Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 223/МА2023/00035

 

 

 

 

 

 

 

 

 

2023        10         20                                              223/МА2023/00035

 

 

 

“Т банк” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 151/ШШ2023/00560 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “Т банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Д” ХХК-ийн төлөөлөгч Б.С,

Хариуцагч: Ш.А нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 63,921,773 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Б.С, хариуцагч Ш.Ш.А нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, хариуцагч Ш.Ш.А, хариуцагчийн өмгөөлөгч М.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Т банк” ХК-ийн нэхэмжлэлд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Нэхэмжлэгч “Т банк” ХК нь хариуцагч “Д” ХХК, Ш.Ш.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 63,921,773 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Хариуцагч “Д” ХХК нь 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 16/31 дугаартай зээлийн гэрээ, 16/31-1 дугаартай барьцааны гэрээ байгуулан 300,000,000 төгрөгийг жилийн 12,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар авсан. “Т банк” ХК нь зээлдэгчийн тус банк дахь 312000070560 тоот дансанд зээлийг шилжүүлэн бодитойгоор олгосон. Зээлдэгч нь гэрээний хавсралт болох эргэн төлөх хуваарийн дагуу эхний 4 cap үндсэн зээлээс чөлөөлөгдөн, 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 25,000,000 төгрөгийг үндсэн зээлээс, хүү 3,184,932 төгрөг, нийт 28,184,932 төгрөгийг төлөх үеэс эхлэн зөрчил үүсэж эхэлсэн. 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж 16/31-2 гэрээ байгуулсан. 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн хуваарьт заасан төлбөрийг төлөөгүйгээс болж зээл чанаргүйдэж тусгай активын албанд 2018 оны 11 дүгээр сард шилжсэн.

Зээл шилжиж ирснээс хойш зээлдэгч, хамтран зээлдэгч, зээлдэгчийн өмгөөлөгч нартай удаа дараа уулзалт хийж, зээлийг төлүүлэх, ажиллагааг хийсэн.

2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 66,000,000 төгрөг, 10 дугаар сарын 28-ны өдөр 20,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 13-ны өдөр 45,000,000 төгрөг, мөн оны 12 дугаар сарын 08-ны өдөр 4,500,000 төгрөг, 12 дугаар сарын 18-ны өдөр 1,500,000 төгрөг, 12 дугаар сарын 31-ний өдөр 27,300,000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 7,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 500,000 төгрөг, нийт үндсэн зээлээс 292,472,271 төгрөг, хүү 52,198,967 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,517,072 төгрөг, нийт 348,188,309 төгрөг төлсөн. Иймд зээлийн үүргийн биелэлт нийт 63,921,773 төгрөг гаргуулахаар шаардсан.

Одоо нэхэмжлэлээ багасгаж, зээлдэгч нараас үндсэн зээл 7,527,730 төгрөг, хүү 49,439,239 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,454,805 төгрөг, нийт 63,421,773 төгрөг гаргуулж, хариуцагч нар сайн дураараа төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Төв аймаг Цээл сум, 2 дугаар баг, Хайрхан 12 дугаар байрны 4 тоот Б.С №01232376 гэрчилгээний дугаартай газар тариалангийн зориулалттай, 2011 онд үйлдвэрлэгдсэн 354 морины хүчин чадалтай Трактор “Кировец”, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 19 дүгээр байрны 92 тоот хаягт байрлах 40 мкв Ү-2201004735 дугаартай орон сууц, Төв аймаг Цээл сум, 3 дугаар баг Майхан хаягт байрлах 30 тн багтаамжтай үрийн агуулах харуулын байрны зориулалттай Ү-1422000017 дугаартай үл хөдлөх хөрөнгө, Төв аймаг Цээл сум, 3 дугаар баг Майхан хаягт байрлах 8,2 га талбайг хашсан үтрэмийн хашаа, Төв аймаг, Цээл сум, Цоохорын булаг үр тариа тариалах зориулалттай эзэмших эрхтэй 265 га газар, Төв аймаг Цээл сум, 4 дүгээр баг Долоон худгийн хөндий үр тариа тариалах зориулалттай эзэмших эрхтэй 304,7 га газар, Төв аймаг, Цээл сум, 4 дүгээр баг Долоон худгийн хөндий үр тариа тариалах зориулалттай эзэмших эрхтэй 304,9 га газар, Төв аймаг, Цээл сум, 4 дүгээр баг Бага хустай, үр тариа тариалах зориулалттай эзэмших эрхтэй 150,5 га газраар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэжээ.

2.Хариуцагч “Д” ХХК-ийн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Зээлийг 2 жилийн хугацаатай авсан. 2016 онд хуваарийн дагуу төлөлт хийж байсан. 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 25,000,000 төгрөг төлөх ёстой байтал ган болж, тэр үеэс эхлэн төлөлтийн график алдагдсан. Санхүүгийн хямралаас гарч чадахгүй байгаа тул үндсэн зээлээ төлөхийг хүсэж байна.” гэжээ.

3.Хариуцагч Ш.Ш.Аын хариу тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Манай компани нь газар тариалан хөгжүүлэх хөнгөлөлттэй зээлээс 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 16/31 дугаартай зээлийн гэрээ, 16/31.1 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулан 300,000,000  төгрөгийг жилийн 12,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. Зээлийг зориулалтын дагуу зарцуулж хуваарийн дагуу төлөлт хийж байсан. 2017 онд 1400 га талбайд тариалалт хийсэн. Хаврын тариалалт хийсн

ээс хойш Төв аймаг даяар ган болж ургац бүрэн алдсан. Зээлийн төлөлтийг өөрт байсан зүйлээс зарах болон хүнээс зээлэх мэтээр хугацаандаа төлөхийг хичээж төлж байсан. Их га-д тариалалт хийж, зардал их гаргаад ямар ч ургац хураалгахгүй, орлогогүй байснаас санхүүгийн хямралд орж зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Дараа дараагийн жил хүнээс зээл авах замаар санхүү босгож тариалалтаа хийж байсан. Тэгээд олсон мөнгөөрөө зээлээ төлж байгаа. 2018 онд мөн ган болж ургац алдсан тул 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 66,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 20,000,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 45,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 500,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 27,300,000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 7000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 500,000 төгрөг, нийт үндсэн зээлээс 292,472,271 төгрөг, хүү 52,198,967 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,517,072 төгрөг, нийт 348,188,309 төгрөг төлсөн. Одоо үндсэн зээлийн үлдэгдэл 7,527,730 төгрөг, хүү 49,439,239 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,454,805 төгрөг, нийт 63,921,773 төгрөгийг “Т банк” ХК-иас нэхэмжилж байна. Бид дээрх нөхцөл байдлаас болж санхүүгийн хямралаас гарч чадахгүй байгаа тул үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 7,527,730 төгрөгийг төлж барагдуулна. Харин хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 55,894,044 төгрөгийг төлөх боломжгүй байгаа  тул уг төлбөрөөс чөлөөлүүлэх хүсэлтэй байна.” гэжээ.

4.Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хариуцагч “Д” ХХК, Их тугтан овогт Ширчинжавын Ш.А нараас зээлийн гэрээний үүрэгт 63,421,773 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “Т банк” ХК-д олгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1., 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар хариуцагч “Д” ХХК, Ш.Ш.А нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл газар тариалангийн зориулалттай, 2011 онд үйлдвэрлэгдсэн, 354 морины хүчин чадалтай Трактор (“Кировец”, гэрчилгээ №01232376); Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо, 19 дүгээр байрны 92 тоот хаягт байрлах 40 м.кв, улсын бүртгэлийн Ү-2201004735 дугаартай орон сууц; Төв аймгийн Цээл сумын 3-р баг, Майхан хаягт байрлах 30 тн багтаамжтай үрийн агуулах, харуулын байрны зориулалттай Ү-1422000017 дугаартай үл хөдлөх хөрөнгө; Төв аймгийн Цээл сумын 3-р баг, Майхан хаягт байрлах 8,2 га талбайг хашсан Үтрэмийн хашаа, Төв аймгийн Цээл сумын Цоохорын булаг, үр тариа тариалах зориулалттай эзэмших эрхтэй 265 га газар, Төв аймгийн Цээл сумын 4-р баг Долоон худгийн хөндий, үр тариа тариалах зориулалттай эзэмших эрхтэй 304,7 га газар, Төв аймгийн Цээл сумын 4-р баг Долоон худгийн хөндий үр тариа тариалах зориулалттай эзэмших эрхтэй 304,9 га газар, Төв аймгийн Цээл сумын 4-р баг Бага хустай, үр тариа тариалах зориулалттай эзэмших эрхтэй 150,5 га газар эзэмших эрхээр хуульд заасан журмын дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 547,760 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д” ХХК, Ш.Ш.А нараас 545,259 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т банк” ХК-д олгож шийдвэрлэжээ.

 

5.Хариуцагчийн төлөөлөгч Б.С, хариуцагч Ш.Ш.А нарын хамтарч гаргасан давж заалдах гомдолд болон шүүх хуралдаанд хариуцагч Ш.Ш.Аийн өмгөөлөгч М.Өийн гаргасан тайлбарын агуулга: ...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч “Т банк” ХК нь 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр “Д" ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, тус компанид 300,000,000 төгрөгийн зээл олгосон байдаг. Гэтэл нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “Д” ХХК болон иргэн Ш.Ш.А нарыг хамтран хариуцагчаар татсан байдаг. Хариуцагч Ш.Ш.Аийн хувьд уг зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд гарын үсэг зурсан бөгөөд зээл авч, зээлийг захиран зарцуулсан субьект нь Д ХХК байтал шүүх Ш.Ш.Ааас төлбөр гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь хэрэгт цугларсан зээлийн гэрээ болон бусад нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлнэ гэх зарчмыг зөрчиж хэргийг шийдсэн гэж үзэж байна. Учир нь үндсэн зээлдэгч үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдалд байгаа тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хуулийн зохицуулалттай.

Нөгөө талаар анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж 63,421,773 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн атлаа 2 хариуцагчаас хэнээс нь хэдэн төгрөг гаргуулахаар шийдвэрлэж байгаа талаараа шийдвэртээ тусгаагүй байна. Зээлийн гэрээг “Д” ХХК байгуулж, уг компани зээл авсан байтал ямар үндэслэлээр хамтран зээлдэгч Ш.Ш.Ааас гаргуулахаар шийдвэрлэсэн талаараа шүүхийн шийдвэртээ огт тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэг мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.5.-д ззасан заалтыг зөрчсөн.

Хариуцагч Д ХХК нь зээлийн гэрээний төлбөрөөс үндсэн зээлд 292,472,271 төгрөг, хүү 52,198,967 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,517,072 төгрөг нийт 348,188,309 төгрөгийг төлсөн байдаг. Үндсэн зээл 7,527,730 төгрөг үлдсэн байхад үүрэг гүйцэтгэх дараалал зөрчиж зээлдэгчээс төлсөн төлбөрийг хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт суутган авсан байхад шүүх Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчиж нэхэмжлэгчийг хамгаалж илт хууль зөрчиж хариуцагчийн эрхийг хохироосон шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж үндсэн хүү 32,198,967 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,517,072 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Ш.Ш.Ат холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Хариуцагчийн давж заалдах гомдол нь эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхийг хүсэж байгаа тул гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү”  гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч Б.С, хариуцагч Ш.Ш.А нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

1.Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал тодорхойгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлоогүй, холбогдох баримт хэрэгт авагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

2.Нэхэмжлэгч “Т банк” ХК нь 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн №16/31 дугаар зээлийн гэрээ болон 16/31-1 дугаартай барьцааны гэрээ, 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 16/31-2 дугаар барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээнүүдийн үүргийн биелэлт нийт  63,921,773 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч Д” ХХК, хариуцагч Ш.Ш.А нараас үндсэн зээл 7,527,730 төгрөг, хүү 49,439,239 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,454,805 төгрөг, нийт 63,421,773 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө /Төв аймаг, Цээл сум, 2 дугаар баг, Хайрхан 12 дугаар байрны 4 тоот Б.С №01232376 гэрчилгээний дугаартай газар тариалангийн зориулалттай, 2011 онд үйлдвэрлэгдсэн 354 морины хүчин чадалтай трактор “Кировец”, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 19 дүгээр байрны 92 тоот хаягт байрлах 40 мкв Ү-2201004735 дугаартай орон сууц, Төв аймаг, Цээл сум, 3 дугаар баг, Майхан хаягт байрлах 30 тн багтаамжтай үрийн агуулах харуулын байрны зориулалттай Ү-1422000017 дугаартай үл хөдлөх хөрөнгө, Төв аймаг, Цээл сум, 3 дугаар баг, Майхан хаягт байрлах 8,2 га талбайг хашсан үтрэмийн хашаа, Төв аймаг, Цээл сум, Цоохорын булаг үр тариа тариалах зориулалттай эзэмших эрхтэй 265 га газар, Төв аймаг, Цээл сум, 4 дүгээр баг, Долоон худгийн хөндий үр тариа тариалах зориулалттай эзэмших эрхтэй 304,7 га газар, Төв аймаг, Цээл сум, 4 дүгээр баг Долоон худгийн хөндий үр тариа тариалах зориулалттай эзэмших эрхтэй 304,9 га газар, Төв аймаг, Цээл сум, 4 дүгээр баг Бага хустай, үр тариа тариалах зориулалттай эзэмших эрхтэй 150,5 га газар/-өөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Д” ХХК,  хариуцагч Ш.Ш.А нар 2017 он, 2018 онуудад ган болж ургац алдсаны улмаас зээлийн гэрээний үүргээ графикт заасан хугацаанд төлж чадаагүй. Гэхдээ өөрсдийн бүх боломжоороо зээлийг төлж байсан. Бид үндсэн зээлээс 292,472,271 төгрөг, хүү 52,198,976 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,517,072 төгрөг, нийт 348,188,309 төгрөг төлсөн. Одоо санхүүгийн хямралд орсон тул зээлийн хүү 49,439,239 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,454,805 төгрөг нийт 55,894.044 төгрөгийг төлөх боломжгүй гэж маргасан.

Харин зохигчид зээлийн гэрээний дагуу үндсэн зээлээс 292,472,271 төгрөг, хүү 52,198,976 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,517,072 төгрөг нийт 348,188,309 төгрөг төлсөн. Үндсэн зээлээс 7,527,730 төгрөг үлдсэн талаар маргаагүй байна.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нэхэмжлэгч “Т банк” ХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн нотлох баримтыг шүүхэд цуглуулан өгөх, хариуцагч Д” ХХК, хариуцагч Ш.Ш.А нар татгалзлын үндэслэлээ баримтаар няцаах үүрэгтэй.

Дээрх нотолгооны үүргийн хуваарилалтын дагуу нэхэмжлэгч “Т банк” ХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж хариуцагч Д” ХХК,  хариуцагч Ш.Ш.А нартай байгуулсан 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 16/31 дугаартай “Газар тариалангийн зориулалттай” зээлийн болон 16/31-1 дугаартай барьцааны гэрээний дагуу 300,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 12,5 хувийн хүүтэй, үүргийг хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд үндсэн зээлийн дүнгээс 20 хувийн нэмэгдүүлсэн хүүг тооцохоор тохиролцож шилжүүлсэн. Хариуцагч нар зээлийн эргэн төлөгдөх хуваарийг зөрчсөний улмаас хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон зэрэг баримтыг шүүхэд цуглуулж өгчээ. /хх-8-9, 18-21/

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг үндэслэн зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн  451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн байна.

4.Харин барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.-д “Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.-д “Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ”, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5.-д “газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ.” гэж тус тус заасан хэлбэрийн шаардлага хангасан байхаас гадна гуравдагч этгээдийн өмчлөх эрхийг зөрчөөгүй байх ёстой.

Гэтэл зохигчдын хооронд байгуулсан 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 16/31-1, 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 16/31-2 дугаартай барьцааны гэрээнд үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч хэн болох талаар бичээгүй, нэхэмжлэгч “Т банк” ХК нь хэний өмчлөлийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг барьцаалсан болох нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч Д” ХХК, хариуцагч Ш.Ш.А нар уг шаардлагын талаар тайлбар гаргаагүй байхад анхан шатны шүүх дээрх үйл баримтыг тодруулж, талуудыг мэтгэлцүүлэх ажиллагааг хийлгүй шууд “...Барьцааны гэрээг Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.-д заасан журмын дагуу эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлж, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5.-д зааснаар сумын газрын даамалд бүртгүүлж, тэмдэглэл хийлгэсэн байх ба зохигчид зээлийн гэрээ, барьцааны гэрээ, түүний хүчин төгөлдөр байдалд маргаагүй болно...” гэсэн дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болж байна.

5.Иймд давж заалдах шатны шүүх хариуцагч Д” ХХК-ийн төлөөлөгч Б.С, хариуцагч Ш.Ш.А нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоос “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй...” гэсэн агуулга бүхий хэсгийг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

6.Хариуцагч Ш.Ш.А давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 436,535 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5., 168 дугаар зүйлийн 168.1.7. дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 151/ШШ2023/00560 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 436,535 /дөрвөн зуун гучин зургаан мянга таван зуун гучин тав/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

        ШҮҮГЧИД                                         М.МӨНХДАВАА

 

                                                                                        З.ТҮВШИНТӨГС