Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 136

 

 

 

 

 

 

 

 

                               

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Н.Нарангэрэл, хохирогч Х.Ц, шүүгдэгч Ж.М, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Х овогт Ж-гийн Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810014240909 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1973 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “ЕАС” төслийн удирдагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ж.М нь 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 18-2-20 тоотод иргэн Х.Ц-той газар эзэмшлийн асуудлаас болж маргалдан улмаар түүний биед хоёр бугалга, баруун тохой, баруун сарвуу, баруун шилбэ, зүүн өвдөгт зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Хохирогч Х.Ц: “...2019 оны 06 дугаар сарын 09-ний өглөө 5 цагт босоод амбаартаа үсээ угаачихаад угаадасаа асгах гэхэд гэрийн хаалга гаднаас тас гээд хаагдсан. Тэгээд би гадна салхигүй байсан гэж бодоод хаалгаа түлхтэл цаанаас нь М, Баасандорж хоёр манай хаалгыг дарж байсан. Тэгээд би “Одонтуяатай босоорой, М гадаа ирчихсэн байна” гэж хэлсэн. Тэгээд би охин Одонтуяатай хаалгаа түлхэж онгойлгох гэтэл онгойлгож дийлээгүй. Тэгээд би зуухан дээр сандал тавиад тооноороо гулсаж гарахад Баасандорж цааш гүйж байсан. Тэгээд би амь авраарай гэж орилтол манай гэрийн ойролцоох айлын хүмүүс манай хүүхэд рүү залгасан байдаг. Тухайн үед цахилгааны хар утсаар миний хоолойг боосон. ...Хэрэг гарсан өдөр М архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. М “би зоригоо чангалах гээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан” гэж хэлсэн. Тухайн үед манай охин бичлэг хийхэд хамт байсан залуу нь булааж аваад устгасан. Би Мгийн гарын сарвууг самардаагүй, М хар савхин бээлийтэй байсан. Би гэрээсээ гарч ирээд охин Одонтуяаг гэрээсээ гаргахын тулд Мтэй түлхэлцсэн, ...М миний үснээс зулгааж байхад нь манай хүргэн ирж салгасан. ...М миний гарнаас барьж аваад, намайг машины хажууд сөхрүүлсэн. ...Мгээс нэхэмжлэх зүйлгүй,  маш их гомдолтой байна..” гэв.

Шүүгдэгч Ж.М: “...Цоос уучлалт гуйж байна, Цын хоёр гараас нь татсан, үснээс нь зулгаасан зүйл байхгүй. ...Хүний гарнаас татсан үйлдэл хүн зодсон үйлдэл болоод гэмт хэрэг болж байна. Миний хийсэн үйлдэл маш буруу үйлдэл. Иймд Цоос уучлалт гуйя. Би хохирогчийн гарнаас татсан нь үнэн. Гэхдээ би хохирогч Цыг “та барилгын нүх рүү унавал яах юм” гэж гарнаас нь татсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт үндэслэл бүхий гарсан байна гэж үзэж байна. Хэрэв эргэлзээтэй гарсан бол би маргалдах байсан. ...Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Х.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 дугаар сарын 09-ний өглөө газрын асуудлаар телевизд ярилцлага өгөхөөр болсон тул 05 цагийн үед босоод үсээ угаачихаад угаадасаа асгах гэтэл өөдөөс хаалга хүчтэй хаагдсан. Гэтэл “хаалгыг нь дар” гээд М  орилоод байх шиг байхаар нь охин Одонтуяаг босоорой хаалга дараад байна гэж хэлээд хаалгаа түлхээд онгойлгож дийлэхгүй байсан. Тэгэхээр нь пийшэн дээрээ сандал тавиад тооноороо гэрээсээ гарсан. Гэрээс гарахад М хаалга дарчихсан зогсож байхаар нь би авраарай гэж орилсон. Тэгээд гэр дээрээсээ буугаад Мтэй хэрэлдэж, хаалганаас холдуулах гээд бариулнаас татаж байхад М миний үс, зүүн гарын булчингаас барьж намайг татаж байхад хүргэн Мөнхсанаа гарыг нь тавиулсан. Тэгээд ...манай гэрийн урдуур хашаа барьчихсан байхаар нь хашаа бариулахгүй гээд хашаанаас татаж байхад М хоёр гарны булчингаас барьж хоёр гарыг минь зөрүүлж доош нь дараад байсан. Тэр үед хажуу айлын Байгаль гэх хүн гарч ирээд та нар болиоч гэж хэлэхэд миний гарыг тавьсан...” /хх-ийн 8-9, 33-35/ гэсэн,

 

Гэрч Б.Мөнхсанаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 дугаар сарын 09-ний өглөө 05 цагийн үед хадам эгч Одонтуяа 88126380 дугаарын утсаар залгаад “хүмүүс гадаа ирээд хаалга дарчихсан байна, хүрээд ир” гэж хэлэхээр нь явж очиход хадам ээж Цын гэрийн хаалгыг хоёр залуу дарчихсан, Мийгаа гэх залуу хадам ээж Цын үснээс зулгаагаад зүүн гарынх нь булчингаас барьчихсан зогсож байсан. Тэгээд би болиоч гэхэд гараа тавихгүй байхаар чулуу аваад далайхад хадам ээжийн гарыг тавьсан. Хадам ээж, Одонтуяа эгч бид гурав хашаа бариулахгүй гээд татаж байхад Мийгаа гэх залуу тогны утсаар бид гуравыг татаад байхаар нь ээж очиж түлхсэн. Тэгтэл тэр залуу ээжийн хүзүүг уургалж бариад гараас нь татаж, биеэс нь тэврээд байсан...” /хх-ийн 12-13/ гэсэн,

 

Гэрч Ц.Шаарийбуу мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 дугаар сарын 09-ний өглөө 08 цагийн үед Мийгаа болон таньдаг дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхт явах замд байрлах компанийн газар дээрээ үйл ажиллагаагаа явуулах гээд ирцгээсэн. Тухайн үед манай газар дээр байгаа Ц гэх хүнтэй газар чөлөөлүүлэх маргаантай байсан. Ц өмнө нь хутга барьж гарч ирсэн байсан учраас хаалгыг нь дарж зогсоод тэр айлын урдуур хашаагаа хатгаад хашааны дотор талд нь зогсож байсан. Тэгээд хашааныхаа завсраар харахад Ц түмпэнгээр Мгийн толгой руу хэд хэд цохиж байсан. Тэр үед хашааны цаанаас лоомоор нэг хүн хашааг цөм цохих үедээ миний гарыг хавсарч цохьсон. Би эвдэрсэн хашааныхаа төмрийг татаж байхад Мийгаа Цыг араас нь тэвэрчихсэн байсан...” /хх-ийн 14/ гэсэн,

 

Гэрч Г.Одонтуяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 дугаар сарын 09-ний өглөө эм ээ уучихаад эргээд хэвтэх үед ээж Ц босчихсон цайгаа чанаж байсан. Тэгээд би эргээд унтчихсан байхад гэрийн хаалга тас гэж дуугарсан, ээж босоорой гэрийн хаалгыг гаднаас нь дарчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би босоод хаалга онгойлгох гэхэд “дараарай, дараарай” гээд 2-3 залуу орилолдоод байсан. Тэр үед ээж өргөөд өг тооноороо гарья гэж хэлсэн. Тэгээд ээжийг өргөөд тооноороо гаргасан. Ээжийг гарсаны дараа би хүргэн Мөнхсанаа руу залгаад “гэрийн хаалгыг гаднаас дарчихлаа, хурдан хүрээд ир” гэж хэлсэн. Тэр үед ээж “ёо, ёо тавиач ээ” гээд орилоход нь би гэрийн хаалгыг дотор талаас нь түлхэж ээж гадна талаас нь татаж байж онгойлгосон. Гэрийн хаалга онгойх үед Мийгаа гэх залуу ээжийн гарыг уургалаад сугандаа хавчуулчихсан, нуруун дээр нь дараад ээж бөхийчихсөн зогсож байхад хүргэн Мөнхсанаа ирж болиулсан. Тэгээд бид нар хашааг бариулахгүй гээд хашааны төмрийг татахад М бид нарыг тогны утсаар татаад байсан. Ээж болиулах гээд очих үед гарыг нь мушгиад байсан...” /хх-ийн 15-16/ гэсэн,

 

Гэрч Х.Отгончимэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 дугаар сарын 09-ний өглөө 06 цагийн үед хүмүүс хоорондоо орилдоод “манай хашаа, наадахаа тавь, болиоч” гээд байсан. Тэгэхээр нь би юу болоод байна гээд гэрээсээ гарахад нэг талаас компанийн захирал нь хашаагаа татна,  ажил төрлөө явуулмаар байна гээд, нөгөө талаас Ц наадахаа боль гээд, хүргэн, охин хоёр нь хашааг нь тайлчихсан байсан. Цын нэг охин надад утсаа өгөөд бичлэг хийж бай гээд өгөхөөр нь бичлэг хийж байхад хашаан дотороос нэг залуу гарч ирээд бичлэгийг устгасан...” /хх-ийн 37-38/ гэсэн,

 

Гэрч М.Баасанзориг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр би барилгын талбай дээр ажлаа хийж байхад ЕАС төслийн удирдагч М гэх хүн ирээд Ц гэх эмэгтэйтэй үл ойлголцох асуудал үүссэн. Зайнаас харж байхад М тэр хүнийг цохиж зодоогүй, гар хөлийг нь мушгиагүй, нөгөө эмэгтэй л өөрөө маш их ааш авир муутай, настай хүн байж бүдүүлэг үг яриатай хүн байсан...” /хх-ийн 68/ гэсэн,

 

Гэрч А.Болдбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай харуул хамгаалалтын алба нь ЕАС ХХК-ийн ерөнхий захирал Шаарийбуутай харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулаад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд байрлах барилгын хашаанд хамгаалалтын үйл ажиллагаа явуулдаг. 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Шаарийбуу, М нар нь газар дээрээ нүх ухах ажил эхлүүлэх гэж байсан боловч тэр хашаанд амьдарч байсан Ц гэх эмэгтэй нүх ухуулахгүй гээд хэрүүл маргаан болсон. Миний харсанаар М Ц гуайг цохиж зодоогүй, харин гар хөлнөөс нь татаж барьсан эсэхийг анзаараагүй...” /хх-ийн 83/ гэсэн,

 

Шинжээч Ш.Цэцэгмаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Х.Цын биед учирсан гэмтлүүд нь цохих болон бусад зүйлд цохигдоход үүснэ. Зүүн бугалгын гадна хэсэгт үүссэн зулгаралт нь үзүүр, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүснэ.  Дээрх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтэл нь гадны биед шүргэгдэх, юманд үрэгдэх үед үүсэх боломжтой. ...Улаан өнгийн тасалдсан зулгаралт татах, базах, мушгих үед үүсэхгүй, үзүүр ирмэгтэй зүйлийн үйлчлэлэр үүснэ. Дээрх улаан өнгийн тасалдсан зулгаралтаас бусад гэмтлүүд нь тусдаа хөнгөн зэрэгт хамаарна. Өвдөг зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” /хх-ийн 40, 69-70/ гэсэн,

 

Шүүгдэгч Ж.М мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр зохих журмын дагуу зөвшөөрөл авсан газарт хашаагаа янзлах гэхэд Х.Ц гэх эмэгтэй гарч ирээд эсэргүүцэл үзүүлэхээр нь би гарнаас нь бариад “алив наана чинь нүх сүв байна, та уначихвал асуудал болно шүү” гэх зэргээр татах түлхэх үед гэмтэл үүссэн байх, санаатайгаар гэмтэл учруулсан, зодсон, гар хөлийг мушгисан асуудал огт байхгүй...” /хх-ийн 77-78/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №7363 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Х.Ц-ын биед хоёр бугалга, баруун тохой, баруун сарвуу, баруун шилбэ, зүүн өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 19/ гэсэн дүгнэлт,

 

- Газрын бүртгэлтэй холбоотой баримтууд /хх-ийн 43-50/,

- Гэрэл зураг /хх-ийн 72/,

- Шүүгдэгч Ж.Мгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 22-29, 84/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ж.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                              

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Ж.М нь 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 18-2-20 тоотод иргэн Х.Цтой газар эзэмшлийн асуудлаас болж маргалдан улмаар түүний биед хоёр бугалга, баруун тохой, баруун сарвуу, баруун шилбэ, зүүн өвдөгт зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Х.Цын “...2018 оны 06 дугаар сарын 09-ний өглөө ...гэрээс гарахад М хаалга дарчихсан зогсож байхаар нь би авраарай гэж орилсон. Тэгээд гэр дээрээсээ буугаад Мтэй хэрэлдэж, хаалганаас холдуулах гээд бариулнаас татаж байхад М миний үс, зүүн гарын булчингаас барьж намайг татаж байхад хүргэн Мөнхсанаа гарыг нь тавиулсан. Тэгээд ...манай гэрийн урдуур хашаа барьчихсан байхаар нь хашаа бариулахгүй гээд хашаанаас татаж байхад М хоёр гарны булчингаас барьж хоёр гарыг минь зөрүүлж доош нь дараад байсан...” /хх-ийн 8-9, 33-35/ гэсэн, гэрч Б.Мөнхсанаагийн “...Хадам ээж Цын гэрийн хаалгыг хоёр залуу дарчихсан, Мийгаа гэх залуу хадам ээж Цын үснээс зулгаагаад зүүн гарынх нь булчингаас барьчихсан зогсож байсан. Тэгээд би болиоч гэхэд гараа тавихгүй байхаар чулуу аваад далайхад хадам ээжийн гарыг тавьсан. Хадам ээж, Одонтуяа эгч бид гурав хашаа бариулахгүй гээд татаж байхад Мийгаа гэх залуу тогны утсаар бид гуравыг татаад байхаар нь ээж очиж түлхсэн. Тэгтэл тэр залуу ээжийн хүзүүг уургалж бариад гараас нь татаж, биеэс нь тэврээд байсан...” /хх-ийн 12-13/ гэсэн, гэрч Ц.Шаарийбуугийн “...Тухайн үед манай газар дээр байгаа Ц гэх хүнтэй газар чөлөөлүүлэх маргаантай байсан. Ц нь өмнө нь хутга барьж гарч ирсэн байсан учраас хаалгыг нь дарж зогсоод тэр айлын урдуур хашаагаа хатгаад хашааны дотор талд нь зогсож байсан. Тэгээд хашааныхаа завсраар харахад Ц түмпэнгээр Мгийн толгой руу хэд хэд цохиж байсан. Тэр үед хашааны цаанаас лоомоор нэг хүн хашааг цөм цохих үедээ миний гарыг хавсарч цохьсон. Би эвдэрсэн хашааныхаа төмрийг татаж байхад Мийгаа Цыг араас нь тэвэрчихсэн байсан...” /хх-ийн 14/ гэсэн, гэрч Г.Одонтуяагийн “...Тэр үед ээж “ёо, ёо тавиач ээ” гээд орилоход нь би гэрийн хаалгыг дотор талаас нь түлхэж ээж гадна талаас нь татаж байж онгойлгосон. Гэрийн хаалга онгойх үед Мийгаа гэх залуу ээжийн гарыг уургалаад сугандаа хавчуулчихсан, нуруун дээр нь дараад ээж бөхийчихсөн зогсож байхад хүргэн Мөнхсанаа ирж болиулсан. Тэгээд бид нар хашааг бариулахгүй гээд хашааны төмрийг татахад М бид нарыг тогны утсаар татаад байсан. Ээж болиулах гээд очих үед гарыг нь мушгиад байсан...” /хх-ийн 15-16/ гэсэн, шинжээч Ш.Цэцэгмаагийн “...Х.Цын биед учирсан гэмтлүүд нь цохих болон бусад зүйлд цохигдоход үүснэ. Зүүн бугалгын гадна хэсэгт үүссэн зулгаралт нь үзүүр, ирмэгтэй зүйлийг үйлчлэлээр үүснэ.  Дээрх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтэл нь гадны биед шүргэгдэх, юманд үрэгдэх үед үүсэх боломжтой. ...Улаан өнгийн тасалдсан зулгаралт татах, базах, мушгих үед үүсэхгүй, үзүүр ирмэгтэй зүйлийн үйлчлэлэр үүснэ. Дээрх улаан өнгийн тасалдсан зулгаралтаас бусад гэмтлүүд нь тусдаа хөнгөн зэрэгт хамаарна. Өвдөг зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” /хх-ийн 40, 69-70/ гэсэн, шүүгдэгч Ж.Мгийн “...2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр зохих журмын дагуу зөвшөөрөл авсан газарт хашаагаа янзлах гэхэд Х.Ц гэх эмэгтэй гарч ирээд эсэргүүцэл үзүүлэхээр нь би гарнаас нь бариад “алив наана чинь нүх сүв байна, та уначихвал асуудал болно шүү” гэх зэргээр татах түлхэх үед гэмтэл үүссэн байх...” /хх-ийн 77-78/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №7363 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Х.Цын биед хоёр бугалга, баруун тохой, баруун сарвуу, баруун шилбэ, зүүн өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 19/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Ц-ын хоёр бугалга, баруун тохой, баруун сарвуу, баруун шилбэ, зүүн өвдөгт зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч нь эмчилгээний зардалтай холбоотой хохирол төлбөр нэхэмжлээгүй, цаашид нэхэмжлэхгүй, гомдолтой гэх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн ажил эрхлэлт, ар гэрийн нөхцөл зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд хуульд зааснаар торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн  1810014240909 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

1. Шүүгдэгч Х овогт Ж-гийн М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж-гийн М-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ж.М-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.М торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 1810014240909 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

      

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР