Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 1150

 

 Х, ХХ нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/02537 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х, ХХ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ХХХ” ХХК-д холбогдох,

 

Х, ХХ нарын “ХХХ” ХХК-тай 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан ЗГ-1474 тоот барьцаат зээлийн гэрээ, мөн өдрийн БГ-1474 тоот барьцааны гэрээ, 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ХОЗ-13/271 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн БГ-13/271 тоот барьцааны гэрээг тус тус цуцлах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 183 468 029.07 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Хын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Х,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд болон түүний өмгөөлөгч ХХХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид ХХХны Мишээл тооцооны төвтэй харилцан тохиролцож 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн болон барьцаат зээлийн гэрээ байгуулж хөрөнгө оруулалтын зорилгоор 70 000 000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлсэн. Авсан зээлээ эргэн төлөлтийн графикт заасны дагуу төлж байсан. 2013      оны 06 дугаар сарын 28-ны өдөр 13271 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулж дахин хөрөнгө оруулалтын зээлд хамрагдаж 75 000 000 төгрөгийн зээл авсан.

Х нь банкнаас авсан зээлээрээ 2 давхар хувийн сууц барьсан. Үүнийгээ арай дуусаагүй үлдэгдэл зээлийн гэрээ байгуулж зээл авсан. Мөн компьютер тоглоомын газар ажиллуулсан. Гэхдээ одоо ажиллуулахгүй байгаа. 2014 оны 02 дугаар сараас Х элэгний цирриоз өвчтэй болж Энэтхэг улсад эмчлүүлэхээр болж зээлээ төлөх боломжгүй болсон. Мөн энэ үед Хын ах ХХХХХХХ энэ үед элэгний хорт хавдартай болж Монголд эмчлэгдэх боломжгүй гэж дүгнэлт гарсан. ХХХХХХХ нь 2014 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр ходоодны хорт хавдартай гэж оношлогдсон. ХХХХХХХ нь 7.5 сантиметрийн урттай хавдартай гэдгийг 1 дүгээр эмнэлэгийн эмч нар оношилж Монголд эмчлэх боломжгүй гэдгийг мэдэгдсэн.

Ийм байдал үүссэн гэдгийг ХХХны ажилчидтай биечлэн уулзаж хэлж байснаас гадна ХХХХХХХтай 1 дүгээр эмнэлэг дээр уулзаж хүүгийнхээ өвчний талаар болон зээлийн хүүг зогсоолгох талаар хэлсэн. ХХХинд бичгээр 4 удаа хүү алдангийг зогсоох талаар мэдэгдэж байсан. Х, ХХХХХХХ нар 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Энэтхэг явсан. Х нь 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Энэтхэгт хагалгаанд орсон. ХХХХХХХХоос элэгний хагасыг нь авах хагалгаа хийлгэсэн ба хагалгаа амжилттай болсон. ХХХХХХХ нь 2014 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Энэтхэг улсад хагалгаанд орсон ба ХХХХХХХХХгээс элэгний хагасыг нь авсан. Хагалгаа амжилттай болсон. Энэтхэгт 180 гаруй хоног байсан.

Х 2014 оны 8 дугаар сарын 23-ны өдөр, ХХХХХХХ бид хоёр 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Монголдоо ирсэн. Намайг Энэтхэгт байх хооронд 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ХХХХХХХХХХ ХХХХХХХХХХХ нар нь ХХХны Мишээл төв дээр очиж захиралд нь бичгээр хүү зогсоолгох хүсэлтээ өгсөн. 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр би өөрөө ХХХны Мишээл тооцооны төв дээр очиж зээлийн эдийн засагч болон захиралтай нь уулзсан. Х болон ХХХХХХХ нар нь 340 000 000 төгрөгөөр хагалгаанд орсон гэдгийг хагалгаанд ороход төлсөн баримтуудын хамт үзүүлсэн. 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 5 хүн Энэтхэг явсан. Үүнд Х болон ХХХХХХХ, би мөн донорууд хамт явсан. Х нь 70 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан байгаагаас гадна хөдөлмөр эрхлэхгүй групп тогтоолгосон.

Компьютер тоглоомын газраа мөнгө хэрэгтэй байсан учир өөр хүнд өгсөн. Ах ХХХХХХХ нь хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдан групп тогтоолгож ажилгүй болсон. Сүүлд хөдөлмөрийн чадвар алдалтыг нь 70 хувь болгож бууруулсан. 2 хүүгийнхээ эмчилгээг хийлгэхийн тулд ХХХнаас авсан зээлийн хагас нь хагалгааны төлбөрт төлөгдсөн. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу эдгээр гэрээнүүдийг цуцлах хүсэлт тавьж байна. 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс хойш зээлийн төлөлт хийж чадаагүй. 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 70 000 000 төгрөгийн зээлээс үндсэн зээл 54 478 094 төгрөг, 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 75 000 000 төгрөгийн зээлээс үндсэн зээл 69 219 425 төгрөг, нийт 123 576 640 төгрөгийг төлөх хүсэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ, ХХХХХХХ нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Х, ХХ нар нь зээлийн гэрээний үүргийн биелэлт буюу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлсөн тохиолдолд зээлийн болон барьцааны гэрээг цуцлахад татгалзах зүйлгүй гэжээ.

Хариуцагч ХХХ ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ, ХХХХХХХ нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х, ХХ нар нь тус банктай 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 1474 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 70 000 000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн барьцаанд ХХХХХХХХ дүүрэг, ХХХХХ дугаар гудамж, ХХХ тоотод байрлах, 2 давхар нийтийн орон сууц, өмчлөх эрхийн ХХХХХХХХХХХ дугаар гэрчилгээтэй, 264 м.кв талбайтай гэр бүлийн газрын хамт барьцаалсан. 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ХОЗА14271 дугаартай зээлийн гэрээ байгуулан 75 000 000 төгрөгийг 21.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд дээрх 2 давхар нийтийн орон сууц болон газрын хамт, мөн ХХХХХХХХ дүүрэг, ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХ тоот хувийн сууц болон 663 м.кв талбай бүхий газар, эл жи маркийн 53 ширхэг компьютер, тоглоомын газрын төхөөрөмж, Jaguar маркийн автомашиныг барьцаалсан.

2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 70 000 000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг 2012 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс төлж эхлэх байсан. 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс зээлээ төлсөн байна. 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр ЗГ-1474 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр авсан 70 000 000 төгрөгөөс үндсэн зээл 15. 538 784,42 төгрөг, зээлийн хүү 22 260 044,10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 155 814.39 төгрөг, нийт 37 954 642,91 төгрөг төлсөн байна. 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдөр авсан ХОЗ-13/271 дугаартай зээлийн гэрээгээр зээлсэн 75 000 000 төгрөгөөс үндсэн зээл 5. 780 574,45 төгрөг, зээлийн хүү 10 655 225,12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 132 199,75 төгрөг, нийт 16 567 999,32 төгрөг төлсөн байна.

Нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш нэхэмжлэгч нар хаяган дээр байхгүй шалтгааны улмаас хугацаа маш их алдсан. Иймд 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний төлбөр нь үндсэн зээл 54 357 215,58 төгрөг, зээлийн хүү 26 393 627,24 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2 114 412,13 төгрөг, нийт 82 865 254,95 төгрөг болж байна. 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээнээс үндсэн зээл 69 219 425,55 төгрөг, зээлийн хүү 29 367 427,64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 015 922,93 төгрөг, нийт 100 602 774,12 төгрөг болж байна. Дээрх 2 зээлийн нийт төлбөр 183 468 029.07 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч ХХ, Х нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа болон нэхэмжлэгч ХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х болон ХХ нарын зүгээс 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нэхэмжлэлийг гаргасан тул “ХХХ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4, Иргэний хууль болон Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 тоот тогтоолоор батлагдсан тайлбарын 2.4-т заасныг үндэслэн зээлдэгч нараас ХХХинд төлсөн нийт 54 522 642.13 төгрөгийн төлбөрийг нийт зээлийн үндсэн төлбөр болох 145 000 000 төгрөгөөс хасаж тооцох үндэслэлтэй.

Х, ХХ нь зээл аваад төлөлт хийгээгүй хүмүүс биш юм. Графикийн дагуу төлөлт хийж байсан. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас зээлийг төлөх боломжгүй болсноо ХХХинд мэдэгдэж байсан. Хүүг багасгах хүсэлтийг удаа дараа тавьж байсан. Түүнээс биш зээлийг төлөхөөс зугтсан зүйл байхгүй. Гэрээнд оролцогч талууд гэрээндээ давагдашгүй хүчин зүйлс гарч ирэхэд яах талаар харилцан тохиролцох ёстой байдаг. Энэ байдлыг мэдэгдэж байсан. Зээлийн хүүг багасгах тал дээр холбогдох хүмүүстэй уулзаж байсан гэдгийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч байна.

ЗГ-1474 тоот зээлийн гэрээний 2.1.5 болон ХОЗ-13271 тоот зээлийн гэрээний 3.1.5-д заасан нь Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж зээл төлөлтийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, мөн хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 тоот тогтоолоор батлагдсан тайлбарын 2.5-т заасныг тус тус зөрчиж байх тул бид нэмэгдүүлсэн хүү төлөх хууль зүйн үндэслэлгүй.

Хэлбэрийн хувьд зээлдэгч нь хоёр л эрхтэй байгаа. Банк нь эсрэгээрээ 2 үүрэгтэй байгаа. Энэ байдлыг харахад зээлдэгч тал маш их үүрэг хүлээж байгаа ч банк 2 үүрэг л хүлээж байна. Нэхэмжлэгч нар гэрээгээ цуцлахаар мэдэгдсэн ч ХХХнаас гэрээгээ цуцлахгүй хүүгээ авах хүсэлтэй байгаагаа хэлж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2. 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар нэхэмжлэгч Х, ХХ нарын хариуцагч “ХХХ” ХХК-тай 2012 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр байгуулсан ЗГ-1474 тоот барьцаат зээлийн гэрээ, мөн өдрийн БГ-1474 тоот барьцааны гэрээ, 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ХОЗ-13/271 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн БГ-13/271 тоот барьцааны гэрээг тус тус хугацаанаас нь өмнө цуцалж, нэхэмжлэгч ХХ, Х нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд нийт 177 869 683 төгрөг гаргуулан хариуцагч ХХХинд олгож, хариуцагч ХХХны сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 5 598 346 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ХХ, Х нарыг улсын тэмдэгтийн хураамжид 882 950 төгрөгийг анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаагаар хойшлуулсан бөгөөд нэхэмжлэгч нараас 882 950 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч ХХХны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 321 784 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХнаас 882 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХ, Х нарт олгож, нэхэмжлэгч Х, ХХ нараас 1 047 299 төгрөг гаргуулан хариуцагч ХХХинд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Х давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 2016 оны 03 сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Х нь шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтээ, түргэний эмчийн тодорхойлолтын хамт шүүхэд өгсөн байтал, шүүгч хүсэлтийг хангалгүй орхиж, шүүх хуралдааныг явуулсан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн.

Нэхэмжлэгчдийн ХХХны ХХгийн 5381008453 тоот данс болон Хын 5007344675, 5014306175, 5381000149 тоот дансны хуулгыг шүүхийн журмаар гаргуулах тухай хүсэлтийг хангалгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Энэ нь мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

 Нэхэмжлэгчдийн хувьд банкинд итгэн зээлийн төлөлт хийсэн баримтыг гаргаж өгөөгүй байсан. Гэтэл шүүхэд гаргаж өгсөн ХХХны зээлийн эргэн төлөлтийн баримт нь зээлийн төлөлтийн баримтыг дутуу тооцож бодсон, зээлдэгчийн эрх ашгийг зөрчсөн байх тул бид шүүхэд дансны хуулга гаргуулахаар хүсэлт өгөхөд шүүх уг хүсэлтийг хангалгүй орхисон нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болсон.

Бидний дансыг зээлийн төлөлтийн доголдолтой шалтгаанаар банк блоколсон байсан. Шүүгч шүүх хуралдааныг урт хугацаагаар хойшилсон гэж үзэж, шүүх хуралдааныг шуурхай хийж шийдвэрлэхийг зорьсноос нэхэмжлэгч талд яах аргагүй хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэдгийг мэдсээр байж, хүндэтгэн үзэх дээрх шалтгааныг авч үзээгүй нь нэг талдаа хууль зөрчсөн, нөгөө талдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим алдагдсан. Өөрөөр хэлбэл банк эрх бүхий байгууллагын талд эрх мэдэл хөрөнгө чинээг нь харж, хэргийг тал бүрээс нь нотлох баримтын үндсэн дээр шинжлэн судлах хуулийн үзэл баримтлалыг алдагдуулан шуурхай шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үнэн зөв бодит байх нөхцөлийг алдагдуулсан гэж үзэж байна. Тиймээс энэ бүхнийг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хучингүй болгож, нотлох баримтыг гүйцэд бүрдүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахын тупд хэргииг анхан шатны шүүхэд буцаан, зохигчийн эрхийг хангаж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

            Шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргуулах зохигчийн хүсэлтийг хангаагүй нь хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх эрхийг зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч Х, ХХ нар нь хариуцагч “ХХХ” банк ХХК-д холбогдуулан тус банктай 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан ЗГ-1474 барьцаат зээлийн гэрээ, мөн өдрийн БГ-1474 барьцааны гэрээ, 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ХҮЗ-13/271 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн БГ-13/271 тоот барьцааны гэрээг тус тус цуцлах тухай       нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 дахь хэсэгт заасан хүндэтгэн үзэх нөхцөл байдал үүссэн гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч нар гэрээг хугацаанаас өмнө цуцлан, 2012 оны 9 дүгээр сарын  06-ны өдрийн 70 000 000 төгрөгийн зээлээс төлөгдөөгүй байгаа үндсэн зээл 54 478 094 төгрөг, 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 75 000 000 төгрөгийн зээлээс төлөгдөөгүй үндсэн зээл 69 219 425 төгрөг, нийт 123 576 640 төгрөг төлөхийг зөвшөөрсөн, харин хариуцагч ХХХ дээрх хоёр зээлийн гэрээний үүрэгт 2016 оны 2 дугаар сарын 25-ны байдлаар нийт 183 468 029,07 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Зохигчид зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан үйл баримт болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, харин  хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээг хугацаанаас өмнө цуцлах, зээлдэгч талын зээлийн хүү, алдангийг зогсоох тухай саналыг зээлдүүлэгч тал хүлээн аваагүй нь үндэслэлтэй эсэх талаар маргаж байна.

Нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн талаар зээлдүүлэгч талд удаа дараа мэдэгдсэн гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул хэзээ, ямар агуулгатай хүсэлтийг зээлдэгч гаргаж байсан, зээлдүүлэгч зээлдэгчийн уг хүсэлтийг шийдвэрлэх боломжтой байсан эсэх талаарх маргааны үйл баримтыг тогтоож, талуудын зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэлтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна.

Иймд эсрэг талаас нотлох баримт гаргуулах тухай нэхэмжлэгч талын хүсэлтэд дурдсан уг нотлох баримт нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байхад шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь буруу, Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй гэж үзнэ.

Мөн нэхэмжлэгч ХХ, Х нар өөрт байгаа зээл төлөлтийн баримт нь хариуцагчаас гаргасан зээлийн бүртгэлийн картад тусгагдаагүй, зөрүүтэй, банк зээл төлөлтийн зөрчилтэй шалтгаанаар дансыг хааснаас хуулгыг авах боломжгүй байсан гэж тайлбарлан банкнаас ХХХХХХХын 5007344675, 501406175, 5881001491, 5040095568, 5040066717 тоот, ХХгийн 5381008453 тоот дансны хуулгыг хариуцагчаас гаргуулах хүсэлт гаргажээ.

Хэрэгт зээлдэгч ХХ, Х нарын зээлийн 5040095568, 5040066717 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, мөн уг 2 дансанд төлөгдсөн зээлийг бүртгэсэн жагсаалт  авагдсан, нэхэмжлэгч Хаас 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 180 000 төгрөгийг, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1 000 000 төгрөгийг Хын 5007344675 тоот дансанд зээлийн төлбөр утгаар төлсөн, барьцаат зээлийн болон зээлийн гэрээнд зааснаар зээлдэгч нь 5381001491 тоот дансанд сар бүрийн зээлийн төлбөрийг төвлөрүүлэх үүрэг хүлээсэн баримтууд авагджээ.

Дээрх баримтууд дахь болон хүсэлтэд дурдсан дансны дугаарууд өөр өөр, маргаж буй зээлийн төлбөрт аль данс  хамааралтай, нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдсан данс хэрэгт хамааралтай эсэх нь тодорхойгүй, талуудын гаргасан зээл төлөлтийн баримт, тооцоолол нь зөрүүтэй байна. 

Иймд нэхэмжлэгчийн эсрэг талаас гаргуулахыг хүссэн нотлох баримт нь хэрэгт хамааралтай, маргааны үйл баримтыг тогтооход ач холбогдолтой эсэхийг  тодруулалгүйгээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.6 дахь хэсэгт заасанд нийцээгүй гэж үзнэ. 

Түүнчлэн нэхэмжлэгч Х нь 3 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд ирээгүй шалтгаанаа эмнэлгийн түргэн тусламж авсан тухай баримтаар нотолж, /хх120-121/ шүүх хуралдааныг хойшлуулахыг хүссэн байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж шүүх үзсэн нь үндэслэл муутай, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй байна. 

Шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүйгээс   маргаантай асуудлаар зохигчид мэтгэлцсэн гэж үзэх боломжгүй, нотлох баримт гаргуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг хуульд заасан журмын дагуу үндэслэлтэй шийдвэрлэж чадаагүйгээс хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь харьцуулан үнэлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/02537 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ