Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 124

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Гүнсэл, шүүгдэгч Т.Ш, нарийн бичгийн дарга В.Орхон нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Т.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810015780904 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Т.Ш.

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Т.Ш нь 2018 оны 06 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 75-20 УБХ улсын дугаартай Соната 5 загварын тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа үйлчлүүлж байсан иргэн М.Д-г Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Яармагийн 4 дүгээр гудамжинд түр буухад нь түүний эд зүйлсийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 1,085,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Т.Ш: “...Тухайн өдрийн орой өөрийнхөө машинаар таксинд явж байгаад Яармагийн тэндээс хоёр эмэгтэйг авсан, тэр хоёр замдаа хоолны газраас хоол авч идсэн, өөр газар бааранд орно гээд онгорхой газар олдохгүй байсан, тэгээд гэртээ харьцгаана гээд нэгийг нь хүргэж өгсөн. Нөгөө хүүхэн болох хохирогч М.Д гэртээ хүргүүлэхдээ замдаа машиныг зогсоож бөөлжсөн, бөөлжихдөө удаагүй, хаалгаа онгойлгоод өөрөө буулгүйгээр тонгойж байгаад бөөлжсөн, тэгээд гэнэт надаас гар утас алга болсон байна гээд утсаа нэхсэн, би аваагүй, мэдэхгүй, цагдаа дээр очьё гэхэд тэгьё гээд явж байгаад замдаа эхлээд хүргэж өгсөн найзыхаа гэрийн гадаа очсон, тэгээд найзындаа орох гээд буух хооронд би арагшаа харахад суудлын шалавчин дээр хоёр ширхэг гар утас нь байхаар нь би шууд хөдлөөд явсан, мөн арын суудал дээр гар цүнх нь байсан. Гэртээ очоод гар цүнхэн дотор байсан бичиг баримт, эмэгтэй хүний гоо сайхны зүйлс болон бусад бүх зүйлсийг нь цүнхний хамт бүгдийг нь шатаачихсан. Хохирол төлөөгүй, нэг цагаан өнгийн утсыг би өөрөө хэрэглэж байгаад мөнгөний хэрэг гараад ломбарданд тавьсан байсныг хурааж хохирогчид өгсөн, ломбарднаас гар утас худалдаж авсан хүнд би гар утасны мөнгийг бүгдийг төлж хохиролгүй болгосон. Хохирогч М.Дтэй таксины мөнгөнөөс болж маргалдсан, тэгээд дургүй хүрээд хоёр ширхэг гар утас болон гар цүнхийг нь аваад явчихсан...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч М.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 дугаар сарын 24-ний шөнө найзын хамт Комбинатын хөшөөтэй буудлаас таксинд суугаад замаараа зочин бууз орж хоол идчихээд Яармаг руу явсан. ...Манай найз гэртээ харина гэхээр нь Яармагийн 4 дүгээр гудамжинд буулгаад цаашаа гэр лүүгээ явсан. Замдаа дотор муухайраад байхаар нь машиныг түр зогсоож цүнхээ болон хоёр гар утсаа машины арын суудал дээр үлдээж буугаад буцаад суусан. Тэр үедээ утасныхаа талаар түр мартчихсан, гэрийнхээ үүдэнд буух гэхэд миний гар утас байхгүй байсан. Энэ талаар жолоочид хэлэхэд би мэдэхгүй гэхээр нь цагдаагийн газарт ирсэн боловч таксины жолооч дотогшоо орохгүй “би мэдэхгүй, найзаас чинь асууя” гээд байсан. Тэгэхээр нь найзынхаа гэрийн гадаа буугаад хаалгыг нь тогшиж байхад жолооч машинаа унаад зугтаачихсан. Машин дотор миний цүнх байсан...” /хх-ийн 24-27, 28-29, 30-31/ гэсэн,

 

Гэрч Т.Уранчимэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 дугаар сарын 24-ний шөнө найз Дгийн хамт Зайсангаас таксинд суугаад Зочин бууз орж хоол идчихээд цаашаа Яармаг руу явсан. Яармагт ирээд нэг нэг пиво уух гэсэн боловч паб хаачихсан байсан учир гэртээ харихаар явсан. Д тэр такситайгаа хамт намайг гэрт хүргэж өгчихөөд цааш явсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй. ...Тухайн өдөр Д гартаа хар цүнх барьчихсан, хөх өнгийн ухаалаг утас 1 ширхэг, шар өнгийн гэрэлтэй дэлгэгддэг утас 1 ширхэгтэй явж байсан. ...Маргааш нь Д над руу залгаад нөгөө таксины жолооч миний цүнх, мөнгө төгрөг, утас, бичиг баримт бүгдийг нь аваад зугтаачихлаа гэж хэлсэн...” /хх-ийн 36, 37/ гэсэн,

 

Гэрч Б.Пүрэвсүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай нөхөр Ш 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр таксинд явж байгаад шөнө үүрээр 05-06 цагийн хооронд ирсэн. Гэртээ ирэхдээ эмэгтэй хүний хар өнгийн цүнх авч орж ирсэн. Би юун цүнх вэ гэж асуухад Ш машинд суусан хүн орхиж буусан гээд дотор нь байсан эд зүйлсийг гаргаж харж байгаад цүнхэн дотор байсан эд зүйлүүдтэй хамт гал руу хийж шатаасан. Т.Ш Хуавэй болон Самсунг маркийн хоёр утсыг олсон гэж авчирсан. Хуавэй утсыг нэг сар гаруй ашиглаж байгаад ломбарданд тавьсан гэсэн. Харин Самсунг маркийн утсыг зараад машиндаа бензин хийсэн байх...” /хх-ийн 51-53/ гэсэн,

 

Гэрч Б.Данаажав мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хуавэй маркийн гар утсыг 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хархорин захын хойд талын ломбарднаас 160,000 төгрөгөөр худалдаж авсан. Хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй...” /хх-ийн 44-45/ гэсэн,

 

Гэрч А.Эрдэнэзаяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Түвшинжаргал овогтой Ш гэх хүн өөрийн бичиг баримтаар Хуавэй Л-62 маркийн гар утсыг 130,000 төгрөгөөр 7 хоногийн хугацаатай барьцаанд тавьсан. Барьцааны хугацаа дууссан тул Т.Шгийн утас руу хугацаа дууссан талаар мэдэгдсэн боловч холбоо бариагүй, сунгуулаагүй тул эд зүйлийг борлуулсан. Тухайн гар утсыг хулгайн утас гэдгийг  мэдээгүй...” /хх-ийн 48-49/ гэсэн,

 

Шүүгдэгч Т.Ш мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 дугаар сарын 25-ны шөнө халтуур хийгээд явж байхад 19 дүгээр хорооллоос хоёр согтуу эмэгтэй суугаад өлсөөд байна гээд Зочин бууз орсон. Дараа нь Яармаг руу очиж Д гэх эмэгтэйн найзыг гэрт нь хүргэж өгөөд Дгийн гэр рүү явсан. Замдаа Д бөөлжинө гээд машинаас бууж бөөлжчихөөд орж ирснийхээ дараа миний хоёр утас алга болчихсон байна гээд байхаар нь та сайн хай, би мэдэхгүй гэхэд чи авсан гээд над руу дайраад байсан. Би цагдаагийн газрын гадаа машинтайгаа ирээд дотогшоо орьё гээд байхад Д орохгүй найзаасаа очиж асууна гээд буцаж найзынх нь гэрийн гадаа ирсэн. Тэгээд Д машинаас буухаар нь би гар утсыг нь суудлын доогуур үзэхэд шалавчин доор хоёр утас нь байсан. Тэгээд утаснуудыг харангуутаа шууд машинаа унаад зугтаасан. Гэрийнхээ гадаа ирээд харахад Д хойд суудалдээр цүнхээ үлдээгээд буучихсан байсан...” /хх-ийн 68-71/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-11/,

- Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 15, 18/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-17/,

- “Баялаг хишиг” ломбардны барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 50/,

- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 55-57/,

- Шүүгдэгч Т.Ш-гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой  бусад баримтууд /хх-ийн 72-77/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Т.Ш-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                              

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Т.Ш нь 2018 оны 06 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 75-20 УБХ улсын дугаартай Соната 5 загварын тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа үйлчлүүлж байсан иргэн М.Дг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Яармагийн 4 дүгээр гудамжинд түр буухад нь түүний эд зүйлсийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 1,085,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч М.Дгийн “...2018 оны 06 дугаар сарын 24-ний шөнө найзын хамт Комбинатын хөшөөтэй буудлаас таксинд суугаад замаараа зочин бууз орж хоол идчихээд Яармаг руу явсан. ...Манай найз гэртээ харина гэхээр нь Яармагийн 4 дүгээр гудамжинд буулгаад цаашаа гэр лүүгээ явсан. Замдаа дотор муухайраад байхаар нь машиныг түр зогсоож цүнхээ болон хоёр гар утсаа машины арын суудал дээр үлдээж буугаад буцаад суусан. Тэр үедээ утасныхаа талаар түр мартчихсан, гэрийнхээ үүдэнд буух гэхэд миний гар утас байхгүй байсан. Энэ талаар жолоочид хэлэхэд би мэдэхгүй гэхээр нь цагдаагийн газарт ирсэн боловч таксины жолооч дотогшоо орохгүй “би мэдэхгүй, найзаасаа асуу” гээд байсан. Тэгэхээр нь найзынхаа гэрийн гадаа буугаад хаалгыг нь тогшиж байхад жолооч машинаа унаад зугтаачихсан. Машин дотор миний цүнх байсан...” /хх-ийн 24-27, 28-29, 30-31/ гэсэн, гэрч Б.Пүрэвсүрэнгийн “...Манай нөхөр Ш 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр таксинд явж байгаад шөнө үүрээр 05-06 цагийн хооронд ирсэн. Гэртээ ирэхдээ эмэгтэй хүний хар өнгийн цүнх авч орж ирсэн. Би юун цүнх вэ гэж асуухад Ш машинд суусан хүн орхиж буусан гээд дотор нь байсан эд зүйлсийг гаргаж харж байгаад цүнхийг дотор нь байсан эд зүйлүүдтэй хамт гал руу хийж шатаасан. Т.Ш Хуавэй болон Самсунг маркийн хоёр утсыг олсон гэж авчирсан...” /хх-ийн 51-53/ гэсэн, шүүгдэгч Т.Шгийн “...Би цагдаагийн газрын гадаа машинтайгаа ирээд дотогшоо орьё гээд байхад Д орохгүй найзаасаа очиж асууна гээд байхаар нь буцаж найзынх нь гэрийн гадаа ирсэн. Тэгээд Д машинаас буухаар нь би гар утсыг нь суудлын доогуур үзэхэд шалавчин доор хоёр утас нь байсан. Тэгээд утаснуудыг харангуутаа шууд машинаа унаад зугтаасан. Гэрийнхээ гадаа ирээд харахад Д хойд суудал дээр цүнхээ үлдээгээд буучихсан байсан...” /хх-ийн 68-71/ гэсэн мэдүүлгүүд, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-11/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 15, 18/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-17/, “Баялаг хишиг” ломбардны барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 50/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 55-57/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Т.Ш-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М.Дгийн эд хөрөнгөд 1,085,500 төгрөгийг хохирол учирснаас шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Хуавэй маркийн утсыг хохирогчид буцаан өгсөн /хх-ийн 18/, бусад эд зүйлийг болон эд зүйлийн хохирол болон 446,300 төгрөг төлөгдөөгүй байх тул гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Т.Ш нь тохиолдлын шинжтэй нөхцөл байлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг зарим хэсгийг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирол бүрэн төлөгдөөгүй, хохирол төлбөр төлөх талаар идэвхи санаачлага гаргаагүй, үйлдсэн хэрэгтээ гэмшээгүй зэрэг шүүгдэгчийн хувийн байдлуудыг харгалзан түүнд хуульд зааснаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн 1810015780904 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч  Б овогт Т.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ш-г 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ш-д оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагаад эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ш-ээс 446,300 /дөрвөн зуун дөчин зургаан мянга гурван зуу/ төгрөг гаргуулж, хохирогч М.Д-д олгосугай.

 

5. Эрүүгийн 1810015780904 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Ш-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ш-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                     Д.АЛТАНЖИГҮҮР