Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 223/МА2023/00037

 

 

 

 

 

 

  2023        11            03                                         223/МА2023/00037

 

 

Г.Ягийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 151/ШШ2023/00757 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ягийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Тад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Г.Я,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.ЦолмонГ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Дөлгөөн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Г.Я нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарласан тайлбарын агуулга: “...Би 2021 онд Төв аймгийн Баянчандмань сумын газрын албанд 0,07 га газар зохих ёсоор авахаар өргөдөл гаргасны дагуу 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Г-1426006057 дугаарт гэрчилгээ олгосон. Иймд Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг, Эрдэнэ есөн зураа, 29 дүгээр гудамж 03 тоот хаягт байршилтай “““““ нэгж талбарын дугаартай, 700м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч болсон. Би өөрийн өмчлөлийн 0,07 газарт хашаа барих гэтэл хариуцагч Т.Т 2,5 га газрыг оруулсан хашаа барьсан байсан. Иймд миний хууль ёсны эрхийг хангаж, өмчлөлийн 0,07 га газрыг хариуцагч Т.Тын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү” гэжээ.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбарын агуулга: ... Хариуцагч Т.Т Чандмань сумын замтын адагт үйлдвэрлэлийн цогцолбор сумын Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 95 тоот шийдвэрээр нэгж талбайн 4116034190 дугаартай, 299750 м.кв газарт 2000 оноос одоог хүртэл үхрийн фермийн үйл ажиллагаа эрхлэн явуулж байна. Т.Т өөрийн үхрийн фермээ өргөжүүлэх чиглэлээр үхрийн фермийн харалдаа ар талын 2-3 га газрыг арчлан тордож мод, ногоо тарих, тугал бяруугаа бэлчээн хөдөө аж ахуйн цогц үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэхийн зэрэгцээ энэ газар дээрээ үр хүүхэд, ач, зээ нараа өсгөн хүмүүжүүлэн амьдарч байна. Иймд уг газар нь Т.Ттай салшгүй холбоотой гэж үзэхээс өөр аргагүй.

 Т.Т хашаалсан 2,5 га газрыг өмчилж авахаар холбогдох байгууллагад олон удаа өргөдөл гаргасан байхад шийдвэрлэж өгөөгүй мөртлөө бусдад олгосон нь хууль бус үйлдэл гэж үзэж байна.

Сумын засаг дарга Г.Ариунболд нь уг газрыг бусдад санаатай өгсөн үйлдэл нь албан тушаалаа урвуулан ашиглаж Т.Тын эрх дуусгавар болоогүй байхад гуравдагч этгээдэд дуусаагүй байсан эрхийг шилжүүлсэн явдал нь албан тушаалтан танил тал, хээл хахууль, ашиг хонжоо хайсан үйлдэл гэж үзэхээс өөр аргагүйд хүргэж байна. Иймд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Т.Т өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан тул хэргийг түдгэлзүүлж өгнө үү” гэжээ.

 

3.Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Ягийн өмчлөлийн Төв аймгийн “““““ хаягт байршилтай “““““ нэгж талбарын дугаартай 700 м.кв газрыг чөлөөлөхийг хариуцагч Т.Тад даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Ягийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Т.Таас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Яд олгож шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: “...Засаг дарга Т.Тын газар өмчлөн авах өргөдөл, гомдлыг шийдвэрлээгүй байж уг газрыг бусдад олгосон явдал нь албан тушаалаа урвуулан ашигласан үйлдэл гэж үзэж, зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргасан. 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Захиргааны хэрэг үүсгэсэн 123/Ш32023/0678 дугаар шүүгчийн захирамжийг авахаар тус шүүх дээр очиход гарын үсэг зураагүй байна гэсэн хариу өгсөн. Энэ тухай Иргэний хэргийн шүүх хурал дээр танилцуулж хойшлуулах санал тавьсан боловч хүлээж аваагүй. Иймд Захиргааны хэргийн шүүхийн эцсийн шийдвэр гартал Г.Яд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгч Г.ЦолмонГ шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: "...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь иргэний шүүх хурал болохын өмнө захиргааны хэрэг үүссэн ч захирамж албажаагүй, шүүгч гарын үсэг зураагүй байна гэсэн үндэслэлээр өгөөгүй. Энэ үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт дахин гаргасан боловч хүлээж авалгүйгээр түүний эзгүйд шүүхийн шийдвэр гарсан. Энэ хариуцагчийн хүсэлтийг шүүх хүлээн авсан байсан бол хэргийг бодиттой шийдвэрлэж, хэн алины эрхийг нь эдлүүлэх ёстой байсан. Мөн хариуцагчийн эзэмшиж байгаа газрыг хууль бус эзэмшил гээд байгаа боловч Г.Ягийн газрыг тойруулаад хашаалсан зүйл байхгүй, барьж байгуулсан модон төгөл байгаа. Газар дээр нь очиж үзлэг хийгээгүй атлаа хууль бус эзэмшил байна гэж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар шүүх нотлох ёстой. Иймд бодитой шийдвэр гаргахад нийцээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэргийг хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү" гэв.

 

6.Нэхэмжлэгч Г.Ягийн давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Одоо барьсан байгаа хашааг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хашааг нь чөлөөлүүлж байгаад бид нар газар дээрээ хашаагаа барина. Миний газар дээр мод тарьсан зүйл байгаагүй. Байсан ч зөвшөөрөхгүй” гэв.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны төрлийг тодорхойлохдоо үйл баримтын талаар дутуу дүгнэлт хийсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байгаа ч давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжтой гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 2.Нэхэмжлэгч Г.Я нь Газар өмчлөх эрхийн 000751257 дугаар гэрчилгээтэй, Төв аймгийн “““““ хаягт байршилтай, “““““ нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв талбайтай, өөрийн өмчлөлийн газраа өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж үзэж бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргажээ.

Хариуцагч Т.Т “...Хариуцагч Т.Т Чандмань сумын замтын адагт үйлдвэрлэлийн цогцолбор сумын Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 95 тоот шийдвэрээр нэгж талбайн 4116034190 дугаартай, 299750 м.кв газарт 2000 оноос одоог хүртэл үхрийн фермийн үйл ажиллагаа эрхлэн явуулж байна. Т.Т өөрийн үхрийн фермээ өргөжүүлэх чиглэлээр үхрийн фермийн харалдаа ар талын 2-3 га газрыг арчлан тордож мод, ногоо тарих, тугал бяруугаа бэлчээн хөдөө аж ахуйн цогц үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэхийн зэрэгцээ энэ газар дээрээ үр хүүхэд, ач, зээ нараа өсгөн хүмүүжүүлэн амьдарч байна. Иймд уг газар нь Т.Ттай салшгүй холбоотой гэж үзэхээс өөр аргагүй. Т.Т хашаалсан 2,5 га газрыг өмчилж авахаар холбогдох байгууллагад олон удаа өргөдөл гаргасан байхад шийдвэрлэж өгөөгүй мөртлөө бусдад олгосон нь хууль бус үйлдэл гэж үзэж захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан...” гэсэн үндэслэлээр маргасан.

 

 3.Газрын тухай хууль болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар газар өмчлөх, эзэмшиж ашиглах эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгэн гэрчилгээ олгосноор үүснэ. Харин Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн нийтийн өмч байхаар Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 2.-т заасан.

Иймд хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар өмчилж, эзэмшихийг хориглоно.

Хариуцагч Т.Т нь маргаж буй газрыг өмчлөх эрхтэй болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотлох үүрэгтэй ч хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй байна.

Харин хариуцагч Т.Т 1416034190 нэгж талбарын дугаартай, Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг, Эрдэнэ есөн зураад байршилтай, 3 га газартай давхцал үүсээгүй нэхэмжлэгч Г.Ягийн өмчлөлийн 700 м.кв талбайтай газрыг өөрийн эзэмшил газрын хамт хашаалж, мод тарьсан үйл баримт нь түүний тайлбар болон Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/566 дугаар захирамжийн дагуу Г.Яд Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг, Эрдэнэ есөн зураа 29  дүгээр гудамж, 03 тоот хаягт байршилтай, “““““ нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг өмчлүүлсэн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000751257 дугаартай гэрчилгээ, 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн газар чөлөөлүүлэх тухай албан мэдэгдэл, Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 07/910 тоот албан бичигт “...Т.Тын Баянчандмань сумын Есөн зураа гэх газар эзэмшиж байгаа 3 га газраас илүү хашсан газарт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын  тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын Засаг дарга иргэнд газар өмчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй...” зэрэг баримтаар тус тус тогтоогджээ.

Хариуцагч Т.Т нь хуулиар олгогдоогүй эрх эдэлж нэхэмжлэгч Г.Яд өмчлүүлсэн Төв аймгийн “““““ хаягт байршилтай, “““““ нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хууль бусаар эзэмшилдээ авсан гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд нэхэмжлэгч Г.Я өөрийн өмчлөлийн эд юмсыг эзэмшилдээ байлгах эрхээ хамгаалуулахаар шаардах эрх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар үүсэж байгаа тул анхан шатны шүүх уг үйл баримтын талаар “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д зааснаар “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж, мөн зүйлийн 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг зөрчиж хариуцагч Т.Т нь өөрт нь эзэмших эрх олгогдоогүй 2,5 га газрыг давуу эрхээр эзэмших эрхтэй байсан үндэслэлээр маргаж, нэхэмжлэгч Г.Ягийн өмчлөлийн 0,07 га газар дээр барьсан хашаагаа татаж авахгүй, газрыг эзэмшиж байгаа үйл баримт тогтоогдож байна...” гэсэн үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

4.Харин хариуцагч Т.Т нэхэмжлэгч Г.Ягийн газар дээр мод тарьсан үйлдэл нь бусдын өмчид үзүүлж буй нөлөөлөл байхад анхан шатны шүүх уг үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгөлгүй орхигдуулсан тул нэхэмжлэгч Г.Ягийн зөрчигдсөн эрх нь бүрэн сэргээгдсэн гэж үзэх боломжгүй.

Иймд давж заалдах шатны шүүх уг үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт дараах нэмэлт өөрчлөлтийг оруулах боломжтой гэж үзэв.

5. Нэхэмжлэгч Г.Я нь өөрийн өмчлөлийн газраа анх байсан хэлбэрээр  хариуцагч Т.Тын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсан байх ба давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцохдоо энэхүү шаардлагаа дэмжиж мэтгэлцсэн.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.ЦолмонГ тайлбартаа “...хашаа дагуулж мод тарьсан тул аль алийг нь буулгах боломжгүй, мод устгах нь хохиролтой үйлдэл...” гэж марган гомдлын үндэслэлээ тайлбарлаж байгаа ч хариуцагч Т.Тын гаргасан дээрх зөрчил нь өмчлөгчид ашигтай эсвэл хохиролтой байх эсэх нь ямар нэг ач холбогдолгүй. Харин өөрийн өмчийг хэрхэх асуудлыг зөвхөн өмчлөгч болон эзэмшигч шийдвэрлэнэ.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2., 106.4.-т зааснаар дээрх зөрчлийг арилгахыг хариуцагч Т.Тад даалгаж шийдвэрлэлээ.

6.Хариуцагч Т.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н “...Төв аймгийн “““““ хаягт байршилтай, “““““ нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай газрыг нэхэмжлэгч Г.Яд олгосон засаг даргын шийдвэрийг хууль бус гэсэн үндэслэлээр Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэрэг үүсгэсэн тухай шүүгчийн захирамж 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гарсан боловч албан ёсоор албажаагүй байгаа талаар хэлж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан ч шүүх хүлээж аваагүй...” гэх агуулга бүхий үндэслэлээр гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч талын хүсэлтээр 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 11 цаг 00 минутад товлосон шүүх хуралдааныг хойшлуулсан ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, эсвэл хэргийг хэрэгсэхгүй болгохтой холбоотой баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч Т.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 11 цаг 00 минутад товлон зарласан шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлээгүй байна.

Мөн тэрээр шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 11 цаг 00 минутад товлосон шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2.-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийг  зохигчийн мэтгэлцэх эрхийг хангалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж буруутгах боломжгүй.

7.Хариуцагч Т.Тын өмгөөлөгч Г.ЦолмонГ “...Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд уг үйл баримттай холбогдуулан нэхэмжлэл гаргасан” гэсэн үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргаж, 11 хуудас баримтыг хавсарган өгч байгаа ч хэрэгт авагдаагүй, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаагүй үйл баримтад дүгнэлт хийх эрх хэмжээг давж заалдах шатны шүүхэд хуулиар олгоогүй. Мөн давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй гэсэн тул үнэлэх боломжгүй. /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 161 дүгээр зүйлийн 161.4/

8.Давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 151/ШШ2023/00757 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад

“Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Ягийн өмчлөлийн Төв аймгийн “““““ хаягт байршилтай “““““ нэгж талбарын дугаартай 700 м.кв газрыг чөлөөлөхийг хариуцагч Т.Тад даалгаж...” гэснийг, “...Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.2., 106.4.-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Ягийн өмчлөлийн Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг, Эрдэнэ есөн зураа 29 гудамж, 03 тоот хаягт байршилтай “““““ нэгж талбарын дугаартай 700 м.кв газарт мод тарьсан зөрчлийг арилгаж, барьсан хашааг буулгаж чөлөөлөхийг хариуцагч Т.Тад даалгасугай...” гэж нэмж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Т давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

               ДАРГАЛАГЧ,

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

  ШҮҮГЧИД                                           М.МӨНХДАВАА

                                                                                    З.ТҮВШИНТӨГС