| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2019/0122/Э |
| Дугаар | 125 |
| Огноо | 2019-02-14 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Т.Жаргалсайхан |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 125
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Т.Жаргалсайхан, шүүгдэгч Г.Б нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б овогт Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1810028370035 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автомашины засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүү нарын хамт улсаас асван гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Г.Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Фүүл” авто угаалгын газарт хонуулах зорилгоор байрлуулж тавьсан байсан иргэн Ц.М-гийн эзэмшлийн 01-77 УБО улсын дугаартай “Тоёота Премио” маркийн автомашиныг зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Г.Б: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй, би машин унах дуртай юм, тухайн өдөр машин унамаар санагдаад хүний машиныг зөвшөөрөлгүй унаж явсан, надад өөр санаа зорилго байгаагүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахиж гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна, хохирогчтой уулзаж, уулчал гуйсан, машиныг бүрэн бүтэн буцааж өгсөн, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэрийнхээ эсрэг талд байрлах Фүүл нэртэй угаалгын газарт 1 сарын 200,000 төгрөгөөр машинаа байрлуулахаар эзнийх нь хүүхэдтэй тохиролцсон. Ингээд тохирсоны дагуу 2018 оны 12 дугаар сарын 08-ны орой 19 цагийн үед өөрийн эзэмшлийн 01-77 УБО улсын дугаартай Тоёота Премио маркийн тээврийн хэрэгслийг орхих гэхэд машин ихтэй байна түлхүүрээ үлдээчих гэхээр нь Мөөгий гэх залууд үлдээгээд явсан. Тэгээд маргааш нь буюу 09-ний орой 20 цагийн орчим жолооны хүрдэндээ бүрээс хийх гээд угаалгын газарт очиход миний машин байхгүй байсан. Тэгэхээр нь гайхаад юу болсон талаар асуухад Мөөгий гэх залуу Б унаад явчихсан юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн..." /хх-ийн 8-9/ гэсэн,
Гэрч Т.Мөнхбат мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: "...Би Хан-Уул дүүрэгт Фүүл нэртэй угаалгын газар ажлуулдаг. 2018 оны 12 дугаар сарын 08-ны орой Мөнхцэцэг эгч машинаа угаалгын газарт хонуулахаар ирэх үед нь машин ихтэй байсан тул машинаа гадаа үлдээгээд надад түлхүүрээ өгчих гээд түлхүүрийг нь авч үлсдэн. Тэгээд 23 цагт машиныг угаалгын газарт байрлуулаад түлхүүрийг нь шүүгээнд хийчихсэн байсан. Маргааш нь 20 цагийн үед Мөнхцэцэг гэх хүн надруу залгаад миний машин байхгүй байна гэж хэлэхээр нь ажил дээрээ очиход Б байхгүй, машин бас байхгүй байсан. Хамт хоносон Энх-Амгалангаас асуухад Б өглөө 10 цагийн үед түлхүүрийг нь авсан гэж хэлсэн..." /хх-ийн 12, 13-14/ гэсэн,
Насанд хүрээгүй гэрч А.Энх-Амгалан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 07 дугаар сараас Фүүл нэртэй угаалгын газарт угаагчаар ажилд орсон. 2018 оны 12 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Бтай хамт ажил дээр хоносон. Б бид хоёр орой 02 цагт унтсан, өглөө Б машин гарах гээд байна гэж хэлээд Мөнхцэцэгийн машины түлхүүрийг авсан. Өглөө 10 цагийн үед босоод харахад нөгөө машин ч байхгүй, Б ч байхгүй байсан. Тэгээд орой 20 цагийн үед машины эзэн ирээд түлхүүрээ авья гэхээр нь таныг аваад явчихсан гэж бодсон гэж хэлэхэд шууд цагдаа дуудсан...” /хх-ийн 16-17/ гэсэн,
Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 12 дугаар сарын 09-ний өглөө 09 цагийн үед машин унамаар санагдаад авто угаалгын газарт байрлуулсан байсан 01-77 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад гадуур явж байгаад шөнийн 02 цагийн үед Улсын их дэлгүүрийн үүдэнд цагдаа нарт баригдсан. Машиныг унаж явах зорилготой байсан, өөр санаа байгаагүй. Машины түлхүүр угаалгын газарт ширээн дээр байхаар нь Энх-Амгаланд машин гарах гээд байх шиг байна гэж хэлээд аваад гарсан..." /хх-ийн 42-43/ гэсэн мэдүүлгүүд,
- Өргөдөл /хх-ийн 3/,
- Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 19/,
- Шүүгдэгч Г.Б-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 26-37/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Г.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Фүүл” авто угаалгын газарт хонуулах зорилгоор байрлуулж тавьсан байсан иргэн Ц.М-гийн эзэмшлийн 01-77 УБО улсын дугаартай “Тоёота премио” маркийн автомашиныг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ц.М-гийн “...Би гэрийнхээ эсрэг талд байрлах Фүүл нэртэй угаалгын газарт 1 сарын 200,000 төгрөгөөр машинаа байрлуулахаар эзнийх нь хүүхэдтэй тохиролцсон. Ингээд тохирсоны дагуу 2018 оны 12 дугаар сарын 08-ны орой 19 цагийн үед өөрийн эзэмшлийн 01-77 УБО улсын дугаартай Тоёота премио маркийн тээврийн хэрэгслийг орхих гэхэд машин ихтэй байна түлхүүрээ үлдээчих гэхээр нь Мөөгий гэх залууд үлдээгээд явсан. Тэгээд маргааш нь буюу 09-ний орой 20 цагийн орчим жолоондоо бүрээс хийх гээд угаалгын газарт очиход миний машин байхгүй байсан. Тэгэхээр нь гайхаад юу болсон талаар асуухад Мөөгий гэх залуу Б унаад явчихсан юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн..." /хх-ийн 8-9/ гэсэн, гэрч Т.Мөнхбатын "... 2018 оны 12 дугаар сарын 08-ны орой Мөнхцэцэг эгч машинаа угаалгын газарт хонуулахаар ирэх үед нь машин ихтэй байсан тул машинаа гадаа үлдээгээд надад түлхүүрээ өгчих гээд түлхүүрийг нь авч үлсдэн. Тэгээд 23 цагт машиныг угаалгын газарт байрлуулаад түлхүүрийг нь шүүгээнд хийчихсэн байсан. Маргааш нь 20 цагийн үед Мөнхцэцэг гэх хүн надруу залгаад миний машин байхгүй байна гэж хэлэхээр нь ажил дээрээ очиход Б байхгүй, машин бас байхгүй байсан..." /хх-ийн 12, 13-14/ гэсэн, насанд хүрээгүй гэрч А.Энх-Амгалангийн “...Б бид хоёр орой 02 цагт унтсан, өглөө Б машин гарах гээд байна гэж хэлээд Мөнхцэцэгийн машины түлхүүрийг авсан. Өглөө 10 цагийн үед босоод харахад нөгөө машин ч байхгүй, Б ч байхгүй байсан...” /хх-ийн 16-17/ гэсэн, шүүгдэгч Г.Б-н “...2018 оны 12 дугаар сарын 09-ний өглөө 09 цагийн үед машин унамаар санагдаад авто угаалгын газарт байрлуулсан байсан 01-77 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад гадуур явж байгаад шөнийн 02 цагийн үед Улсын их дэлгүүрийн үүдэнд цагдаа нарт баригдсан. Машиныг унаж явах зорилготой байсан, өөр санаа байгаагүй. Машины түлхүүр угаалгын газрын ширээн дээр байхаар нь Энх-Амгаланд машин гарах гээд байх шиг байна гэж хэлээд аваад гарсан..." /хх-ийн 42-43/ гэсэн мэдүүлгүүд, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 19/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг нь шунахай зорилгогүйгээр хөл дайх, унаж тодорхой газар явах зорилгоор хууль бусаар эзэмшиж гэмт этгээд машин дотор орж суугаад хөдөлгөсөн бол гэмт хэрэг төгсөх бөгөөд шүүгдэгч Г.Б-н үйлдэл нь дээрх гэмт хэргийг шинжийг бүрэн хангажээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Шүүгдэгч Г.Б-н үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.М-гийн автомашин өмчлөх, эзэмших эрх зөрчигдсөн бөгөөд хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч, хохирогч нар сайн дурын үндсэн дээр эвлэрсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч Г.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Г.Б завших зорилгогүйгээр автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд прокурорын саналын хүрээнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн 1810028370035 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ц.М гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1810028370035 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ц.М гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР