Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 182

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “М” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар

Хариуцагч: Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хороо

Хариуцагч: Нийслэлийн Тээврийн газар

Нэхэмжлэлийн шаардлага: “...Нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтийн ажил, НХААГ-14/**91 тоот тендерийн Багц №1 дугаартай ажилд “МБ” ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан гэрээ, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр, НХААГ-14/***1 тоот тендерийн үнэлгээний хороо “МИ” НХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулсан дүгнэлт, “М” ХХК-ийн саналаас татгалзсан тухай шийдвэрүүд хууль бус байсан болохыг тогтоолгож, түүнээс болж нэхэмжлэгчид учирсан хохирлыг гаргуулах”

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М, хариуцагч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар болон Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Нийслэлийн Тээврийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “М” ХХК-ийн захирал  П.Б  2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Манай компани 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр зарлагдаад нэхэмжлэгч угсраа автобус нийлүүлэх ажлыг гүйцэтгэхээр тус тендерт оролцож, тендерийн баримт бичиг ирүүлсэн. Нэхэмжлэгч компанид 2014 оны 11 дүгээр сард 1673 тоот албан бичгээр танай компанийн ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасан үндэслэлээр ижил төстэй ажлын үнийн дүн, тендерт санал болгож буй үнийн 20 хувьд хүрэхгүй тул шаардлага хангаагүй гэж татгалзан “МИ” НХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулсан нь хууль бус явагдсан. Хуульд заасны дагуу нэхэмжлэгч компаниас үндэслэлгүй гэж үзээд Сангийн яаманд гомдол гаргасан байдаг. Энэхүү гомдлыг Сангийн яамнаас шалгаад захиалагчийн хамгийн сайн тендер ирүүлсэн гэх гэрээ байгуулах эрх олгосон “МБ” ХХК-ийг төлөөлүүлж оролцсон “МИ” НХК-ийн тендер нь Тендер шалгаруулах өгөгдлийн хүснэгтийн 12.1.ё-д заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй. Нэхэмжлэгч “М” ХХК-ийн ижил төстэй ажлын үнийн дүн, тендерт санал болгож буй үнийн 20 хувьд хүрэхгүй гэсэн үндэслэлээр татгалзсан нь үндэслэлгүй байна. Дахин үнэлгээ хийлгэхийг Тендерийн үнэлгээний хороонд даалгаж шийдвэрлэсэн. Гэвч Тендерийн үнэлгээний хороо нь үнэлгээг дахиж хийхдээ үндэслэлгүй шалтгаанаар өмнөх дүгнэлтээ хэвээр үлдээсэн. Сангийн яамны шийдвэр ойлгомжгүй гэдэг байдлаар хэвээр батлагдаж, асуудал шийдвэрлэгдээд дууссан байдаг. Үнэлгээний байгууллагын гаргасан шийдвэрээ оролцогч байгууллагууддаа мэдэгдэх ёстой. Үүнийг ч хуулиар заагаад өгсөн. Гэвч хуулийн дагуу мэдэгдлийг өгөхгүйгээр гэрээг байгуулсан. Гэрээг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж заасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тендерээр худалдан авах ажиллагаа хийгдээд, бодит байдал дээр хэрэгжсэн учраас нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй байна гэж нэхэмжлэгч үзэж, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.  “МБ” ХХК-тай “МИ” НХК-тай байгуулсан гэрээ, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр, Тендерийн үнэлгээний хорооны “МИ” НХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулсан дүгнэлт болон “М” ХХК-ийн саналаас  татгалзсан шийдвэр, гэрээ байгуулах зөвлөмжийг хууль бус байсан болохыг тогтоож, учирсан хохиролыг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон гэжээ.  

Хоёр. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч “М” ХХК-иас 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “Нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтийн ажил”, НХААГ-14/***1 тоот тендерийн багц №1 дугаартай ажилд “МБ” ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, хүчингүй болгуулах, НХААГ-14/***1 тоот тендерийн үнэлгээний хорооны Б улсын аж ахуйн нэгж болох “МИ” НХК-ийг гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан дүгнэлт, “М” ХХК-ийн саналаас татгалзсан тухай дүгнэлтийг тус тус хүчингүй болгох, дахин хянаж үнэлэхийг даалгуулах  нэхэмжлэлийн шаардлагууд гаргаж байсан. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тендерээр худалдан авах ажиллагаа хийгдээд, бодит байдал дээр хэрэгжсэн учраас нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй байна гэж нэхэмжлэгч үзэж, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. “МБ” ХХК-тай “МИ” НХК-тай байгуулсан гэрээ, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр, Тендерийн үнэлгээний хорооны “МИ” НХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулсан дүгнэлт болон “М” ХХК-ийн саналаас татгалзсан шийдвэр, гэрээ байгуулах зөвлөмжийг хууль бус байсан болохыг тогтоож, учирсан хохирол болох 24 сая 260 мянган төгрөгийг хариуцагчаас гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.  Энэхүү тендер нь 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр зарлагдаад нэхэмжлэгч угсраа автобус нийлүүлэх ажлыг гүйцэтгэхээр тус тендерт оролцож, тендерийн баримт бичиг ирүүлсэн. Нэхэмжлэгч комманид 2014 оны 11 дүгээр сард 1673 тоот албан бичгээр танай компанийн ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасан үндэслэлээр  ижил төстэй ажлын үнийн дүн, тендерт санал болгож буй үнийн 20 хувьд хүрэхгүй тул шаардлага хангаагүй гэж татгалзан “МИ” НХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулсан нь хууль бус явагдсан. Хуульд заасны дагуу нэхэмжлэгч компаниас үндэслэлгүй гэж үзээд Сангийн яаманд гомдол гаргасан байдаг. Энэхүү гомдлыг Сангийн яамнаас шалгаад захиалагчийн хамгийн сайн тендер ирүүлсэн гэх гэрээ байгуулах эрх олгосон “МБ” ХХК-ийг төлөөлүүлж оролцсон “МИ” НХК-ийн тендер нь Тендер шалгаруулах өгөгдлийн хүснэгтийн 12.1.ё-д заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй. Нэхэмжлэгч “М” ХХК-ийн ижил төстэй ажлын үнийн дүн, тендерт санал болгож буй үнийн 20 хувьд хүрэхгүй гэсэн үндэслэлээр татгалзсан нь үндэслэлгүй байна. Дахин үнэлгээ хийлгэхийг Тендерийн үнэлгээний хороонд даалгаж шийдвэрлэсэн. Гэвч Тендерийн үнэлгээний хороо нь үнэлгээг дахиж хийхдээ үндэслэлгүй шалтгаанаар өмнөх дүгнэлтээ хэвээр үлдээсэн. Сангийн яамны шийдвэр ойлгомжгүй гэдэг байдлаар  хэвээр батлагдаж, асуудал шийдвэрлэгдээд дууссан байдаг. Үнэлгээний байгууллагын гаргасан шийдвэрээ оролцогч байгууллагууддаа мэдэгдэх ёстой. Үүнийг ч хуулиар заагаад өгсөн. Гэвч хуулийн дагуу мэдэгдлийг өгөхгүйгээр гэрээг байгуулсан. Гэрээг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна.” гэж заасан. Нэхэмжлэгч байгууллагыг тендерт гомдол гаргах, хуулиар олгосон эрхийг хэрэгжүүлэх боломж байгаагүй. Тендерийн үнэлгээний хорооны тэмдэглэлүүд дээр баримтууд байгаа. Зарим зүйлсийг аваад үзвэл тендер шалгаруулалтын үнэлгээ дээрээ ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэдгийг Тендерийн үнэлгээний хороо нь яаж дүгнэх талаар тусгайлан дурдсан зүйл байхгүй. Мөн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт дээрээ заасан зүйл байхгүй байна. Угсраа нийлүүлсэн байх туршлагатай, гэрээний санал болгосон үнийн дүнгийн 20 хувиас илүү байх ёстой гэсэн тусгайлсан шаардлагыг өөрөө тавиагүй. Хуульд ч тийм зүйл байхгүй. Монгол Улсад угсраа автобус нийлүүлэх тендерийн үйл ажиллагаа анх удаа болсон. Монгол Улсаас оролцож байгаа компанийн хувьд өмнө нь угсраа автобус нийлүүлж байсан гэх туршлага хязгаарлагдмал байгаа. Дээд шатны байгууллагаас тогтоосон, тендерт ирүүлсэн баримт бичиг зэргээс харахад 20 хувиас дээш ажлын гүйцэтгэл, туршлага, гүйцэтгэсэн зүйл байна. Энэхүү актууд нь хууль бус байсан. Хууль бус ажиллагааны улмаас гаргасан тендерийн дүгнэлтийн улмаас оролцсон тендертээ шалгараагүй зүйл нэхэмжлэгчид үүсээд учраас нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Гурав. Хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар болон Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шүүх хуралдааанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн Тээврийн газрын захиалгаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан Нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтэд зориулан автобус худалдан авах 3 багц 1 дүгээр багцад 3 оролцогч оролцсон байна. Б улсын “МИ” НХК, “М” ХХК, Х улсын “З” компани буюу “А” компаниуд тендерийн материалаа ирүүлсэн. Тендерийн үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу “М” ХХК, Х улсын “З” компани буюу “А” компаниудын ирүүлсэн тендерийг тендерийг шаардлагад нийцэхгүй гэж үзсэн. Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д зааснаар уг тендерээс татгалзсан. “МИ” НХК-ийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасны дагуу шаардлагад нийцсэн тендер гэж үзсэн. Мөн хуулийн 28 дугаар зүйлд зааснаар хамгийн бага үнийн дүнтэй “МИ” НХК-ийн тендерийг хамгийн сайн тендер гэж үзэж Нийслэлийн Тээврийн газарт гэрээ байгуулах зөвлөмжийг 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүргүүлсэн. Захиалагчийн энэхүү шийдвэрт “М” ХХК, Х улсын “З” компани буюу “А” компани нь Сангийн яаманд гомдол гаргасан байдаг. Сангийн яамны шийдвэрийн 3 дахь хэсэгт захиалагчийн зүгээс хамгийн сайн тендер ирүүлсэн гэж үзэж, гэрээ байгуулах эрх олгосон “МБ” ХХК-ийн тендер нь тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 12.1.ё-д заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй байхад хамгийн сайн гэж үнэлсэн нь үндэслэлгүй байна гэсэн. Сангийн яам нь 12.1.ё-д заасан шалгууруудын ямар шалгуурыг хангаагүй гэдгийг тодорхой дурдаагүй байдаг. 

Мөн тендерт оролцогч “МБ” ХХК биш бөгөөд гадаадын оролцогч Б улсын “Б” холдингийн толгой компани буюу “МИ” НХК оролцсон болно. 

Энэхүү тендер нь гадаадын этгээд оролцох эрхтэй бөгөөд Тендерийн шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 12.1.ё-д тендерт оролцогч Монголд албан ёсны борлуулагчтай байх ба үүнийг нотолсон баримтыг ирүүлнэ гэж заасны дагуу “МИ” НХК нь албан ёсны борлуулагч “МБ” ХХК-ийн талаар мэдээлэл ирүүлсэн.

Тендер ирүүлсэн 3 оролцогчоос “З” компани буюу “А” компани нь тендерийн баталгааны хүчинтэй байх хугацааг тендерийн баримт бичигт заасан 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл гэж заасан хугацаанаас богино буюу 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг дуустал гэж ирүүлсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д заасны дагуу тухайн оролцогчийн тендерээс татгалзсан. “М” ХХК-ийн тендер тендерийн баримт бичигт заасан ижил төстэй ажлын шаардлага хангаагүй тул мөн тендерээс татгалзсан. Дээрх 2 оролцогчийн тендерт гарсан зөрүүтэй байдлуудыг хуульд заасны дагуу тендерээс шууд татгалзах үндэслэл гэж үзнэ.

Тендерийн үнэлгээний хороо гадаадын оролцогч “МИ” НХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн ганц оролцогч гэж үзсэн нь бусад 2 оролцогчид шударга бус байдал гэж үүсгээгүй болно. Мөн үнэлгээний хувьд харьцуулж үзэхэд “МИ” НХК шаардлагад нийцсэн 20 ширхэг угсраа автобусыг хамгийн бага үнээр буюу 7 тэрбум 990 сая төгрөгөөр нийлүүлэх санал ирүүлсэн байдаг. “М” ХХК автобусыг 9 тэрбум 350 сая төгрөгөөр нийлүүлэх санал ирүүлсэн байдаг. Үүний үнэлгээний зөрүү нь 1 тэрбум 360 сая төгрөгийн үнэлгээний зөрүү гарсан. “МИ” НХК-ийн ирүүлсэн 1 автобус нь 399 сая 500 мянган төгрөгөөр үнэлэгдэж байна. Тэгэхээр 1 тэрбум 360 сая төгрөгөөр 3.4 ширхэг автобус худалдах боломж байсан. Тендер нь шаардлагад нийцсэн хамгийн бага үнийн саналтай оролцогчийн тендерийг шалгаруулах хуулийн хүрээнд явагдсан бөгөөд илт хууль зөрчсөн нөхцөл байдал үүсээгүй. 

Эдгээр автобуснуудыг нийтийн тээврийн чанарыг сайжруулах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтэд худалдан авсан ба “МИ” НХК-ийн нийлүүлэх угсраа автобус манай нөхцөлд тохирсон, хуучин Монголд нийлүүлэгдэх чанарын шаардлагад нийцдэг нь баталгаажсан,  сайн автобус байсан гэж үзсэн. Үнэ хямд байсан нь Монгол Улсын тухайд хамгийн сайн санал байсан. Сангийн яам үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэн байсан ба энэ дагуу үнэлгээний хороо үнэлгээг дахин хийж, өмнөх шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэрийг Нийслэлийн Тээврийн газарт хүргүүлсэн.  “МИ” НХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн  тендерээр шалгаруулж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасны дагуу “МИ” НХК болон шалгараагүй оролцогчид “М” ХХК, “З” компани буюу А компанид мэдэгдлийг 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэгэн зэрэг мэдэгдсэн байгаа. Энэ мэдэгдсэн өдрөөс хойш захиалагч хуулийн дагуу 5 хоногийн дотор гэрээ байгуулаагүй ба оролцогчид хуулийн дагуу ажлын 5 хоногийн дотор Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яам хянан шийдвэрлэх ажиллагааг хийсэн.

Сангийн яамны шийдвэрийн дагуу үнэлгээний хороо дахин үнэлгээг хийж, хуучин шийдвэрээ хэвээр үлдээсэн ба Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар тендер хүчин байх хугацаанд багтааж, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрээ байгуулсан тул хуулийн заалт зөрчөөгүй гэж үзэж байна. 

Уг шийдвэрийн дагуу тендерийн хүчинтэй байх хугацаанд багтааж, Нийслэлийн тээврийн газар, “МИ” НХК-тай гэрээ байгуулж, гэрээ хүчин төгөлдөр болсноор автобуснууд үйлдвэрлэгдэж, гэрээний хугацаандаа нийлүүлэгдэж, одоо болтол нийтийн тээврийн үйлчилгээнд иргэдэд үйлчилж байгаа. Нийтийн тээврийг хөгжүүлэх зорилгоор хуулийн дагуу хэрэгжиж байгаа энэхүү төсөл арга хэмжээг зогсоох нь төрийн байгууллага, захиалагч, шалгарсан оролцогчдод илтэд хохиролтой, цаашлаад улс хоорондын хохирлын асуудал үүсэх тул “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

Мөн нотлох баримтаар гаргаж өгсөн 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дугаар 81 тоот Монгол Улсын сайдын тушаал байгаа. Бараа нийлүүлэх тендерийн жишиг баримт бичгийг 1 дүгээр хавсралтаар баталсан. Тендерт оролцогч нь тендерт бэлтгэх, захиалагчтай ирүүлэхтэй холбогдон гарах бүх зардлыг өөрөө бүрэн хариуцах бөгөөд ямар ч нөхцөлд энэхүү зардалтай холбогдох хариуцлагыг хүлээхгүй гэж заасан. Нэхэмжилж байгаа 24 сая төгрөгийг хариуцагчийн зүгээс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Дөрөв. Хариуцагч Нийслэлийн Тээврийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай газрын хувьд Тендерийн үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэж, нийлүүлэх гэрээг байгуулсан. Анх Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/514 тоот парк шинэчлэх тухай захирамж гарсан. Энэ захирамжийн хүрээнд хийгдэж байгаа ажил юм. Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн зөвлөлийн 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 06 дугаар хуралдааны шийдвэрийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлд зориулж, угсраа автобус 40 хүртэл урьдчилгаа төлбөр нөхцөлтэйгээр худалдан авахыг Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх санд даалгасугай гэсэн. Үүний дагуу захиалагч болсон. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/597 дугаараар байгуулагдсан Тендерийн Үнэлгээний хорооны зөвлөмжийн дагуу “МИ” НХК-тай 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрээ байгуулсан байдаг. Энэхүү харилцаанд Нийслэлийн тээврийн газар нь зөвхөн захиалагчийг төлөөлж оролцсон. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-д зааснаар гэрээ байгуулж ажилласан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

            ҮНДЭСЛЭХ нь

             Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа: “...Нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтийн ажил”, НХААГ-2014/0191 тоот тендерийн Багц №1 дугаартай ажилд “МБ” ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, хүчингүй болгуулах, НХААГ-14/***1 тоот тендерийн үнэлгээний хорооны “МИ” НХК-ийг гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан дүгнэлт, “М” ХХК-ийн саналаас татгалзсан тухай дүгнэлтийг тус тус хүчингүй болгож дахин хянаж, үнэлгээ хийлгэхийг даалгуулах гэж тодорхойлж байгаад Нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтийн ажил, НХААГ-14/***1 тоот тендерийн Багц №1 дугаартай ажилд “МБ” ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан гэрээ, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр, НХААГ- 14/0191 тоот тендерийн үнэлгээний хорооны “МИ” НХК-г гүйцэтгэгчээр шалгаруулсан дүгнэлт, “М” ХХК-ийн саналаас татгалзсан тухай шийдвэрүүд хууль бус байсан болохыг тогтоолгож, түүнээс болж нэхэмжлэгчид учирсан хохирлыг гаргуулах” гэж өөрчилжээ.

          Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

          1. “Нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтийн ажил”, НХААГ-14/***1 тоот тендерийн Багц №1 дугаартай ажилд “М” ХХК-ийн саналаас татгалзсан шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгохыг хүссэн  шаардлагын тухайд: “М” ХХК нь Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр зарласан “Нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтийн ажил”, НХААГ-14/***1тоот тендерийн  Багц №1, угсраа автобус нийлүүлэх ажлыг гүйцэтгэхээр тендер шалгаруулалтанд оролцжээ. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1673 дугаартай “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалт, 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг үндэслэн тендерт шалгараагүй болохыг мэдэгдсэн албан бичгийг үнэлгээний хорооны дүгнэлтийн хамт “М” ХХК-д хүргүүлсэн байна.  Үүнийг эс зөвшөөрч “М” ХХК-аас 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргажээ. Сангийн яамнаас 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн албан бичгээр Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт “захиалагчийн зүгээс санал болгож буй үнийн дүнгийн 20 хувь буюу түүнээс дээш хэмжээний үнийн дүнтэй ижил төстэй бараа, нийлүүлсэн байна гэж заасны дагуу санал болгож буй үнийн дүнгийн 20 хувьд хүрэхгүй гэж “М” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байх тул Багц №1-ийн үнэлгээг хууль журамд нийцүүлэн дахин хийж гүйцэтгэхийг мэдэгдье” гэжээ. Уг шийдвэрийн дагуу  тендерийн үнэлгээний хороо дахин  үнэлгээ хийж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4 дэх хэсэгт зааснаар “МАЗ” НХК-ийг сонгон шалгаруулж, энэ шийдвэрээ 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн албан бичгээр “М” ХХК-д мэдэгдсэн байна. “М” ХХК  2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дахин Сангийн яаманд гомдол гаргасан боловч, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т заасан “гомдол гаргах  хугацаа өнгөрсөн, шалгарсан оролцогчтой гэрээ байгуулсан” гэсэн үндэслэлээр  гомдлыг хүлээн авч шийдвэрлээгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үзэхэд Дээрх  худалдан авах ажиллагааны үнэлгээний хороо тендерийн урилгыг өдрийн сонины  2014 оны 08 дүгээр сарын 22-ны өдрийн дугаарт нийтэд зарлаж, 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 15:00 цагт тендерийн нээлт  хийж тендерт оролцогч нарт 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлт зөвлөмжийг хүргүүлсэн байна. Тендерт “М” ХХК 9.350.000.000, “МБ” ХХК 7.990.000.000 үнийн санал ирүүлсэн байх ба Үнэлгээний хороо “М” ХХК-ийг “гэрээ болон акт ирүүлсэн ижил төстэй ажлын үнийн дүн тендерт санал болгож буй үнийн дүнгийн 20 хувьд хүрэхгүй, 1.317.544.719 төгрөгийн ижил төстэй ажлын үнийн дүн нотлогдож байгаа тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.4 дэх заалтуудыг үндэслэн татгалзсан шийдвэрийг Сангийн яамнаас хүчингүй болгосон тул үнэлгээний хороо 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дахин үнэлгээ хийж, хамгийн бага үнийг санал болгосон “МАЗ” НХК-ийг шалгаруулжээ. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас шүүхэд ирүүлсэн бичгийн нотлох баримт болох “Нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтийн ажил”, НХААГ-14/***1 тоот тендерийн Багц №1 угсраа автобус нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн “М” ХХК, “МБ” ХХК-ийн  тендерийн баримт бичгээс үзэхэд “М” ХХК-ийн саналаас татгалзсан Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/597 дугаар захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны шийдвэрийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дүгээр зүйлд заасан худалдан авах ажиллагаа ил тод, өрсөлдөх тэгш боломж, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5-д заасан шаардлагыг хангажээ. Үнэлгээний хороо дээрх компаниудын ирүүлсэн тендерийн саналыг үнэлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 281-т заасан 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, үнэлгээ хийсэн байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дугаар зүйлд зааснаар тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байх бөгөөд, 28 дугаар зүйлийн 28.7.3 дугаар зүйл заасан хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгох, 28.7.4 дүгээр зүйлд заасан хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэсний дагуу дүгнэжээ гэж үзлээ. Иймд “М” ХХК-ийн ирүүлсэн саналаас татгалзсан үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоох  боломжгүй юм.

           2. “Нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтийн ажил”, НХААГ-14/***1 тоот тендерийн Багц №1 дугаартай ажилд тендерийн үнэлгээний хорооны “МИ” НХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулсан дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгох  шаардлагын тухайд: “МАЗ” НХК-иас нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтийн ажлын тендерт ирүүлсэн баримт бичгийг шинжлэн судалж үзэхэд Багц-1 угсраа автобусыг /20 ширхэг/ 7.990.000.000 төгрөгөөр тендерийн бичигт заасан бараа нийлүүлэлтийн хуваарийн дагуу нийлүүлэхээр санал болгож, тендерийн баримт бичгийн хуулийн шаардлага хангаж ирүүлсэн байх тул  тус тендерийн үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27 дугаар зүйлд заасан нөхцөлийг хангасан, шаардлагад нийцсэн тендер гэж үзэж  28 дугаар зүйлийн 281 дүгээр зүйлд заасан үнэлгээгээр, 28 дугаар зүйлийн 28.14.6-д заасан “хамгийн сайн” гэсэн үнэлгээ өгсөн нь буруу биш байна. Учир нь  хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд  “МБ” ХХК нь  хамгийн бага үнийн санал ирүүлж, чадавхийн шаардлага, техникийн тодорхойлолт, тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл шаардлагыг хангасан байна. Иймд “МИ” НХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулсан дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгохыг хүссэн шаардлагыг хангах боломжгүй гэж үзлээ.

            3. Нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтийн ажил”, НХААГ-14/***1тоот тендерийн Багц №1 дугаартай ажилд  “МБ” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгохыг хүссэн  шаардлагын тухайд: Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/514 дүгээр захирамжаар Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн зөвлөлийн 2014 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн хуралдааны 06 дугаар шийдвэрийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтэд зориулан угсраа автобус 40 хүртэл ширхэгийг урьдчилгаа төлөх нөхцөлтэйгээр худалдан авах ажиллагааг зохион байгуулахыг нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт даалгажээ. Энэ захирамжийн дагуу Нийслэлийн худалдан авах ажиллагааны  газар  “Нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтийн ажил, НХААГ-14/***1 Багц №1-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, хамгийн сайн үнэлэгдсэн “МИ” НХК-тай гэрээ байгуулахыг Нийслэлийн тээврийн газарт зөвлөжээ.  Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 29.1 дүгээр зүйлд заасан энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн  оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн байна.

           4. “Нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтийн ажил”, НХААГ-14/***1 тоот тендерийн Багц №1 дугаартай ажилд “МБ” ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан гэрээ хууль бус байсан болохыг тогтоолгохыг хүссэн шаардлагын тухайд: Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас Нийслэлийн тээврийн газарт 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “зөвлөмж хүргүүлэх тухай” 1785 дугаар албан бичгийг Нийслэлийн Засаг 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/597 дугаар захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “гүйцэтгэгчиийг сонгох, гэрээ байгуулах тухай 03 дугаар зөвлөмжийн хамт хүргүүлжээ. Нийслэлийн тээврийн газар 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “МИ” НХК-тай Багц1 Угсраа автобус нийлүүлэх гэрээг байгуулжээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т заасан гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдолыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ажлын 5 өдөр гомдол гаргах эрхэй гэж заасан байхад  гэрээ байгуулах эрх олгосон өдөрт нь гэрээ байгуулсанаар тендерт оролцогчдын гомдол гаргах эрхийг хангаагүй байна. Хариуцагч Нийслэлийн Тээврийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Сангийн яаманд тендерийн хүчинтэй байх хугацааг сунгуулах хүсэлтийг гаргаж, 30 хоногоор сунгуулсан боловч хугацаа бага байсан болохоор өдөрт нь гэрээ байгуулсан” гэж тайлбарлаж байгааг зөвтгөх боломжгүй юм. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэгт заасан тендер нээснээс хойш 45 хоногийн  хугацаанд шалгаруулах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байх, 29 дүгээр зүйлийн 29.2-д заасан гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй  байх хугацаанд багтааж гэрээ байгуулна гэсэн  заалтуудыг зөрчсөн байна.

            Иймд “МИ” НХК-тай 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан гэрээ хууль бус байсан болохыг тогтоох нь зүйтэй  гэж үзлээ.

           5. Дээрх хууль бус шийдвэрүүдээс болж “М” ХХК-д учирсан хохирлыг гаргуулахыг хүссэн шаардлагын тухайд: “Нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтийн ажил”, НХААГ-14/***1 тоот тендерийн Багц №1-т шалгарсан  “МИ” НХК нь гэрээний үүргээ биелүүлж, МАЗ 215067 маркийн 20 ширхэг автобусыг  хүлээлгэн өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн Засан даргын 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “тээврийн хэрэгсэл бүртгэн авах тухай” А/582 захирамж, Нийслэлийн өмчид бүртгэх тээврийн хэрэгслийн жагсаалт, автобусны техникийн байдлыг шалгаж хүлээлцсэн хуудас, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

           Нэхэмжлэгч талаас  шүүхэд 2014оны 08 дугаар сарын 25-ны өдрийн тендерийн баримт бичиг бэлтгэх судалгааны ажил гүйцэтгэх гэрээ, “АТ” ХХК-ийн “М” ХХК-д 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн “төлбөрийн нэхэмжлэх” зэрэг баримтуудыг ирүүлж учирсан хохирлоо нэхэмжилжээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д  захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллаганы улмаас хуулийн этгээдэд учирсан хохирлыг гаргуулахаар заажээ. Хариуцагч тал Сангийн сайдын 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 81 дүгээр тушаалаар  Тендерт оролцогч тендер бэлтгэх, захиалагчид ирүүлэхтэй хобогдон гарах бүх зардлыг өөрөө бүрэн хариуцах бөгөөд захиалагч ямар ч нөхцөлд энэхүү зардалтай холбогдох хариуцлага хүлээхгүй гэж журамласан гэж тайлбарлаж, үнийн дүн нь ойлгомжгүй юунаас үүссэн зардал нь мэдэгдэхгүй манай байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж хэдэн төгрөгийн хохирол учирсан болох нь тодорхой бус гэж маргажээ. Иймд хохирлын хэмжээний талаар маргаж байгаа тул Иргэний хэргийн  шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.  

           “М“ ХХК 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 3662 дугаар шүүгчийн захирамжаар гуравдагч этгээдээр “МБ” ХХК, “МИ”  НХК-ийг гуравдагч этгээдээр татаж, Б улсын “МИ автомашин” НХК-иас итгэмжлэгдсэн төлөөлөгчөө оролцуулах эсэх талаар тайлбар ирүүлэх хүртэл хугацаагаархэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Нэхэмжлэгч 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбогдуулан 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 329 дүгээр шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүх хуралдааны товлон зарлажээ. 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр уг хэргийн хянан шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэр  биелэгдэх боломжтой байх ёстой бөгөөд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2 жил 2 сарын дараа буюу маргаан бүхий тендерийн ажиллагаа явагдаж дуусаад, шалгарсан хуулийн этгээд гэрээний үүргээ бүрэн биелүүлж дууссан болохыг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.  

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.3, 106.3.13 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 28.7.4, 47 дугаар зүйлийн 47.2.2, 55 дугаар зүйлийн 55.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг тус тус баримтлан “М” ХХК-ийн нэхэмжлэлээр Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газаг, түүний Тендерийн үнэлгээний хороо, Нийслэлийн Тээврийн газарт тус тус холбогдуулан гаргаснаар “Нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтийн ажил”, НХААГ-14/***1 тоот тендерийн Багц №1 дугаартай ажилд “МБ” ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан гэрээ хууль бус байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “Нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтийн ажил”, НХААГ-14/***1 тоот тендерийн Багц №1 дугаартай ажилд “М” ХХК-ийн саналаас татгалзсан шийдвэрийг хууль бус байсан болохыг, “Нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтийн ажил”, НХААГ-14/***1тоот тендерийн Багц №1 дугаартай ажилд тендерийн үнэлгээний хорооны “МИ” НХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулсан дүгнэлтийг хууль бус байсан болохыг, Нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтийн ажил”, НХААГ-14/***1тоот тендерийн Багц №1 дугаартай ажилд  “МБ” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан хохирлын  хэмжээнд талууд маргасан тул энэ талаарх маргаанаа иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэйг дурдсугай. 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийн 50 хувь буюу 35100 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ЧАНЦАЛНЯМ