| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2019/0120/Э |
| Дугаар | 126 |
| Огноо | 2019-02-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 126
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Т.Мижиддорж, шүүгдэгч Д.М, нарийн бичгийн дарга В.Орхон нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Т овогт Д.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810000000908 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1971 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 1, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Т овогт Д.М.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.М нь согтуурсан үедээ буюу 2018 оны 12 дугаар сарын 07-ны орой 20 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Номуун хотхоны урд талын саарал өнгийн хашаан дахь өөрийн гэртээ Н.М-тай маргалдан, түүний баруун гарын шууг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Д.М: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү, дахин гэмт хэрэгт орохгүй байж чадна, хохирогчтой уулзаж, уулчлал гуйсан, биеийн байдал нь сайн байгаа...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Н.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 12 дугаар сарын 06-ны орой 17 цагийн үед Даваасүрэнгийн хамтаар Д.М-ын гэрт очсон. Тухайн үед Д.М-ын гэрт найз Батжаргал, эхнэр Одончимэг нар байсан. Тухайн өдөр Даваасүрэн бид хоёр М-ын гэрт хоносон. Маргааш нь Д.М, Одончимэг, Даваасүрэн бид дөрөв 0,75 литрийн архи хоёр шилийг хувааж уусан. Тэгээд Одончимэг хоол хийх гээд шар иштэй хутга бариад байж байхад М Одончимэгийг яв, охин, зээ рүүгээ яв гээд байхаар нь би дундууд нь ороод боль гээд Д.М-тай маргалдсан. Тэгтэл Д.М ширээн дээр байсан шар өнгийн иштэй хутгыг аваад миний баруун шуу хэсгийг зүссэн..." /хх-ийн 8-9/ гэсэн,
Гэрч Б.Одончимэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: "...2018 оны 12 дугаар сарын 06-ны орой Д.Мын гэрт байх үед Н.М төрсөн өдрөө тэмдэглэж байгаад ирлээ гээд эхнэр Даваасүрэнгийнхээ хамтаар ирсэн. Тэд нар согтуу байсан учраас ирэнгүүтээ унтацгаасан. Маргааш нь буюу 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр М, Даваасүрэн бид дөрөв хоол идэж, кино үзэнгээ 0,75 литрийн савалгаатай архи хоёр шилийг уусан. Орой 19 цагийн үед намайг хоол хийж байхад Д.М, Н.М хоёр би баян, чи баян гээд хоорондоо маргалдаад байсан. Гэнэт Даваасүрэн манай нөхрийг хутгалчихлаа, цагдаа дуудаарай гэхээр нь харахад Н.Мын баруун гарын бугалга, булчин орчмоос цус гарсан байсан..." /хх-ийн 14-15/ гэсэн,
Шүүгдэгч Д.М мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 12 дугаар сарын 06-ны шөнө 22 цаг өнгөрч байхад Одончимэг бид хоёрыг байж байхад манай найз Н.М, эхнэр Даваасүрэнгийнхээ хамтаар согтуу ирж манайд хоносон. Маргааш нь буюу 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Одончимэг, Даваасүрэн, Н.М бид дөрөв кино үзэнгээ 0,75 литрийн хоёр шил архи уусан. Тухайн үед юу болсныг санахгүй байна. Нэг мэдсэн чинь манай гэрт цагдаа нар ирсэн байсан. Цагдаа нар ирсний дараа Н.Мыг харахад баруун гарын булчин хэсгийг цагаан өнгийн бинтээр ороосон байсан..." /хх-ийн 12-13/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №22 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Н.М-ын биед баруун шууны зүсэгдсэн шарх, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 21/ гэсэн дүгнэлт,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5/,
- Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 28/,
- Шүүгдэгч Д.М-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 36-51/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Д.М-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Д.М нь нь согтуурсан үедээ буюу 2018 оны 12 дугаар сарын 07-ны орой 20 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Номуун хотхоны урд талын саарал өнгийн хашаан дахь өөрийн гэртээ Н.М-тай маргалдан, түүний баруун гарын шууг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь аруун шууны зүсэгдсэн шарх, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Н.М-ын “...Д.М, Одончимэг, Даваасүрэн бид дөрөв 0,75 литрийн архи хоёр шилийг хувааж уусан. Тэгээд Одончимэг хоол хийх гээд шар иштэй хутга бариад байж байхад М Одончимгийг яв, охин, зээ рүүгээ яв гээд байхаар нь би дундууд нь ороод боль гээд Д.Мтай маргалдсан. Тэгтэл Д.М ширээн дээр байсан шар өнгийн иштэй хутгыг аваад миний баруун шуу хэсгийг зүссэн..." /хх-ийн 8-9/ гэсэн, гэрч Б.Одончимэгийн "... 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр М, Даваасүрэн бид дөрөв хоол идэж, кино үзэнгээ 0,75 литрийн савалгаатай архи хоёр шилийг уусан. Орой 19 цагийн үед намайг хоол хийж байхад Д.М, Н.М хоёр би баян, чи баян гээд хоорондоо маргалдаад байсан. Гэнэт Даваасүрэн манай нөхрийг хутгалчихлаа, цагдаа дуудаарай гэхээр нь харахад Н.Мын баруун гарын бугалга, булчин орчмоос цус гарсан байсан..." /хх-ийн 14-15/ гэсэн мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №22 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Н.М-ын биед баруун шууны зүсэгдсэн шарх, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 21/ гэсэн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 28/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Н.М-ын эрүүл мэндэд баруун шууны зүсэгдсэн шарх, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч нь эмчилгээний зардалтай холбоотой хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч Н.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн ажил эрхлэлт, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд хуульд зааснаар торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, ахлах дэслэгч М.Энхмаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан ажиллагаа явуулж, хэргийн газарт үзлэг хийж /хх-ийн 5/, нийт 34 см урттай, шар өнгийн бариултай, бариул хэсгийн урт 13,5 см, өргөн 3,3 см хэмжээтэй, ажлын хэсгийн нийт урт 21 см, өргөн 4,7 см урт хэмжээтэй нэг ширэхг хутга хурааж авсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч уг хутгыг хурааж авсан тогтоол, нэг ширхэг хутгыг гаргаж ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хутгыг устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.
Эрүүгийн 1810000000908 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Н.М гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Д.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.М-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.М торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 1810000000908 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг хутга /нийт 34 см урттай, шар өнгийн бариултай, бариул хэсгийн урт 13,5 см, өргөн 3,3 см хэмжээтэй, ажлын хэсгийн нийт урт 21 см, өргөн 4,7 см урт хэмжээтэй/-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Эрүүгийн 1810000000908 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Н.М гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР