Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 143

 

                  

 

 

                

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүгч С.Базарханд, Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч Ж.Нармандах, улсын яллагч Ш.Алтанцэцэг, хохирогч Т.Э, гэрч М.Б, шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б  овогт Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810009840384 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш-орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Ц.Б.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтсон үедээ 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ хорооллын 12 дугаар байрны 17 тоотод өөрийн гэртээ нөхөр Т.Этай маргалдаж байхдаа хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн түүний хэвлийд нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

Хохирогч Т.Э: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 2 найзтайгаа уулзаад хороололд нэг газар архи уугаад шөнө гэртээ харьсан. Тэгээд унтаж байгаад сэрээд өглөө болсон гэж бодоод архи уухаар гарах гэж байсан. Гэтэл Б намайг гэрээс гаргахгүй гэхээр нь би ширээн дээрээс хутга аваад Бг цаашаа бай гэж хэлээд хаалгаа саваад гэрээсээ гарсан. Тэгээд орцонд сууж байтал хэвлийн хэсгээр халуун оргиод байхаар нь гэдсээ хартал хэвлийн хэсэгт зүсэгдсэн байсан. Тэгээд гэр рүүгээ буцаж ороход гэрийн хаалгыг Б онгойлгосон. Би түргэн дуудаарай гэж хэлсэн, удалгүй түргэн ирсэн...” гэв.

Гэрч М.Б: “...2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ажил дээрээ байхад Б залгаад “Э гараад явчихсан, манайх тоггүй байна, чи ирээд хань болоод өг, Танан бид хоёр айгаад байна” гэхээр нь би “ажлаасаа эртхэн тараад Танан та хоёртой кино үзье, би та хоёрыг очиж авъя” гэж хэлээд гэрээс нь авч кино үзчихээд Бгийн гэрт нь буцаж ирсэн. Тухайн үед гэр нь харанхуй, цахилгаанаа таслуулсан байсан. Орой Э гаднаас согтуу орж ирээд унтсан. Тэгээд унтаж байгаад нэг сэрэхэд Э, Б хоёр хоорондоо хэрэлдээд, Б “гарч яах гээд байгаа юм бэ, архи байгаа” гэж хэлэх шиг болсон. Гэтэл Э гарнаас тавь гээд хаалга хаагдах чимээ сонсогдсон боловч удалгүй буцаад хаалга тогшсон. Тухайн үед би Э, Б хоёрыг хоёулаа гарсан гэж ойлгоод хаалгыг нээхээр очиход Б гал тогооныхоо өрөөнд ганцаараа сууж байсан. Хаалгыг нээхэд Эын пудволк цус болсон байхара нь би “юу болсон юм бэ” гэхэд Б гүйж ирсэн, Э гэртээ орж ирээд шалан дээр унасан. Би орц руу гарч харахад орцонд цус болчихсон байсан. ...Э архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснийхээ дараа Бд агсам тавиад байдаг. Тухайн үед Э, Б хоёр чанга дуу гаргаж маргалдаагүй болохоор гайгүй байх гэж бодсон. Тэгээд хаалга хаагдахаар нь Э, Б хоёрыг цуг гарчихаад хаалга түгжигдчихлээ гэж бодоод хаалгыг нээхээр очсон...” гэв.

Шүүгдэгч Ц.Б: “...2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр охин Танан, найз Бгийн хамт кино үзчихээд орой 20 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд орой 22-оос 23 цагийн үед би гэрээ дотроосоо цоожилсон байсан. Гэтэл хаалга дуугараад байхаар нь найз Бгээр хаалга онгойлгуулсан. ...Манай нөхөр Э гэрээсээ гарах гээд харанхуйд түчигнээд байхаар нь би гаргахгүй гээд маргалдсан. ...Эыг гэрээс гарч явнсаас хойш хэсэг хугацааны дараа хаалга дуугарахад Б хаалга онгойлгосон. Тэр үед Э түргэн дуудаарай гэж хэлсэн, Эын шархадсан газраас их хэмжээний цус гараагүй байсан болохоор ванны алчуураар шархан дээр нь дарсан. ...Тэгээд Б түргэн дуудахад 20 минутын дараа ирсэн...” гэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

Хохирогч Т.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 15 цагийн үед гэрээсээ гараад найз Болор-Эрдэнэ, Э нартай уулзаад 3 шил архи хувааж уусан. Ингээд орой 23 цагийн үед гэртээ ирэхэд охин Танан, эхнэр Б, түүний найз Б нар байсан. Гэртээ ороод удаагүй байхдаа Бтай маргалдсан. Тэгтэл Б хар иштэй хутгаар баруун хавирга орчим зүсэх шиг болсон, миний өмсч байсан саарал өнгийн футболкны баруун тал тэр чигээрээ цус болчихсон. Би тухайн үед өөрөө ухаангүй шахам согтуу байсан болохоор Бг согтуу байсан эсэхийг мэдэхгүй, юунаас болж маргалдсан талаараа санахгүй байна...” /хх-ийн 12-17/ гэсэн,

Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 04 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнийн 23 цагийн үед Ц.Бгийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Шинэ хорооллын 12-17 тоот гэрт байхад Э гэртээ согтуу орж ирсэн. Тухайн үед Б бид хоёр 2 литрийн савалгаатай хоёр пиво, 500 граммын архинаас 300 грамм орчимыг хувааж уугаад нилээн согтсон байсан. Тэгээд Э 30-40 минут хүүхэдтэйгээ тоглож байгаад амрах гээд хэвтсэн. Би Бтай хамт амрах гээд том өрөө рүү ороод байж байхад Б бие засах гээд явсан. Гэтэл Э, Б хоёр хэрэлдэх нь сонсогдсон. Б Эт хандаж “Чамайг хармаагүй байна” гээд гэрээсээ хөөсөн. Энэ үед Э Бг цохих шиг санагдсан. Тэгээд хаалга нүдээд байхаар нь би үүд рүү очиход Эын гэдэснээс цус гарсан байдалтай байсан...” /хх-ийн 20-21, 22-23/ гэсэн,

Гэрч А.Амарсайхан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 04 дүгээр сарын 14-ний шөнө 01 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 12-17 тоотод хэвлийн тус газраа хутгалуулсан гэх мэдээлэлд хөндлөнгийн гэрчээр оролцсон. Тухайн үед Б өөрийгөө хутгалуулсан хүний эхнэр гэж байсан. Хэргийн газрын бүрэлдэхүүн гэрт ороход “би нөхрөө хутгалчихлаа” гээд байсан. Тэгээд би нөхрөө хутгалчихсан юм уу гэж асуухад толгой дохиод “тиймээ” гээд их согтсон байдалтай байсан. Б хүүхдийг тэврээд сууж байсан, согтолтын хувьд эрүүл байсан байх, бүх зүйлийг ойлгомжтой ярьж байсан...” /хх-ийн 90/ гэсэн,

Гэрч А.Цэрэндорж мөрдөн шалгах ажиллагааны  явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 04 дүгээр сарын 14-ний шөнө 01 цагийн үед Бгийн найз Б над руу залгаад “Б бид хоёр ярилцаад байж байхад Э өөрийн ухаангүй шахам орж ирээд Бтай маргалдсан, нэг мэдэхэд Эын гэдэс орчмоос цус гарч байхаар нь түргэн тусламж дуудчихсан. Эыг Цэргийн төв эмнэлэг рүү аваад явсан” гэж хэлсэн. Би Б, Э нарыг өөрсдөө учраа олно биз гэж бодоод тэр өдөр юу болсон талаар асуугаагүй...” /хх-ийн 24-25/ гэсэн,

Гэрч Ж.Сэрсмаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 04 дүгээр сарын 14-ний шөнө Цэрэндорж надад “Бгийн найз Б ярьж байна, Б, Э хоёр маргалдаад байсан, Бг цагдаа аваад явчихлаа, Э цус алдаад байхаар нь түргэн дуудчихлаа” гэж ярьж байна гэж хэлсэн...” /хх-ийн 26-27/ гэсэн,

Шинжээч Т.Номинцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эын биед учирсан дээрх гэмтлүүд нь Цэргийн төв эмнэлгийн өвчний түүхээс үзэхэд ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой байна. Шинжээчийн дүгнэлтэд дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж бичиглэлийн алдаа гаргасан байна...” /хх-ийн 81-82/ гэсэн,

 

Шүүгдэгч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 04 дүгээр сарын 13-ны шөнө 23 цагт Э гаднаас нилээн согтуу орж ирсэн. Би түүнийг орж ирэхэд нь юм дуугараагүй, Бтэй хамт гал тогооныхоо өрөөнд сууж байсан. Ингээд 00 цагийн үед бид унтахаар хэвтэцгээсэн. Харин Э охинтойгоо тоглоод үлдсэн. Түүнийг аль өрөөнд байсныг би санахгүй байна. Нэг мэдсэн чинь Э гарах гээд байхаар нь би гаргахгүй гээд зуурч байхад тэрээр угз татаад гараад явсан. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Б бид хоёр нэг их согтолттой байгаагүй, Б ажил ихтэй байсан болохоор жоохон пиво уугаад л унтсан. Би тухайн үед 200 орчим грамм архи уусан...” /хх-ийн 76-77/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн №4941 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Э-ын биед баруун талд суганы дунд шугамаар 9, 10-р хавирганы түвшинд цээжний хөндийд нэвтэрч өрцийг нэвт хатган элэгний баруун 4, 5 дугаар сегмент, цөсний хүүдийг гэмтээсэн хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, цээж хэвлийн хөндийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” /хх-ийн 29/ гэсэн,

Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №4380 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: Хэргийн газрын үзлэгээр бинтэд бэхжүүлсэн улаан хүрэн өнгийн зүйл нь цус мөн байна. Уг цус нь В /III/ бүлгийн харьяалалтай байна...” /хх-ийн 30/ гэсэн,

Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №4381 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Хар өнгийн иштэй хутга дээр цус илэрсэн. Уг цус нь шинжилгээнд дээж хүрэлцэхээргүй байгаа тул бүлгийн харьяалал, хүний, амьтны аль болохыг тогтоох боломжгүй байна...” /хх-ийн 33/ гэсэн,

Сэтгэцийн эрүүл мэндий үндэсний төвийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Шүүх сэтгэц, эмгэг судлалын №178 дүгнэлтэд “...Дүгнэлт 1. Ц.Б нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ц.Б нь болсон үйл явдлыг зөв тайлбарлан мэдүүлэх чадвартай байна.

2. Ц.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ц.Б нь сэтгэцийн эмчийн байнгын хяналтад байдаг гэх эмнэлгийн бичиг баримтгүй байна.

3. Ц.Б-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй...” /хх-ийн 155-157/ гэсэн дүгнэлтүүд,

 

-  Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9,

- Мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 11/,

- Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 49/,

- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 66-69/,

- Шүүгдэгч Ц.Б-гийн ял шийтэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 43-55, 70/,

- Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл /хх-ийн 92-93/,

- Т.Эын өвчний түүх /хх-ийн 96-113/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ц.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар буюу зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдэн хохиролд зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцохоор заажээ.

Гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд буюу 2018 оны 04 дүгээр сарын 14-ний орой шүүгдэгч Ц.Б согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн, 2.67%-ийн согтолттой /хх-ийн 11/ байсан бөгөөд түүний нөхөр У.Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай гэртээ орж ирээд эргэж гарна гэж тэд өөр хоорондоо маргах явцад хохирогч У.Э нь Ц.Б-гийн гарт нь байсан хутганд хутгалагдаж, эрүүл мэндэд нь “баруун талд суганы дунд шугамаар 9-10 хавирганы түвшинд цээжний хөндийд нэвтэрч өрцийг нэвт хатган элэгний баруун 4, 5 дугаар сегмент, цөсний хүүдийг гэмтээсэн хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, цээж хэвлийн хөндийн цус хуралт” бүхий хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон ба үүнд шүүгдэгч Ц.Бгийн шууд санаатай гэм буруугийн хэлбэр тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл Ц.Б нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол учрах боломжтойг мэдэж хүсэж үйлдээгүй, тухайн хор уршигт зориуд хүргэсэн гэх сэдэлт, санаа зорилго тогтоогдсонгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ хорооллын 12 дугаар байрны 17 тоотод өөрийн гэртээ нөхөр Т.Этай маргалдаж байхдаа түүний хэвлийд нь хутгалж эрүүл мэндэд нь баруун талд суганы дунд шугамаар 9-10 хавирганы түвшинд цээжний хөндийд нэвтэрч өрцийг нэвт хатган элэгний баруун 4, 5 дугаар сегмент, цөсний хүүдийг гэмтээсэн хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, цээж хэвлийн хөндийн цус хуралт бүхий хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Т.Э /хх-ийн 12-17/, гэрч С.Б /хх-ийн 20-21, 22-23/, А.Цэрэндорж /хх-ийн 24-25/, шинжээч Т.Номинцэцэг /хх-ийн 81-82/, шүүгдэгч Ц.Б /хх-ийн 76-77/ нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №4941 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Эын биед баруун талд суганы дунд шугамаар 9, 10-р хавирганы түвшинд цээжний хөндийд нэвтэрч өрцийг нэвт хатган элэгний баруун 4, 5 дугаар сегмент, цөсний хүүдийг гэмтээсэн хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, цээж хэвлийн хөндийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” /хх-ийн 29/ гэсэн, мөн хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №4380, 4381 тоот, Сэтгэцийн эрүүл мэндий үндэсний төвийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Шүүх сэтгэц, эмгэг судлалын №178 тоот дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9/, мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 11/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 66-69/, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл /хх-ийн 92-93/, Т.Эын өвчний түүх /хх-ийн 96-113/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч Ц.Б-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Т.Э-ын эрүүл мэндэд баруун талд суганы дунд шугамаар 9-10 хавирганы түвшинд цээжний хөндийд нэвтэрч өрцийг нэвт хатган элэгний баруун 4, 5 дугаар сегмент, цөсний хүүдийг гэмтээсэн хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, цээж хэвлийн хөндийн цус хуралт бүхий хүнд хохирол учирсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт  хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.

Гэмт хэрэг гарсан байдал, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан хуульд заасны дагуу хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-гийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэл буюу 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл нийт 36 хоног цагдан хоригдсон байх тул ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн 1810009840384 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.Э гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн прокурорын газраас Б овогт Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй. 

2. Шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-г 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хорих  ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-гийн цагдан хоригдсон 36 /гучин зургаа/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

7. Эрүүгийн 1810009840384 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Т.Э гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.АЛТАНЖИГҮҮР

            ШҮҮГЧИД                                                                 С.БАЗАРХАНД

                                                                                    Х.ОДБАЯР