Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 223/МА2023/00039

 

 

 

 

 

 

  2023        11            16                                         223/МА2023/00039

 

 

Г.Аийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 151/ШШ2023/00799 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 2 дугаар баг, Дэнжийн энгэр 0-12 тоотод оршин суух хаягтай, Харчин овогт Гантөмөрийн Аийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Г.Аийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Г.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Оюунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Г.А нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарласан тайлбарын агуулга: “...Би Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл худалдагчаар, Төв аймгийн Худалдаа бэлтгэлийн ангийн Хайрхан хэрэглээний хоршоонд 1990 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл худалдагчаар тус тус ажилласан. 1998 оны 11 дүгээр сард жирэмсний амралтаа авахдаа хөдөлмөрийн дэвтрээ Худалдаа бэлтгэлийн ангийн дарга байсан Дансрангийн Бямбасүрэнгээс авах гэхэд үрэгдсэн гээд өгөөгүй. Улсын төв архив болон Төв аймгийн архиваас баримтаа шүүлгэхэд гарч ирдэггүй. Худалдаа бэлтгэлийн анги архиваа өөрөө хадгалж байсан гэсэн.

Би өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул шүүхээр ажилласан хугацаагаа тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

2.Анхан шатны шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Харчин овогт Гантөмөрийн Аийг Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар 1986 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хайрхан хэрэглээний хоршоонд худалдагчаар 1991 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааг хэрэгсэхгүй болгож,          

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

3.Нэхэмжлэгч Г.А давж заалдах гомдолд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “... Би Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тасралтгүй худалдагчаар 11 жил ажилласан. Би 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж дагалдан худалдагчаар ажиллаж байгаад 1988 онд худалдагчийн семинарт сууж мэргэжлийн үнэмлэхтэй болсон. Үүнээс хойш тасралтгүй худалдагчаар ажилласан. 1990 оны 4 дүгээр сард Хайрхан хэрэглээний хоршоо байгуулагдсан. Тэгээд 1991 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гишүүнээр элсэж 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан. Тус хоршоо 1990 онд татан буугдсан. Хайрхан хэрэглээний хоршооны болон Худалдаа бэлтгэлийн ангийн архивын баримт даргын амбаарт байж байгаад шатчихсан. 1992 онд хувь нийлүүлсэн хүмүүс 3,000 төгрөгийн хувьцаа авч байсан тамга, тэмдэг, дугаартай бичиг олдсоныг шүүхэд өгсөн. Гэтэл анхан шатны шүүх зарим баримтыг харгалзан үзээгүйд гомдолтой байна. Үүнд:

1.Хамт ажиллаж байсан гэрч Б.Мөнхтөр, Я.Батжав нарыг шүүх хуралдаанд оролцуулан хууль сануулан ажиллаж байсан тухай мэдүүлэг авсан боловч гэрчүүдийн мэдүүлгийг ач холбогдол болгосонгүй.

2.1983 оноос 1986 оны хооронд иргэний бүртгэлийн баримт бичгүүдэд ажиллаж байсан тухай мэдээллийг харгалзан үзээгүй. Хүн амын регистрийн №140 дугаар картын бичилтэд “1986 онд худалдагч” гэсэн мэдээлэл тусгагдсан.

3.1990 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Худалдаа бэлтгэлийн анги татан буугдсаныг 2 гэрчийн хөдөлмөрийн дэвтрээр гэрчилсэн. Мөн Хайрхан хэрэглээний хоршоонд гишүүнээр элсүүлэн авч ажиллуулав гэснийг орхигдуулсан.

4.1990 оноос 1994 онд Баян-Өнжүүл сумын Худалдаа бэлтгэлийн анги хувьчлагдан “Хайрхан хэрэглээний хоршоо” байгуулсан гэрээнд Г.А гэсэн бичилтээр нотлогдож байхад ажилласан жилээс зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна гэв.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Аийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

1.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байгаа ч давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжтой гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч Г.А нь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл худалдагчаар, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хайрхан хэрэглээний хоршоонд 1990 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл худалдагчаар тус тус ажилласан байдлаа тогтоолгох нэхэмжлэл гаргасан байна.

3.Нэхэмжлэгч Г.А Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн нотлох баримтыг өөрөө цуглуулан өгөх үүрэгтэй. Мөн шүүх онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх тохиолдолд хэргийн үйл баримттай холбоотой баримтыг өөрийн санаачилгаар бүрдүүлэх боломжтой байдаг. Энэ нь хэргийн оролцогчийн эрхийг хөндөхгүй.

4.Нэхэмжлэгч Г.А Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл худалдагчаар, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хайрхан хэрэглээний хоршоонд 1991 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл худалдагчаар тус тус ажиллаж байсан байдал нь шүүхийн журмаар цуглуулсан 1983 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хийгдсэн иргэний хаягийн хуудас №7-д “...Г.А Баян Өнжүүл сумын  5 дугаар хороо, 10 жилийн сурагч...” гэсэн бичилт, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 1988 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хийгдсэн БНМАУ-ын хүн амын регистрийн карт №140-д “...Ажилладаг байгууллага Баян-Өнжүүл Худалдаа бэлтгэлийн анги, ажилд орсон он 1986, эрхэлдэг ажил худалдагч, 1985 онд бүрэн дунд боловсрол эзэмшсэн, 1987 онд гэрлэсэн ...” гэсэн бичилт, Худалдагчийн мэргэжил эзэмшсэн тул 1988 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гуравдугаар зэрэг олгосон үнэмлэх, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Худалдаа бэлтгэлийн анги хэлбэрээ өөрчилж,1991 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын бүрэн бус хариуцлагатай хэрэглээний хоршооны гэрээг гишүүд /15-д Г.А/-тэй байгуулсан, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ногдол ашиг авах хүмүүсийн нэрс /26-д Г.А/-ийг гаргасан баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлээс энэ хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

5.Харин шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй. Иймд гэрч Б.Мөнхтөр, Ч.Батжав нарын мэдүүлэг нь нэхэмжлэлтэй холбоотой үйл баримтыг шууд нотолж чадахгүй.

Өөрөөр хэлбэл гэрчид хамааралтай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар нь дамжмал нотлох баримт тул энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Иймээс нэхэмжлэгч Г.Аийн ажиллаж байсан байдалтай холбоотой зарим үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл худалдагчаар ажиллаж байсан хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Аийн нэхэмжлэлээс Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хайрхан хэрэглээний хоршоонд 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл худалдагчаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзлээ.

6.Анхан шатны шүүх хүний ажиллаж байсан байдлыг тогтоохтой холбоотой нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасны дагуу шийдвэрлэхээр хуульчилсан байхад тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал гэж үзэн энэ хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасан заалтыг баримталсан нь хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болов.

7.Иймд давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

8.Нэхэмжлэгч Г.Аийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 151/ШШ2023/00799 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Харчин овогт Гантөмөрийн Аийг Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар 1986 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хайрхан хэрэглээний хоршоонд худалдагчаар 1991 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг,

“...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Харчин овогт Гантөмөрийн А /НГ67051665/-ийг Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл худалдагчаар, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хайрхан хэрэглээний хоршоонд 1991 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл худалдагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл...” гэж нэмж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

               ДАРГАЛАГЧ,

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

  ШҮҮГЧИД                                            М.МӨНХДАВАА

                                                                                    З.ТҮВШИНТӨГС