би “үхрийн хашаа, төлийн пүнз барих санаатай мод бэлтгэж байна, Ганболд гуай ч бас малын хашаа барих гэж байгаа бололтой. Бүргэдийн өвөр гэх газраас мод бэлтгэж байна лээ” гээд хэлчихсэн чинь аав Базар гэх хүнд хэлээд Базар нь сумын байгаль хамгаалагчид мэдэгдсэн юм шиг байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 37-р тал/,

Хөвсгөл аймгийн “Эрчимт идэр” сум дундын ойн ангийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Өнөрсайханы 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01 дугаартай “Жаргалант сумын 2 дугаар багийн Бүргэдийн өвөр гэх газарт байх зөвшөөрөлгүй бэлтгэсэн модонд 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Эрчимт-Идэр сум дундын ойн ангийн даргыг түр орлон гүйцэтгэгч Г.Өнөрсайхан, Жаргалант сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Пүрэвсүрэн, байгаль хамгаалагч Б.Батчулуун, З.Пүрэвдорж нарын хэмжилтээр 2-6.5 метрийн урттай 15-30 см диаметртэй 30 ширхэг хуурай /цаашид ургах чадваргүй болсон/ 5 м3 хэмжээтэй шинэс мод байгаа нь тогтоогдов. Экологи эдийн засгийн үнэлгээ 540.000  төгрөг 00 мөнгөний үнэлгээ бүхий шинэс мод байна...гэх дүгнэлт /хх-ийн 42-43-р тал/

Шүүгдэгч Ц.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  ...Би 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн орчимд би Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Цэцүүхийн амны Бүргэдийн өвөр гэх газраас 5 ширхэг босоо мод унагааж тайрч бэлтгэсэн. Мөн унаанги мод бэлтгээд нийт хоёроос таван метрийн урттай 30-аад мод болгосон. Би уг модоороо хурдан морины хөцөө барих гэж байсан юм. Ингээд удалгүй иргэдээс ирсэн мэдээллийн дагуу шалгалт хийж явна гээд манай сумын байгаль орчны хүмүүс шалгалт хийсэн. Тухайн үед би байгаль орчны хүмүүст эрхийн бичиг аваагүй гэдгээ хэлсэн. Би өмнө нь мод бэлтгэхдээ эрхийн бичиг авч байсан. Сая болохоор модны эрхийн бичиг дууссан гээд өгөхгүй болохоор зөвшөөрөлгүй мод бэлтгэчихсэн юм. Би ойгоос ганцаараа дружба хөрөөгөөр мод бэлтгэсэн...Хохирлоо бүрэн төлж барагдуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 53-54-р тал/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9-р тал/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 15-17-р тал/

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14, 19-р тал/

Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 49-р тал/

Эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрөл /хх-ийн 20-21-р тал/

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 23-р тал/ зэрэг болно

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч Ц.Г- нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны орчим Х аймгийн Ж сумын - дугаар багийн нутаг дэвсгэр Ц  гэх газарт зохих зөвшөөрөлгүйгээр 5 м3 мод бэлтгэж, ойн санд 540.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд, дээрх шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт тусгагдсан шинжээчийн дүгнэлт, болон бусад нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Ц.Г-ыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Г-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Ц.Г-од Эрүүгийн хуулийн тусгай 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.  Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч нь хохирол 540.000 төгрөгийг төлж барагдуулсан баримт /хх-ийн 62 дугаар тал/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, мөн цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хятад улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн дружба хөрөө нэг ширхэгийг, мөн хэрэгт битүүмжлэгдсэн 4 метрийн урттай, 30 ширхэг шинэсэн дүнз мод зэргийг тус, тус улсын төсөвт шилжүүлэхийг эрх бүхий байгууллагад даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Г-г зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хятад улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн дружба хөрөө нэг ширхэг, битүүмжлэгдсэн 4 метрийн урттай, 30 ширхэг шинэсэн дүнз мод зэргийг тус, тус улсын төсөвт шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн 1938000320070 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР