Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 109

 

                  

 

 

                  

 

 

 

 

 

                                                                                                  

 

            

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Т.Жаргалсайхан, хохирогч Д.У, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч С.Давааравдан, нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т овогт Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810015370689 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, 1983 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймагт төрсөн, эрэгтэй, 35 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 4 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Т овогт Б.А.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.А нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Жигжид зусланд байрлах Улсын ойн сан бүхий хамгаалалтын бүсэд орших газрыг иргэн Д.У, Б.Э нарт өөрийн өмчлөлийн газар гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Д.У-гээс газрын төлбөрт 3,500,000 төгрөг, мөн уг газар дээр байшин барьж өгнө гэж хуурч ажлын хөлсөнд 1,000,000 төгрөг, нийт 4,500,000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах Хаан банкаар,

Мөн хохирогч Б.Э-т дээрх газраас 4 айлын газар зарна гэж хэлэн урьдчилгаа 1,650,000 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хооо, Ардын эрх сонины байранд байрлах Хаан банкаар тус тус залилан авч бусдад 6,150,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Хохирогч Д.У: “...2018 оны 04 дүгээр сарын сүүлээр фэйсбүүкт байрлуулсан газар зарна гэсэн зарын дагуу Б.Атай холбогдсон. Тэгээд маргааш өдөр нь тухайн газрыг очиж үзээд авахаар тохиролцоод тэр өдрөө 3,500,000 төгрөг Б.Ад өгсөн. Газрын бичиг баримтын талаар асуухад газар 15 жилийн хугацаатай, сунгуулах гээд бичиг баримтаа Чингэлтэй дүүргийн газрын албанд өгчихсөн байгаа, гарахаар нь хороон дээр очоод таны нэр дээр шилжүүлнэ гэж хэлсэн. Тэгээд эхний ээлжинд газрын кадастрын зургийг хийлгүүлье гээд Сонгинохайрхан дүүрэгт ирэхээр нь би “Чингэлтэй дүүрэгт харьяатай газрыг заавал яагаад Сонгинохайрхан дүүрэгт ирж кадастрын зураг хийлгэж байна вэ” гэж асуухад “Чингэлтэй дүүрэгт дараалал ихтэй, тиймээс энд таньдаг хүнтэй газраар хийлгүүлсэн нь амар байдаг юм, маргааш газрын бичгээ Чингэлтэй дүүргээс авчихна” гэж хэлсэн. Та энэ газар дээр байшин барина гэвэл надад Архангай аймгийн Тариат суманд бэлдсэн торх байгаа, би танд байшинг бариад өгьё гэж тохиролцсон. Байшингийн дээвэр, дотрын ажлыг би хийж өгье гэхээр нь чи нэг мөсөн хийнэ гэж тохиролцсон. Тэгээд байшингийн суурь цутгана гээд цемент, хар паниар авахуулсан. Тэгээд удалгүй торх буулгачихсан гээд хоёр хүнтэй гурвуулаа нэг давхарыг нь өрчихсөн байхаар нь за дуусгачихаарай гэж хэлээд явсан. Гэтэл араас байн байн залгаад мөнгө нэхээд байхаар нь торхны үлдэгдэл мөнгийг өгсөн. Тэрнээс хойш А сураг чимээгүй алга болсон. Одоо газрын мөнгө 3,500,000 төгрөг, ажлын хөлс 800,000 төгрөг, материалын зардал 200,000 төгрөг нийт 4,500,000 төгрөг нэхэмжилж байна, гомдолтой...” гэв.  

 

Шүүгдэгч Б.А: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, улсын ойн сан бүхий хамгаалалтын газар гэдгийг болон тухайн газрыг бусдад зарж болохгүй гэдгийг мэднэ...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Д.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр фэйсбүүкт байрлуулсан Жигжид зусланд хоёр айлын зуслангийн газар зарна гэсний дагуу А гэх хүнтэй холбогдож газрыг үзэхээр тохиролцоод маргааш нь газрыг очиж үзэхэд дажгүй газар байсан учраас худалдаж авахаар тохиролцсон. Тэр үед А 15 жилийн хугацаатай миний нэр дээр байдаг, 15 жилийн хугацаа нь дуусах гээд Чингэлтэй дүүргийн газрын албанд өгсөн байгаа, маргааш очиж авья гэж тохиролцсон. Маргааш нь Сонгинохайрхан дүүрэг дээр уулзахад 40,000 төгрөг өгчих кадастрын зураг гаргуулья, газар эзэмших гэрчилгээ хоёр хоногийн дараа гарна гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө газрын мөнгө болох 4,500,000 төгрөгийг Аын хаан банкны данс руу шилжүүлсэн. Тэгээд та газар дээрээ байшин бариулах бол би барьж өгье бэлдсэн торх байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь байшин бариулахаар тохиролцоод 7,000,000 төгрөг, ажлын хөлс 800,000 төгрөг өгсөн. ...Ааас байшин бариулсан мөнгийг нэхэмжлэхгүй. Харин газрын гэрчилгээ гаргуулж өгнө гэж хэлсэн 3,500,000 төгрөг, ажлын хөлс гэж авсан 800,000 төгрөг нийт 4,300,000 төгрөгийг нэхэмжилж байна. А тухайн үед надад ямар ч бичиг баримт үзүүлээгүй, бичиг баримт Чингэлтэй дүүргийн газрын албанд байгаа би өөрийнхөө нэр дээр байгаа газрын гэрчилгээг таны нэр дээр шилжүүлээд өгье гэж хэлсэн. ...Гэтэл тэр газар нь хэний ч нэр дээр байдаггүй, улсын бүртгэлд байдаг газар байсан...” /хх-ийн 13-14, 65/ гэсэн,

 

Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 01 дүгээр сард Жигжид зусланд газар зарна гэсэн зар хараад Амараа гэх хүнтэй холбогдож газрыг нь үзсэн. Тэгээд газрыг нь авахаар болоход тэр залуу гэрчилгээ байхгүй, би таньдаг хүнээрээ таны нэр дээр маш хурдан гэрчилгээ гаргуулаад өгнө, ингэхээр мөнгө хэрэгтэй, та өгөөрэй гэхээр нь би за гэж хэлээд 1,650,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Тэгээд үүнээс хойш залгаж асуухад удахгүй гарна, хүлээж бай гэж хэлж байснаа сүүлдээ би мэдэхгүй гэх болсон...” /хх-ийн 88/ гэсэн,

 

Гэрч Х.Даваажав мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 04 дүгээр сард Жигжид зусланд байдаг хоёр айлын газраа зарахаар болж манай нөхөр А өөрийн фэйсбүүк хаягнаас зар тавьсан. Үүнээс хоёр өдрийн дараа У гэх хүнд газраа үзүүлээд, У гэх хүний нэр дээр кадастрын зургийг шилжүүлсэн байсан...” /хх-ийн 57-58/ гэсэн,

 

Гэрч Э.Баярмагнай мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны өвөл Б.А гэх хүн тухайн газарт өөрийн нэр дээр кадастрын зураг гаргуулахаар ирсэн. ...Дараа нь 04 дүгээр сард дахин ирээд Угийн Цэрэнбат гэх хүний нэр дээр кадастрын зураг гаргуулсан. Хамгийн анх ирэхэд нь газар дээр очиж үзэж байсан учраас сүүлд ирэхэд нь газарт очиж үзээгүй. Газрын кадастрын төлбөр 40,000 төгрөг болсон. Газрын кадастрын зургийг эхэлж хийлгээд дараа нь газрын албандаа өргөдөл гаргадаг болохоор тухайн хүнийг гэрчилгээгээ хөөцөлдөж байна гэж бодсон...” /хх-ийн 66/ гэсэн,

 

Гэрч С.Галбадрах мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Э бид хоёр нэг газар хамт ажилладаг. Э газар авахаар хайж байхад Жигжид зусланд газар зарна гэх зар байсан. Зарын дагуу холбогдоход Э бид хоёртой А гэх хүн ирж уулзсан. Тэр залуу Жигжид зусланд хоёр айлын газар байгаа гэрчилгээ гараагүй, та авах юм бол урьдчилгаа 1,500,000 төгрөг өгчих, үүнийг гэрчилгээ гаргаж өгөх хүнд өгнө, харин 150,000 төгрөгөөр кадастрын зураг гаргуулна гэж хэлсэн. А гэрчилгээ 1 сарын дараа гарна гэж хэлсэн боловч ямар ч холбоогүй алга болсон...” /хх-ийн 90/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2012 оны 06 дугаар сарын 08-ны өдөр манай ах, эгч нар болон би, бид нар Сүх-Очир гэх хүнээс Жигжид зуслангаас 13 айлын газар худалдан авч байсан. У гэх хүнд зарсан газрыг 1,000,000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд тухайн үед гэрчилгээгүй, кадастрын зургаар авч байсан. Би өөрөө худалдаж авсан газартаа хашаа зоож, хажуугийн хашаанд манайх байшин барьж амьдарч байгаа. 2018 оны 04 дүгээр сарын дундуур би өөрийнхөө фэйсбүүк хаягнаас Жигжид зусланд газар зарна гэх зар тавьсаны дагуу Утэй холбогдож газраа үзүүлсэн. Тухайн үед Уд хандаж энэ газрын гэрчилгээ байхгүй шүү, кадастрын зургаа таны нэр дээр хийлгээд өгьё, би газрын албанд гэрчилгээ гаргуулахаар өгчихсөн байгаа гэж хэлсэн. Тэгээд Сонгинхайрхан дүүрэгт Угийн нэр дээр кадастрын зураг хийлгэж өгсөн. Тэр өдрөө У миний дансанд 4,500,000 төгрөг шилжүүлсэн. ...Уд зарсан газар ойн сан бүхий газрын хамгаалалтад байдаг гэдгийг би мэднэ. ...Би Уд газар зарахдаа гэрчилгээ гаргуулж өгнө гэж  хэлсэн. ...Би Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Жигжид зусланд 4 айлын газар зарна гэсэн зар тавихад Э надтай холбогдсон. Тэгээд зарах гэж буй газрыг хараад 8,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Тэгээд 150,000 төгрөгөөр газрын кадастрын зураг гаргуулсан, кадастрын зургаа өөрийнхөө болон эхнэрийнхээ нэрээр гаргуулсан. Тэгээд байж байхад нөгөө залуу залгаад газар эзэмших гэрчилгээг гаргуулаад өгчих гээд 1,500,000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш Э гэх хүнтэй дахин холбоо бариагүй. ...Би газрын гэрчилгээг гаргаж өгөхөөр хөөцөлдсөн боловч чадаагүй...” /хх-ийн 55-56, 67, 69, 136-138/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас /хх-ийн 42-43/,

- Чингэлтэй дүүргийн газрын албаны тодорхойлолт /хх-ийн 44-45/,

- Газрын кадастрын зургийн хуулбар /хх-ийн 149-152/,

- Мөнгө шилжүүлгийн баримт /хх-ийн 114/,

- Шүүгдэгч Р.А-ын хаан банкны дансны хуулга /хх-ийн 116-118/,

- Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 144/,

- Шүүгдэгч Б.А-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 19, 23-24, 28, 30, 31-36, 94-113/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.А-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.А нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Жигжид зусланд байрлах Улсын ойн сан бүхий хамгаалалтын бүсэд орших газрыг иргэн Д.У, Б.Э нарт өөрийн өмчлөлийн газар гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Д.Угээс газрын төлбөрт 3,500,000 төгрөг, мөн уг газар дээр байшин барьж өгнө гэж хуурч ажлын хөлсөнд 800,000 төгрөг, нийт 4,300,000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах Хаан банкаар,

хохирогч Б.Э-аас урьдчилгаа мөнгө гэж 1,650,000 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хооо, Ардын эрх сонины байранд байрлах Хаан банкаар тус тус залилан авч бусдад нийт 5,950,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох хохирогч Д.Угийн “...2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр фэйсбүүкт байрлуулсан Жигжид зусланд хоёр айлын зуслангийн газар зарна гэсний дагуу А гэх хүнтэй холбогдож газрыг үзэхээр тохиролцоод маргааш нь газрыг очиж үзэхэд дажгүй газар байсан учраас худалдаж авахаар тохиролцсон. ...Харин газрын гэрчилгээ гаргуулж өгнө гэж хэлсэн 3,500,000 төгрөг, ажлын хөлс гэж авсан 800,000 төгрөг нийт 4,300,000 төгрөгийг нэхэмжилж байна. ...Гэтэл тэр газар нь хэний ч нэр дээр байдаггүй, улсын бүртгэлд байдаг газар байсан...” /хх-ийн 13-14, 65/ гэсэн, хохирогч Б.Эын “...2018 оны 01 дүгээр сард Жигжид зусланд газар зарна гэсэн зар хараад Амараа гэх хүнтэй холбогдож газрыг нь үзсэн. Тэгээд газрыг авахаар болоход тэр залуу гэрчилгээ байхгүй, би таньдаг хүнээрээ таны нэр дээр маш хурдан гэрчилгээ гаргуулаад өгнө, ингэхээр мөнгө хэрэгтэй та өгөөрэй гэхээр нь би за гэж хэлээд 1,650,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Тэгээд үүнээс хойш залгаж асуухад удахгүй гарна, хүлээж бай гэж хэлж байснаа сүүлдээ би мэдэхгүй гэх болсон...” /хх-ийн 88/ гэсэн, гэрч С.Галбадрахын “...Э газар авахаар хайж байхад Жигжид зусланд газар зарна гэх зар байсан. Зарын дагуу холбогдоход Э бид хоёртой А гэх хүн ирж уулзсан. Тэр залуу Жигжид зусланд хоёр айлын газар байгаа гэрчилгээ гараагүй, та авах юм бол урьдчилгаа 1,500,000 төгрөг өгчих, үүнийг гэрчилгээ гаргаж өгөх хүнд өгнө, харин 150,000 төгрөгөөр кадастрын зураг гаргуулна гэж хэлсэн. А гэрчилгээ 1 сарын дараа гарна гэж хэлсэн...” /хх-ийн 90/ гэсэн, шүүгдэгч Б.Аын “...2018 оны 04 дүгээр сарын дундуур би өөрийнхөө фэйсбүүк хаягнаас Жигжид зусланд газар зарна гэх зар тавьсаны дагуу Утэй холбогдож газраа үзүүлсэн. Тухайн үед Уд хандаж энэ газрын гэрчилгээ байхгүй шүү, кадастрын зургаа таны нэр дээр хийлгээд өгьё, би газрын албанд гэрчилгээ гаргуулахаар өгчихсөн байгаа гэж хэлсэн. Тэр өдрөө У миний данс 4,500,000 төгрөг шилжүүлсэн. ...Уд зарсан газар ойн сан бүхий газрын хамгаалалтад байдаг гэдгийг би мэднэ. ...Би Уд газар зарахдаа гэрчилгээ гаргуулж өгнө гэж  хэлсэн.

...Би Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Жигжид зусланд 4 айлын газар зарна гэсэн зар тавихад Э надтай холбогдсон. Тэгээд зарах гэж буй газрыг хараад 8,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Тэгээд 150,000 төгрөгөөр газрын кадастрын зураг гаргуулсан кадастрын зургаа өөрийнхөө болон эхнэрийнхээ нэрээр гаргуулсан. Тэгээд байж байхад нөгөө залуу залгаад газар эзэмших гэрчилгээг гаргуулаад өгчих гээд 1,500,000 төгрөг шилжүүлсэн...” /хх-ийн 55-56, 67, 69, 136-138/ гэсэн мэдүүлгүүд, эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас /хх-ийн 42-43/, Чингэлтэй дүүргийн газрын албаны тодорхойлолт /хх-ийн 44-45/, газрын кадастрын зургийн хуулбар /хх-ийн 149-152/, мөнгө шилжүүлгийн баримт /хх-ийн 114/,  шүүгдэгч Р.Аын хаан банкны дансны хуулга /хх-ийн 116-118/, эрүүгийн хэргийн нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 144/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Энэ гэмт хэргийн арга болох хууран мэхлэлт нь өмчлөгчийг хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх замаар гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдэл төрүүлэх аргаар илэрч өмчлөгч өөрийн хөрөнгийг өөрөө өгөхөд хүргэх бөгөөд шүүгдэгч Б.А-ын дээрх үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх дүгнэв.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас хохирогч Д.У-д 4,500,000 төгрөгийн, хохирогч Б.Э-т 1,650,000 төгрөгийн, нийт 6,500,000 төгрөгийн учруулсан гэж яллах дүгнэлт дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх гэмт хэргийн улмаас нийтдээ 5,950,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзлээ.

Учир нь хохирогч Д.У-д газар худалдсан үнэ 3,500,000 төгрөг, мөн тухайн газарт торх барьж өгөхөд ажлын хөлсөнд 800,000 төгрөг, хар паниар, цемеэнт зэрэг эд зүйл авахад 200,000 төгрөг, нийтдээ 1,000,000 төгрөг өгсөн гэдэг боловч хар паниар, цементыг 200,000 төгрөгөөр худалдаж авсан тухай баримт хэрэгт авагдаагүй байна. Харин торх барьж өгөх ажлын хөлсөнд 800,000 төгрөг өгсөн гэж хохирогч, шүүгдэгч хэн аль нь зөвшөөрөх тул энэ мөнгийг гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохирол гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг яллах дүгнэлтэд бичигдсэнээс бага болгож шийдвэрлэж байгаа нь шүүгдэгч Б.А-д холбогдох хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.А гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.А хохирогч Б.Э-т 1,650,000 төгрөгийг, шүүхийн шатанд хохирогч Д.У-д 4,300,000 төгрөгийг төлсөн, хохирогч нар гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

Шүүгдэгч Б.А гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээр дурдсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн ар гэрийн байдал, ажил эрхэлдэггүй, үйлдсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж буй зэрэг хувийн байдлуудыг харгалзан түүнд хуульд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 6 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагтай дүйцүүлэн /6 хоног х 8 цаг = 48 цаг/ түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч тооцох хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн 1810015370689 дугаартай хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь  бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.У, Б.Э нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ыг 600 /зургаан зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.А-ын цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож /6 хоног х 8 цаг = 48 цаг/ түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч тооцон /600 цаг-48 цаг=522 цаг/, шүүгдэгч Б.А-ын биечлэг эдлэх ялыг 552 /таван зуун тавин хоёр/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Шүүгдэгч Б.А-д оногдуулсан 552 /таван зуун тавин хоёр/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь хохирогч Д.У-д 4,300,000 /дөрвөн сая гурван зуун мянга/ төгрөгийг, хохирогч Б.Э-т 1,650,000 /нэг сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийн хохирол тус тус төлсөнийг дурдсугай.

 

7. Эрүүгийн 1810015370689 дугаартай хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.У, Б.Э нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.АЛТАНЖИГҮҮР