Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 223/МА2023/00036

 

 

 

 

 

 

 

 

  2023         11             02                                            223/МА2023/00036

 

 

Х.Оын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 151/ШШ2023/00567 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Оын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э,

Хариуцагч: У,

Хариуцагч: Б нарт холбогдох,

2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 463 дугаартай зээлийн гэрээ, 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр  байгуулсан 808 дугаартай зээлийн гэрээ, 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн өр төлбөр барагдуулах тухай хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,695,874,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Х.Ооос зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,770,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эын давж заалдах журмаар тус тус гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Х,

хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э,

хариуцагчийн өмгөөлөгч Р.Болдбаатар,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Х.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

“...Би 2005 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Ц.Эоос 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл буюу 1 жилийн хугацаатай зээлийн  гэрээ байгуулж, 64,000,000 төгрөгийг 4.2 хувийн хүүтэй зээлж, зээлийн гэрээг Баянзүрх дүүргийн тойргийн нотариатаар гэрчлүүлсэн. Энэхүү зээлийн гэрээний дагуу зээлсэн мөнгийг 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлж дуусгахаар талууд харилцан тохиролцож, хугацаа хэтэрсэн тохиолдолд өдрийн 0.5 хувийн алданги төлөхөөр заасан. Миний зүгээс зээлсэн мөнгийг хугацаанд нь буюу 2006 оны 11 дүгээр сарын 01-нд өгч чадаагүй бөгөөд үүнээс хойш гэрээний дагуу алданги тооцогдож эхэлсэн. ...Ингээд Иргэний хуулийн 282.1-д заасны дагуу ... зээлийн хүү 2,688,000 төгрөг, алданги Иргэний хуулийн 232.4-т заасны дагуу 32,000,000 төгрөг, нийт 98,688,000 төгрөг болсон. 2012 онд Ц.Э, түүний эхнэр Д.У нар нь намайг дуудаж 2005 оны зээл, хүү, алдангийн асуудлаар гэрээгээ шинэчилж байгуулъя гэсэн, намайг очиход нотариат дээр нэг гэрээнд гарын үсэг зуруулсан ба тухайн гэрээнд үнийн дүн бичээгүй байсан. Гарын үсэг зурсны дараа намайг явж бай, тэгж байгаад ирээд гэрээгээ авчхаарай гэсэн. Дараа нь очоод гэрээгээ автал гэрээнд миний зээлсэн мөнгийг 1,200,000,000 төгрөг гэж бичсэн байсан, яагаад ийм их хэмжээний мөнгө болсон тухай асуухад 2005 оны гэрээ чинь хүү, алдангитайгаа нийлээд ийм болсон гэж хэлэхэд нь би ийм их мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй тухайгаа хэлсэн. Хэрвээ нотариат дээр гэрээ байгуулах үед энэ мөнгийг бичсэн байсан бол би хэзээ ч гарын үсэг зурахгүй байсан, үнийн дүн бичээгүй гэрээнд гарын үсэг зуруулчхаад дараа нь намайг явсны дараа гараараа нэмж бичнэ гэж бодоогүй, олон жил нөхөрлөсөн болохоор арай ч ийм зүйл хийхгүй байх гэж бодож явсан. Тэр гэрээний 3 дахь заалтаар надад тэр мөнгийг бэлнээр өгсөн гэж гараараа худлаа зүйл бичсэн байдаг, бодит байдал дээр ийм мөнгө бидний хооронд шилжээгүй, ямар ч мөнгө өгч авалцаагүй. Үүний дараа 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр дахин намайг дуудаж, 2012 оны гэрээний хүү, алданги нэмээд шинээр гэрээ байгуулна, чи гарын үсэг зур, зурахгүй бол өмнө нь зурсан гэрээг шүүхэд шилжүүлж мөнгөө нэхэмжилнэ, чи гарын үсэг зурсан болохоор чи шүүхэд ялагдана гэсэн.

Ингээд 2012 оны 1,200,000,000 төгрөгийн гэрээний хүү, алдангийг нэмж 1,560,000,000 төгрөг болгож, үүнийг сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээг байгуулсан. Тус зээлийн гэрээний 2 дахь заалтаар 2012 онд байгуулсан 1,200,000,000 төгрөгөөс хүү тооцох тухай бичиж, 3 дахь заалтаар мөн л 1,560,000,000 төгрөгийг зээлдүүлэгч нь шилжүүлэхээр тохиролцон бичсэн гэж гараараа худлаа зүйл бичсэн байдаг. 2014, 2016 онд хуурамчаар гарын үсэг зуруулсан 1,560,000,000 төгрөгийн гэрээний үнийн дүндээ хүү нэмээд бас гарын үсэг зуруулсан, тэр гэрээгээ надад харуулаагүй болохоор хэд гэж бичсэнийг мэдэхгүй. Хэрвээ тухайн гэрээ гарч ирвэл уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх болно. Үндсэндээ 2012, 2013 онд байгуулсан энэхүү гэрээнүүдэд дурдсан үнийн дүн болох 1,560,000,000 гаруй төгрөг, 1,200,000,000 төгрөгийг талууд хоорондоо өгч авалцаагүй тул энэхүү гэрээ нь илт хүчин төгөлдөр бус зээлийн гэрээнүүд гэж үзэж байна. Тухайн үед 2012 оны гэрээнд заасанчлан 1,200,000,000 төгрөгийг шилжүүлээгүй, бэлнээр авсан өгсөн зүйлгүй байхад, гэрээнд нөхөж бэлнээр авсан гэж гараар бичсэн байсан. 2013 оны гэрээнд 1,200,000,000 төгрөг дээр 1 жилийн хүү, алдангийг нэмээд 1,560,000,000 төгрөг шаардаж, 1,200,000,000 төгрөгөөс хүү тооцож гаргуулахаар гэрээ байгуулсан нь шууд хүчин төгөлдөр бус гэдэг нь илэрхий ойлгомжтой. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Иргэний хуулийн 56.1 дэх хэсэгт заасан Иргэний хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, хуульд харшилсан, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд дордуулсан гэрээнүүд байна. Иймд Х.О, Ц.Э нарын хооронд байгуулсан 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот зээлийн гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот зээлийн гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 тоот зээлийн гэрээнд өгөөгүй мөнгөө өгсөн гэж гараараа хуурамчаар бичиж оруулсан Ц.Эын үйлдлийг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэж нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д би нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот зээлийн гэрээ, түүний үндсэн дээр хийгдсэн бусад хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэнд шилжүүлсэн 683,514,000 төгрөгийг Ц.Э, Д.У нараас гаргуулах, 320,000 ам доллар, 885,000,000 төгрөгийг Ц.Э, Д.У, Ц.Б нараас гаргуулахаар шаардаж байгаа билээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. Үүнд:  Х.О нь гоёл чимэглэлийн үйлдвэрлэл байгуулан ажиллаж байсан бөгөөд үйлдвэрээ Төв аймгийн Заамар суманд ажиллуулж байсан үедээ Ц.Этой танилцсан. Ц.Э нь алт худалдаж авч зардаг алтны ченж байсан бөгөөд эхнэр Д.У хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан. 2012 оны үед миний бие нойр булчирхайн хүнд өвчнөөр өвдөж, биеийн байдал эрс муудаж, Солонгос улс руу эмчилгээ хийлгэх зорилгоор ойр ойрхон явж эмчлүүлж байсан. Тэр үед Ц.Э, Д.У нар манай компанид ажилладаг, хүнс, түлш, шатахууны тооцоо 83,811,000 төгрөгт хүү тооцож, хувийн данс хөтөлж явсан 200,000,000 төгрөгийг хэлж байсан. Миний бие муу байсан болохоор компанийн үйл ажиллагаа доголдож, байнга эмнэлгээр явах болсон тул зээлээр авсан хүнсний бараа, бэлэн мөнгөний тооцоог Ц.Э, Д.У нарт төлж барагдуулах байсан. Гэтэл тэд надад өгсөн мөнгөндөө ямар нэгэн гэрээ хэлцэлгүй байсан тул буцааж авах үндэслэлгүй болно гэж үзэж, зээлийн гэрээ байгуулъя гэж хэлэх болсон. Эцэст нь муудалцаж, сүрдүүлж, дарамтлах болсон. Цагдаад өгч эрүүгийн хэрэг үүсгэж, хилийн хориг тавиулна гэх мэтээр сүрдүүлдэг байсан бөгөөд тэр нь хүнд өвчтэй Солонгос улс руу ойр ойрхон явдаг байсан надад их эмзэг туссан.

Тухайн үед амьд мэнд үлдэж байвал дараа нь эмчилгээ хийлгэж эрүүл болсны дараа үнэн зөв нь олдох байх гэж бодсон. 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн заасан газар нь очиход Ц.Э, Д.У, нотариатч нар хамт байсан. Надад зээлийн гэрээний баримтад гарын үсэг зуруулсан ба хэд хоногийн дараа аваарай гэж байсан. Тухайн үед зээлийн гэрээнд зээлсэн мөнгөний хэмжээ бичигдээгүй байсан. Гэтэл шүүхэд өгсөн гэрээг харахад тэрбум 200 сая төгрөгийг зээлсэн мэтээр бичсэн байсан. Гэрээнд бичихдээ 200,000,000 төгрөгийн үнийг дарж, 1 тэрбум гэж үсгээр бичсэн тоогоор залруулсан 200,000,000 сая төгрөг гэж бичсэн байгаа нь мөнгөний хэмжээг гэрээнд нөхөж бичсэн болохыг баталж байна. Тухайн үед компанийн үйл ажиллагаа зогссон, би өөрөө мөнгөтэй байсан учир ийм их хэмжээний мөнгийг Ц.Э, Д.У нараас зээлэх хэрэгцээ шаардлага байгаагүй. Тэд тэрбум 200 сая төгрөгийг бэлнээр өгсөн мэтээр тайлбарладаг боловч мөнгө хүлээлцсэн ямар ч баримт байхгүй. Ц.Э, Д.У нар нь ямар нэг баримт үйлдэхгүйгээр, дансаар биш, бэлнээр надад өгсөн гэж байгаа нь илт үнэмшилгүй, ийм их хэмжээний мөнгийг гарын үсэг зурж, мөнгө хүлээлцсэн баримтгүйгээр надад өгч гаргах хүмүүс биш. 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 463 тоот тэрбум 200 сая төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү.

Уг зээлийн гэрээнд хүү, алданги тооцож, тэрбум 560 сая төгрөг болсон хэмээн 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 808 тоот зээлийн гэрээ байгуулсан. Гэхдээ урьдын адил нэг ч төгрөг өгөөгүй бөгөөд мөн зээлийн гэрээнээс хүү, алданги тооцож ийм хэмжээний болсон гэж хэлсэн. 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хэвтрийн дэглэмд хэвтэж эмчлүүлж байх үед гэрт минь н.Сүхбаатар гэх өмгөөлөгчтэйгөө ирж өр барагдуулахаар харилцан тохиролцоно гэх баримтыг үйлдэж, огт аваагүй мөнгө болох тэрбум 770 сая төгрөгийн төлбөр гарсан талаар бичүүлж, хурууны хээ даруулж, баримт үйлдэж байсан. Иймд хүчин төгөлдөр бус 463 тоот гэрээний үндсэн дээр хийгдсэн 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн тэрбум 560 сая төгрөгийн зээлийн гэрээ болон 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн өр төлбөр барагдуулах тухай харилцан тохиролцсон гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан журмын дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү. Хариуцагч Ц.Э, Д.У нарт хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр 683,514,000 төгрөг, 320,000 ам доллар, 885,000,000 төгрөгийг нэхэмжлэгч өгсөн байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх өдрийн байдлаар Монгол банкны америк долларын албан ёсны ханш 3,523 төгрөг байх бөгөөд 320,000 ам долларыг бодоход 1,127,360,000 төгрөг болж байна. Өмнөх нэхэмжлэлийн дүнгээс 88,960,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж уг зөрүүгээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн. Иймд одоо нэхэмжлэлийн шаардлага 2,695,874,000 төгрөг болж өөрчлөгдсөн. Тухайн үед 2012 оны 463 тоот зээлийн гэрээнд заасанчлан 1,200,000,000 төгрөгийг шилжүүлээгүй, бэлнээр авсан өгсөн зүйлгүй байхад гэрээнд нөхөж бэлнээр авсан гэж гараар бичсэн байсан. 2013 оны 808 тоот зээлийн гэрээнд 1,200,000,000 төгрөг дээр 1 жилийн хүү, алдангийг нэмээд 1,560,000,000 төгрөг шаардаж, 1,200,000,000 төгрөгөөс хүү тооцож гаргуулахаар гэрээ байгуулсан нь эдгээр гэрээ хүчин төгөлдөр бус гэдгийг харуулж байгаа. Иймд Х.О, Ц.Э нарын хооронд байгуулсан 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 463 дугаартай зээлийн гэрээ, 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр  байгуулсан 808 дугаартай зээлийн гэрээ, 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн өр төлбөр барагдуулах тухай хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, Ц.Э, Д.У нараас 2,695,874,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Ц.Б нь энэ хэрэгт хамааралгүй тул хариуцагч Ц.Бгаас татгалзаж байна”  гэжээ.

2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “Нэхэмжлэлийн шаардлага нь Х.О, Ц.Э нарын хооронд байгуулсан 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 463 дугаартай зээлийн гэрээ, 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр  байгуулсан 808 дугаартай зээлийн гэрээ, 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн өр төлбөр барагдуулах тухай хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, Ц.Э, Д.У нараас 2,695,874,000 төгрөгийг гаргуулах шаардлага юм. 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 196 дугаар зүйлийн 196.1.1-т заасныг зөрчсөн учраас мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хэлцэл гэж үзэж, хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. Бид нар хууль зөрчсөн гэх үндэслэлийг баримтлахдаа Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 196 дугаар зүйлийн 196.1.1-т заасныг зөрчсөн нь хууль зөрчсөнд хамаарна гэж үзсэн.  Нэхэмжлэгчийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг өөр өөрөөр тавьж байсан гэж тайлбарлах нь үндэслэлгүй. Яг үнэндээ энэ их хэмжээний мөнгийг санаанаасаа зохиож шаардана гэдэг нь эрүүл ухаанд буухгүй учраас ямар нэгэн байдлаар Д.Уийн гараар бичиж өгсөн нотлох баримт болох шатахууны тооцоо, хүнсний дэлгүүрийн тооцооноос үүдэлтэй мөнгө юм болов уу, эсхүл 65 сая төгрөгийн зээл нь хүү, алданги тооцогдож явж байгаад ийм болчихсон юм болов уу гэх байдлаар таамаглаж явсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээртэй огт хамааралгүй, 1,200,000,000 төгрөгийг бодитойгоор тусдаа шилжүүлж өгсөн гэж хариуцагч тайлбарлаж байгаа учраас шилжүүлж өгөөгүй мөнгөө өгсөн мэтээр бичсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үндэслэлгүйгээр өгсөн мөнгөө буцаан гаргуулахаар нэхэмжилж байгаа.

2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот зээлийн гэрээ нь Иргэний хуульд нийцэхгүй, Иргэний хуулийг зөрчсөн хэлцэл. Энэ гэрээнээс үүдэж хийгдсэн 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 808 тоот зээлийн гэрээ мөн адил Х.О гарын үсэг зурсан хэдий ч бодитоор зээлийн мөнгийг өгөөгүй, хүлээлцээгүй учраас хуульд нийцэхгүй байна. Гол үндэслэл нь 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот зээлийн гэрээний дагуу зээлийн мөнгийг өгсөн гэдгээ нотлохыг шаардана. Түүнээс зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар зээлийн мөнгийг өгсөн гэж үзэхгүй, шаардах эрх үүсэхгүй. Хариуцагч өөрөө ч 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 808 тоот гэрээний дагуу 1 тэрбум 560 сая төгрөгийг зээлдэгч талд хүлээлгэж өгөөгүй гэж хэлдэг. Мөн түүнчлэн энэ гэрээ нь 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот  зээлийн гэрээнээс үүдэлтэй, хүү, алдангийг нэмж нэгтгээд гарын үсэг зуруулсан гэж хэлж байгаа нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн бусад хэлцэл гэдэгт хамаарч байна. Мөн үүнээс үүдэлтэйгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага 1,770,000,000 төгрөг ч гэсэн адилхан хүчин төгөлдөр бус гэрээнд заасан, хүлээлгэж өгөөгүй мөнгө болох 1,200,000,000 төгрөг, 1,560,000,000 төгрөгөөсөө хүү, алданги тооцож шаардаж байгаа учраас энэ сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй бөгөөд өр барагдуулах тухай хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн бусад хэлцэл гэдэгт хамаарна. Үүний дагуу бид шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар тодорхойлж байна.

Зээлдэгч талын хүсэл зоригийн илэрхийлэл ерөөсөө нотлогддоггүй. 1,200,000,000 төгрөгийн зээлийн гэрээгээр ч нотлогддоггүй. Гэтэл Х.Оын зүгээс хүсэл зоригоо илэрхийлж, түүнийг гэрээндээ тусгасан нэг ч зүйл байхгүй. Гэрээний зээлийн зориулалтыг ч гэрээндээ бичээгүй. Иймд эдгээр зээлийн гэрээ хуулийн шаардлага хангахгүй байна. Зориулалт, хүсэлтийг харгалзахгүйгээр, барьцаагүйгээр 1,200,000,000 төгрөгийг шилжүүлсэн, ингэхдээ ямар ч баримтгүйгээр өгсөн гэдэг нь хэнд ч итгэлгүй сонсогдож байна. Зээлийн мөнгийг шилжүүлж өгсөн гэдгээ хариуцагч тал нотолж чадахгүй байгаа, ядахдаа зээлүүлсэн гээд байгаа мөнгөө хаанаас, ямар данснаас гаргаж авсан, энэ мөнгөө гаргасан эх сурвалжийг ч тодорхойлж нотолж чадахгүй байгаа нь бүр ч их эргэлзээ төрүүлж байна. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэдэг нь тодорхой байна.

Харин үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй гэж үзэж байна. Ц.Э, Д.У нар нь Х.Ооор 4 удаа гарын үсэг зуруулсан хэлцэл, хурууны хээ даруулсан баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг. Х.Ооор гарын үсэг зуруулж, хурууны хээг нь даруулж байгаа нөхцөл байдлыг харахад хариуцагч нар тийм ч хайхрамжгүй хүмүүс биш. Харин ч маш их бичгийн баримт үйлддэг, нотлох баримтыг чухалчилж мэддэг болохыг харуулж байна. Гэтэл 1,200,000,000 төгрөгийг огт баримт үйлдэлгүйгээр бэлнээр хүлээлгээд өгчихсөн гэж хэлж байгаа нь огт үнэмшилгүй байна.  Хариуцагч нар 1,770,000,000 төгрөгийн үүрэг хэрхэн үүссэн үндэслэлийг тайлбарлахдаа үндэслэл бүхий тайлбар хэлэхгүйгээр, 1,200,000,000 төгрөгийн гэрээнээс үүдэлтэй гэж тайлбарладаг. Анх байгуулсан 463 тоот зээлийн гэрээ хууль зөрчсөн хэлцэл, иймд энэ гэрээний үр дагавар болж хийгдсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байх нь ойлгомжтой учраас үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Нэхэмжлэгч Х.Оын тухайд 2011 оноос эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд хүнд өвчтэй, өвчиндөө шаналж, байнгын эмчилгээ асаргаанд байгаа. Харин ч энэ удаан хугацаанд өвчинтэйгөө тэмцэж, амьд байгаа нь олон удаагийн эмчилгээнд цаг тухайд нь хамрагдаж, эмчлүүлж байсантай нь холбоотой. Одоо ч гэсэн Солонгос улсад эмчилгээ хийлгэж байгаа. Тухайн үед үнэхээр мөнгө аваагүй юм чинь юуны түрүүнд биеэ эмчлүүлж, босоод ирвэл энэ үл ойлголцлыг арилгана, учир нь олдоно гэж найдаад явсан гэж нэхэмжлэгч хэлсэн. 4 удаа дарамтлуулж, гарын үсэг зурсан эсэх үндэслэлийг бодит байдалд хүнд өвчтэй морфин, трамадол зэрэг хүчтэй тариа хийлгэж, эмчилгээтэй  байсан үед нь хариуцагч гэрт нь өмгөөлөгчтэйгөө ирж, 1,770,000,000 төгрөгийн баримтад гарын үсэг зуруулж, хурууны хээг нь даруулсан байдаг. Амь нас нь эрсдэлд байгаа хүн дарамтад орох нь амархан. Тухайн үед тэр дарамтыг түр ч гэсэн холдуулж, багасгаж байвал гэсэн үүднээс тэр гэрээ, баримтад эргэлзэхгүйгээр гарын үсэг зурсан  байсан. Бид зээлийн гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаас гадна үндэслэлгүй өгсөн 684,000,000 төгрөгийг буцаан шаардах нэхэмжлэлийг гаргасан. Анх нэхэмжлэл гаргахаас эхлэн 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 684,000,000  төгрөгийг Ц.Э, Д.У нарт бэлнээр өгсөн учир түүнийгээ буцааж авахаар шаардсан. Энэ шаардлагад хариуцагч нар хариу тайлбар хэлэхдээ аваагүй гэхээс өөр няцаалтыг хэлдэггүй. Хэрэгт 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн огноотой дараах баримтууд 684,000,000 төгрөгийг Ц.Э, Д.У нарт бэлнээр өгсөн болохыг нотолно.

Нэгт. Хурууны хээ дарсан 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан “Уянган” компанийн лицензийг худалдах худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт З.Баас Х.О, Ц.Э нарт бэлнээр 1,075,000,000 сая төгрөг хүлээлгэж өгсөн мөнгө хүлээлцсэн баримт. 

Хоёрт. Тооцоо хийсэн Д.У гэсэн баримт байгаа. Энэ баримт нь эх хувь баримт биш боловч агуулга нь нотлох баримтын шаардлага хангасан бусад баримтаар тухайн үед Д.У өөрөө бичсэн болох нь нотлогдоно гэж тайлбарлаж байна. Уг баримтад Х.О 1,883,517,000 төгрөгийн өртэй талаар тооцоолол хийсэн байх бөгөөд борлуулалт буюу “Уянган” ХХК-ийн хувьцааг зарсан 4,800,000,000 төгрөгөөс 1,883,517,000 төгрөгийг хасахад Х.Оод 516,000,000 төгрөг ноогдох талаар бичсэн. 516,000,000 төгрөгийг бэлнээр авсан гэж Д.У бичсэн байна. 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Уянган” ХХК-ийн дансанд 125,000,000 төгрөг орж ирсэн. Х.О бэлнээр орж ирсэн 1,075,000,000 төгрөгөөс 390,000,000 төгрөгийг нь авч явсан гэдгийг гэрчийн мэдүүлэг давхар нотолж байна. 684,000,000 төгрөг нь Х.О, Ц.Э нарт хүлээлгэн өгсөн 1,075,000,000 төгрөгөөс Х.О бэлнээр авсан 390,000,000 төгрөгийг хасахад үлдэгдэл нь 684,000,000 төгрөг болж байгаа.

Гуравт:  Хариуцагч Ц.Эын Хаан банк дахь ....010928 тоот дансанд мөн өдөр буюу 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр бэлнээр 500,000,000 төгрөг, мөн 180,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн байгаа нь 6 дугаар хавтасны 211 дүгээр талд авагдсан дансны хуулгаар нотлогдоно. Бэлнээр мөнгө өгсөн гэх өдөр Ц.Э нь өөрийн дансанд бэлнээр орлого хийсэн байгаа нь мөн давхар нотлогдоод байна гэж үзэж байгаа.

Мөн гэрч Х.Отгонбаяр нь 680,000,000 төгрөгийг Д.У эгч авч үлдсэн, 390,000,000 төгрөгийг нь ахын машины ард хийсэн гэдэг. Тооцоолол хийсэн Д.У гэх баримтад байгаа үйл баримт гэрчийн мэдүүлэгтэй тохирч байна. Хийсэн газар нь мөн адил тохирч байна. Иймд 684,000,000 төгрөгийг өгсөн гэдгийг эдгээр баримтуудаар нотолж байна. Ц.Э, Д.У нар нь энэ мөнгийг хууль, гэрээний дагуу биш үндэслэлгүйгээр олж авсан хөрөнгө болж таарч байна.

Дараагийн шаардлага нь 320,000 ам доллар, 885,000,000 төгрөгийг гаргуулах юм. Ам долларыг тухайн үеийн ханшаар тооцоход 715,000,000 төгрөг болдог, ингээд нийт 1,600,000,000 төгрөгийг Х.О нь 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Ц.Э, Д.У нарт өгсөн. Анх 1,600,000,000 төгрөгийг Х.О Ц.Эод өгөх болсон шалтгаан нь Х.Оын тайлбарлаж байгаагаар Ц.Э нь “сонгуулийн ажилд мөнгө хэрэгтэй байна, чи лицензээ зараад мөнгө олоод өг” гэсний дагуу өгсөн гэдэг. Хариуцагч нар нь энэ 1,600,000,000 төгрөгийг авснаа зөвшөөрдөг бөгөөд энэ талаар маргадаггүй, авсан талаараа удаа дараа мэдүүлсэн. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсоны дараа чамд Өлийн давааны алттай газрыг авч өгье гэж хэлсэн гэж Х.О тайлбарласан. Сүүлд нь чиний зарсан лицензийн мөнгөний талыг нь би авах ёстой байсан, анх гэр бүлээрээ нийлж авсан, угаасаа миний нэр дээр байсан лицензийг Х.О залилж авчхаад мөнгийг нь өгөхгүй байна гэж элдэв олон зөрүүтэй тайлбарыг хариуцагч хэлдэг. Энэ талаар цагдаа болон шүүхэд гомдол нэхэмжлэл гаргаж өдийг хүрсэн. Ганц тодорхой зүйл нь Ц.Э 1,600,000,000 төгрөгийг авсан гэдгээ хэлдэг боловч энэ мөнгийг Х.Оод буцааж өгөхгүй байх шалтгаанаа олон янзаар хэлсэн. Хариуцагч Ц.Э өөрийн биеэр шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст өгсөн Ц.Э, Д.У нарын мэдүүлэг, иргэний хэргийн шүүх хуралдаанд Ц.Бг гэрчээр асууж авсан мэдүүлэг зэргээр 1,600,000,000 төгрөгийг хариуцагч нар Х.Ооос авсан болох нь тогтоогддог. Харин буцааж өгөхгүй байх үндэслэлээ тайлбарлахдаа итгэмжлэлийн үндсэн дээр гэх зэргээр олон янзаар тайлбарладаг.

Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний хавсралтад 4 удаагийн төлбөр тооцоотой холбоотой асуудлаар А тал буюу Х.Оыг төлөөлж оролцох эрхийг Х.Ооос Ц.Эод итгэмжилж байна гэж дурдсаныг үндэслэн 1,600,000,000  төгрөгийг би авах эрхтэй, Х.О буцааж шаардах эрхгүй гэж хариуцагч тайлбарладаг. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар итгэмжлэлээр олж авсан хөрөнгийг захиран зарцуулах эрх Ц.Эод үүсэхгүй. Итгэмжлэл хүчин төгөлдөр гэж үзэх тохиолдолд ч хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно. Иймд итгэмжлэлийн дагуу би авах ёстой гэх үндэслэлгүй юм. Мөн “Уянган” ХХК-ний тодорхойлолтыг хэлдэг. 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн баримтыг үндэслэж 1,600,000,000 төгрөгийг авах эрхтэй, буцааж өгөх үндэслэлгүй гэж хариуцагч тал тайлбарладаг. Уг баримтын талаарх Х.Оын тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, лицензийн хуулбар зэргээр няцаагдана гэж үзэж байна. Х.О тайлбарлахдаа лиценз борлуулахтай холбоотой асуудлыг хөөцөлдөх үед хүнд итгүүлж ярих шаардлагатай байна гэж Ц.Э хэлсэн учраас түүний хүсэлтийн дагуу би энэ бичгийг хийж өгсөн гэдэг. Мөн түүнчлэн ашигт малтмалын хайгуулын Заамарын 2 тусгай зөвшөөрөл нь 2009 оны 3 дугаар сарын 29-ний өдөр “Уянган” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн байгаа. Хуулийн этгээдийн лавлагаа хавтаст хэргийн 204 дүгээр талд байгаа. “Уянган” ХХК-ийн хувьцааг Ц.Э гэх хүн хэзээ ч эзэмшиж байгаагүй. Х.О байгуулагдсан цагаас нь хойш эзэмшиж байгаа.

Мөн лицензийн төлбөрийг хариуцагч төлж байсан, лицензийг хамтарч авсан гэж тайлбарладаг. Гэхдээ лицензийн төлбөртэй холбоотой ганцхан баримт хэрэгт байгаа. Энэ нь лиценз, тусгай зөвшөөрлийн 50 хувийг хариуцагч эзэмших эрхтэй гэдгийг нотлох хангалттай баримт биш. Ямар ч шалтгаанаар төлбөрийг төлсөн байж болно. Хариуцагч өөрөө ч тайлбар дээрээ хэлж байна. Х.О өвчтэй байсан учраас хүсэлтийнх нь дагуу лицензийн төлбөрийг нь төлдөг байсан гэж ярьж байна. Гэр бүлээрээ хамтарч худалдан авсан гэж ярьж байгаа ч энэ үйл баримт хэрэгт нотлогддоггүй. Ц.Э нь улс төрийн албан тушаалтан байсан болоод болохгүй байсан юм бол эхнэрийгээ “Уянган” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох бүрэн боломжтой байсан. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр шинэчилж хийсэн. “Уянган” ХХК-ийг төлөөлж Х.О, “Уулс Заамар” ХХК-ийг төлөөлж З.Б гэх 2 этгээдийн хооронд гэрээ хийгдэж байгаа. Ц.Э гэх хүн энэ гэрээнд ямар нэгэн байдлаар оролцоогүй. Хариуцагч тал 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний хавсралтад заасан итгэмжлэлийг бас ярьдаг. З.Б Х.О хоёр “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ”-г дахин шинэчилж хийн, гэрээний үнэ  4,800,000,000 төгрөгийг багасгаж, 4,300,000,000 төгрөг болгож хийсэн. 1 лиценз 2 лиценз болж салсан. Энэ ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талыг нь эзэмшдэг юм бол хариуцагч энэ бүх үйл явцад оролцох ёстой. Гэтэл сүүлд гэрээний үнийн дүнг 4,300,000,000 төгрөг болгосон талаар огт ярьдаггүй. Анхны буюу талуудын тохиролцсоноор дуусгавар болсон гэрээг яриад гэрээг шинэчилсэн үйл баримтыг мэдэхгүй, ярихгүй байгаа нь хариуцагчид энэ хамааралгүй гэдгийг харуулж байна. Бас гэрч Я.Ихбаяр 2006 онд Заамарын эх нэртэй тусгай зөвшөөрлийг “Уянган” ХХК “Мигма” ХХК-аас худалдаж авсан үеэс нь мэднэ, тусгай зөвшөөрөлтэй талбайд хайгуулын ажил хамтран хийсэн гэдэг. Хийснээ нотлох зорилгоор “Уянган” ХХК болон “Айрон хорс” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээг нотлох баримтаар өгдөг. Энэ үйл явц 2 жил үргэлжилсэн. Х лицензийг ашиглалтын А лиценз болгосон. Энэ бүхэнтэй холбоотой асуудалд Ц.Э оролцоогүй, түүнээс хайгуулын төлбөр авч байгаагүй гэж мэдүүлдэг. Я.Ихбаярыг гэрчээр асуух үед хариуцагч тал оролцоогүй ба гэрчийн мэдүүлгийг няцаах баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй. Мөн “Уулс Заамар” ХХК-ийн захирал З.Б 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст гэрчээр өгсөн мэдүүлэгтээ  “Уулс Заамар” ХХК, “Уянган” ХХК-аас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл худалдаж авсан, тусгай зөвшөөрлийг 100 хувь эзэмшигч Х.О гэх хүнтэй гэрээ байгуулсан. Гэрээнд заасан төлбөрөө төлж дуусгасан. Харин Ц.Эоос ямар нэгэн зүйл худалдаж аваагүй. Тэр хүнд ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй. “Уянган” ХХК-тай байгуулсан гэрээний төлбөрийг төлж дуусгасан. Ц.Э, Х.О нарын хоорондын асуудал надад хамааралгүй гэх тайлбар өгсөн. Хариуцагчийн “Уулс Заамар” ХХК-ийн захирал З.Баас мөнгө авсан гэх тайлбар нь З.Бын өөрийнх нь өгсөн энэ мэдүүлгээр няцаагдаж байна. 

Мөн З.Б, Х.О нарын хооронд үүссэн гэрээний төлбөрийг төлөхгүй, худалдан авсан талбайг ашиглахгүй байгаатай холбоотой Х.Оын нэхэмжлэлтэй, “Уулс Заамар” ХХК-д холбогдох маргаан үүссэн. Лиценз худалдаж авна гэж тохирсон гэрээний төлбөрийг төлөөгүй, мөн хайгуулын ажил хийдэггүй, ашиглалтын  зардал явуулахгүй болоод ирэхээр Х.О төлбөрөө төлөхгүй, ажлаа хийхгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл цуцлагдах тул гэрээгээ цуцалъя гэж З.Бт холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Тухайн нэхэмжлэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шүүгчийн  захирамжаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон. Энэ хэргийн оролцогчид нь Х.О, З.Б хоёр бөгөөд Ц.Э энэ хэрэгт ямар нэгэн байдлаар оролцоогүй. Үүгээр хариуцагч талын тайлбарлаж байгаа лицензийг Х.Отой  хамтарч эзэмшиж байсан, улмаар хамтдаа З.Бт зарсан гэх тайлбарууд нь няцаагдаж байна. Хариуцагч нь “Уянган” ХХК-д хувьцаа эзэмших эрхгүй, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг худалдсан гэрээнд оролцоогүй байж авсан 1,600,000,000 төгрөгөө буцааж өгөх үүрэггүй гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага 320,000 мянган ам долларыг нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар буюу 3,523 төгрөгөөр тооцож 1,127,360,000 төгрөг, нийт 2,695,874,000 төгрөгийг Ц.Э, Д.У нараас гаргуулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэжээ.

3.Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлийн агуулга: Х.О нь Ц.Э надтай 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 463 тоот зээлийн гэрээ байгуулж, 1,200,000,000 төгрөгийг зээлж авсан байдаг. Энэхүү зээлж авсан мөнгөө хугацаандаа төлөхгүй байсан тул Х.Отой үндсэн зээл, хүү, алдангийн тооцоог харилцан тохиролцон тооцоолж 1,560,000,000 төгрөгийн хэмжээгээр зээлийн гэрээг шинэчлэн байгуулж, хугацааг 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 18 сарын хугацаагаар өөрчлөн сунгаж, анх зээлдүүлсэн үнийн дүн болох 1,200,000,000 төгрөгөөс сарын 2.5 хувийн хүү тооцохоор болж, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0.2 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон. Х.О нь энэхүү мөнгөө өнөөдрийг хүртэл өгөхгүй хуурч, мэхэлж залилсаар байгаа тул миний зүгээс Эрүүгийн цагдаагийн газарт хандан эрүүгийн журмаар шалгуулж байгаа болно. Гэтэл Х.О нь зээлж авсан мөнгөө огт аваагүй мэтээр нэхэмжлэлдээ бичсэн байгаа нь анхнаасаа тухайн зээлсэн мөнгөө өгөхгүй байх санааг илтэд агуулж, бусдын итгэлийг эвдэж, хуурч мэхлэх аргаар надаас мөнгө авсан болох нь илэрхий гэж үзэж байна.

2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот зээлийн гэрээ, 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр  байгуулсан 808 дугаартай зээлийн гэрээ, 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн өр төлбөр барагдуулах тухай хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага хуульд заасан шаардлагыг хангахгүй, ойлгомжгүй тодорхойгүй байна. Нэхэмжлэгч нь эдгээр гэрээ, хэлцлийг ямар үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулах гэсэн үндэслэл нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 57-60 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулж болохоор зохицуулсан байдаг. Гэтэл хуулийн аль /хууран мэхэлсэн, ноцтой төөрөгдсөн, хүч хэрэглэсэн гэх мэт/ үндэслэлд нь хамааруулж, шаардлага гаргаж байгаа нь өөрөө тодорхойгүй, ойлгомжгүй, нэхэмжлэлийн үндэслэл, тодорхой бус байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тодорхойлж чадахгүй байгаа байдлаас харахад зээлийн гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах ямар ч үндэслэл байхгүй болохыг харуулж байна. Нэхэмжлэгч Х.О нь шүүхэд анх 64,000,000 төгрөгийг хүү тооцсоор 1,200,000,000 төгрөг болгосон гэсэн атлаа энэхүү тайлбараасаа буцаж 64,000,000 төгрөгийн төлбөр дууссан гэж мэдүүлсэн. Мөн лиценз зарсан төлбөрийг хуваан авсан гэсэн атлаа шүүх хурал дээр лиценз зараагүй, компанийн хувьцаагаа зарсан гэх тайлбарыг өгсөн, мөн зээлийн гэрээнд хүчээр зуруулсан, хуурч мэхэлсэн, дарамталсан, хоосон цаасан дээр зуруулсан, өөрөө юун дээр зурж байгаагаа мэдэхгүй байсан зэрэг илэрхий зөрүүтэй тайлбар өгөхөөс гадна одоо олон төрлийн бүтээгдэхүүний нэр жагсаагаад түүнийгээ зээлээр авсан мэтээр шинэ үндэслэл гаргасан нь өмнө өгсөн “зээл нэмэгдсээр өндөр дүнтэй болсон” гэх тайлбартай нь зөрчилдөж байгаагаас гадна нэхэмжлэгч нь ямар ч аргаар хамаагүй зээлийн гэрээний дагуу авсан 1,200,000,000 төгрөгийг өгөхгүйн тулд олон янзын худал, хуурмаг шалтгаан, үндэслэл гаргаж байгаа болохыг харуулж байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон өр, төлбөр барагдуулах гэрээ нь эрх зүйн бүрэн чадамжтай этгээдүүдийн хооронд байгуулагдсан, хууль зөрчөөгүй тул хүчин төгөлдөр бусд тооцуулах гэрээ, хэлцэлд хамаарахгүй болно.

Ц.Э, Д.У нараас 683,514,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой өмнө нь эс зөвшөөрч хариу тайлбар өгч байсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс 683,514,000 төгрөгийг авч байгаагүй. Иргэний хэргийн материалаас үзэхэд иргэн Ц.Э, Х.О нар нь олон жилийн өмнөөс найзалж нөхөрлөж ирсэн, ингэхдээ Ц.Э нь алт худалдан авах, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхэлж зээл олгох бизнес эрхэлдэг байсан бол Х.О нь уул уурхайн бизнес эрхэлж Ц.Эоос удаа дараа зээл авдаг байсан нь нотлогддог. Тухайлбал маргаан бүхий зээлийн гэрээнээс гадна Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2022/01810 дугаартай шүүгчийн захирамжаар иргэн Х.О нь 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор хариуцагч Д.Уийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг “Ворлд голд ББСБ” ХХК-д 50,000,000 төгрөг өгөхөөр болсон боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулалгүй явж байгаа. Мөн нэхэмжлэгч Х.О нь 110,000,000 гаруй төгрөгийн хохирол Ц.Э надад учруулсан тул 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1711000340492 дугаартай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын тогтоолоор яллагдагчаар татагдан шалгагдаж, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжсэн байхдаа дээрх хохирлоо буцаан төлж барагдуулсан байдаг. Харин эсрэгээр Х.О нь Ц.Эод мөнгө зээлсэн тухай ямар ч баримт хэрэгт байдаггүй болно. Иргэн Ц.Эод иргэн Х.Ооос мөнгө авах хэрэгцээ шаардлага байхгүй, зөвхөн авах авлагатай байдаг бөгөөд тухайлбал шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулж, хөрөнгө битүүмжилсэн байдлыг авч үзэхэд Ц.Эын нэр дээр өндөр үнэлгээ бүхий 15 үл хөдлөх эд хөрөнгө, харин Х.О нь 1 орон сууц, 1 зуслангийн газар байгаа зэрэг нь хөрөнгө, санхүүгийн чадвар, зээл авах хэрэгцээ шаардлагын нэг үзүүлэлт юм. Нэхэмжлэгч нь иргэн Ц.Э, Д.У нарт мөнгө өгсөн юм бол иргэний хэрэг үүсгэснээс хойш 5-6 жил болж байхад энэхүү шаардлагатай холбоотой баримтаа өнөөдрийг хүртэл шүүхэд гаргаж өгөхгүй байгаагаас харахад нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болохыг харуулж байна. Ц.Э, Д.У нараас 320,000 ам.доллар, 885,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө энэхүү шаардлагынхаа үндэслэлийн талаар бичээгүй байгаагаас харахад энэхүү шаардлага үндэслэлгүй болохыг харуулж байгаа болно. Хэрэв нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхөөс өмнөх үндэслэлээр энэхүү шаардлагаа дахин гаргаж байгаа бол энэхүү шаардлагыг эс зөвшөөрсөн хариу тайлбарыг хариуцагч нар нь удаа дараа гаргаж шүүхэд өгсөн байгаа. Хариуцагч нарын хувьд Х.Ооос энэхүү шаардлагын дагуу нэхэмжилж буй ихээхэн хэмжээний мөнгийг аваагүй, дээрх мөнгийг “Уулс Заамар” ХХК-ийн захирал З.Баас авсан тул өмнө нь гаргаж байсан өөрсдийн хариу тайлбараа дэмжиж, энэхүү шаардлагыг эс зөвшөөрч байгаа болно. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.  

Сөрөг нэхэмжлэлийн хувьд Ц.Э би Х.Отой 2000 оноос хамтран ажиллаж, найзалж ирсэн байдаг. Тийм ч учраас түүнд маш их итгэж мөнгө, төгрөгийг баримттай, баримтгүйгээр өгөлцөж, авалцаж шаардлагатай тохиолдолд санхүүгийн хувьд дэмжин тусалж ирсэн. 2009 оноос 2013 оны хооронд Х.О нь өөрийн эрүүл мэндийн байдлаас болж эдийн засгийн хувьд хүнд байдалд орсон бөгөөд Бүгд Найрамдах Солонгос улсад эмчилгээ хийлгэдэг болсон. Энэхүү хугацаанд Ц.Э би Х.Оод өөрийн боломжоор тусалж дэмжихээс гадна 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 463 тоот зээлийн гэрээ байгуулж, 1,200,000,000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэйгээр, 7 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн болно. Х.О нь 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот зээлийн гэрээний дагуу авсан зээлээ төлж барагдуулаагүй тул 2013 оны 5 дугаар сарын 13-ний өдөр үндсэн зээл, хүү, алдангийн нийт үнийн дүн буюу 1,560,000,000 төгрөгийн хэмжээгээр зээлийн гэрээгээ шинэчлэн байгуулж, хугацааг 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 18 сарын хугацаагаар өөрчлөн сунгаж, анх зээлдүүлсэн үнийн дүн болох 1,200,000,000 төгрөгөөс сарын 2,5 хувийн хүү тооцохоор болж, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0,2 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон 808 тоот зээлийн гэрээг шинэчлэн байгуулсан. Гэвч Х.О нь зээлж авсан мөнгөө, хүү, алдангийн хамт эргүүлж төлөлгүй удаасаар байсан тул талууд 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тооцоо нийлэх замаар өр, төлбөрөө баталгаажуулан 1,770,000,000 төгрөгийг иргэн Ц.Э надад төлөхөөр болсон. Мөн надаас дахин 113,514,000 төгрөгийг бэлнээр авсан бөгөөд өмнөх 463 тоот зээлийн үлдэгдлийн хамт нийт 1,883,514,500 төгрөгийг буцаан төлнө гэж 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр баталж баталгаа бичиж өгсөн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулахгүй иргэн Ц.Э намайг залилан хуурч мэхэлж, хохироосоор байна. Х.О нь энэхүү өр төлбөрөө төлөхөөс зайлсхийхийн тулд зээлийн гэрээний дагуу мөнгө огт аваагүй, Ц.Э нь надад мөнгө өгөөгүй, харин 2005 онд 64,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан, түүний өр төлбөрийг ихэсгэж 2012 оны зээлийн гэрээнд 1,200,000,000 төгрөг гэж Ц.Э өөрөө нөхөж бичсэн гэж баримт нотолгоогүй худал ярьж 2012 оны 463 тоот болон 2013 оны 808 тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасанд харамсаж байгаа болно. Иймд Х.Ооос 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот болон 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 808 тоот зээлийн гэрээний өр, төлбөр, хүү, алдангийг гаргуулах шаардлага гаргаж байгаа бөгөөд энэхүү шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохоор байх тул үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхээр энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Х.Оын хувьд 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот болон 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 808 тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар үндсэн нэхэмжлэл гаргасан байх тул хариуцагчийн зүгээс  эдгээр гэрээний дагуу авсан зээлийн өр төлбөрийг гаргуулах нь харилцан тооцох боломжтой, үндэслэлтэй шаардлага гэж үзэж байгаа болно. Х.О нь 2012 оны 463 тоот зээлийн гэрээний дагуу зээл авснаас хойш огт төлбөр төлөөгүй бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар дараах зээлийн өр төлбөртэй байна. Үүнд:

1. Үндсэн зээл 1,200,000,000 төгрөг,

2. 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 18 сарын хугацаанд хүү 540,000,000 төгрөг,

3. Алданги 2013 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 1309 хоногийн алданги 0.2 хувиар тооцоход хоногийн 2,400,000 төгрөг, нийт 3,141,600,000 төгрөг, алданги нь Иргэний хуульд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 600,000,000 төгрөг, нийт 2,340 000,000 төгрөг болж байна. Гэвч талуудын хооронд байгуулсан 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот зээлийн гэрээ болон 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 808 тоот зээлийн гэрээ, 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр  өр төлбөрөө барагдуулахаар харилцан тохиролцсоны дагуу 1,770,000,000 төгрөгийг Х.Ооос гаргуулж өгнө үү”  гэжээ.  

4.Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Баяраа шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “Үндсэн нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу зөв тодорхойлж чадаагүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэлийн шаардлага нь мэтгэлцэхэд төвөгтэй, зөрчилдөөнтэй байдлыг үүсгэж байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 196 дугаар зүйлийн 196.1.1-т заасныг баримталж, гэрээг байгуулсанд тооцно гэх үндэслэлийг гаргаж, энэ шаардлагыг хангаагүй гэж тайлбарлах мөртлөө нэхэмжлэлийн шаардлага нь хүчин төгөлдөр болсон гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэдэг байдлаар хандаж байгаа нь ойлгомжгүй байна. Гэрээ байгуулсанд тооцуулах гээд байгаа юм уу, эсхүл хүчин төгөлдөр гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гээд байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Эдгээрийн хууль зүйн үр дагавар нь асар их ялгаатай. Гэрээг байгуулсанд тооцуулна гэвэл өөр зүйл. Нэгэнт байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулна гэвэл гэрээ ямар хуулийг зөрчсөн гэх асуудал яригдана. Иргэний хуулийн ерөнхий зохицуулалтыг баримталсныг хууль зөрчсөн хэлцэл гэж үздэггүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т хууль зөрчсөн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж заасан. Мөн нэхэмжлэлийн шаардлага олон удаа өөрчлөгддөг. Энэ хэргийн тухайд 6-7 жилийн хугацаанд миний мэдэхээр 7-8 удаа шаардлага өөрчлөгдсөн. 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөхөд Өлийн давааны газар гэх асуудал анх удаа гарч ирсэн. Өмнө нь ийм асуудал ярьж байгаагүй, 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн нэмэгдүүлсэн  шаардлагад 683,514,000 төгрөгийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн мөнгө гэж дурдсан байгаа, дараагийн мөнгө нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж байгаа юм уу, гэрээний бус үүрэг гэж нэхэж байгаа юм уу энэ талаарх үндэслэлийг дурдаагүй. Хэрэв энэ мөнгийг нэхэх тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар аж ахуйн нэгж ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Маргаан гарч байгаа шалтгаан нь Ц.Э гэх хувь хүн эзэмших боломжгүй. Лиценз борлуулсан, худалдсан төлбөрийг хүлээн авагч нь хуулийн этгээд байдаг  ба хувь хүн байдаггүй. Хэрэв энэ төлбөрийг нэхэх тохиолдолд ядаж “Уянган” ХХК нэхэх ёстой. Түүнээс хувьцаа эзэмшигч нь компанийн өмнөөс би эзэмшдэг хэмээн нэхэх эрх байхгүй.

Шүүхийн маргаанд хэргийн оролцогчид өөр статустай байдаг. Хуулийн этгээдээс хувьцаа эзэмшигчид эрх олголоо гэхэд хуулийн этгээдийг төлөөлнө үү гэхээс хувь хүн хуулийн этгээдийн өмнөөс орох боломжгүй. 2 компанийн хооронд лиценз худалдсан асуудал, түүний төлбөрийг хүлээн авагчаар Ц.Э оролцсон асуудал дээр энэ маргаан дуусаагүй. Бид лицензийн 50 хувийг өмчлөх эрхтэйг тогтоолгох тухай маргааныг тусдаа хийнэ. Нэгдүгээрт лицензийг худалдаж авсан мөнгийг манай тал төлсөн. Лицензийн хайгуулын ажлын төлбөрийг жил болгон төлж тайлагнадаг, мөнгийг төлж байсан. Лицензийн төлбөр төлсөн баримтаас хавтаст хэрэгт 1 баримт авагдсан боловч бэлнээр өгснийг нотлох бусад баримтыг нөгөө маргаан дээрээ гаргаж ирнэ. Харин ч гэрээний дагуу илүү мөнгө нэмж авах учиртай. 2014 оны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон юм уу, гэрээтэй холбоотой маргаан гарсан юм уу энэ талаар сонсоогүй. Өмгөөлөгч Ц.Баасандорж гэх хүн Ц.Э лиценз, хувьцаа дээр албан ёсоор байдаггүй юм байна гэж хэлээд л энэ хэрэг эсрэг байдлаар явсан. “Уулс Заамар” ХХК нь худалдан авагч, манайх худалдагч тал нь байсан. Төв аймгийн хувьд уул уурхайн лиценз эзэмшиж байгаа улс төрийн албан тушаалтнууд ёс зүйн хариуцлага хүлээдэг. Хэний нэр дээр авсан ч ялгаагүй учир найзынхаа нэр дээр авсан. Нэрээ оруулаагүйн улмаас сүүлд ийм маргаан үүссэн. Хүчин төгөлдөр бусд тооцуулах гэрээг би хууль зөрчсөн хэлцэл гэж хараагүй. Яагаад гэвэл нотариатгүй байсан ч хийгдэж болох иргэд хоорондын зээлийн гэрээ. Эхний 2 гэрээ нотариатаар гэрчлэгдсэн, 3 дахь гэрээ буюу 2014 оны өр барагдуулах хэлцэл нь нотариатаар ороогүй, 2016 оных нь хэлцэл биш. Гэхдээ 1,883,000,000 төгрөгийн баримтад нэхэмжлэгч өөрөө гарын үсэг зурж, хурууны хээгээ дарсан. Хэрвээ манай тал зээлийн гэрээ байгуулчхаад гэрээний дагуу мөнгөө шилжүүлээгүй юм бол энэ нь гэрээний үүргийн зөрчил. Гэтэл яагаад 4 жил хагасын хугацаанд зээлийн мөнгөө өгөөч гэж шаардаагүй юм бэ. 2012 онд гэрээ хийгээд 2013, 2014, 2016 онд батлаад явсан. Хамгийн харамсалтай нь нэхэмжлэгч орж ирэх болгондоо өөр зүйл ярьдаг. Яг нэхэмжлэлийн шаардлагаа олон өөрчилсөн шиг. Монгол Улсын дээд шүүх болон Төв аймгийн Давж заалдах шатны шүүхээс хэрэг буцахаар хэргийн процесстой тохируулж өөрчилдөг. Хариуцагч нь Х.Ооос мөнгө зээлэх санхүүгийн чадвар муутай хүн биш. Бүх мэдүүлэг тайлбарыг харах явцад дандаа Ц.Эоос Х.О руу мөнгө, санхүүжилт өгсөн байдаг. 2005 оны 64,000,000 төгрөг, “Ворлд Голд”-ийн зээл өгсөн асуудал, 110 сая төгрөгийн залилангийн асуудал  Х.О мөнгөө төлөхөд гомдлоо татсан. Ц.Э Х.Ооос мөнгө зээлэх ямар шаардлага байгаа юм бэ? Энэ хүний алдаа нь улс төрийн албан тушаалтан учраас найзынхаа нэр дээр лиценз эзэмшиж байгаад сүүлд нь энэ маргаан гарсан. Энэ нэхэмжлэл нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхэд 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр анх ирсэн. Үүнээс 7 хоногийн өмнө нэхэмжлэгч 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 1,883,000,000 төгрөгийг төлж барагдуулна гээд хурууны хээгээ дараад, гарын үсэг зурсан байдаг. Зээлээ төлөх амлалтаа өгчхөөд 7 хоногийн дараа гэнэт төлөхгүй гэж маргадаг. Зээлийг төлөхгүй байх, лицензийг зарж, дундаа авч байсан мөнгөө зээлийн төлбөр тооцоогоор балансалж гарах зорилготой байсан. Үнийн дүн өссөөр байгаад сүүлдээ 2,6 тэрбум төгрөг болсон. Иргэн Х.О, Ц.Э нарын хоорондын төлбөр тооцооны асуудал энд шийдэгдэх ёстой.

Хэрэв Х.Оыг мөнгө аваагүй гэж үзэх юм бол мөнгө хүлээлцсэн баримтад гарын үсэг зурсан байсан ч аваагүй гэж хэлж болохоор байна. Тэгвэл нэхэмжлэгч талын нэхэмжилж буй нотлох баримт болон манай баримтыг харьцуулаад харахаар нэхэмжлэгч талын баримтын нотолгооны ач холбогдол бага байна. Манайх шиг гэрээ хийж, 2 талд гарын үсэг зурсан баримт байхгүй. Гэтэл ёс зүйтэй тулдаа бид нар “Уулс Заамар” ХХК-аас мөнгө авсан гэдгээ мэдүүлж байгаа. Түүнээс бидний 1 тэрбум 600 сая төгрөг авсан талаар тийм баримт байхгүй. Бид нар Х.О шиг ингэж аваагүй гэж болох байсан. Ядаж манайх шиг гэрээ хэлцэл байхгүй.

Гэрчийн мэдүүлэгтэй холбоотой тайлбар өгье. Гэмт хэргийг шалгахад өгсөн гэрчийн мэдүүлгийг өөрийнх нь эсрэг ашиглах, нотлох баримтаар тооцохыг хориглосон Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр гарсан. Энд шүүхийн практик тогтсон. Прокурорт гомдол өгөөд шалгахад, цагдаа дээр залилан гэж шалгахад манай 2 хүн очоод бид нар лицензийн талаар мэдэхгүй гэж хэлсэн.гийн өмнө нэхэмжлэгч 2016 оны 0чир с  Гэтэл мэддэг гэх баримт хэрэгт хангалттай байгаа. Цаад утга нь Үндсэн хуульд заасан өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх буюу хэрэгт буруутгагдаж байгаа хүн хуулийн дагуу худлаа ярих эрхтэй. Энэ үйл баримтыг үндэслэж, энэ компанид хариуцагч хамааралгүй гэж хэлж болохгүй. Санхүүжилтийн тухайд зөвхөн Ц.Эоос Х.О руу чиглэсэн байгаа. Хэрэв Ц.Э лицензийн төлбөрийг цаг тухайд нь төлж яваагүй тохиолдолд Х.Оыг эрүүл мэндийн шалтгаантай байх үед нь энэ лиценз байхгүй болох байсан. Харамсалтай нь хувьцаанд нь нэрээ оруулж чадаагүй маш олон шалтгаан байсан. Бид нар “Уянган” ХХК-ийн хувьцааны 50 хувийг авъя гэж яваагүй. Яагаад гэвэл “Уянган” ХХК ганцхан энэ лицензээс гадна өчнөөн олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Лицензийн хөрөнгө оруулалт байсан болохоос компанийн бусад үйл ажиллагаанд хамааралгүй. Ийм учраас үндсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагаа зөв тодорхойлж чадаагүй. Нэхэмжлэх эрхтэй этгээд биш гэж үзэж байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд бэлэн төлбөр тооцоон дээр үүнээс өөр ямар баримт байх вэ? Нотариат орсон, хөндлөнгийн гэрчүүд байсан, бичгээр хийсэн, гарын үсэг зурсан, хурууны хээгээ дарсан, өөр яах байсан юм бэ? Бусад бүх гэрээ ийм байдлаар явсан. Жижиг бага дүнтэй мөнгийг хүлээн зөвшөөрөөд байдаг, их хэмжээний буюу том дүнтэй мөнгөнд нэхэмжлэгч маргаад байдаг. Зөвхөн энэ гэрээ дээр гэхэд 5 янзын өөр тайлбар тавьсан. Дарамталсан гэж ярьдаг. Бид Х.Оыг дарамталж чадахгүй. Х.О мундаг том биетэй, Ц.Эыг 2 нугалахаар том биетэй, тийм хүнийг айлгана гэж байхгүй. Яагаад бид нар мөнгө өгөөгүй байж хүн айлгах юм бэ? Энэ үнэмшилтэй байна уу? Мөнгө аваагүй хүн хууль хяналтын байгууллага, цагдаад хандах ёстой. Сүүлдээ явахгүй болохоор хоосон цаасан дээр зурж өгсөн гээд, бүр сүүлдээ морфин хэрэглэж байсан учраас сэтгэл санаа хүнд хэцүү байсан, юунд гарын үсгээ зурснаа мэдэхгүй байсан гэх ийм олон тайлбар гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийн тайлбар нь маш олон өөрчлөлттэй, тогтворгүй. Бид нар анхнаасаа зээлийн гэрээний дагуу мөнгөө авъя гэсэн 7 жилийн хугацаанд юу ч авч чадаагүй. Бид нар шүүхийн маргаан энүүгээр шийдэгдэнэ гэж бодож байгаа. Хамгийн сүүлд 110 сая төгрөгийн залилангийн хэргээр яллагдагчаар татагдаж, шүүх рүү шилжих явцад энэ хүнийг шоронд оруулж яах юм бэ, шүүхэд зээлийн маргаан тусдаа шийдэгдэнэ биз гээд бид гомдлоо татаж авсан. Х.О мөнгө авсан учир төлсөн. Гэтэл дарамталсан гэж ярьж байна. Хэн нь хүнээс мөнгө авч, залилан хийж, яллагдагчаар татагдаж, хэчнээн хэрэг дээр явж байгаагаас хувийн байдал нь харагдаж байна. Ц.Э улс төрийн албан тушаал хашдаг учраас тийм зүйлд холбогдохгүй. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв. 

 

5.Хариуцагч нарын өмгөөлөгч Р.Болдбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Нэхэмжлэгчийн хувьд 3 хариуцагчийн 1 хариуцагчаас нь татгалзсан, одоо 2 хариуцагчид холбогдуулан шаардлага гаргасан гэж ойлгож байна. 683,514,000 төгрөгийг Ц.Эоос, 320,000 ам доллар, 885,000,000 төгрөгийг Ц.Э, Д.У нараас нэхэж, шаардлагаа тодорхойлсон гэж үзэж байна. 683,514,000 төгрөгийг өгсөн гэдэг нь нотлох баримт шинжлэн судлах, асуулт хариулт мэтгэлцээний үед нотлох баримтаар нотлогдсонгүй. 683,000,000 төгрөг Ц.Эын дансанд орсон гэж яриад байна. Хүний дансанд мөнгө орсноор биш тухайн он, сар, өдөр, цаг хугацаанд бэлэн болон дансаар мөнгө өгсөн баримтаар нотлох ёстой. Ямар нэгэн тойруу утгаар, таамаглах төдий баримтуудыг үндэслэж, нотлогдож байна гэж ярьж болохгүй. 683,514,000 төгрөг өгсөн гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Өнөөдрийн байдлаар энэ талаар ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй. Мөн Ц.Э, Д.У нараас 320,000 ам доллар, 885,000,000 төгрөгийг нэхэж байна. Ялгааг нь гаргах хэрэгтэй. Д.У нь З.Б гэх хүнээс 1,600,000,000 төгрөгийг авч, Ц.Эод аваачиж өгсөн хүн. Хэрэв аваачиж өгсний төлөө Д.Уийг мөнгө авсан гэж байгаа тохиолдолд Ц.Эоос нэхэмжлэх эрхгүй. Хэрэв Ц.Эоос нэхэмжилж байгаа тохиолдолд Д.Ут энэ ямар ч хамааралгүй болно. Үйл явдал болон нөхцөл байдал 2 өөр зүйлийг илэрхийлж байхад хамтран оролцуулж аль алинаас нь нэхэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл Д.У, Ц.Э нарын аль нэгэнд л хамааруулах ёстой. 1,600,000,000 төгрөг нь 2014 онд “Уянган” ХХК, “Уулс Заамар” ХХК нарын хооронд хийсэн гэрээний дагуу 2015 онд авсан мөнгө яригдаж байна. 2016 оны гэрээ болон Д.У байлцаж, өгсөн авсан гэх зүйл яригдаагүй. Энэ талаар шүүгч анхаарч үзэхийг хүсэж байна. Х.О гэх хүн хувь хүнийхээ хувьд Ц.Эод мөнгө өгсөн талаараа нотлох ёстой байтал нотлогдохгүй байна. “Уулс Заамар” ХХК-аас тусгай зөвшөөрөл шилжүүлсэнтэй холбоотой мөнгө авсан талаар яригдаж байна. Б.Баяраа өмгөөлөгчийн хэлснээр “Уянган” ХХК нэхэх ёстой ч яагаад нэхэхгүй байна вэ гэвэл “Уянган” ХХК нь шүүхийн шийдвэрт маш их өртэй байгаа. Тэгээд компаниар нэхэхээр нөгөө мөнгө нь компанийн данс руу ороод авах боломжгүй болох тул хувь хүнээр л нэхсэн. Хувь хүнээр өгсөн тохиолдолд түүнийгээ нотлох ёстой. Манай зүгээс тусгай зөвшөөрөлтэй компанийн мөнгийг Х.Ооос биш “Уулс Заамар” ХХК-аас авсан гэдгээ тайлбарласан. Үүнийг нотолж чадахгүй байна.

Мөн зээлийн гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн  56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулна гэж ярьж байна. Хууль зөрчсөн хэлцэл гэж ямар хэлцлийг хэлэх вэ гэхээр хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн хэлцлийг хууль зөрчсөн хэлцэл гэж үзэхээс хуульд нийцээгүй хэлцэл байж болно. Өнөөдрийн байдлаар хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн асуудал нэг ч байхгүй. Тийм учраас хууль зөрчсөн гэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т оруулах ямар ч үндэслэл байхгүй. Хүчин төгөлдөр бус хэлцэл биш учраас 2012 оны 463 тоот, 2013 оны 808 тоот зээлийн гэрээ болон 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн өр төлбөр барагдуулах хэлцэл нь эрх зүйн чадамжтай хүмүүсийн хооронд хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл. Үүний дараа 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Х.О өөрөө мөнгөө төлнө, өөрийн бизнест зориулж 1 тэрбум 883 сая төгрөг авсан гэж тодорхой бичсэн. Төлбөр барагдуулах хэлцэл болон Х.Оын бичиж өгсөн тайлбаруудаас харахад Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1, 199.3-т зааснаар нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино, гэж заасантай нийцэж байна.  Зээлийн гэрээнүүд дээр бэлнээр авсан гээд өөрөө оролцож, гэрээнд гарын үсэг зурсан. Зээлийн мөнгийг дансаар шилжүүлээгүй учраас тооцохгүй, заавал баримт үйлдэж мөнгө хүлээлгэж өгсөн байх ёстой гэж байгаа ч бэлнээр авсан гэдэг чинь гэрээнд зааснаар гарын үсэг зуруулсан байгаа нь баримт. Мөн Ц.Б гэх гэрчийн мэдүүлэг байгаа болно. Гэрээнүүдийг  хүчин төгөлдөр бусд тооцох хуулийн үндэслэл байхгүй байна. Мөн Х.О зээлийн гэрээндээ авсан гэдгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, 2014 онд төлбөр барагдуулах гэрээ хийхэд 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр авсан зээлээ төлнө, үлдсэнийг нь 2017 онд төлнө гэдгээ  илэрхийлж, баталгаажуулж бичиж өгсөн. Хэрэгт хангалттай баримт байгаа. Харамсалтай нь нэхэмжлэгч талаас мөнгө өгсөн болох нь нотлогдохгүй байна гэж тайлбарлаж байна. 1,600,000,000 төгрөг гаргуулах асуудал нь Х.О гэх хувь хүнээс хувь хүнд мөнгө өгсөн гэдгээ нотолж чадахгүй байна. Иймд Х.О нэхэмжлэх эрх байхгүй. Дараагийн асуудал нь 683,514,000 төгрөгийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн гэж яриад байна. Энэ нь 2012 оны зээлийн гэрээний дагуу мөнгө авсан гэдгээ логикийн хувьд эсрэгээрээ илэрхийлж байна. Бид нар өгсөн мөнгөө нэхэмжилнэ. Нотлох баримт ярьж байгаа боловч нотлох баримтууд нь хуульд хэрхэн нийцэж, холбогдож байгаа талаар тодорхойгүй байна. Үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд сая тайлбарласан. 2014 оны төлбөр барагдуулах хэлцэл, 2016 оны төлбөр төлөх тухай тодорхойлолт, гэрч Ц.Б нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна. Х.Отгонбаяр, Я.Ихбаяр гэх хүмүүс гэрчээр мэдүүлэг өгсөн гэж байна. Нотлох баримт шинжлэн судалсантай холбоотойгоор цагдаа болон прокурорт өгсөн мэдүүлгүүд нь зөрж байгаа ба Я.Ихбаяр, Х.Отгонбаяр хоёр нь Х.Отой хамаарал бүхий хүмүүс болж таарсан. 2017 онд Я.Ихбаяр нь “Уянган” ХХК-ийн захирал ажилтай байсан. Бид гэрчүүдийг худал мэдүүлэг өгсөн учраас Төв аймгийн Цагдаагийн газарт шалгуулахаар өгсөн. Цагдаагийн хэлтсээс одоогоор дуудаад ирэхгүй, хаана байгаа нь тодорхойгүй байна гэх хариу өгсөн. Энэ мэдүүлгүүд нь зарим нэг нотлох баримттай зөрчилддөг буюу гэрчүүд худал мэдүүлэг өгсөн. Шүүхээс эдгээр нөхцөл байдлыг анхаарч үзэхийг хүсэж байна.” гэжээ.  

6.Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Ц.Э, Д.У нараас 1,600,000,000 /Нэг тэрбум зургаан зуун сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Оод олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 1,095,874,000 /Нэг тэрбум ерэн таван сая найман зуун далан дөрвөн мянган/  төгрөгийг хэрэгсэхгүй болгож,    

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар Х.О, Ц.Э нарын хооронд байгуулсан 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 463 дугаартай зээлийн гэрээ, 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 808 дугаартай зээлийн гэрээ, 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан Өр барагдуулах тухай хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, мөн Х.Ооос 1,770,000,000 төгрөг гаргуулах тухай  Ц.Эын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож,   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Ц.Бд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгч Х.Оын татгалзлыг баталж, хариуцагч Ц.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т  зааснаар Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 151/ШЗ2018/00351 дугаартай шүүгчийн захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,130,650 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 11,857,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.Ооос улсын тэмдэгтийн хураамжид 6,000,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах, хариуцагч Ц.Э, Д.У нараас 8,157,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Оод олгож шийдвэрлэжээ.

7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Нэг. Шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай үнэн зөв талаас нь үнэлээгүй учир 683,514,000 төгрөг хариуцагч нарт өгсөн гэдэг нь хангалттай нотлогдохгүй байна гэж үзэж нэхэмжлэлээс хасаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 3.Баас 1,075,000,000 төгрөгийг Х.Оод хүлээлгэн өгсөн баримтад Ц.Э гарын үсэг зурсан, мөн өдөр Ц.Эын Хаан банкны дансанд 500,000,000 төгрөг, 180,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн нь дээрх мөнгөнөөс 683,514,000 төгрөгийг Ц.Э авсныг шууд нотлохгүй бөгөөд эдгээр баримт болон гэрч Х.Отгонбаярын мэдүүлэг зэрэг нь дамжмал нотлох баримт болохыг дурдах нь зүйтэй” гэж дүгнэжээ. Шүүхийн энэ дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж, 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж, 40.3-т “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасныг зөрчиж байна. Ц.Э өөрийн дансандаа 680,000,000 төгрөгийн бэлэн орлого тушаасан талаар дансны хуулга нь энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг нотлох хангалттай баримт мөн байтал шүүх нотлогдохгүй байна гэж үзсэн нь нотлох баримтыг үнэлэх тухай  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх бүрэн үндэстэй байна. 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр бэлэн 683,514,000 төгрөг өгсөн гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж, хариуцагч тал яг тэр өдөр нь бэлнээр 680,000,000 төгрөг дансандаа аваачиж хийсэн байхад энэ хэрэгт хамааралгүй баримт гэж үү. Мөн хариуцагч тал 680,000,000 төгрөгийн бэлэн орлого хийсэн шалтгаан нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй болохыг баримтаар няцааж чадаагүй, энэ талаар ямар ч баримт хэрэгт гаргаж өгч мэтгэлцээгүй. Хадгаламж барьцаалсан зээл мэт ядмагхан тайлбар хэлж байгаа боловч энэ нь нотлох баримтаар тогтоогддоггүй. Гэтэл шүүх хариуцагч талын хэлсэн “мөнгө зүсгүй” гэх мэт үндэслэлгүй тайлбарт хэт автаж нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлсэнгүй гэж үзэж нэхэмжлэгчийн зүгээс гомдолтой байна. Нотлох баримтыг тайлбараар няцаадаг, тэрийг нь шүүх хүлээж авдаг байж таарахгүй. Хариуцагч тал аваагүй гэдгээ буюу 680,000,000 төгрөгийн эх үүсвэрээ нотлох үүрэгтэй, хэрэв нотолж чадахгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх бүрэн үндэслэлтэй. Нэхэмжлэл анх Х.О гаргахаас эхлээд тодорхой байсан нэг зүйл бол 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 684,514,000 төгрөгийг Ц.Э, Д.У нарт бэлнээр өгсөн гэж мэдүүлдэг, буцааж авахаар шаарддаг. Энэ нэхэмжлэлд хариуцагч нар хариу тайлбар хэлэхдээ огт аваагүй гэдгээс өөрөөр няцаалт хийж чаддаггүй. Хэрэгт 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн огноотой дараах баримтуудаар 684,000,000 төгрөгийг Ц.Э, Д.У нарт бэлнээр өгсөн болох нь нотлогдоно. Үүнд:

1. Бэлэн мөнгө хүлээлцсэн баримт /2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр, утга нь: 1,075,000,000 төгрөг хүлээлгэж өгөв, хүлээн авсан Х.О, Ц.Э хүлээлгэж өгсөн З.Б/,

2. Тооцоо хийсэн Д.У гэх баримт 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “Уянган” ХХК-ийн дансанд 125,000,000 төгрөг, Х.Оод бэлнээр 1,075,000,000 төгрөг, нийт 1,200,000,000 төгрөг “Уулс заамар” ХХК-ийн захирал 3 Баас өгсөн байдаг. Х.О нь дансаар авсан 125,000,000 төгрөг дээр 390,000,000 төгрөгийг бэлнээр авсан нь Д.Уийн гараар бичсэн тооцооны дагуу 516,000,000 төгрөг түүнд оногдохоор бичсэнтэй таарч байна. Мөн түүнчлэн 1,200,000,000 төгрөгөөс 516,000,000 төгрөгийг хасахад Ц.Э Д.У нарт 684,000,000 төгрөг ногдож байх бөгөөд уг мөнгийг бодитоор бэлнээр хүлээж авсан болох нь дараах баримтаар нотлогдоно.

3. Ц.Эын 5128010928 тоот “Хаан банк” ХХК-ийн дансны хуулга дээр 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 680,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийсэн байгаа. Энэ бол Д.Уийн бичсэн тооцооллын дагуу бэлнээр орж ирсэн 1,075,000,000 төгрөгөөс Х.О 120,000,000 төгрөгийг дансаар, 390,000,000 төгрөгийг бэлнээр нийт 516,486,000 төгрөгийг авч, Ц.Э Д.У нар 684,000,000 төгрөгийг авсан болохыг давхар нотолж байна. /6 дугаар хавтаст хэргийн 211 дүгээр тал/

4. Хаан банкны 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 29/4354 тоот албан бичиг, утга нь 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хийсэн 680,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ нь бэлнээр хийгдсэн орлогын гүйлгээ мөн болохыг тодорхойлсон байна.

5. Гэрч Х.Отгонбаярын мэдүүлэг. Утга нь: 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ах Х.Оын дуудсанаар ... очсон. Урнаа эгч 2 том цаасан хайрцагтай мөнгийг хувааж нэг хайрцагт 680 сая төгрөг болгож хийгээд нөгөө саванд 380 билүү 390 сая төгрөг болгоод надад өгөхөд ах машинд аваачаад хийчих гэж хэлээд намайг гаргасан, ... 680 сая төгрөгтэй хайрцаг тэндээ үлдсэн... гэж мэдүүлдэг.

Эдгээр баримтууд нь 683,514,000 төгрөгийг Ц.Э Д.У нар хүлээж авсан болохыг нотлохын зэрэгцээ хууль болон гэрээний дагуу бус үндэслэлгүйгээр олж авсан болох нь харагдаж байна. Д.Уийн гаргаж өгсөн тооцооллын дагуу Х.О нь 1,883,514,000 төгрөгийн өртэй гэж итгэж үүнээсээ 683,514,000 төгрөгийг түүний гаргаж өгсөн тооцооллын дагуу төлсөн гэж бодож байтал хуульчаас зөвлөгөө авсны дараа буцааж шаардах эрхтэйгээ олж мэдээд шаардлага гаргасан болно. Х.Оод 1,883,514,000 төгрөгийн өрийг үүсгэсэн Д.Уийн тооцоолол гэх баримт, Ц.Э нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлага зэрэг нь 1,770,000.000 төгрөгийн өр барагдуулах харилцан тохиролцоо гэх баримтаас үүдэлтэй. Уг өрийн үүсвэр 1,2 тэрбум төгрөгийн зээлийн гэрээнээс гаралтай талаар тайлбарладаг. Анхны хэлцэл буюу 1.2 тэрбум төгрөгийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл тул түүний үндсэнд X.Ооос шилжүүлсэн мөнгийг хариуцагч нар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу буцааж өгөх үүрэгтэй гэж үзэж шаардаж байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 683,514,000 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 683,514,000 төгрөгийг хариуцагч Ц.Э, Д.У нараас гаргуулж Х.Оод олгож өгнө үү.

 

Хоёр: Шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглэсэнгүй гэж үзэж гомдолтой байна.

Шүүх Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж заасан байх тул 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 320,000 ам доллар 885,000,000 төгрөгийг хүлээж авсан үеийн ханшаар тооцож нийт 1,600,000,000 төгрөгийг хариуцагч Ц.Э, Д.У нараас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ гэж дүгнэжээ. Шүүх Иргэний хуулийн 218 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч үүрэг үүсэх үеийг 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гэж дүгнэсэн нь буруу юм. Учир нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж, 208.2-т “Үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна” гэж, 208.3-т “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүргийн шинж чанараас шалтгаалан үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардсанаас хойш арав хоногийн дотор үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй” гэж тус тус заасан. Гэтэл шүүх 208 дугаар зүйлийн холбогдох зохицуулалт хэрэглээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасныг зөрчсөн байна. Нэхэмжлэгч тал 320,000 ам доллар 885,000,000 төгрөгийг хариуцагч нарт өгөхдөө буцааж өгөх хугацаа тогтоож хэлцэл хийгээгүй, харин шүүхэд нэхэмжлэл гаргах замаар буцааж шаардсан. Х.О Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т зааснаар 320,000 ам долларыг хэдийд ч шаардах эрхтэй бол харин хариуцагч нар 208.3-т зааснаар нэхэмжлэл гаргах үеийн ханшаар буцаан төлөх үүрэгтэй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт 320,000 ам долларыг Монгол банкны америк долларын албан ёсны ханш 3,523 төгрөгөөр тооцож өөрчлөлт оруулж өгнө үү. Харин хариуцагч талын гаргасан гомдлын хувьд дараах тайлбарыг гаргаж байна.

Хариуцагч талаас гэрээг нотариатаар батлуулсан, Х.О гарын үсэг зурсан гэх үндэслэлүүдийг хэлээд шаардах эрхтэй мэтээр тайлбарладаг. Тэгэхдээ хууль энэ харилцааг хэрхэн зохицуулснаар хандах ёстой. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор заасан. Энэ талаар дүгнэсэн шүүхийн шийдвэрийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагч талын тайлбарласнаар гэрээнд гарын үсэг зурсан, гэрээг нотариатаар батлуулсан зэрэг нь зээлийн гэрээг байгуулсан гэх үндэслэл биш болохыг энэ заалтаас харж болно. Нөгөө талаар зээлийн гэрээнд мөнгөний хэмжээг нөхөж бичсэн гэж нэхэмжлэгч талаас тайлбарладаг. Харин хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж нөхөж бичээгүй гэдгээ бичгийн нотлох баримтаар хэрэгт хангалттай нотолж чадаагүй. Зээлийн гэрээг талуудын хооронд байгуулагдсан гэх хэд хэдэн бодиттой үндэслэл байх ёстой. Иймд зээлдэгч талын хүсэлт зоригийн илэрхийлэл нь зээлийн гэрээний зориулалтаар нотлогдож байх учиртай. Тухайн үед ямар нэгэн байдлаар их хэмжээний мөнгө Х.Оод хэрэгтэй болсон байх ёстой. Үүнийг нөгөө талдаа илэрхийлж мессеж, мэйл, хүсэлт зэргийг гаргаж байгаагүй. 1 тэрбум 200,000,000 төгрөгийг зээлдүүлсэн гэж ярьдаг боловч их хэмжээний мөнгийг зориулалтыг нь нотлохгүйгээр өгчихлөө гэж бодоход барьцаагүй, мөнгө шилжүүлсэн баримтгүй өгнө гэдэгт хэн ч итгэхгүй. Ц.Э нь Х.Ооор 4 удаа гарын үсэг зуруулж, хэлцэл хийсэн, хурууны хээ даруулсан баримт шүүхэд гаргаж өгч байгаа нь Ц.Э, Д.У нар тийм ч хайхрамжгүй хүмүүс биш, харин ч маш ихээр бичгийн баримт үйлддэг, нотлох баримтыг чухалчилдаг болохыг харуулж байна. Гэтэл 1 тэрбум 200,000,000 төгрөгийг баримтгүйгээр зээлдүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь үнэмшилгүй. Хариуцагч нараас 1 тэрбум 770,000,000 төгрөгийн өр хэрхэн үүссэн үндэслэлийн талаар тайлбар хэлж чаддаггүй бөгөөд 1 тэрбум 200,000,000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу хүү алданги нэмсэн 1 тэрбум 560,000,000 төгрөг, мөн адил хүү алданги нэмж тооцоод 1 тэрбум 770,000,000 төгрөг болсон гэж тайлбарладаг. Анхны 1 тэрбум 200,000,000 төгрөг зээлсэн гээд байгаа 463 тоот гэрээ нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа. Иймд 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 1 тэрбум 560,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, өр барагдуулах тухай харилцан тохирсон зэрэг хэлцлүүд нь Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийг хангахгүй орхисон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарлаж байгаа шиг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар шаардах эрх байхгүй. Уг зүйлээр шаардаж байгаа гомдол нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэрэгт сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй учраас анхан шатны шүүхийн шийдвэр энэ талаар зөв шийдсэн.

Үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлд тайлбар хэлье. Иргэд хоорондын бус аж ахуйн нэгж хоорондын мэтээр шүүхийг төөрөгдүүлэхээр шаардах эрхийн үндэслэл ярьдаг. Гэвч нэхэмжлэгч тал хариуцагчийг үндэслэлгүй хөнгөжсөн гэж үзэж гэрээний бус холбоотой шаардлага гаргаж байхад гэрээний үүрэг рүү оруулж тайлбарлах нь үндэслэлгүй. Ц.Э 1 тэрбум 600,000,000 төгрөгийг аваагүй гэж хэлдэггүй, харин Х.Оод буцааж өгөхгүй байх шалтгаанаар тайлбарладаг. 1 тэрбум 600,000,000 төгрөг авсан тухайгаа өөрийн биеэр оролцсон шүүх хуралдаан бүрд хэлдэг. Үүнээс хоёрыг нь жишээ болгож хэлбэл хавтаст хэргийн 95-97 дугаар хуудсанд авагдсан эрүүгийн цагдаагийн газарт өгсөн мэдүүлэгтээ “Х.О З.Баас 1 тэрбум 600,000,000 төгрөг авч надад өгсөн. Хариуцагч Д.Уийн мэдүүлэг 92-94 дүгээр хуудсанд авагдсан. “2016 оны 9 дүгээр сард Х.Ооос бэлнээр 1 тэрбум 600,000,000 төгрөгийг авсан” гэж мэдүүлдэг. Үүнээс үзэхэд 1 тэрбум 600,000,000 төгрөгөө авснаа хүлээдэг, мөн Х.Ооос авсан гэдгээ хэлдэг. Хариуцагчийн өмгөөлөгчийн хэлээд байгаа шиг “Уянган” ХХК-иас авсан гэж ерөөсөө ярихгүй байна. Эдгээр мэдүүлгүүдээс гадна дараах тайлбараар Х.О нь 1 тэрбум 600,000,000 төгрөг тэдэнд өгсөн нь давхар батлагдана. 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн мөнгө хүлээн авсан баримтын утга дээр 320,000 ам.доллар 1 тэрбум 85,000,000 төгрөг буюу нийт 1 тэрбум 850,000,000 төгрөгийг хүлээж авсан Х.О, хүлээж авсан З.Б, байлцсан Д.У гэсэн баримтыг 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Ц.Э, Д.У нарын авсан мөнгө З.Бын мөнгөнөөс 1 тэрбум 600,000,000 төгрөгийг авсан нь дээрх мэдүүлэгтээ тохирч байна.

Мөн фото зураг байгаа, уг фото зурагт Ц.Баасандорж, Д.У, Ц.Б нар байгаа. 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн З.Баас авсан гээд байгаа мөнгийг тэмдэглэл үйлдэж хүлээж авсан үеийн фото зураг юм. Уг зураг дээр байлцсан өмгөөлөгч Ц.Баасандорж нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х.Оын өмгөөлөгчөөр оролцсон. Шүүх хуралдаан дээр удаа дараа 1 тэрбум 600,000,000 төгрөгийг Х.Оын дарамтад орж авсан юм уу гэж асуухад эрүүгийн хэрэг шалгагдаж байхад байсан учраас айсандаа тийм мэдүүлэг өгчихсөн гэж хариуцагч нарын өмгөөлөгчдийн хариулсан тэмдэглэл хэрэгт байгаа. Хавтаст хэргийн 328 дугаар хуудсанд байгаа шүүх хуралдаан тэмдэглэлд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн асуусан асуултад хариуцагч Ц.Э хариулахдаа 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр манай эхнэр Д.У, дүү Ц.Б нар “Уулс Заамар” ХХК-ийн захирал З.Бын өрөөнд 1 тэрбум 600,000,000 төгрөгийг авсан. Энэ мөнгөнөөс Х.О 200,000,000 төгрөгийг зээлж авсан. Тухайн үед З.Бын өмгөөлөгч Ц.Баасандорж хамт байсан нь зураг дээрх үйл баримтыг давхар нотолж байна. Эдгээрээс гадна нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс хариуцагч талын 1 тэрбум 600,000,000 төгрөгийг Х.Оод буцааж өгөх үүрэггүй гэж тайлбарлаж байгаа үндэслэлийг дараах баримтаар няцааж байна. Итгэмжлэлээр буюу хувьцаа худалдаж авах гэрээний хавсралтад заасны дагуу 4 удаагийн төлбөр тооцоотой асуудлаар Х.Оыг төлөөлж оролцох эрхийг Ц.Эод итгэмжлэлээр өгсөн энэ бичгийн үндэслэн 1 тэрбум 600,000,000 төгрөгийг авсан гэж тайлбарладаг. Ц.Э нь би лицензын 50 хувийг эзэмшдэг байсан, орсон орлогоос 50 хувийг нь авах ёстой гэдэг. Харин лицензын хамтран эзэмшигч байсан гэдэг нь  худалдах худалдан авах гэрээний нэг тал болох З.Бын мэдүүлгээр няцаагдаж байна. З.Б, Х.О нарын хоорондох гэрээг төлөхгүй, худалдаж авсан талбайг ашиглахгүй байгаатай холбоотой Голомт банкны нэхэмжлэлтэй иргэний хэргийн маргаанд Ц.Э хамтран оролцоогүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Хариуцагч талын тайлбарлаж байгаа шиг лицензийг хамт эзэмшиж байсан бол Ц.Э хамтран эзэмшихээр улмаар хамтдаа З.Бт зарсан гэрээнээс үүдэлтэй холбоотой маргаанд оролцох боломжтой байсан.

Тэгэхээр З.Б, Х.О нарын хооронд үүссэн маргаантай асуудалд Ц.Э огт оролцоогүй. 7 дугаар хавтаст хэргийн 207 дугаар хуудсанд байх Ц.Эын өгсөн мэдүүлэгт “Заамарын эх-2” нэртэй лицензийг бусдаас худалдаж аваад Х.Оын “Уянган” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн ба 50 хувийг нь эзэмшиж байсан, “Уулс Заамар” ХХК-д 4.8 тэрбум төгрөгөөр зарахыг зөвшөөрсөн” гэж мэдүүлж байжээ. Гэтэл 8 дугаар хавтаст хэргийн 193 дугаар хуудсанд байх Ц.Эын мэдүүлэгт “З.Б, Х.О нарын хийсэн худалдах, худалдан авах тухай гэрээний асуудалд би огт хамааралгүй, З.Баас 1 тэрбум 200,000,000 төгрөг өгөхөд хажууд нь байлцсан. Х.О хамт байгаад өгөөч гэж гуйсан. Өөр зүйлгүй, миний ярьсан зүйл үнэн зөв” гэж хэлээд гарын үсгээ зурсан байна. 8 дугаар хавтаст хэргийн 203 дугаар талд цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Д.У гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “Х.О, З.Б нарын хооронд компаниа нэг нэгэндээ зарж байгааг өөрсдийнх нь ярианаас ойлгосон. Түүнээс биш энэ хоёрын асуудалд бид нар оролцоогүй. “Уянган” ХХК-д манайх хөрөнгө оруулж байгаагүй. З.Б, Х.О нарын хоорондын асуудалд бид нар ямар ч хамааралгүй, миний ярьсан үнэн зөв гэж гарын үсгээ зурсан байна. Хариуцагч нарын өмгөөлөгчөөс сэжигтэн, яллагдагчаар байцаасан тэмдэглэл нотлох баримт биш, худлаа ярьсан ч болно гэж тайлбарладаг. Гэрчээр асуугаад хууль сануулж авсан мэдүүлэг авч, гарын үсэг зурсан эдгээр баримтууд нотлох баримт биш гэж тайлбарлах үндэслэлгүй байна.

Түүнчлэн ашигт малтмал ашиглахыг шилжүүлэх гэрээ нь “Уянган” ХХК, “Уулс Заамар” ХХК нар гэрээний талууд болж оролцсон бөгөөд Ц.Эын хувьд ямар нэгэн байдлаар оролцоогүй, хамааралгүй болохыг нотолж байна. Энэ мэтчилэн хариуцагч Ц.Э өөрийн гараар бичсэн гомдол, өөрийн амаар өгсөн мэдүүлэг бүртээ зөрүүтэй, бодит байдалд нийцэхгүй, хоорондоо уялдаа холбоогүй худал тайлбар хэлж байна. Нэхэмжлэгч Х.Ооос авсан 1 тэрбум 600,000,000 төгрөгийг буцааж өгөхгүй байх аргыг хайдаг болох нь дээрх үйл баримаас тодорхой харагдаж байна. Дараагийн үндэслэл нь Д.У хариуцагч гэх үндэслэлийг тайлбарлая. Хэр их хөрөнгөтэй болохоо нотлох замаар чөлөөлөгддөг хууль байхгүй. Нэхэмжлэгч талын үндэслэлгүйгээр гэрээний үүрэг үүсээгүй байхад надаас авчхаад буцааж өгөхгүй байгаа 1 тэрбум 684,000,000 төгрөг буцааж авахаар шаардаж байгаа гэж нэхэмжлэгч талаас шаардлагаа тодруулж хэлсэн байдаг. Гэхдээ хариуцагч нараас нэхэмжлэлийг тодруулсан шаардлагад тайлбар хэлэхгүйгээр 2012 онд хэргийг хэлэлцэж байх үед шийдвэр, магадлал хүчингүй болж дахин шийдвэрлэхээр буцаахад анхны нэхэмжлэлийн шаардлагадаа хэлдэг. Нэхэмжлэгч талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аль ч үе шатанд өөрчлөх эрхтэй. Үүнийг хуульд хориглоогүй. Түүнчлэн Д.У, Ц.Э нарыг хариуцагчаар нэхэмжлэгч тал өөрөө зааж шаардлага гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ гэж үзэж байна. Уийн мөнгө хүлээлцэн баримт, тооцоо хийсэн баримт, гэрч нарын мэдүүлэг зэргээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч мөн болохыг давхар нотолно гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хадгаламж барьцаалсан зээлтэй холбоотой асуудлыг хариуцагч талаас анхан шатны шүүх хуралдаанд огт яриагүй. Хэрэгт нотлох баримтаар өгөөгүй. Анхан шатны шүүх дээр хэлэлцэгдээгүй баримтыг давж заалдах шатны шүүх дээр ярих үндэслэлгүй” гэв.

 

8.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн бэлэн мөнгө хүлээлцсэн баримт, тооцоо нийлсэн Д.У гэх баримт, Ц.Эын 5128010928 тоот дансны хуулганд 680,000,000 төгрөгийг бэлнээр хийсэн орлого зэргээс үзэхэд авсан мөнгөө дансандаа хийсэн нь илэрхий харагдаж байна. Ц.Э эцэг Х.Ооос авсан мөнгө биш өөр мөнгө юм бол он, сар, өдөр мөнгөний хэлбэр, тоо нь яг таарах ёсгүй гэж үзэж байна. Хууль сануулж авсан гэрч  Х.Отгонбаярын мэдүүлэгт 680,000,000 төгрөгийг үлдээгээд гарсан гэсэн. Мөнгө гэж үндэсний мөнгөн тэмдэг, гадаадын валют ойлгоно гэсэн Улсын дээд шүүхийн тайлбар бий. Харин валютыг 1994 оны Валютын зохицуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлд валют гэж Монгол улсын үндэсний валют, гадаад валют гэж хэлнэ гэсэн байна. Тиймээс бид өгсөн мөнгө, валютаа л авахыг хүссэн. 320,000 ам.доллар болох 1,885,000,000 төгрөгийг авч байгаа зургийг харвал Д.У түүний дүү нар тоолоод байж байна. Ойртоод харвал Монгол төгрөг, доллар хоёр гэсэн илэрхий ялгаатай тод харагдаж байна. Мөн тус мөнгийг авахдаа Д.У болон дүү нар гарын үсэг зураад хүлээн зөвшөөрсөн. Анхан шатны шүүх шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 218 дугаар зүйлийг ашиглаад ханш гэх үнийг буруу хэрэглэсэн. Уг зүйл заалтад мөнгөний ханш гэж бичсэн байгаа. Мөнгө гэдэгт бүх валютыг ойлгоно. Өөрөөр хэлбэл бүх валютын ханш буюу эдийн засгийн асуудал болон инфляцтай холбогдоод явна. Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн шиг 2 валютын хоорондын харьцах солилцооны үнийг хэлээгүй. Эцэст нь хэлэхэд Ц.Э хэрэгт авагдаагүй нотлох баримтыг маш их ярьж байна. Энэ нь юуг ч илэрхийлэхгүй. Ц.Э нь анхан шатны шүүх дээр ч гэсэн хэргийг 2-3 удаа хойшлуулсан. Гэхдээ эдгээр нотлох баримтуудаа гаргах боломжтой байхад гаргаж өгөөгүй. Иймд гомдлыг хангаж өгнө үү” гэв.

 

9.Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...1.Сөрөг нэхэмжлэлийн шаардлага хуулийн үндэслэлтэй талаар: Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болж, улмаар өр барагдуулах талаар талууд 2 удаа бичгээр тохиролцсон тул иргэн Ц.Э миний бие зээлийн гэрээг цуцлах тухай шаардлага гаргахгүйгээр гэрээний үүргийн биелэлтийг шүүхэд нэхэмжилсэн болно. Дээрх бичгээр хийсэн хэлцлүүдийн сүүлийн 2 өр барагдуулах тухай хэлцлийг нотариат баталж өгөөгүй тул иргэн Ц.Э миний зүгээс шүүхэд эх хувиар хүргүүлсэн. Иргэн Х.О нь 2005 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 64,000,000 төгрөгийн дүнтэй, 1 жилийн хугацаатай, сарын 4,2 хувийн хүүтэй зээлийг өссөөр 1.2 тэрбум төгрөг болсон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Шүүх хуралд гэрч нар иргэн Ц.Эоос иргэн Х.О нь бэлнээр 1,2 тэрбум төгрөгийг авсан талаар мэдүүлсэн. Мөн 2012 оны 463 тоот гэрээнд 1,2 тэрбум төгрөгийг олгосон талаар тодорхой тусгагдсан байгаа бөгөөд энэхүү хэсгийг шүүх үгүйсгээгүй атлаа түүнийхээ эсрэг шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Хэрэг маргааны нөхцөл байдлаас харахад зохигчид хэн алиндаа мөнгө өгч авалцахдаа дандаа бэлнээр өгөлцөж авалцдаг байсан болох нь маш тодорхой байдаг. Энэ ч утгаараа анхнаасаа Ц.Э нь алтны наймааны мөнгийг зайлшгүй шаардлагын улмаас бэлэн мөнгөөр хадгалдаг байсан бөгөөд 2012 онд Х.Оод 1,200,000,000 төгрөгийг бэлнээр өгч, Х.Оыг зээлийн мөнгийг бэлнээр авсан болохыг баталгаажуулан 2012 оны 463 тоот зээлийн гэрээний 12 дугаар зүйлд 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр бэлнээр авсан гэж баримтжуулан гарын үсэг зуруулж нотариатаар гэрчлүүлсэн байдаг. Мөн мөнгө бэлнээр авсныг гэрч болох Ц.Б, Л.Эрдэнэбилэг нарын мэдүүлгээр давхар нотлогддог юм. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-т зааснаар “Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино" гэж зохицуулсан байдаг. Энэхүү хуулийн зохицуулалтаас харахад зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь түүнийг хүлээн авсан болохоо бичгээр мэдэгдсэн байхад л хангалттай нотлогдож байгаа болно. Иймд дээрх үндэслэлүүдээр Х.О нь зээлийн мөнгөн хөрөнгийг авсан болох нь хангалттай нотлогддог тул зээлдүүлэгч нь өгсөн мөнгөө тохирсон хүү, алдангийн хамт буцаан шаардах эрхтэй учраас сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

2. Үндсэн нэхэмжлэлийн тухай болон иргэн Х.Оын нэхэмжилж буй төлбөр нь иргэд хоорондын зээлийн харилцаанд хамааралгүй бөгөөд аж ахуйн нэгж хоорондын худалдах, худалдан авах гэрээний харилцаа болох тухай:

Иргэн Х.Оын иргэн Ц.Э надаас нэхэмжилж буй төлбөр нь иргэд хоорондын зээлийн харилцаанд хамааралгүй бөгөөд аж ахуйн нэгжүүдийн хооронд ашигт малтмалын тусгай тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах гэрээний дагуу үүссэн төлбөртэй холбоотой харилцаа юм. “Уулс заамар” ХХК болон “Уянган” ХХК-ийн хооронд 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан №01 тоот 4,8 тэрбум төгрөгөөр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг уг гэрээний хавсралтад заасны дагуу худалдагч А талыг төлөөлж иргэн Ц.Э авна гэж тохиролцсон байдаг. “Уянган” ХХК, “Уулс заамар” ХХК гэсэн хуулийн этгээдийн хооронд үүссэн худалдах, худалдан авах гэрээний харилцаа нь иргэд хоорондын зээлийн гэрээний харилцаанаас тусдаа явагдсан. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах гэрээний улмаас 2 байгууллагын хооронд эрүү, иргэний журмаар маргаан үүссэн бөгөөд энэхүү маргаан хэрхэн шийдвэрлэгдэхээс шалтгаалж гэрээний дагуу төлөгдсөн төлбөрийн асуудал шийдвэрлэгдэх үндэслэлтэй. Иргэн Ц.Э нь “Уулс заамар” ХХК-аас төлбөр хүлээн авсан тул уг төлбөрийг иргэн Х.О нь хувь иргэний хувиар нэхэмжлэх үндэслэлгүй юм. Учир нь Худалдах, худалдан авах гэрээний маргаанаас шалтгаалж уг төлбөрийг “Уулс заамар” ХХК нь нэхэмжлэх, эсхүл "Уянган" ХХК нь нэхэмжлэх, магадгүй нэхэмжлэхгүй байх зэрэг нь одоогоор тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл уг төлбөрийн маргааныг иргэний зээл гэж нэхэмжилснээр давхардал үүсгэх нөхцөл үүсгэнэ. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл Худалдах, худалдан авах гэрээний дагуу үүссэн төлбөрийн харилцаа нь иргэд хоорондын зээлийн харилцаанаас тусдаа юм. Уг лицензийг дундаа хамтран эзэмшиж байсан бөгөөд энэ нь анх "Уянган” ХХК- ийн нэр худалдан авах төлбөрийг Ц.Э төлсөн, лицензийн хайгуулын ажлын зардлын доод хэмжээ, лицензийн төлбөрийг хамтран ээлжилж төлсөн баримт (2 дугаар хавтас 116 дугаар тал), иргэн Ц.Э нь Төв аймгийн ИТХ-ын тэргүүлэгчийн улс төрийн сонгуульт албан тушаал хашдагийн улмаас өөрийн нэр дээр лиценз эзэмшиж болохгүй тул найзынхаа компанийн нэр дээр хамтран эзэмшсэн тухай тайлбар (1 дүгээр хавтас 73, 92, 96 дугаар тал). иргэн Х.О нь “Уянган” компанийн эзэмшдэг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн 50 хувь нь иргэн Ц.Эынх тул захиран зарцуулах эрхтэй болохыг тодорхойлж гарын үсэг зурж, тамга дарсан баталгаа гаргах тухай албан бичиг болон энэ талаарх Х.Оын шүүхэд өгсөн тайлбар, дундын лицензээ бусдад худалдах талаар харилцан тохиролцсон, хамтран худалдсан, лицензийг шилжүүлэхэд Ц.Э нь тусалж төрийн байгууллагаас зохих баримтыг гаргуулж өгсөн талаарх гэрчийн мэдүүлгүүд. Худалдах, худалдан авах гэрээний хавсралтаар гэрээний төлбөрийн 50 хувийг Ц.Э миний бие хүлээн авахаар бичгээр тохиролцож, улмаар худалдагч тал болох "Уулс заамар" ХХК-аас зарим төлбөрийг авсан (2 дугаар хавтас 117 дугаар тал, 3 дугаар хавтас 26 дахь хуудасны ар тал) зэрэг олон нотлох баримтаар тогтоогддог. Гэсэн хэдий ч энэхүү аж ахуйн нэгжийн Худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой маргаан тусдаа шийдэгдэх тул Х.Оын иргэний хувиар зээлийн гэрээний үүрэг, эсхүл үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж шаардсан нэхэмжлэл хуулийн үндэслэлгүй юм. Иргэн Х.О нь Худалдах, худалдан авах гэрээний хавсралтаар иргэн Ц.Э төлбөр хүлээн авахаар тохиролцсон гэрээний зохицуулалтыг хүчин төгөлдөр бус талаар маргаан үүсгээгүй болно. Мөн энэ мөнгөний зарим хэсгийг иргэн Ц.Э нь "Уулс заамар" ХХК-аас авсан байдаг бөгөөд иргэн Х.Ооос аваагүй тул Х.О нь иргэний хувиар нэхэмжлэх эрхгүй юм. Ц.Эын Уулс заамар ХХК-иас авсан мөнгийг Х.О Эод зээлдүүлсэн байна гэж үзэх тохиолдолд "Уулс заамар" ХХК-ийн эрх ашиг хөндөгдөх нөхцөл байдал үүсэж байгааг шүүх анхаарч үзсэнгүй.

3. Иргэн Ц.Э миний бие нь иргэн Х.Ооос зээл авах шаардлагагүй тухай: Иргэн Х.О нь иргэн Ц.Э надаас 2012 онд бичгээр байгуулсан, хүү тохиролцсон зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн атлаа, зөрүүлээд өөрөө Ц.Эод 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрүүдэд гэрээгүй, хүүгүй мөнгө зээлүүлсэн гэж байгаа нь илэрхий үнэмшилгүй тайлбар юм. Өөрөө гэрээ байгуулж хүүтэй мөнгө зээлчхээд буцаагаад гэрээгүй, хүүгүй мөнгө зээлдүүлэх үндэслэл байхгүй. Иргэн Х.О 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэрээгүй, хүүгүй мөнгө Ц.Эод зээлсэн нь үнэн бол үүнээс 6 хоногийн дараа 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр өр төлбөр барагдуулах тухай баталгаа гараар бичиж, хурууны хээ дарахгүй байх байсан (2 дугаар хавтаст хэргийн 115 дугаар тал). Энэ тохиолдолд зээлдэгч өөрөө зээлдүүлэгчид буцаан зээл олгох биш эсрэгээр зээлээ төлөх, төлөгдсөн мөнгийг зээлийн төлбөрт суутгах харилцаа явагдах байсан. Иргэний хэргийн материал, талуудын тайлбараас иргэн Ц.Э, Х.О бид нар олон жилийн өмнөөс найзалж нөхөрлөж ирсэн, ингэхдээ Ц.Э нь алт худалдан авах, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхэлж зээл олгох бизнес эрхэлдэг байсан бол Х.О нь уул уурхайн бизнес эрхэлж Ц.Эоос удаа дараа зээл авдаг байсан нь нотлогддог. Харин эсрэгээр Х.О нь Ц.Эод мөнгө зээлсэн тухай ямар ч баримт хэрэгт байдаггүй болно. Иргэн Ц.Э миний хувьд иргэн Х.Ооос мөнгө зээлдэж авах хэрэгцээ шаардлага байхгүй бөгөөд тухайлбал шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулж хөрөнгө битүүмжилсэн байдлыг авч үзэхэд Ц.Эын нэр дээр өндөр үнэлгээ бүхий 15 үл хөдлөх эд хөрөнгө (2 дугаар хавтаст хэргийн 72-74, 99-102 тал), харин Х.О нь 1 орон сууц, 1 зуслангийн газар байгаа нь зэрэг нь хөрөнгө, санхүүгийн чадвар, зээл авах хэрэгцээ шаардлагын нэг үзүүлэлт юм.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчиж, энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тухайд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс “Мөнгө хүлээн авсан баримт” гэх 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гэсэн огноотой гэсэн баримтыг гаргаж өгсөн байдаг. Уг баримт дээр “Уянган” ХХК-ийн захирал Хүүжий овогтой О миний бие “Уулс заамар” ХХК-аас 2016/10 тоот гэрээний урьдчилгаа 1,800,000,000 төгрөгийг хүлээн авсан талаар дурдаж, мөнгөн хөрөнгийг хүлээн авахад байлцсан гэх хэсэгт Д.Уийн гарын үсгийг зурсан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-д зааснаар хэргийн оролцогч хуурамч нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан гэж үзвэл шалгуулах буюу нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргахаар, 40 дүгээр зүйлийн 40.3-д зааснаар шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй талаар, 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй гэж тус тус зохицуулсан байдаг.

Хариуцагчийн хувьд “Мөнгө хүлээн авсан баримт” гэх 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гэсэн огноотой баримтыг нэхэмжлэгч нь хуурамчаар үйлдсэн байх магадлалтай байх тул эрхийн дагуу эх хувийг нь гаргуулж шалгуулахаар хүсэлт гаргасан боловч шүүх нотлох баримтын шаардлага хангасан байна гэж үзэж, тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 151/ШЗ2022/04369 тоот шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзсан атлаа шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “... З.Баас 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Х.Оод 1,800,000.000 төгрөг хүлээлгэн өгсөн гэж, мөн хариуцагч Ц.Э 320,000 ам доллар, 885,000,000 төгрөгийг 3.Баас хүлээн авсан. Энэ мөнгийг Х.О, 3. Б нарын хооронд байгуулсан тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах гэрээний хавсралтад заасан эрхийн дагуу хүлээн авсан гэж тайлбарлаж байна” гэж тухайн хуурамч, маргаан бүхий баримтыг шалган тогтоолгүйгээр хэт нэг талыг барьж урьдаас шууд үнэн зөв гэж үзэн үнэлж дүгнэсэн, ингэж үнэлж дүгнэхдээ тухайн хуурамч баримтад нийцүүлэх гэж хариуцагч Ц.Эын хэлээгүй зүйлийг хэлсэн болгож илтэд гуйвуулж, худал бичиж шийдвэр гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

Тухайлбал, Ц.Э нь иргэн З.Б Х.О нарын иргэнийхээ хувьд хийсэн аливаа гэрээ хэлцлийн талаар огт дурдаагүй, тайлбарлаагүй байхад иргэд хоорондын байхгүй, маргаагүй гэрээг дурдан, түүнд үндэслэн мөнгө авснаа хүлээн зөвшөөрч тайлбарласан мэтээр огт үндэслэлгүй худал дүгнэлт хийсэн, мөн Ц.Э нь зөвхөн “Уянган” ХХК болон “Уулс заамар” ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээний дагуу 1,600,000,000 төгрөгийг “Уулс заамар” ХХК-ийн захирал З.Баас авсан гэж тайлбарлаж байхад 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн огноотой “Мөнгө хүлээн авсан баримт” гэх хуурамч баримтад дурдсан 2016/10 гэсэн тоот гэрээний мөнгийг, тэр тусмаа 320,000 ам доллар болон 885,000,000 төгрөгийг авсан гэж /ам.долларыг авч байсан гэж хэзээ ч хэлж байгаагүй байхад/ энэхүү хуурамч баримтад хүчээр нийцүүлэх гэж хууль зөрчиж дүгнэлт хийж шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэрт илтэд нөлөөлсөн. Тэгээд ч тухайн хуурамч баримт нь Ц.Эод мөнгө буюу ам долларыг хүлээлгэн баталсан баримт биш, Д.У байлцсан гэх хэсэг нь мөнгө буюу ам.долларыг хүлээн авсан болохын үндэслэл биш юм. Иймд анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байгаа болохыг анхаарч үзэхийг хүсэж байна.

Хариуцагч нар нь хамтран үүрэг гүйцэтгэгч биш болох тухайд: Хариуцагч Ц.Э нь “Уулс заамар” ХХК-ийн захирал З.Баас 1,600,000,000 төгрөгийг авсан бөгөөд Д.Уийг явуулж тухайн мөнгийг З.Баас авхуулсан байдаг. Түүнээс биш Д.У нь “Уулс заамар” ХХК, “Уянган” ХХК, Х.О болон З.Б нарын хэн алинтай нь ч аливаа мөнгө, төгрөг өгч, авах талаар аливаа эрх зүйн харилцаанд ороогүй байдаг. Нэхэмжлэгч нь мөн адил Д.Уээс мөнгө нэхэмжлэх үндэслэлээ тодорхой болгоогүй байдаг. Гэтэл шүүх Д.Уийг ямар ч үндэслэлгүйгээр хариуцагч болгон шийдвэрлэсэн нь илтэд хуульд нийцэхгүй байгаа юм. Хэрэв Д.Уийг “Уулс заамар” ХХК-ийн захирал З.Баас мөнгө авч явсан гэсэн үндэслэлээр хариуцагч болгосон юм бол яагаад Ц.Эоос нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй, хэрэв Ц.Э нь авсан гэж үзэж байгаа бол яагаад Д.Уээс нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй, эсхүл яагаад, ямар үндэслэлээр хамтран хариуцагч болгосон нь ч тодорхойгүй байхад шүүх хамтран хариуцагч гэж шийдвэрлэсэн нь, тэр тусмаа Х.Ооос аваагүй мөнгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь илт хууль бус, нотлох баримт дээр үндэслээгүй шийдвэр болсон. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох хариуцагч Ц.Э, Д.У нараас 1,600,000,000.00 төгрөг гаргуулах шаардлагыг ханган шийдвэрлэсэн хэсгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох Х.Ооос 1,770,000,000.00 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.

10.Хариуцагчийн өмгөөлөгч Р.Болдбаатар давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолтой холбогдуулж тайлбараа хэлье. 1. 684,514,000 төгрөгийг Ц.Эод өгсөн тул гаргуулж өгнө үү гэсэн утга бүхий гомдол гаргасан байна. Нэхэмжлэгч талаас мөнгө өгсөн гэдгээ нотлох ёстой. Хариуцагч мөнгийг аваагүй гэдгээ нотлох ёстой. 684,514,000 төгрөг өгсөн гэдгийг нотолсон баримт хэрэгт байхгүй. Шүүхийн журмаар дансны хуулга гаргуулж авч үзчихээд бид нарын мөнгө гэж яриад байж болохгүй. Бэлнээр мөнгө өгсөн нь ийм нотлох баримтуудаар нотлогдож байна гэсэн зүйл яриад байна. Жишээлбэл тооцоо нийлсэн баримт буюу Д.Уийн гараар бичсэн баримтаар мөнгө өгсөн нь нотлогдсон гэж хэлж байна. Энэ баримт нь Д.Уийн бичиж өгсөн баримт мөн үү, биш үү, хэрэгт хамааралтай юу, хамааралгүй юу гэдгийг яаж нотолсон юм бэ. Хэрэгт хамааралгүй зүйл яриад байна. Хэрэгт хамааралтай ч баримт биш. Хууль бусаар цуглуулсан баримтаа үндэслээд ярьж байна. Мөн гэрч гээд байгаа хүн нь Х.Отой хамт ажиллаж байсан. Гэтэл орж ирээд худлаа мэдүүлэг өгчихсөн. Бид гэрчээр мэдүүлэг өгсний дараа Төв аймгийн цагдаагийн газарт гомдол гаргаад одоог хүртэл шалгагдаад явж байгаа. Арай дэндүү худлаа яриад мэдүүлэг өгчихсөн байдаг. Энэ асуудал шалгагдаж дуусаагүй. Хэрэв гэрчийн мэдүүлэг үнэн зөв гэж үзэж байвал эрүүгийн асуудал шийдвэрлэгдэж дууссаны дараа яригдах ёстой асуудал. Ц.Эын дансанд мөнгө орсон гээд яриад байна. Ц.Э өөрийн эзэмшлийн дансандаа мөнгө оруулж гаргаж болно шүү дээ. Өөрсдөө хэзээ, яаж мөнгийг Ц.Эын дансанд хийсэн юм бэ, ядаж өөрсдөө мөнгө хийсэн баримт гаргаж өгөх ёстой. Уг баримтад мөнгө авсан гэж тэмдэглээд гарын үсэг зурсан байх ёстой. Ийм мөнгийг Ц.Э аваагүй. Энэ 7 жилийн хугацаанд мөнгө өгсөн гэдгээ нотолсон баримтуудаа гаргаж ирэх хэрэгтэй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргаж байгаа давж заалдах гомдол үндэслэлгүй. Тооцоо нийлсэн гэх хуурамчаар олж авч цуглуулсан баримтаа үндэслээд мөн Ц.Эын дансны хуулгыг банкнаас гаргаж авчхаад, тооцоо нийлсэн талаар гэрчлэх хүн байгаа гээд гэрчээр худлаа мэдүүлэг өгүүлсэн. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д ханшны асуудлын талаар ярьж байна. Мөнгөний ханш унах, өсөх үед яригдах асуудал болохоос валютын харилцан ханшны хувьд яригдахгүй. Шүүх хуулийн хүрээнд асуудалд хандсан гэж харж байна. Тэгэхээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол ямар үндэслэлгүй. Гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрсдөө мөнгө өгснөө нотолж чадахгүй байж хүний мөнгийг миний мөнгө гээд дайраад байж болохгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэд хэдэн үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх нотлох баримтад үндэслээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх хэд хэдэн үндэслэлээр гомдол гаргасан. Үндсэн нэхэмжлэлээр 1,600,000,000 төгрөгийг гаргуулсан шийдвэрийн талаар тайлбар хэлье. 1. “Уянган” ХХК-ийн МВ012764А ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2005 онд 64,000,000 төгрөгөөр Э мөнгийг нь төлөөд “Уянган” ХХК-ийн нэр дээр байлгаад Х.Отой 50, 50 хувиар нь эзэмшихээр тохиролцсон. Тухайн үед хувьцаа эзэмшигчээр ороогүй. Харилцан тохиролцсоны дагуу явж байсан. Энэ утгаараа ч гэсэн Ц.Э зарим тохиолдолд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлдөг байсан. Хэрэгт нотолсон баримтуудыг гаргаад өгчихсөн. Үүнтэй холбоотойгоор мөнгөний асуудал яригдаж эхэлсэн. Хэрэгт 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ хийгээд “Уянган” ХХК болон “Уулс Заамар” ХХК нарын хооронд байгуулсан гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн худалдах худалдан авах гэрээ буюу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа “Уянган” ХХК-ийн хувьцааг худалдаж авах гэрээ, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх гэрээ байгаа. Эдгээр 3 гэрээг сайтар нягталж үзэж байж иргэд хоорондын харилцаа юм уу, компани хоорондын харилцаа юм уу гэдгийг ялгаж салгаж, эрх зүйн байдлыг зөв тодорхойлох ёстой. Шүүх эрх зүйн байдлыг зөв тодорхойлж чадаагүй. Шүүх дүгнэхдээ 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээг дүгнээд байдаг. Энэ нь тусгай зөвшөөрлийн хувьцааг худалдах гэрээ байгаа. Энэ гэрээний дагуу иргэд хоорондын гэрээ байна. Энэ гэрээний дагуу 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 1 тэрбум 800,000,000 төгрөгийг Х.О хүлээн аваад 1 тэрбум 600,000,000 төгрөгийг Д.Ут өгсөн байдал тогтоогдож байна гэдэг. Хувьцаа худалдах худалдан авах гэрээ хэрэгжээгүй гэрээ. Яагаад гэхээр хавтаст хэрэгт “Уянган” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Х.О гэх баримтаас үзэхэд уг гэрээ нь хэрэгжээгүй. Шүүхийн үнэлсэн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн баримт нь сүүлд гарч ирсэн. Энэ баримтыг бид хуурамч баримт гэж үзсэн. Шүүхийн журмаар хүсэлт гаргуулсан. Энэ баримтыг үйлдэхэд Д.У байлцсан гэдэг. “Уулс Заамар” ХХК-ийн захирал З.Баас “Уянган ХХК-ийн захирал Х.Оод 320,000 ам.доллар, 714,760,000 төгрөгийг өгсөн гэсэн баримт байдаг. Уг баримтад Д.Уийн гарын үсэг байгаа нь хуурамч байна. Бид эрхийнхээ дагуу эх хувийг нь аваад шалгуулъя. Мөнгө хүлээлцсэн баримт дээр 2016 оны 10 тоот гэрээний дагуу мөнгө өгсөн гэх баримт бөгөөд бид нар 2016 онтой холбоотой гэрээний талаар мэдэхгүй. Харин 2014 оны ашигт малтмал шилжүүлэх гэрээ, худалдах, худалдан авах гэрээний дагуу “Уулс Заамар” ХХК-ийн захирал З.Баас очиж 1 тэрбум 600,000,000 төгрөгийг авхуулахаар Д.Уийг явуулсан. Үүнийг хэдийгээр бэлнээр авсан ч гэсэн ёс зүйн хувьд авсан гэдгээ хэлдэг. Яагаад гэхээр маш их хэмжээний мөнгөний асуудал яригдаж байгаа учраас үнэн зөв байдлыг хэлдэг.

Гэтэл шүүх үнэлэхдээ 2014 оны худалдах, худалдан авах гэрээг үндэслээд Х.Отой хувиараа хийсэн гэрээ гэж дүгнэсэн атлаа хуурамч нотлох баримтыг үнэлээд Х.О З.Баас нарыг авсан гэж үзсэн. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчиж байна. Манай тал энэ баримтыг шалгуулна гэхэд шүүхээс шууд үнэн зөв баримт гэж үзээд шийдвэрлэсэн. Тэгээд ч энэ баримт нь Д.Ут мөнгө хүлээлгэж өгсөн баримт биш. Энэ нь өөр тусдаа 2016 оны буюу бид нарт хамааралгүй гэрээний баримт. Х.О нь өөрөө хувиараа 1 тэрбум 600,000,000 төгрөгийг Ц.Эод өгсөн юм бол түүнийгээ нотлох ёстой. Яагаад компанийн хоорондох маргаан гээд үзээд байна гэхээр тусгай зөвшөөрөл нь компанийн нэр дээр байдаг. Компаниас мөнгө нь ордог иргэний эрх зүйн харилцааны хувьд компани хоорондын асуудал юм. З.Б гэх хүн гомдол гаргахдаа Х.О, Ц.Э хоёр тухайн үед мэдүүлэг өгөхдөө 50, 50 хувиар мөнгөө авна гэж надаас мөнгө авсан, энэ хоёр хоёулаа намайг залилсан гээд цагдаад гомдол гаргасан. Хэрэгжээгүй гэрээний дагуу мөнгө нэхэх асуудал яригдвал “Уулс заамар” ХХК-ийн захирал З.Б нь мөнгө нэхэх асуудал яригдах ёстой. Харин хувиараа мөнгө өгсөн гэх компанийн асуудлыг ярьж болохгүй. “Уянган” ХХК нь маш их өр төлбөртэй учраас мөнгийг гуйвуулах арга хийж байна. Гэтэл би хувиараа мөнгө өгсөн гээд хууль бус хуурамч баримт дээр үндэслээд, гэрээнийхээ ялгааг ойлголгүйгээр, мөнгө өгсөн гэдгээ нотлоогүй байж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэв “Уулс Заамар” ХХК-ийн захирал З.Б мөнгөө Ц.Эоос нэхвэл яах юм бэ гэдэг асуудал яригдаж байна. Компани хоорондын асуудлыг иргэд хоорондын маргаан болгож хувиргаж хүчээр шийдвэрлэж болохгүй. 1 тэр бум 600,000,000 төгрөгийг Ц.Э, Д.У нараас гаргуулах шийдвэр нь ямар үндэслэлгүй, хууль зөрчсөн, нотлох баримт дээр үндэслээгүй гарсан. Хуурамч нотлох баримтыг үнэлж дүгнэж шийдвэрлэсэн шийдвэр болсон. Шүүхээс үүнийг маш сайн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Хариуцагчаар Ц.Э, Д.У нарын татсан. 1 тэрбум 600,000,000 төгрөгийг Ц.Э тусгай зөвшөөрлийн 50 хувийг эзэмшдэгийнхээ хувьд Д.Ут тэр мөнгийг “Уулс Заамар” ХХК-ийн захирал З.Баас аваад ир гэж хэлээд явуулдаг. Энэ нөхцөл байдлаас үзвэл хамтран хариуцагч уу гэдэг асуудал яригдана. Хэрэв хоёулангаас нь гаргуулж байгаа бол ямар үндэслэлээр гаргуулж байгаа нь тодорхойгүй. Эсвэл бэлэн мөнгийг Д.У авч явсан гэх үндэслэлээр Д.Уээс мөнгө нэхэж байгаа юм бол яагаад Ц.Эоос мөнгө гаргуулах гээд байгаа юм. Хэрэв Ц.Эоос мөнгө нэхэж байгаа бол мөнгийг нь авчирч өгсөн Д.Уээс мөнгө гаргуулах гээд байгаа юм. Үүнээс үзэхэд 2 өөр асуудал яригдаж байна. Иймд хамтран хариуцагч биш. Дээд шүүх дээр хэрэг очиход энэ талаар маргасан. Д.Уээс яагаад ямар үндэслэлээр хариуцагчаар тооцоод байгаа юм бэ гэхэд анхнаасаа алдаатай байсан гэж тухайн үед ярьж байсан. Дээд шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд энэ байдал тусгагдсан байх ёстой. Шүүх мөнгө гаргуулах үндэслэлийг тодорхойлоогүй энэ талаар хуулийн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байж шийдвэрлэсэн нь хууль бус шийдвэр болсон. Үүнийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. 1 тэрбум 600,000,000 төгрөгийг нэхэмжилсэн Х.Оын нэхэмжлэлийн шаардлага ямар ч үндэслэлгүй байна. Х.Ооос ямар ч мөнгө аваагүй гэдгийг 3 гэрээний ялгаа, мөнгө өгсөн баримт зэргээр тодорхой ойлгогдож байгаа. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудалд хэрэв “Уянган” ХХК-аас маргаан хийгээд ороод ирвэл бид сөрөг нэхэмжлэл гаргаад 50 хувиа эзэмшдэг гэдэг асуудлаа тогтоолгох юм гэдэг асуудлаар яригдах ёстой байсан. Гэтэл үүнээс бултаад иргэн гэдгээр орж ирээд “Уулс Заамар” ХХК-ийн мөнгийг иргэн гэдгээр гуйвуулж авах гээд байна.

Сөрөг нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг яръя. 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 1 тэрбум 200,000,000 төгрөгийг Ц.Эоос Х.Оод бэлнээр өгсөн. 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр бэлнээр өгөөд гэрээ байгуулсан тус гэрээний 12 дугаар заалтад мөнгийг бэлнээр авсан гэж баримтжуулан гарын үсэг зуруулж нотариатаар гэрчлүүлсэн байдаг. Мөн мөнгө бэлнээр авсныг гэрч болох Ц.Б, Л.Эрдэнэбилэг нарын мэдүүлгээр давхар нотлогддог юм. Энэ гэрээ хугацаандаа төлөгдөөгүй учраас 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 808 тоот гэрээ байгуулаад дахиад хугацааг сунгаад 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн 1 тэрбум 200,000,000 төгрөг дээр дахиад хүү тооцоод гэрээг шинэчлээд байгуулсан. Уг гэрээнд Х.О гарын үсгээ зурсан. 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр энэ хоёр гэрээгээ дүгнээд төлбөр барагдуулах харилцан тохиролцсон гэрээ гэж хийгээд 1 тэрбум 770,000,000 төгрөг болсон тул гэрээний дагуу төлбөрөө төлөөрэй гэхэд Х.Ооос төлнө гээд эхнэрийн хамт гарын үсгээ зурсан. Үүний дараа 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Х.О 830,000,000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөрөө 2017 онд төлнө гээд өөрийн гараар бичсэн баримт хэрэгт авагдсан. Х.Оод зээл олгосон 4 баримт байна. Х.Ооос хоосон гэрээнд гарын үсэг зуруулж байгаад дараа нь хоосон хэсэгт нь 1 тэр бум 200,000,000 төгрөг болгоод биччихсэн гэж маргадаг. Эсхүл намайг айлган сүрдүүлж байгаад зуруулсан, нөхөөд хийсэн, 2005 онд авсан мөнгөний хүү тооцсоор байгаад ийм мөнгө болсон, би мөнгө аваагүй гэдэг байдлаар ярьдаг.

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэж заасан. Х.Оын хувьд би мөнгө авсан гэдгээ мэдэгдээд хуулийн дагуу хүлээн зөвшөөрсөн асуудал байгаа. Бид нар энэ хэрэг дээр 7 жил маргаж байна. Үнэхээр энэ гэрээг нөхөж хийсэн юм уу, эсвэл гэрээнд нөхөж бичсэн юм уу, айлган сүрдүүлсэн нөхцөл байдал байгаа бол үүнийг Х.О нотлох хэрэгтэй. Ядаж чамд нэг хувь байхгүй юм аа гэхэд нотариатаас нэг хувиа татаж аваад шалгуулаач гэж хэлмээр байна. Энэ 7 жилийн хугацаанд ямар ч ажиллагаа хийгдээгүй. Харин ч нэхэмжлэлийн шаардлагаа худлаа янз бүрийн байдлаар өөрчлөөд байдаг. Ийм баримтуудаар нотлогдож байхад шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Дүгнэх ёстой нотлох баримтуудыг үнэлж дүгнээгүйд гомдолтой байна. Хэргийн материалаас харахад Ц.Э, Х.О нарын хооронд алттай холбоотой харилцаа үүсдэгээс гадна мөнгөний харилцаа нь ихэвчлэн бэлнээр байдаг байсан. Ц.Э зээл олгохдоо 1 тэрбум 200,000,000 төгрөгийг бэлнээр Х.Оод өгсөн.  Үгүй байсан бол яагаад өр барагдуулах гэрээнд сайн дураар эхнэртэйгээ ирээд гарын үсэг зурчихсан юм. Айлгаж сүрдүүлж байгаад зуруулсан бол тэрийгээ нотлох баримтаар тогтоолгох хэрэгтэй. Хуурч мэхэлсэн бол тэрийгээ тогтоолгох хэрэгтэй байсан. Анхан шатны шүүх нотлох баримтад үндэслэж шийдвэр гаргаагүй байх тул давж заалдах гомдлоо дэмжиж байна. Шүүх үнэлэлт дүгнэлт өгөхдөө хариуцагч Ц.Э нь 320,000 ам.доллар 885,000,000 төгрөгийг З.Баас хүлээн авсан. Энэ мөнгө нь Х.О, З.Б нарын хооронд байгуулсан тусгай зөвшөөрөл худалдах худалдан авах гэрээний заалтад заасны дагуу хүлээн авсан гэж тайлбарладаг. Ц.Э 320,000 ам.доллар 885,000,000 төгрөг авсан гэж хэзээ ч ярьдаггүй. Ц.Э нь 1 тэрбум 600,000,000 төгрөгийг З.Б гэх хүнээс эхнэрээ явуулаад авсан гэж ярьдаг. Үүнийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Х, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

1.Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчид хуулиар олгосон эрхийг зөрчөөгүй ч үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт хийгээгүй, үндсэн болон сөрөг нэхэмжлэлтэй холбоотой үйл баримтыг тал бүрээс нь харьцуулан үзэж бодитойгоор үнэлэх, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас үнэлэхээр хуульд заасан журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч Х.О нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ “...2005 онд зээлсэн 64,000,000 төгрөгөөс хүү, алданги тооцож 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 463 дугаар зээлийн гэрээ байгуулсан. Ингэхдээ мөнгөн дүн бичигдээгүй байсан. Гэтэл 1,200,000,000 төгрөгийг бэлнээр өгөв гэж нөхөж бичсэн, 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 808 дугаар зээлийн гэрээнд гарын үсэг зурахгүй бол шүүхэд өгнө гэж хэлсэн тул зурсан. Гэтэл дахин хүү тооцож 1,560,000,000 төгрөг зээлдүүлсэн гэж бичсэн байсан. 2016 онд дээрх гэрээнүүдийг үндэслэн баталгаа бичүүлж авсан нь хууль бус үйлдэл тул хүчин төгөлдөр бусд тооцуулах,

2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ ...хариуцагч Ц.Э, хариуцагч Д.У нарт 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 684,000,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 1,600,000,000 төгрөг, нийт 2,284,000,000 төгрөг зээлдүүлж, бэлнээр өгсөн боловч өнөөдрийг хүртэл буцааж өгөөгүй. Иймд 2005 онд зээлсэн 64,000,000 төгрөг, хүү 2,688,000 төгрөг, алданги 32,000,000 төгрөг, нийт 98,688,000 төгрөгийг хасаж 2,185,000,000 төгрөг гаргуулах,

2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа дахин нэмэгдүүлж, тодруулахдаа ...Ц.Э 64,000,000 төгрөгтэй холбоотой зээлийн гэрээний харилцаа дууссан гэсэн. Иймд “Уянган” ХХК-ийн хувьцааг зарж хариуцагч нарт зээлдүүлсэн 2,284,000,000 төгрөг гаргуулах, хариуцагч Д.У нь 2005 онд зээлдүүлсэн 64,000,000 төгрөгөөс хүү, алданги тооцож байсан гар бичмэл дээр Х.О 1,085,435,000 төгрөгийн тооцоо хийв гэж бичсэн баримтаар хариуцагч Ц.Э 1,200,000,000 төгрөг бэлнээр зээлдүүлээгүй болох нь нотлогдож байгаа. Иймд 2012 оны 463 дугаар, 2013 оны 808 дугаар гэрээнүүдийг хууран мэхэлж хийсэн тул хүчин төгөлдөр бус гэж тооцуулах,

2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлж, хамтран хариуцагчаар Ц.Бг татахдаа ... 2012 оны 463 дугаар гэрээ, 2013 оны 808 дугаар гэрээ, 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Өр төлбөр барагдуулах тухай хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан журмын дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хариуцагч Ц.Э миний 100 хувь эзэмшдэг “Уянган” ХХК-ийн хувьцааг “Уулс заамар” ХХК-ийн захирал З.Бт худалдахаар тохиролцсон байсан тул гэрээний нөгөө талд итгэл үзүүлэх зорилгоор 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Ашигт малтмал ашиглах орд газрын тусгай зөвшөөрлийн 50 хувийг эзэмшдэг, захиран зарцуулах эрхтэй гэсэн  тодорхойлолт бичиж өгсөн. Хариуцагч Ц.Э энэ баримтыг үндэслэн худал тайлбар гаргаж байна. З.Б 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн худалдах худалдан авах гэрээний дагуу 1,200,000,000 төгрөг өгсөн. Ингэхдээ 125,000,000 төгрөгийг “Уянган” ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Харин бэлнээр өгсөн 1,075,000,000 төгрөгөөс би 391,486,000 төгрөгийг дүү Х.Отгонбаярын хамт авч явсан. Үлдэх 683,514,000 төгрөгийг хариуцагч Ц.Э, Д.У нар авсан тул гаргуулах,

Мөн Ц.Э, Д.У, Ц.Б нар 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр бэлнээр авсан 320,000 ам.доллар,  885,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.-д заасны дагуу хувь тэнцүүлэн гаргуулах,

2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч Ц.Бд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа ...106,666 ам.доллар, 295,000,000 төгрөг гаргуулах,

2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө ... хууль зөрчиж хийсэн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн 683,514,000 төгрөг, 885,000,000 төгрөг, 320,000 ам.долларыг Монгол банкнаас тогтоосон ханш 3,523 төгрөгөөр тооцож 1,127,360,000 төгрөг, нийт 2,695,874,000 төгрөгийг хариуцагч Ц.Э, Д.У нараас гаргуулахаар шаардсан. Хариуцагч Ц.Бд холбогдох нэхэмжлэлээс татгалзсан.

Харин хариуцагч Ц.Эын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлыг өөрийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндэслэлээр эс зөвшөөрч” маргасан.

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж мэтгэлцэхдээ “...Х.Отой 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 463 дугаар зээлийн гэрээ байгуулан, 1,200,000,000 төгрөгийг 7 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй, гүйцэтгээгүй үүргээс хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохирч, бэлнээр өгч, нотариатаар гэрчлүүлсэн. Харин Х.О гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Иймд 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 808 дугаар зээлийн гэрээгээр өмнөх гэрээг шинэчлэн байгуулахдаа хугацааг 18 сар гэж сунгаж, сарын 2,5 хувийн хүүтэй, алдангийг 0,2 хувиар тооцохоор тохиролцсон. Ингэхдээ мөн өдөр хүртэлх хугацааны хүүг тооцож нийт 1,560,000,000 төгрөгөөр зээлийн гэрээ байгуулсан. 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тооцоо нийлж баталгаажуулахад 1,770,000,000 төгрөг болсон. Мөн гэрээ байгуулахгүйгээр 113,514,000 төгрөг зээлдүүлсэн. Иймд Х.О 1,883,514,500 төгрөг төлнө гэж 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр баталгаа бичиж өгсөн. Иймээс үндсэн зээл 1,200,000,000 төгрөг, 18 сарын хугацааны хүү 540,000,000 төгрөг, алданги 600,000,000 төгрөг, нийт 2,340,000,000 төгрөг гаргуулах шаардлагаа 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,770,000,000 төгрөг болгон багасгасан.

Харин нэхэмжлэгч Х.Оын зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлагыг сөрөг нэхэмжлэл гаргасан үндэслэлээр эс зөвшөөрсөн.

Мөн Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй, “Уянган” ХХК-ийн хувьцаа Х.Оын нэр дээр байдаг ч бид 50, 50 хувиар эзэмшихээр тохирсон. Би үйл ажиллагаатай холбоотой хөрөнгө оруулалт хийж, зардлыг гаргаж байсан. Иймд  Х.О “Уянган” ХХК-ийн хувьцааг эзэмших, зарах эрхтэй болохыг тодорхойлж 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр тодорхойлолт бичиж өгсөн. Иймд бидний дунд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Би 683,514,000 төгрөгийг аваагүй. Харин З.Баас 1,600,000,000 төгрөгийг Д.У, Ц.Б нараар дамжуулж авсан. Иймд Д.У, Ц.Б нар хариуцагч биш...” гэсэн үндэслэлээр маргаж мэтгэлцсэн.

 

Харин зохигчид 2005 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан 64,000,000 төгрөгтэй холбоотой зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон гэсэн үндэслэлээр маргаагүй байна.

 

3.Нэхэмжлэгч Х.Оын нэхэмжлэлээс зээлийн гэрээ болон уг гэрээний үндсэн дээр хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэсэн хэсэг нь хариуцагч Ц.Эын зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардсан сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай шалтгаант холбоотой байгаа тул шүүх гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээ байгуулагдсан эсэх талаар дараах дүгнэлтийг хамтад нь хийлээ.

3.1.Талуудын тохиролцсон хэлцэл бүхэн гэрээ болохгүй. Харин гэрээ нь хэлцлийн бүх шинжийг агуулж байдаг.

Иймд шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасан объектив /талуудын бодит хүсэл зоригт нийцсэн, хууль зөрчөөгүй, эрх зүйн чадамжтай этгээдүүдийн хооронд хийгдсэн, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан зэрэг/ шинжийг шалган үздэг. Гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн бол эрх зүйн үр дагавар үүсгэхгүй. Учир нь гэрээг анхнаасаа байгуулаагүй гэж үздэг.

 

Харин Иргэний хуулийн 57-60 дугаар зүйлд заасан субьектив шинжтэй буюу төөрөгдлийн улмаас гэрээ байгуулсан бол баримтаар нотлогдох ёстой байдаг. Иймд шүүхээр заавал тогтоогдож байж хэлцэл хүчин төгөлдөр бус болно. Уг шаардлагыг гэрээний аль нэг тал болон эрх ашиг нь хөндөгдсөн гуравдагч этгээдийн нэхэмжлэлээр шүүх шийдвэрлэх юм.

 

3.2.Нэхэмжлэгч Х.О шүүхэд дэмжиж оролцсон нэхэмжлэлдээ “...200,000,000 төгрөгийн зээлийн төлбөртэй холбоотой гэрээ байгуулна гээд 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр дуудсан...зээлийн гэрээ гэх баримтад гарын үсэг зуруулсан, мөнгөний хэмжээ бичээгүй байсан...200,000,000 төгрөгийн өмнө нэг тэрбум гэж нөхөж бичсэн болох нь нотлогдож байна. Иймд хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн 2013 оны 1,560,000,000 төгрөгийн болон 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Өр төлбөр барагдуулах тухай гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10.-т заасан журмын дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү...” гэжээ.

 

Мөн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа “...2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 463 дугаар гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасны дагуу хууль бус хэлцэл гэж үзэж байна.” гэж тайлбарласан.

 

Гэтэл анхан шатны шүүх талуудын хооронд хийгдсэн хэлцэл хүчин төгөлдөр эсэх талаар “...шүүх нэгэнт талуудын хооронд 2012 оны 463 дугаар, 2013 оны 808 дугаартай зээлийн гэрээ бодитой байгуулагдаагүй гэж үзсэн тул эдгээр гэрээ хүчин төгөлдөр, эсхүл хүчин төгөлдөр бус эсэх асуудал яригдахгүй бөгөөд үүнд дүгнэлт хийх боломжгүй... байгуулагдаагүй гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай асуудал, өр барагдуулах тухай тохиролцоо хүчин төгөлдөр эсэх асуудал яригдахгүй...” гэсэн ойлгомжгүй, хуульд нийцэхгүй дүгнэлт хийжээ.

 

3.3.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.”, 282.4.-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.” гэж зааснаас үзвэл зээлийн гэрээ нь харилцан үүрэг хүлээсэн, хоёр талт гэрээний төрөл юм.

 

Иймд хариуцагч Ц.Э бичгийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч Х.Оын өмчлөлд шилжүүлсэн тохиолдолд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.-д зааснаар гэрээ байгуулсанд тооцох тул нотолгооны үүргийн хуваарилалтын дагуу хариуцагч Ц.Э сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасны дагуу баримтаар нотлох үүрэг хүлээнэ.

 

Нэхэмжлэгч Х.О 1,200,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн 2012 оны 463 дугаар зээлийн гэрээ, хүү, алданги тооцож, хугацааг сунгасан 2013 оны 808 дугаар зээлийн гэрээ, 2014 онд тооцоо нийлсэн тодорхойлолт, 2016 онд зээл төлөхөө илэрхийлсэн бичгийн баримтуудыг хариуцагч Ц.Э шүүхэд өгсөн байна.

 

Анхан шатны шүүх нотолгооны шууд баримт болж байгаа дээрх баримтын талаар дүгнэлт хийгээгүй мөртлөө “...гэрээнд мөнгө шилжүүлж өгсөн баримт хавсаргагдаагүй, ...1,200,000,000 төгрөгийг хаанаас ямар эх үүсвэрээс гаргаж өгснөө нотлоогүй...” гэж шууд бус нотлох баримт шаардсан дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан заалтад нийцэхгүй байна.

 

3.4.Хавтаст хэргийн /1-р хх-5, 154, 2-р хх-113, 114/ авагдсан нотлох баримтаас үнэлбэл, зохигчид 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 808 дугаар зээлийн гэрээнд “2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 18 сарын хугацаагаар сунгаж, зээл 1,560,000,000 төгрөг, сарын 2,5 хувийн хүүг 1,200,000,000 төгрөгөөс тооцож, хугацаа хэтэрсэн үүргийн зөрчилд хоног тутамд 0,2 хувийн алданги тооцохоор”-оор тохиролцон талууд гарын үсэг зурсан,

 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Өр барагдуулах тухай баримт үйлдэхдээ “2012 оны 463 дугаар,  2013 оны 808 дугаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор зээлдэгч Х.О, Д.Дунгаамаа, зээлдүүлэгч Ц.Э нар хоорондоо тохиролцсоны дагуу 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нэг тэрбум долоон зуун далан сая төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцов. Жич: уг мөнгөнд хүү болон алданги тооцохгүйгээр тохиролцов.” гэж бичээд гэрээний талууд болон байлцсан хүмүүс гарын үсэг зурсан.

Мөн нэхэмжлэгч Х.О 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр бичсэн баримтад “...хувийн ажил бизнест зориулж авсан 1,888,514,500 төгрөгөөс 834,000,000 төгрөгийг төлж, үлдсэн 1,049,000,000 төгрөгийг 2017 онд багтаан төлж барагдуулна. Үнэн зөв бичсэн” гэж өөрийн гарын үсэг зурж, хурууны хээ дарсан үйл баримтууд нь 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 463 дугаартай зээлийн гэрээнд “...бэлнээр 1,200,000,000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй, 7 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн үүргийн зөрчилд хоног тутамд 0,5 хувийн алданги тооцно...” гэж заасан үүргийн биелэлттэй шууд харилцан хамааралтай байх ба үндсэн болон нэмэлт үүргийг зөвшөөрсөн үйл баримтууд нь зээлийн гэрээний харилцаа талуудын хүсэл зоригийн дагуу үүссэн болохыг нотолж байна.

Үүнээс гадна гэрээнд талуудын эрхийг хууль бусаар хязгаарласан, хуулиар хориглосон үйлдэл хийхийг шаардсан гэх мэт хэм хэмжээг зөрчсөн агуулга бүхий заалт тусгагдаагүй, хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангажээ.

  

3.5.2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 808 дугаартай зээлийн гэрээний хувьд: 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 463 дугаар гэрээний хугацааг уг гэрээгээр сунгахдаа 1 дэх заалтад анх зээлдүүлсэн 1,200,000,000 төгрөгийг бус хүү тооцон 1,560,000,000 төгрөг гэж бичсэн хэсэг нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан хуулийн зохицуулалтад нийцээгүй ч үлдэх хэсэг буюу гэрээг сунгасан үйлдэл нь гэрээний зорилтыг хангаж байх тул Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар гэрээг сунгасан хүү, алданги тогтоосон хэсгийг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

 3.6.2014 он, 2016 онд үйлдсэн бичгийн баримтын хувьд: Нэхэмжлэгч Х.О 2014 онд Өр төлбөр барагдуулах тухай тодорхойлолт, 2016 онд баталгаа болгож үйлдсэн баримтыг хариуцагч Ц.Э өмгөөлөгч Д.Сүхбаатарын хамт ирж айлган сүрдүүлж бичүүлсэн гэж тайлбарлахдаа “...хүнд өвчтэй байхад ирээд цагдаад гомдол гаргаж, хилийн хориг тавиулна... шүүхэд өгнө гэх мэт үг, үйлдэл гаргаж дарамталсан...” гэж байгаа ч иргэн эрх нь зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд мэдүүлэх, цагдаад гомдол гаргах замаар эрхээ сэргээлгэхтэй холбоотой үйлдлийг хууль бус гэж үзэхгүй. Мөн хариуцагч Ц.Э хууль бус арга хэлбэр, хэрэгсэл ашиглаж уг баримтыг цуглуулсан болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. 

Иймд хариуцагч Ц.Э Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4.-т “Хэргийн оролцогч хуурамч нотлох баримт гаргах буюу түүнийг хууль бус аргаар цуглуулахыг хориглоно.” гэж заасан заалтыг зөрчиж дээрх баримтыг цуглуулсан гэж үнэлэх боломжгүй.

 

Мөн нэхэмжлэгч Х.Оын 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр үйлдсэн баримтад “... хувийн ажил бизнест зориулж авсан 1,888,514,500 төгрөгөөс 834,000,000 төгрөгийг төлж, үлдсэн 1,049,000,000 төгрөгийг 2017 онд багтаан төлж барагдуулна.” гэсэн үйл баримт нь ирээдүй цаг дээр бичигдсэн байхаас гадна нэхэмжлэгч тал 834,000,000 төгрөгт холбогдох хэсгийг үндсэн нэхэмжлэлийн зээлийн гэрээний харилцаатай хамааруулж “...Х.Ооос авсан мөнгөө төлсөн мэтээр бичүүлсэн...” гэж тайлбарласан тул сөрөг нэхэмжлэлтэй холбоотой зээлийн гэрээний үүргийн биелэлтээс хасаж тооцох үндэслэлгүй гэж үзэв.

 

3.7.Нэхэмжлэгч Х.О 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 463 дугаар зээлийн гэрээнд “1,200,000,000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй, 7 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн үүргийн зөрчилд хоног тутамд 0,5 хувийн алданги тооцох...”-оор,  2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 808 дугаар зээлийн гэрээнд “...2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 18 сарын хугацаагаар сунгаж, ...сарын 2,5 хувийн хүүг 1,200,000,000 төгрөгөөс тооцож, хугацаа хэтэрсэн үүргийн зөрчилд хоног тутамд 0,2 хувийн алданги тооцох...”-оор заасны дагуу үндсэн зээл 1,200,000,000 төгрөг, хүү 540,000,000, алданги 600,000,000 төгрөг нийт 2,340,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээж байгаа ч хариуцагч Ц.Э 2014 онд тооцоо нийлсэн Өр төлбөр барагдуулах тухай баримтын дагуу нэхэмжлэлийн шаардлагаа 1,770,000,000 төгрөг болгон багасгасан.

Иймд гэрээний нэг буюу хоёр талын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол уруулахгүй байх үүднээс Иргэний хууль тогтоомжийг Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.-т зааснаар буцаан хэрэглэж, энэ хуулийн 232 дугаар зүйлийн 232.1., 232.6., 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1.-д зааснаар нэхэмжлэгч Х.Ооос 1,770,000,000 төгрөг гаргуулж, хариуцагч Ц.Эод олгож шийдвэрлэв.

 

4.Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1.-д “Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ”, 217.2.-т “Хуулиар хориглоогүй бол талууд мөнгөн төлбөрийн үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж болно.” гэж заасан.

Харин Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д “Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно.”, 4.4.-т “Банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгслэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болно.” гэж тус тус заасан тул нэхэмжлэгч Х.О нэхэмжлэлээ гадаад улсын валютаар бус Монголбанкнаас зарласан ханшийг үндэслэн Монголбанкнаас гүйлгээнд гаргасан төлбөрийн хууль ёсны хэрэгсэл болох төгрөгөөр тооцон гаргах ёстой.

 

Нэхэмжлэгч Х.О 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “...хариуцагч Ц.Э, Д.У нараас 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зээлдүүлсэн 683,514,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр зээлдүүлсэн 885,000,000 төгрөг, 320,000 ам.доллар гаргуулах. 320,000 ам.долларыг Монгол банкнаас тогтоосон ханш 3,523 төгрөгөөр тооцоход 1,127,360,000 төгрөг болж байна. Өмнөх нэхэмжлэлийн дүнгээс 88,960,000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 2,695,874,000 төгрөг гаргуулахаар...” гэж өөрчилсөн байна.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Х.Оын нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүнг 2,695,874,000 төгрөг гэж зөв тодорхойлжээ.

 

4.1.Мөн хавтаст хэргийн /1-р хх-204, 2-р хх-115, 3-р хх-23, 24-26, 5-р хх-61-80, 248, 6-р хх-211, 7-р хх-124-125, 8-р хх-20-24, 171/ хуудсанд авагдсан баримт болох хуулийн этгээдийн лавлагаанд “Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн 1276 дугаар гэрчилгээтэй, “Уянган” ХХК-ийн үүсгэн байгуулагч 1, хувьцаа эзэмшигч Х.О” гэж бүртгэгдсэн. Ц.Э 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Төрийн сан, Ашигт малтмалын газрын 900000712 дугаар дансанд 10,194,761 төгрөгийг лиценз төлбөр “Уянган” ХХК-иас гэх утгаар шилжүүлсэн.

“Уянган” ХХК-ийн 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн тодорхойлолтод “...“Уянган” ХХК-ийн эзэмшилд байдаг 12763 А лиценз бүхий Ашигт малтмал ашиглах орд газрын тусгай зөвшөөрлийн 50%-ийг Цэрэв овогтой Э /Рег.№ НН70062773/ эзэмшдэг бөгөөд цаашид энэхүү тусгай зөвшөөрөлтэй орд газрын захиран зарцуулах эрхийг олгож байгааг тодорхойлов, тодорхойлолт гаргасан "Уянган" ХХК-ийн захирал Х.О” гэж гарын үсгээ зурсан.

Мөн нэхэмжлэгч Х.О, З.Б нар 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа гэрээний 2.1.-т “Гэрээний нийт төлбөр нь MV-012763А тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн батлагдсан нөөцийн 20 хувь буюу үнийн дүнгээр 4,800,000,000 төгрөг байна.

2.2.-т Талууд гэрээнд гарын үсэг зурмагц А тал нь Б талд урьдчилгаа төлбөр болох 1,200,000,000 төгрөгийг шилжүүлэн “Уянган” ХХК-ийн хувьцааны болон MV-12763А тусгай зөвшөөрлөөс 25 хувийн эзэмшигч болно.

Үлдэгдэл төлбөрийг дараагийн 2 жилд “Б” талаас “А” талд 2015 оны 7 ба 10 дугаар саруудад тэнцүү хэмжээгээр буюу 900,000,000 төгрөгөөр 2 удаа “А” талд төлөх бөгөөд эхний 1,800,000,000 төгрөгийг төлсний дараа “Б” тал албан ёсоор “Уянган” ХХК-ийн хувьцааны болон MV-12763А тусгай зөвшөөрлөөс нэмж 37,5 хувийн эзэмшигч болох бөгөөд 2015 оны 10 дугаар сард “Б” талын эзэмшлийн хувь 62,5 хувь болно. 2016 оны 7 ба 10 дугаар саруудад тэнцүү хуваан "Б" талаас үлдэгдэл төлбөр болох 1,800,000,000 төгрөгийг “А” талд төлж барагдуулснаар “Б” тал “Уянган” ХХК-ийг болон MV-12763 тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг өөрийн талд 100 хувь шилжүүлж авснаар энэхүү гэрээ дуусгавар болно..." гэж заасан байх ба А талыг төлөөлж Х.О, Б талыг төлөөлж З.Б нар гарын үсэг зурсан.

Мөн уг гэрээний хавсралт 1-д “Энэхүү гэрээний 2.2 дахь заалтад заасан "Б" талаас 2015, 2016 онуудад төлөх 4 удаагийн төлбөрийн хүлээн авагч нь "А" талыг төлөөлж Ц.Э хүлээж авна. Энэ 4 удаагийн төлбөр тооцоотой холбоотой асуудлаар "А" талыг төлөөлж оролцох эрхийг Х.Ооос Ц.Эод итгэмжилж байна.” гэж зааж А талыг төлөөлж Х.О, Ц.Э нар, Б талыг төлөөлж З.Б нар гарын үсэг зурсан.

З.Б нь 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөр төлж баримт үйлдэхдээ “...“Уянган” ХХК-ийг 12763А тоот тусгай зөвшөөрлийн хамт худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөр 1,075,000,000 төгрөгийг А тал болох Х.О, Ц.Э нарт бэлнээр хүлээлгэн өгөв, хүлээн авсан Х.О, Ц.Э, хүлээлгэн өгсөн З.Б” гэж бичсэн байх ба талууд гарын үсгээ зурж, хурууны хээгээ дарцгаасан. Мөн өдөр 125,000,000 төгрөгийг “Уянган” ХХК-ийн Голомт банк дахь 1601001981 тоот дансанд шилжүүлсэн.

Ц.Эын ХААН банк дахь 5128010928 тоот дансанд 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 500,000,000 төгрөг, 180,000,000 төгрөгийн орлого орсон.

Х.О, З.Б нар 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан компанийн эрх шилжүүлэх гэрээгээр “Уянган” ХХК-ийн эрх үүргийг бүрмөсөн шилжүүлэхээр тохиролцож,  2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр “Уянган” ХХК-ийн 33,3 хувийн хувьцаа эзэмшигчээр З.Б бүртгэгдсэн лавлагаа.

Мөн З.Б 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Б.Дүүрэнзаяа, Д.У нарыг байлцуулан Х.Оод мөнгө хүлээлгэн өгөхдөө ““Уянган” ХХК-ийн захирал Хүүжий овогтой О миний бие “Уулс заамар” ХХК-аас 2016/10 тоот гэрээний урьдчилгаа төлбөрт 1,800,000,000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Метро Бизнес центр”-ийн 705 тоотод хүлээн авлаа.

Мөнгөн дэвсгэртээр:320,000 ам.долларыг нэгжийн үнийг 2,233 төгрөгөөр тооцон нийт 714,560,000 төгрөг, 20,000 дэвсгэртээр 24,000 ширхэг 480,000,000 төгрөг, 10,000 төгрөгийн дэвсгэртээр 53,000 ширхэг 530,000,000 төгрөг, 5,000 төгрөгийн дэвсгэртээр 15,088 ширхэг 75,440,000 төгрөг” гэсэн баримт үйлдсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэрч З.Бын өгсөн “...Би өөрөө “Уулс заамар” ХХК нь “Уянган” ХХК-аас уул уурхайн тусгай зөвшөөрөл худалдаж авсан, тэр нь 2014 оноос 2016 оны хооронд болсон асуудал тэгээд “Уянган” ХХК-ийн зуун хувь хувьцаа эзэмшигч захирал Х.Отой гэрээ байгуулж гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлж барагдуулж дууссан, харин Ц.Эоос ямар нэгэн юм худалдаж аваагүй тэр хүнд ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй. Ц.Э, Х.О хоёрын хооронд төлбөр тооцооны асуудал надад хамааралгүй. “Уянган” ХХК-тай байгуулсан гэрээний төлбөрийг би бүрэн төлж барагдуулсан миний мэдэх зүйл энэ байна. Цэрэв овогтой Э нь яагаад намайг оролцуулаад байгааг нь би мэдэхгүй байна...” гэх бичгийн баримт,

“Уянган” ХХК-ийн төлөөлөгч Х.О, “Уулс заамар” ХХК-ийн төлөөлөгч З.Б нар 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай гэрээ байгуулахдаа “...Худалдагч тал нь өөрийн эзэмшлийн ашигт малтмалын MV-12763A MV-019031A тоот эрхийн зөрчилгүй, тусгай зөвшөөрлүүдийг нийтэд нь 4,300,000,000 төгрөгөөр худалдан авагч талд худалдана...” гэж тохиролцсон.  

Гэрч Х.Отгонбаярын “...2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ах Х.Оын дуудсанаар ... очсон. Урнаа эгч 2 том цаасан хайрцагтай мөнгийг хувааж нэг хайрцагт 680 сая төгрөг болгож хийгээд нөгөө саванд 380 билүү 390 сая төгрөг болгоод надад өгөхөд ах машинд аваачаад хийчих гэж хэлээд намайг гаргасан, ... 680 сая төгрөгтэй хайрцаг тэндээ үлдсэн...” гэх, гэрч Л.Эрдэнэбилэгийн “...Тэр үед Х.О нь нэг гартаа 2 цүнх,  нөгөө гартаа 1 цүнх бариад гарч байсан...Тухайн үед оффист Ц.Э, Д.У, Ц.Б нар байсан...цүнхэнд юу хийгээд гарч байсныг би мэдэхгүй, мөнгө л байна гэж бодсон...” гэх, гэрч Я.Ихбаярын “...Миний мэдэж байгаагаар 2007 онд ашиглалтын лиценз болгож өргөдлөө Ашигт малтмал геологи уул уурхайн газарт өгөхөд хувьцаа эзэмшигч нь Х.О буюу 1 хувьцаа эзэмшигчтэй байсан... Заамарын эх 2 тусгай зөвшөөрөлтэй холбоотой хайгуулын болон ашиглалтын ажилд Ц.Э, Д.У нартай уулзаж байгаагүй. Огт мэдэхгүй, өөртэй нь уулзаж байгаагүй, хамтарч ажиллаж байгаагүй, төлбөр мөнгө авч байгаагүй. Сураг сонсоход алтны ченж гэж сонссон. Ц.Эыг зүс танина. Харин эхнэрийг нь харж байгаагүй” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаас үзвэл, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргаан нь Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн 1276 дугаар гэрчилгээтэй, “Уянган” ХХК-ийн хувьцааг З.Бт худалдсан үйл баримттай холбоотой байна.

Иймд нэхэмжлэгч Х.О, хариуцагч Ц.Э нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй.

4.2.Анхан шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж үзсэн ч хэргийн үйл баримтад үндэслэл бүхий бодит дүгнэлт хийж чадаагүйн улмаас хариуцагч нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж хуульд нийцээгүй дүгнэлт хийжээ.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй.”, 492.1.1-д “Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон.” гэж заасан.

Өөрөөр хэлбэл эд хөрөнгө олж авсан этгээд болох Ц.Э, Д.У болон үүрэг гүйцэтгэгч З.Б нарын хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд Ц.Э, Д.У нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ.

Иймд иргэн З.Б, Х.Отой 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “Уянган” ХХК-ийн хувьцааг худалдан авахаар байгуулсан гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хариуцагч Ц.Э, Д.У нар үндэслэлгүй олж авсан бол  тэднээс буцаан шаардах эрх З.Бт үүснэ. 

4.3.Гэтэл анхан шатны шүүх “...хариуцагч Ц.Э, Д.У нарын дээрх итгэмжлэлээр олж авсан эд хөрөнгө нь Х.О, З.Б нарын гэрээний үүрэгт, мөн Х.О, Ц.Э нарын итгэмжлэлээр үүсэх үүргийн алинд ч хамаарахгүй байх тул...” гэсэн атлаа “...нэхэмжлэгч Х.О нь хариуцагч Ц.Э, Д.У нараас үндэслэлгүйгээр олж авсан 320,000 ам.доллар, 885,000,000 төгрөгийг шаардах эрхтэй” гэж зөрүүтэй дүгнэлт хийж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байгаа тул нэхэмжлэгч Х.Оын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

5.Харин зохигчид Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, “Уянган” ХХК-ийн хувьцааг 50, 50 хувиар эзэмших эрхтэй эсэх болон хөрөнгө оруулалт хийсэн эсэх талаар зөрүүтэй тайлбар гарган мэтгэлцэж байгаа ч энэ талаар нэхэмжлэл гаргаж маргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь талуудын зарчимд нийцнэ гэж үзэв.

6.Давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Хийн гаргасан давж гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эын гаргасан гомдлыг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 151/ШШ2023/00567 дугаар  шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад "Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Ц.Э, Д.У нараас 1,600,000,000 /Нэг тэрбум зургаан зуун сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Оод олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 1,095,874,000 /Нэг тэрбум ерэн таван сая найман зуун далан дөрвөн мянган/  төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай" гэснийг "Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 281 дүгээр зүйлийн 281.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Дархад овогт Хүүжийн О, хариуцагч Боржигон овогт Цэрэвийн Э, Боржигон овогт Дашдэмбэрэлийн У нарт холбогдох 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 463 дугаар гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, уг гэрээний үндсэн дээр хийгдсэн гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,695,874,000 /хоёр тэрбум зургаан зуун ерэн таван сая найман зуун далан дөрвөн мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж,

 

2 дахь заалтад “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар Х.О, Ц.Э нарын хооронд байгуулсан 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 463 дугаартай зээлийн гэрээ, 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 808 дугаартай зээлийн гэрээ, 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан Өр барагдуулах тухай хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, мөн Х.Ооос 1,770,000,000 төгрөг гаргуулах тухай  Ц.Эын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “...Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.2., 232 дугаар зүйлийн 232.1, 232.6., 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1. дэх хэсэгт заасныг баримтлан Дархад овогт Хүүжийн Ооос 1,770,000,000 / нэг тэрбум долоон зуун далан сая/ төгрөг гаргуулж хариуцагч Боржигон овогт Цэрэвийн Эод олгосугай” гэж,

 

5 дах заалтад “...Ц.Э, Д.У нараас 8,157,950 /найман сая нэг зуун тавин долоон мянга есөн зуун тавин/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Оод...” гэснийг “...нэхэмжлэгч Х.Ооос улсын тэмдэгтийн хураамж 9,007,950 /есөн сая долоон мянга есөн зуун тавин/ төгрөг гаргуулж хариуцагч Ц.Эод...” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Х.Оын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,638,000 /таван сая зургаан зуун гучин найман мянган/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Ц.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,008,000 /арван долоон сая найман мянган/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

       ШҮҮГЧИД                                             М.МӨНХДАВАА

 

                                                                                           З.ТҮВШИНТӨГС