Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 145

 

                  

 

 

                  

 

 

 

 

 

                                                                                               

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Д.Мөнхцэцэг, хохирогч М.Б, шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа, нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ш овогт Н.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810020890021 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Ш овогт Н. Н

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ буюу 2018 оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 20 дугаар гудамжинд хохирогч М.Б-той маргалдаж, улмаар гараараа нүүр хэсэгт, шүүрний төмөр ишээр толгой хэсэгт цохиж, газар унагаж өшиглөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Хохирогч М.Б: “...2018 оны 9 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө гэрийнхээ үүдэнд гурван залууд зодуулсан. Н миний нүүр рүү цохисноос үүдэн 5 шүд хөдөлж, зарим нь унасан. Мөн намайг газар унасан байхад Н толгой руу төмөр цохиураар цохисон. Шүүгдэгч Н.Ноос дөрвөн шүд хийлгэх 7,200,000 төгрөг нэхэмжилж байгаагаас өчигдөр авсан 1,000,000 төгрөгөө хасч тооцоод 6,200,000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэв.

 

Шүүгдэгч Н.Н: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй. Хохирогчид эмчилгээний зардалтай холбоотой 1,000,000 төгрөг өгсөн...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч М.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө гэрийнхээ гадаа найз Бат-Энх, эхнэр Амарбилэг нарын хамт пиво ууж байгаад лаазаа цонхоор хаях үед Нямка гэх залуу яагаад хог шидээд байгаа юм бэ гэхээр нь та нар руу шидээгүй, зүгээр харьцгаа, согтуу байна гэхэд бид нар өөрсдөө мэдэж байна гээд томроод байсан. ...Тэгээд Бат-Энх Нтой маргалдаад байхаар нь би салгахаар очиход Н миний ам руу нэг удаа цохисон. Энэ үед манай эхнэр бидний дундуур ороход эхнэрийг өшиглөж унагаасан. Тэгэхээр нь би эхнэрээ өмөөрч Нтой зууралдахад намайг газарт унагаад дээрээс дэвссэн. ...Н гартаа гольфийн цохиур барьж ирээд миний толгой руу нэг удаа цохисон...” /хх-ийн 15-17, 18-19, 21-22/ гэсэн,

 

Гэрч Л.Амарбилэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 09 дүгээр сарын 06-ны орой 22 цагийн үед найз Бат-Энх, түүний эхнэрийн хамтаар машин дотор хоёр, хоёр пиво уусан. Тухайн үед манай нөхөр Б уусан пивоныхоо лаазыг машины цонхоор хашаа руугаа чиглүүлээд шидсэн. Тэгтэл замд нь гурван залуу өртсөн бололтой бид нар руу пивоны лааз шидлээ гээд хэрүүл маргаан эхлүүлсэн. ...Тэгээд Нямка гэх залуу Бат-Энхийн нүүр рүү нь гараараа цохихоор нь би салгах гээд очиход хамт явж байсан жижиг биетэй залуу намайг цохисон. Тэгэхээр нь би нөхөртөө энэ намайг цохичихлоо гэхэд манай нөхөр нөгөө залууг цохисон. Тэгээд манай нөхөр Нямкатай маргалдаж байгаад нэг мэдэхэд толгойноос нь цус гарчихсан байсан...” /хх-ийн 23-24/ гэсэн,

 

Гэрч О.Бат-Энх мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 09 дүгээр сарын 06-ны шөнө 00 цагийн үед манай эхнэр Уранчимэг болон Б, Амарбилэг гурав намайг Биокомбинатаас очиж авсан. Тэгээд бид нар пиво уухаар болоод Бын гэрийн гадаа машин дотор уусан. Удалгүй манай эхнэр гэр рүүгээ орчихсон, цаашаа юу болсон талаар би санахгүй байна. Маргааш өглөө нь босоход миний хамар мурийсан байсан...” /хх-ийн 34-35/ гэсэн,

 

Гэрч Г.Уранчимэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 09 дүгээр сарын 06-ны орой  Б, Амарбилэг хоёртой хамт очиж нөхрийгөө аваад гэрийнхээ үүдэнд ганц, ганц пиво уухаар болсон. Тэгээд манай нөхөр Б, Амарбилэг хоёртой архи уугаад үлдсэн, би гэртээ орсон. Удалгүй манай нөхөр над руу залгаад “аллаа” гэж хэлэхээр нь ээжийнхээ хамт гарахад Бат-Энх шал согтуу, Бын толгойноос цус гарчихсан байсан. ...Быг махлагдуу, урдуураа үсээ унжуулсан залуу заамдаж аваад цохиод байсан...” /хх-ийн 39-41/ гэсэн,

 

Гэрч Ц.Дөлгөөн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 22 цагийн үед найз Н, Алтаншагай хоёртой уулзаад Хан-Уул дүүргийн 4, 5 дугаар хорооны дундах жалгаар явж байхад урд зогсож байсан машин дотроос шидсэн пивоны лааз миний хамрыг цохисон. Тэгэхээр нь “та нар яаж байна аа, шидсэн хог чинь намайг оночихлоо” гэж хэлэхэд Б ах машинаас бууж ирээд “та нар хэн бэ, та нарыг танихгүй юм байна шүү, чацганууд” гэж хэлэхээр нь би зодоон хийхээргүй байдлаар “Энхтөрийн дүү байна” гэж хэлээд цааш явах гэхэд Б найзынхаа хамт ирээд Нтой маргалдад Бын найз Нийг цохихоор нь би холдуулсан. Энэ үед Б, Н хоёр зодолдсон юм шиг байсан...” /хх-ийн 28-30/ гэсэн,

 

Гэрч Н.Энхтуяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 09 дүгээр сарын 06-ны орой Н ирээд бид нар хүнд зодуулчихлаа гээд Н түрүүлээд гараад явахаар нь нөхөр бид хоёр араас нь гарсан. ...Тэгээд Яармагийн 20 дугаар гудамжинд очиход ...Н, Б хоёр зодолдож байсан. Тэгэхээр нь би Бд хандаад “Оргилоо, миний дүү болиоч ээ, нэгийгээ таниж мэдэхгүй хүн байгаа биш” гэж хэлсэн. Тэгтэл Б манай нөхөр Дашдоржид хандаад “Дашка ахаа хүүхдүүдээ аваад явцгаа, одоо больё” гэхэд Амарбилэг “Оргилоо, энэ хэдийг явуулахгүй шүү, би цагдаа дуудсан” гээд орилоод байсан. ...Н манайхаас гарахдаа хогийн шүүрний иш барьж гараад тэр ишээрээ Быг цохисон...” /хх-ийн 31-33/ гэсэн,

 

Гэрч Б.Баярсайхан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 09 дүгээр сарын 06-ны шөнө 01-02 цагийн хооронд манай охин “Агаа нар хүнтэй зодолдож байна” гэж хэлээд нөхөр бид хоёрыг сэрээсэн. Тэгээд бид хоёр гарч очиход ...Амарбилэг Н руу дайраад намайг аллаа, авраач гээд орилоод байсан. Энэ үед нөхөр нь ирээд Нтой зодолдсон...” /хх-ийн 36-38/ гэсэн,

 

Гэрч Б.Дашдорж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 09 дүгээр сарын 06-ны шөнө Н орж ирээд бид нарыг зодоод байна гэж хэлчихээд буцаад гарсан. Тэгэхээр нь эхнэр бид хоёр хувцасаа өмсөөд араас нь гарахад Б Н хоёр нэг нэгийгээ зуураад зогсож байсан. ...Б надад “дүү нараа аваад яв” гэхээр нь салгаад явах гэхэд Бын эхнэр нь зууралдаад орилж хашгираад хэрүүл хийгээд байсан...” /хх-ийн 45-46/ гэсэн,

 

Насанд хүрээгүй гэрч Г.Ганчимэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 09 дүгээр сарын 06-ны шөнө 00 цаг өнгөрч байхад Н ах хувцас нь цус болчихсон, нүүрээ маажуулсан байдалтай орж ирээд хувцасаа солиод буцаад гарсан. ...Намайг гэрээс гарахад зодоон болоогүй, хоорондоо хэрэлдээд зогсож байсан...” /хх-ийн 42-44/ гэсэн,

 

Шинжээч Ц.Бадрал мөрдөн шалгах ажиллгааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...М.Бын биед учирсан үүдэн, дээд, доод дөрвөн шүдний булгарал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мөн гараар болон ямар нэгэн зүйлээр цохигдох үед үүсэх боломжтой, зүүн 6, 7 дугаар хавирганы хугарал гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мөн гараар цохих, хөлөөр өшиглөх ...үед үүсгэгдэх боломжтой...” /хх-ийн 52/ гэсэн,

 

Шүүгдэгч Н.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчааар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 20 дугаар гудамжинд явж байгаад Соната-6 маркийн автомашины хажуугаар Алтаншагай, Дөлгөөн бид гурав өнгөрөхөд машины цонхоор лааз шидсэн. Тэр лааз нь Дөлгөөний  хамар хэсэгт нь онохоор нь бид нар юу шидчих вээ гэхэд Б ах машинаасаа бууж ирээд “чи намайг таньж байна уу” гэж томроод, хамт явж байсан найз нь “дошин дээрээ бацаануудад зодуулах юм байна” гээд байсан. Тэгээд бид нар маргалдаж байгаад за за, одоо больё гээд явах гэтэл Бын найз нь миний толгойны ар хэсэгт нэг удаа цохихоор нь би зууралдаж байхад Б ирээд намайг боосон. Тэгээд салах гэхэд салахгүй, гараа хойшлуулаад цохих гэхэд миний баруун талын мөр мултарсан. Тэгтэл Б найзтайгааа нийлээд намайг үерийн ус руу шидсэн. Тэгэхээр нь уснаас гараад Дашдорж ахын гэр рүү ороод бид нар зодуулчихлаа гэж хэлчихээд хашаанаас шүүрний иш аваад Б-ын толгойг цохиж хагалаад, нуруунд нь нэг удаа цохисон...” /хх-ийн 68-71/ гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №10942 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. М.Б-ын биед үүдэн дээд, доод дөрвөн шүдний булгарал, зүүн 6, 7-р хавирганы далд хугарал, зулайн хуйханд няцарсан шарх, зүүн нүдний зовхи, уруулд цус хуралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.3 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дөрвөн шүдний булгарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.11.52.3-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 15% нөлөөлөх тул гэмтлийн хүндэвтэр зэрэг, зүүн 6, 7-р хавирганы далд хугарал гэмтэл нь тус журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, зулайн хуйханд няцарсан шарх, зүүн нүдний зовхи уруулд цус хуралт, цээжинд цус хуралт гэмтэл нь тус журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 49/ гэсэн дүгнэлт,

 

- Түргэн тусламжийн хуудас /хх-ийн 87/,

- Хохирлын баримт /хх-ийн 96/,

- Шүүгдэгч Н.Н-ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 72-76/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Н.Н нь нь согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ буюу 2018 оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 20 дугаар гудамжинд хохирогч М.Бтой маргалдаж, улмаар гараараа нүүр хэсэгт, шүүрний төмөр ишээр толгой хэсэгт цохиж, газар унагаж өшиглөн эрүүл мэндэд нь үүдэн дээд, доод дөрвөн шүдний булгарал, зүүн 6, 7-р хавирганы далд хугарал, зулайн хуйханд няцарсан шарх, зүүн нүдний зовхи, уруулд цус хуралт, цээжинд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч М.Бын “...2018 оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө гэрийнхээ гадаа найз Бат-Энх, эхнэр Амарбилэг нарын хамтаар пиво ууж байгаад лаазаа цонхоор хаях үед Нямка гэх залуу яагаад хог шидээд байгаа юм бэ гэхээр нь та нар руу шидээгүй, зүгээр харьцгаа, согтуу байна гэхэд бид нар өөрсдөө мэдэж байна гээд томроод байсан. ...Тэгээд Бат-Энх Нтой маргалдаад байхаар нь би салгахаар очиход Н миний ам руу нэг удаа цохисон. Энэ үед манай эхнэр бидний дундуур ороход эхнэрийг өшиглөж унагаасан. Тэгэхээр нь би эхнэрээ өмөөрч Нтой зууралдахад намайг газарт унагаад дээрээс дэвссэн. ...Н гартаа гольфийн цохиур барьж ирээд миний толгой хэсэг рүү нэг удаа цохисон...” /хх-ийн 15-17, 18-19, 21-22/ гэсэн, гэрч Л.Амарбилэгийн “...2018 оны 09 дүгээр сарын 06-ны орой 22 цагийн үед найз Бат-Энх, түүний эхнэрийн хамтаар машин дотор хоёр, хоёр пиво уусан. Тухайн үед манай нөхөр Б уусан пивоныхоо лаазыг машины цонхоор хашаа руугаа чиглүүлээд шидсэн. Тэгтэл замд нь гурван залуу өртсөн бололтой бид нар руу пивоны лааз шидлээ гээд хэрүүл маргаан эхлүүлсэн. ...Тэгээд Нямка гэх залуу Бат-Энхийн нүүр рүү нь гараараа цохихоор нь би салгах гээд очиход хамт явж байсан жижиг биетэй залуу намайг цохисон. Тэгэхээр нь би нөхөртөө энэ намайг цохичихлоо гэхэд манай нөхөр нөгөө залууг цохисон. Тэгээд манай нөхөр Нямкатай маргалдаж байгаад нэг мэдэхэд толгойноос нь цус гарчихсан байсан...” /хх-ийн 23-24/ гэсэн, гэрч Н.Энхтуяагийн “...2018 оны 09 дүгээр сарын 06-ны орой ...Н манайхаас гарахдаа хогийн шүүрний иш барьж гараад тэр ишээрээ Быг цохисон...” /хх-ийн 31-33/ гэсэн, гэрч Г.Уранчимэгийн “...2018 оны 09 дүгээр сарын 06-ны орой ...манай нөхөр над руу залгаад “аллаа” гэж хэлэхээр нь ээжийнхээ хамт гарахад Бат-Энх шал согтуу, Бын толгойноос цус гарчихсан байсан. ...Быг махлагдуу, урдуураа үсээ унжуулсан залуу заамдаж аваад цохиод байсан...” /хх-ийн 39-41/ гэсэн, шинжээч Ц.Бадралын “...М.Б-ын биед учирсан үүдэн, дээд, доод дөрвөн шүдний булгарал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Мөн гараар болон ямар нэгэн зүйлээр цохигдох үед үүсэх боломжтой, зүүн 6, 7 дугаар хавирганы хугарал гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мөн гараар цохих, хөлөөр өшиглөх ...үед үүсгэгдэх боломжтой...” /хх-ийн 52/ гэсэн, шүүгдэгч Н.Нийн “...Бид нар маргалдаж байгаад за за, одоо больё гээд явах гэхэд Бын найз нь миний толгойны ар хэсэгт нэг удаа цохихоор нь би зууралдаж байхад Б ирээд намайг боосон. Тэгээд салах гэхэд салахгүй, гараа хойшлуулаад цохих гэхэд миний баруун талын мөр мултарсан. Тэгтэл Б найзтайгаа нийлээд намайг үерийн ус руу шидсэн. Тэгэхээр нь уснаас гараад Дашдорж ахын гэр рүү ороод бид нар зодуулчихлаа гэж хэлчихээд хашаанаас шүүрний иш аваад Бын толгойг цохиж хагалаад, нуруунд нь нэг удаа цохисон...” /хх-ийн 68-71/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №10942 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. М.Бын биед үүдэн дээд, доод дөрвөн шүдний булгарал, зүүн 6, 7-р хавирганы далд хугарал, зулайн хуйханд няцарсан шарх, зүүн нүдний зовхи, уруулд цус хуралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.3 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаан дүүсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дөрвөн шүдний булгарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.11.52.3-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 15% нөлөөлөх тул гэмтлийн хүндэвтэр зэрэг, зүүн 6, 7-р хавирганы далд хугарал гэмтэл нь тус журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, зулайн хуйханд няцарсан шарх, зүүн нүдний зовхи уруулд цус хуралт, цээжинд цус хуралт гэмтэл нь тус журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 49/ гэсэн дүгнэлт, түргэн тусламжийн хуудас /хх-ийн 87/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Н-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Б-ын эрүүл мэндэд үүдэн дээд, доод дөрвөн шүдний булгарал, зүүн 6, 7-р хавирганы далд хугарал, зулайн хуйханд няцарсан шарх, зүүн нүдний зовхи, уруулд цус хуралт, цээжинд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан, хохирогч нь үүдэн дөрвөн шүд хийлгэх эмчилгээний зардалд 7,200,000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нь шүүхийн шатанд 1,000,000 төгрөгийг хохирогчид төлсөн байна.

Хохирогч М.Б цаашид гарах эмчилгээний зардалд 6,200,000 төгрөг нэхэмжилснийг шүүх хүлээн авч, хангаж, шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв. Учир нь ирээдүйд гарах эмчилгээний зардлыг шүүх тогтоох боломжгүй, энэ талаар хуульд заагаагүй тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч М.Б гэмт хэргийн улмаас өөрт учирсан эмчилгээтэй холбоотой баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгч Н.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зарим хэсгийг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн үйлдсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж буй хувийн байдлуудыг харгалзан түүнд хуульд зааснаар торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 1810020890021 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овогт Н.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-ийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Н.Н-ид оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Н торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н нь хохирогч М.Б-д 1,000,000 /нэг сая/ төгрөг төлснийг дурдаж, хохирогч М.Б нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн 1810020890021 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Н-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.              

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР