Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 210/ма2023/02155

 

 

 

 

 

 

 

 

2023 12 15 210/МА2023/02155

 

 

Б.Э ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2023/02660 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч Б.Э ийн нэхэмжлэлтэй

хариуцагч Ц.Б ад холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 15,610,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Б.Э нь Ц.Б ад 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 1,700,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 4,500,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 200,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 5,000,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 120,000 төгрөгөөр, 2,800,000 төгрөг, нийт 17,320,000 төгрөг зээлдүүлжээ.

Хариуцагч Ц.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 450,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 260,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 1,710,000 төгрөг буцаан төлсөн. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч зээлийн гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр болох 15,610,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 15,610,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нийт 6 удаа мөнгө авч, зээлийн гэрээний харилцаа үүссэн. Ц.Б ын зүгээс зээлийн гэрээг аман байдлаар хийсэн боловч зээлийг төлөх хугацааг тодорхой тохиролцоогүй учраас 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл цувуулж төлж барагдуулсан. 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 120,000 төгрөг, 2,800,000 төгрөгийг тус бүр зээлсэн гэх боловч 2,800,000 төгрөгийг зээлийн дансны хуулгаас харвал Баараа буюу Ц.Б ын төрсөн ах болох Ц.Цэндбаатарт хариуцагчийн дансаар дамжуулж өгч байгаа үйл баримт байдаг. Тэгэхээр 2,800,000 төгрөгийн тухайд зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй. Мөн 5,000,000 төгрөгийг машин гэдэг утга агуулгатай шилжүүлсэн байдаг. Тиймээс энэ зээл биш гэдгийг шүүх анхаарах хэрэгтэй. Бусад төлбөрүүдийн тухайд бүгдийг нь Ц.Б хэсэгчлэн төлж барагдуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Б аас 6,940,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,670,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч Б.Э ийн 236,000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б аас улсын тэмдэгтийн хураамжид 125,990 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э д олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасанд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүхээс нэхэмжлэгч болон хариуцагчаас нотлох баримт болгон гаргасан Хаан банкны дансны хуулгыг үнэлэхдээ 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 5,000,000 төгрөгийг машин гэх агуулгатай шилжүүлсэн тул хариуцагчид зээлдүүлсэн гэж үзэхгүй гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь тухайн үндэслэлгүй гэж үзэж буй 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч анх зээлдүүлэхдээ Ц.Б өмнө нь Б.Э д нэг машин худалдаж авах гэж байгаа тухайгаа хэлж байсан бөгөөд хариуцагч нь машин авах гэсэн мөнгө дутчихлаа 5,000,000 төгрөг зээлээч гэж асуусаны үндсэн дээр 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 5,000,000 төгрөгийг хариуцагчийн данс руу шилжүүлсэн. Хариуцагч Ц.Б нь дээрх 5,000,000 төгрөгийг дансаар хүлээн авсан эсэх дээрээ маргаагүй, харин зээл биш гэж үзсэн бөгөөд хэрэв шүүх уг шилжүүлсэн мөнгийг зээлдүүлсэн гэж үзэхгүй гэж дүгнэж байгаа бол өмнө нь ямар хэлцэл, гэрээ, харилцааны үндсэн дээр шилжүүлсэн эсэхийг тодруулах, тогтоох шаардлагатай байсан. Мөн нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Ц.Б ад нийт 17,320,000 төгрөг зээлдүүлсэн эсэх дээр маргаагүй. Харин шүүх дээрх 17,320,000 төгрөгөөс 5,000,000 төгрөг нь зээл биш гэж үзэн, 12,320,000 төгрөгийг Ц.Б ад зээлдүүлсэн гэж үзсэн. Түүнээс нийт 5,380,000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлсөн гэж үзсэн бөгөөд үлдэгдэл 6,940,000 төгрөгийг шүүх хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуралдааны үед хариуцагч нь энэхүү 17,320,000 төгрөгөөс 5,380,000 төгрөгийг төлсөн гэдгээ дансны хуулгаар нотолсон бөгөөд үлдэгдэл 11,940,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх ёстой байсан боловч 6,940,000 төгрөгийг анхан шатны шүүх хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Ц.Б ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,610,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэгт авагдсан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзвэл Б.Э нь 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 17,320,000 төгрөгийг Ц.Б ын данс руу шилжүүлсэн, хариуцагч нь нэхэмжлэгчид 1,710,000 төгрөгийг буцаан төлсөн үйл баримт тогтоогдож байна./хх66-70/

3.1. Дээрх баримтаас дүгнэвэл Б.Э , Ц.Б нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

4. Нэхэмжлэгч нь хариуцагчийн төлсөн 1,710,000 төгрөгийг зээлсэн мөнгөн хөрөнгөөс хасч зээлийн үлдэгдэлд 15,610,000 төгрөг гаргуулахаар шаардсан байх ба гэрээний зүйл болох 15,610,000 төгрөгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн буюу гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасантай нийцсэн.

5. Хариуцагч нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 400,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 450,000 төгрөг, 2020 оны 11 сарын 16-ны өдөр 450,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 260,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 20,000 төгрөг 2021 оны 11 сарын 06-ны өдөр 40,000 төгрөг, нийт 5,380,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, талуудын тайлбараар тогтоогдсон байна./хх54-92/

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 5,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн нь зээл биш гэж дүгнэж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

Учир нь хэрэгт авагдсан дансны хуулгаас үзвэл 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Б.Э нь Ц.Б ад 5,000,000 төгрөгийг машин гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн боловч нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд автомашин худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй байх тул уг гүйлгээний утгыг зээлийн гэрээний агуулгаар мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ.

7. Хариуцагч Ц.Б нь зээлсэн мөнгөн хөрөнгийг төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Б.Э нь зээлийн үүргээ гүйцэтгэхийг хариуцагчаас шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

8. Иймд хариуцагч Ц.Б ын төлсөн 5,380,000 төгрөгийг үндсэн зээл 17,320,000 төгрөгөөс хасч тооцвол үндсэн зээлийн үлдэгдэл 11,940,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э д олгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Мөн нэхэмжлэлийн хангасан дүнг өөрчилсөнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн үнийн дүнгийн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2023/02660 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...6,940,000 гэснийг 11,940,000 гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын 125,990 гэснийг 205,990 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153,670 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Д.ЦОГТСАЙХАН