Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 05

 


Т.Сүхбаатар, Д.Лхагвасүрэн
нарт холбогдох хэргийн талаар

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Ч.Энхтөр, шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа, зөрчилд холбогдогч Т.Сүхбаатар, Д.Лхагвасүрэн, М.Энхзаяа гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Д.Отгонбаярын гаргасан давж заалдах гомдлоор Т.Сүхбаатар, Д.Лхагвасүрэн нарт холбогдох захиргааны зөрчлийн хэргийг шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1979 оны 08 дугаар сарын 19-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Газар зохион байгуулалтын менежер мэргэжилтэй, Цогт сумын засаг даргаар ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Цогт сумын Гэгээт багт оршин суудаг, ДС79081414 регистрийн дугаартай, Дивангар овгийн Тогтохын Сүхбаатар,
Монгол улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловролтой, Цогт сумын Баянтоорой тосгоны захирагчаар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Цогт сум Баянтоорой тосгонд оршин суудаг, ДМ86092411 регистрийн дугаартай Гонс овгийн Доржсүрэнгийн Лхагвасүрэн нар нь 2016 оны 9 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд хадланд явж, төрийн албан хаагчдыг цуглуулан зохион байгуулалттайгаар архидуулан, зарим хүмүүст бэлэг эд зүйл тарааж Сонгуулийн хуулийн 70.1.1, 70.1.4, 70.5.10, 70.5.15, 70.5.16 дахь заалтыг зөрчсөн зөрчилд холбогджээ.

Анхан шатны шүүх Говь-Алтай аймгийн Монгол ардын намын хорооны дэд дарга В.Сүррагчаагийн, нэр дэвшигч Т.Сүхбаатар, Д.Лхагвасүрэн нарт холбогдуулан гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбаяр давж заалдах гомдол, тайлбартаа: Шүүх уг зөрчлийг хянан шийдвэрлэхдээ нэг талыг баримталж, зөрчил гаргагчийн шууд удирдлаганд байдаг хүмүүсийн мэдүүлэг, тайлбар, тэдний дүгээс гаргаж өгсөн бичгийн нотлох баримтыг үнэлж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл Т.Сүхбаатарын шууд удирдлаганд байдаг Засаг даргын тамгын газрын дарга зэрэг хүмүүсийн тайлбар, зөрчил гаргагч нараас гаргаж өгсөн аймаг, сумын засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн тогтоол зэргийг гол үндэслэл болгон шийдвэр гаргасан нь зөрчлийг тал бүрээс нь бодьтой дүгнэж шийдвэрлэх зарчмыг хэрэгжүүлээгүй байна.
Нэр дэвшигч Д.Лхагвасүрэнгийн архи согтууруулах ундаа авчирч өгсөн асуудлыг нотлогдож байгаа гэж үзсэн ч архины мөнгийг эрхлэгч нар төлсөн байгаа тул Д.Лхагвасүрэнд хамааралгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Д.Лхагвасүрэн нь төрийн албан хаагч, сонгуульд нэр дэвшигчийн хувьд уг үйлдлийнхээ үр дагавар, ямар хууль тогтоомж зөрчиж байгаа гэдгийг мэдсээр байж зориуд их хэмжээний архи согтууруулах ундаа бусдад өгч байгаа нь Сонгуулийн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.1.16 дахь заалтыг зөрчсөн, сонгогчдын саналыг татах зорилготой байсан байна.
Зөрчил гаргагч нар нь хууль, шүүхийн байгууллагад худал тайлар мэдүүлэг өгч байгаа асуудлыг  шүүх анхаарч үзэх ёстой байсан. 
Т.Сүхбаатар, Д.Лхагвасүрэн нартай ажил хэргийн холбоотой доод албан тушаалтан болох сумын Засаг даргын тамгын газрын дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга, албан газрын дарга нарын тайлбар, тэдний гаргаж өгсөн бичгийн нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт үнэлсэн нь зөрчлийг үнэн зөв, бодьтой шийдвэрлэсэн гэхэд эргэлзээтэй байна.
Иймд Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Т.Сүхбаатар, Д.Лхагвасүрэн нарт Сонгуулийн тухай хуульд заасан хариуцлага тооцож өгөхийг хүсье” гэжээ.
 Зөрчилд холбогдогч Т.Сүхбаатар нь давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Говь-Алтай аймгийн засаг даргын захирамж, Аймгийн онцгой комиссын албан даалгаварын дагуу, Цогт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөнд тусгагдсан, жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг төрийн чиг үүрэгт хамаарах хадлан бэлтгэх ажлыг улс төрийн зорилгоор ашиглаж байгаад гомдолтой байна. Би сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчөөгүй. 
Тиймээс давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлэдээж өгнө үү гэжээ.
Зөрчилд холбогдогч Д.Лхагвасүрэн нь давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Би ажил зохион байгуулахаар шийдвэр гаргадаг хүн биш. Сумын засаг даргын тамгын газрын дарга хадлан бэлтгэх ажилд багаа зохион байгуулж оролц гэсний дагуу уг ажилд оролцсон. 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өглөө ажил гараад хадлан дээрээс Баянтоорой тосгонруу яваад орой ирэх гэж байхад Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Мөнхжаргал надруу яриад хадлан дээр байгаа байгууллагын дарга эрхлэгч нар архи захиад байна чи 20 шил архи аваад ирээч. Ирэхээр чинь байгууллагууд мөнгийг нь хувааж өгнө гэхээр нь би хот явах замдаа аваачиж өгөөд явсан. Тэр архины мөнгө надаас гараагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв. 
Шүүгдэгч нарын өмгөөлөгч анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Зөрчилд холбогдогч Т.Сүхбаатар нь Монгол Улсын засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 322 дугаар тогтоол, Говь-Алтай аймгийн засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Мал аж ахуйн өвөлжилтийн 2016-2017 оны бэлтгэл хангах арга хэмжээний тухай А/271 дугаар захирамж, Түүнчлэн Говь-Алтай аймгийн онцгой комиссын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаар албан даалгавар, Говь-Алтай аймгийн Цогт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн баталсан өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2016 оны 09 дүгээр сарын 16-наас 18-ны өдрүүдэд тус сумын Засаг даргын тамгын газраас төрийн байгууллагуудтай хамтран Захуй говийн урт булан гэдэг газарт зохион байгуулсан хадлан хадах үйл ажиллагаанд оролцож, хамгийн сайн хадлан хадсан багийг урамшуулал болгон олгохоор урьдчилан тохиролцсон “Алтан бухал” гэж нэрлэсэн дотроо чихэр, жимс, ус, ундаа, шар айраг зэргийг багтаасан хайрцагтай эд зүйлийг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Насанбуянгийн хамт гардуулан өгсөн байна.
Гэвч Т.Сүхбаатарын энэ үйлдлийг сонгуулийн сурталчилгаа гэж үзэх үндэслэлгүй бөгөөд сонгогчдын саналыг татах зорилгогүй, засгийн газрын тогтоол, аймгийн засаг даргын захирамж, аймгийн онцгой байдлын комиссын даалгавар, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн төлөвлөгөө зэрэг дээд шатны байгууллаг албан тушаалтны шийдвэрийн дагуу өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хийгдсэн төлөвлөгөөт ажил байсан болох нь захиргааны зөрчлийн хэрэгт авагдсан нотлох дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал Монгол Улсын засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 322 дугаар тогтоолд Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг үндэслэн аймаг, нийслэл, сум дүүргийн бэлтгэвэл зохих өвс тэжээлийн аюулгүйн нөөцийн хэмжээг баталсан бөгөөд Говь-Алтай аймгийн засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Мал аж ахуйн өвөлжилтийн 2016-2017 оны бэлтгэл хангах арга хэмжээний тухай А/271 дугаар захирамжаар Мал аж ахуйн салбарын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсэг байгуулж, нэгдсэн төлөвлөгөөг баталжээ. Мөн уг захирамжид сум бүр мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хэсэг байгуулж, өвс тэжээлийн аюулгүйн нөөцөө бүрдүүлэх зэргээр 2016-2017 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах сумын төлөвлөгөөг гарган сумынхаа Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээр хэлэлцүүлэн батлуулж ажиллахыг сумын засаг дарга нарт даалгажээ. 
Мөн Говь-Алтай аймгийн цогт сумын засаг дарга Т.Сүхбаатарын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/88 дугаар захирамжаар Мал аж ахуйн салбарын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгийг байгуулж, тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолоор Цогт сумын мал аж ахуйн салбарын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөг баталсан байна.
Энэхүү ажлын төлөвлөгөөнд Өвс тэжээлийн аюулгүйн нөөцөө бүрдүүлэх, төрийн албан хаагчдын хүчээр хадлан тэжээл бэлтгэх ажлыг 3 дугаар улиралд зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд уг ажлыг Засаг даргын тамгын газар, төсөвт байгууллагууд, багийн засаг дарга нар хариуцан хэрэгжүүлж, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг дарга хяналт тавьж ажиллахаар тусгажээ. 
Түүнчлэн Говь-Алтай аймгийн онцгой комиссын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаар албан даалгаварт 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж, сум, багийн бэлтгэвэл зохих өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг бэлтгэхэд онцгой анхаарч, авч хэрэгжүүлэх арга хэмжээний тайлан, мэдээллийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор ирүүлэх, өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хийхийг малчид, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагад анхааруулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилахыг даалгажээ.
Улмаар 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Цогт сумын засаг даргын зөвлөлийн хурлаар Говь-Алтай аймгийн засаг даргын захирамж, Говь-Алтай аймгийн Онцгой комиссын албан даалгаварыг хэрэгжүүлэх зорилгоор төрийн албан хаагчдын хадлан бэлтгэх ажлыг 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 18-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. 
Засаг даргын зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд Т.Сүхбаатар нь дээр дурдсан Засгийн газрын тогтоол, аймгийн засаг даргын захирамж, аймгийн онцгой комиссын албан даалгавар, Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн баталсан өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өвс хадлан бэлтгэх ажлыг Засаг даргын тамгын газрын дарга хариуцан зохион байгуулах талаар ярихад 2015 онд хийгдсэн хадлан хадах ажиллагааг уламжлал болгон зохион байгуулах нь зүйтэй гээд албан байгууллагын менежерүүд хувиасаа тус бүр 20000 төгрөг гаргаж хамгийн их хадлан хадсан багт аятайхан нэртэй тодорхой хэмжээний урамшуулал өгөх санал гаргахад Т.Сүхбаатар би сумын хуралд нэр дэвшиж байгаа учраас оролцох боломжгүй, менежерүүд зохион байгуул гэснийг бусад нь дэмжсэн талаар, унаа тэрэг бензин шатахуун, гал тогтоо, байрлах байр зэргийг тухайн байгууллага хариуцах нь зөв гэсэн саналыг Т.Сүхбаатар хэлсэн талаар тусгасан зэрэг нь хадлан бэлтгэх үйл ажиллагаа сонгуулийн сурталчилгаатай холбоогүй, сонгогчдын саналыг татах зорилгогүй байсныг нотлож байна.
Мөн зөрчилд холбогдогч Д.Лхагвасүрэн нь 2016 оны 09 дүгээр сарын 16-наас 18-ны өдрүүдэд Цогт сумын Засаг даргын тамгын газраас тус сумд үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудтай хамтран Захуй говийн урт булан гэдэг газарт зохион байгуулсан хадлан хадах үйл ажиллагаанд багийн иргэдийн хамт оролцож, Л.Мөнхжаргалын хүсэлтийн дагуу түүнд 20 шил архийг авч ирж өгч мөнгийг нь авсан байна. 
Гэвч Д.Лхагвасүрэнгийн энэхүү үйлдэл нь сонгуулийн сурталчилгаатай холбоогүй, сонгогчдын саналыг татах зорилгогүй байсан болох нь захиргааны зөрчлийн хэрэгт авагдсан гэрч Л.Мөнхжаргалын “Д.Лхагвасүрэн хадлан дээр архи авч ирж өгөөгүй. Хадлан дууссаны маргааш нь буцах замд Сухайт гэдэг газарт байгууллагын дарга эрхлэгч нар надаас архи асуугаад байхаар нь би Д.Лхагвасүрэн рүү ярихад Би одоо хот руу явах гэж байна. Замдаа аваачиж өгье гээд 20 шил архи авч ирж өгсөн. Тэнд байсан байгууллагын дарга эрхлэгч нар захиж авчруулсан болохоор архины мөнгийг төлсөн.” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.  
Түүнчлэн Л.Насанбуянгийн: “Хадлан хадах ажлын чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор төрийн албан хаагчдыг 10 хүний бүрэлдэхүүнтэй баг болгож хамгийн сайн хадлан хадсан багт “Алтан бухал” шагналыг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын хувиар гардуулсан” гэсэн тайлбар, 
  Д.Эрхэмбаярын: “Уламжлалт хадлангийн ажлаа намайг хариуцаад зохион байгуул гэсэн. Албан байгууллагын менежер захирлууд тус бүр 20000 төгрөг өөрсдөөсөө гаргаж шилжүүлснийг би авч 20000 төгрөг өөрөөсөө нэмээд 10 хүнтэй нэг багт тохируулаад 10 ширхэг ус, 10 ширхэг ундаа 10 лааз пиво зэрэг юмнууд авсан” гэсэн тайлбар, 
Ц.Дашпэлжээгийн: “Хадлан хадаж байсан хүмүүсийн ачиж өгсөн өвсийг Баян-Өндөр багийн засаг дарга Баяраагийн хэлснээр хуучин уурын зууханд буулгасан. Энэ нь Баян-Өндөр багийн өвөлжилтийн бэлтгэлийн өвс юм” гэсэн тайлбар.
Л.Мөнхжаргалын тайлбарт: “Хадланд явах ажлыг Цогт сумын засаг даргын тамгын газар бусад төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан” гэсэн тайлбар, 
С.Даваадоржийн: “Сайн хадлан хадсан багийг шалгаруулж, “Алтан бухал” гэх нэг удаагийн цайлж ундлах зүйлээр мялаасан” гэсэн тайлбар, 
Ш.Ганбаатар, Ц.Цогтбаатар, Ц.Одгэрэл нарын: “Цогт сумын төрийн байгууллагууд хамтарч өвөлжилтийн бэлтгэл хангах зорилгоор хадлан бэлтгэсэн. Сайн хадлан хадсан байгууллагыг шалгаруулж бэлэг өгсөн. Тэрхүү бэлгэнд ус, ундаа, тарвас, чихэр жимс байсан” гэсэн агуулга бүхий тайлбар, зөрчилд холбогдогч нарын тайлбар зэргээр энэхүү үйл ажиллагаа нь сонгуулийн сурталчилгаа хийх, сонгогчдын саналыг татах зорилгогүй байсан болох нь давхар тогтоогдож байна.
Түүнчлэн Т.Сүхбаатар, Д.Лхагвасүрэн нар нь хадлан хадах арга хэмжээний үеэр болон дараа нь тэнд цугларсан иргэдэд эд зүйл тэр дундаа архи согтууруулах ундаа тараасан, сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулсан гэх нөхцөл байдал захиргааны зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа бөгөөд иргэд тухайн арга хэмжээний үеэр согтууруулах ундааг хэрэглэсэн эсэх асуудалд Д.Лхагвасүрэн, Т.Сүхбаатар нарыг буруутгах боломжгүй юм. 
Тиймээс Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж гомдол гаргагч Т.Отгонбаярын шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зөрчил гаргасан этгээдийг уг зөрчил гаргасан өдрөөс хойш 3 сарын дотор захиргааны хариуцлагад татаж болохоор заасныг цаашид анхаархыг дурьдах нь зүйтэй. 
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэг, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар шүүгчийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гомдол гаргагч Т.Отгонбаярын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Магадлалд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай. 
    

    ДДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ш.БАТТОГТОХ         
                               
                                           ШҮҮГЧИД                             Б.НАМХАЙДОРЖ
                                                                               
                       Ч.ЭНХТӨР