Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/ма2023/02171

 

 

 

 

 

 

 

 

2023 12 18 210/МА2023/02171

 

 

Д.З ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2023/02913 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.З ын хариуцагч Ш т холбогдуулан гаргасан ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 6336 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/858 дугаартай шийтгэх тогтоолоор Д.З надаас 67,699,999 төгрөг гаргуулан М ХХК -д олгохоор шийдвэрлэсэн. Тус төлбөрийг гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1-144/11797 дугаар албан тоотоор төлбөр төлөгч Д.З нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй гэсэн үндэслэлээр миний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх саналыг хүргүүлж, уг саналд үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 6336 дугаар төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг гаргасан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.1.1, 59.1.2, 59.1.3-т заасан үндэслэлүүдийн аль нэг нь бүрдсэн тохиолдолд л төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэхээр заажээ. Гэтэл дээрх гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх саналын үндэслэл тогтоогдсон гэж үзсэн талаар тусгаагүй. Мөн тухайн саналын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 6336 дугаар төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг гаргахдаа ч хуульд заасан аль нэг үндэслэлийг заагаагүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь зөвхөн гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлээгүй гэх үндэслэлээр уг арга хэмжээг авсан байна. Гэтэл гадаадад зорчих эрхийг тухай тогтоол гарах үед хорих ангид байсан. Иймд эрэн сурвалжлагдаагүй, гадаад улс руу оргон зайлах, хөрөнгөө нуун далдлах зэрэг эрсдэл гарах боломжгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн18 дугаар зүйлд Монгол Улсын иргэн түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, эх орондоо буцаж ирэх эрхтэй гэж заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-д гадаадад явах эрхийг хязгаарласан хууль юм. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад зөвхөн шүүхийн шийдвэрийн дагуу төлөгдөх төлбөрийг төлөөгүй гэх үндэслэлээр тус арга хэмжээг авч байгаа нь Үндсэн хуулиар баталгаажсан эрхийг зөрчиж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар уг тогтоолыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 6336 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/858 дугаар шийтгэх тогтоолоор Д.З аас 67,699,999 төгрөг гаргуулж М ХХК -д олгохоор шийдвэрлэсэн. Гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр үүсгэсэн. Төлбөр төлөгч Д.З ын гадаадад зорчих эрх түдгэлзүүлэхдээ харьяа нэгжийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1-144/11797 тоот албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.3.5, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх 6336 дугаар тогтоолоор гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн. Төлбөр төлөгч Д.З нь хөрөнгөө үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй юм. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг иргэн хуулийн этгээд заавал биелүүлэхээр хуульчилсан бөгөөд төлбөр төлөгч Д.З нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмээн хэрэгжүүлсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Ш т холбогдох Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 6336 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.З ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 6336 дугаартай тогтоолыг гаргаж нэхэмжлэгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээ авсан. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн албан тоотоор тус арга хэмжээ авах санал гаргасан байдаг. Гэвч эдгээрийн алинд нь ч нэхэмжлэгчийг гадаад улс руу оргон зайлж болзошгүй гэх хууль зүйн үндэслэлийг болон бодит нөхцөл байдлыг заагаагүй. Иймд гадаад улс руу оргон зайлж болзошгүй гэх үндэслэлээр маргаан бүхий тушаал гараагүй. Үүнтэй холбоотой шүүх тушаалын үндэслэл болоогүй зүйлээр тушаалыг зөвтгөх, хамгаалах нь үндэслэлгүй.

4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Оргон зайлж болзошгүй гэх үндэслэлээр арга хэмжээ авсан гэж байгаа нь илт худал тайлбар юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн тайлбараа бусад нотлох баримтаар нотлох үүрэгтэй. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг оргон зайлах гэж байсан гэх тайлбараа нотлох нэг ч баримт шүүхэд гаргаж өгөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гадаад улс руу оргон зайлах гэж байсан гэх тайлбарыг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх ямар ч боломжгүй. Учир нь, үүнийг нотлох нэг ч баримт хэрэгт байхгүй.

4.3. Нэхэмжлэгчид холбогдуулан гадаадад зорчих эрхийг нь түдгэлзүүлэх арга хэмжээ авах тогтоолыг гаргах үед хуульд заасан үндэслэл байсан эсэх нь чухал билээ. Өөрөөр хэлбэл, тухайн үед тус арга хэмжээг авах үндэслэлийг тогтоож байж, гадаадад зорчих эрхийг хязгаарлах арга хэмжээ авах учиртай. Гэтэл маргаан бүхий тогтоол гарах үед нэхэмжлэгч нь хорих ангид хорих ял эдэлж байсан. Үүнтэй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргадаггүй. Тогтоол үндэслэлтэй байсан гэвэл шүүх үүнд дүгнэлт хийх, нэхэмжлэгч нь хорих ангиас ч Монгол Улсаас ч оргон зайлах гэж байсан гэдгийг баримттай тайлбарлах, нотлох хэрэгтэй. Шүүх нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн. Төлбөр төлөгч төлбөрөө төлөөгүй байгаа нь түүнийг оргон зайлах гэж байгааг илтгэхгүй, нотлохгүй. Иймд төлбөрөө төлөөгүй явдлыг оргон зайлах гэж байгаа хэрэг гэж үнэлж байгаа нь илт үндэслэлгүй болсон. Хуульд төлбөрөө төлөөгүй төлбөр авагч болгоныг гадаад улс руу зорчих эрхийг нь түдгэлзүүлэхээр заагаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь 50 саяас дээш өр төлбөртэй төлбөр төлөгч болгонд ямар ч үндэслэл шаардахгүйгээр гадаад улс руу зорчих эрхийг нь түдгэлзүүлэх арга хэмжээ авч байгаа хууль бус байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Д.З нь хариуцагч Ш т холбогдуулан ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 6336 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/858 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ДШМ/18 дугаар магадлалаар Д.З аас 67,699,999 төгрөгийг гаргуулан М ХХК -д олгож шийдвэрлэсэн ба гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч байгууллага 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна./хх16, 17-31, 32-41, 52/

4. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч Д.З нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалтыг үндэслэн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай санал хүргүүлснийг Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 6336 дугаар тогтоолоор төлбөр төлөгч Д.З ын гадаадад зорчих эрхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох хүртэл хугацаанд түдгэлзүүлэх ажиллагаа явуулсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна./хх42, 43/

4.1. Шийдвэр гүйцэтгэх байгууллагын уг ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.1.3-т заасанд нийцсэн байна. Учир нь хэргийн баримтаас үзвэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ДШМ/18 дугаар магадлал биелэгдээгүй, биелэгдэх үнийн дүн тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлээгүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.3-т ...төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй үндэслэлд хамаарна. Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгч нь төлбөр төлөх үүргээ тогтоосон хугацаанд биелүүлээгүй байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэнийг буруутгахгүй юм.

4.2. Иймд нэхэмжлэгчийн ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 6336 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

5. Нэхэмжлэгч нь төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоол гарах үед хорих ангид байсан тул эрэн сурвалжлагдаагүй, гадаад улс руу оргон зайлах оролдлого хийгээгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй ба уг үүргээ биелүүлээгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2023/02913 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Д.ЦОГТСАЙХАН