Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
Хэргийн индекс | 156/2016/00230/И |
Дугаар | 270 |
Огноо | 2016-05-03 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 270
2016 оны 5 сарын 03 өдөр Дугаар 156/ШШ2016/00270
Хэнтий аймаг
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 156/2016/00230/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг хувийн 8 айлын 3 тоотод оршин суух иргэн Цагаан овогт Гансүхийн Мөнхзулын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймаг, Хэрлэн сум 4 дүгээр баг, 04-04 тоотод оршин суух иргэн Мужиг овогт Доржсамбуугийн Ононд холбогдох
Дэлгүүрийн түрээсийн төлбөр 1 240 520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Мөнхзул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Г.Мөнхзул миний бие 2015 оны 10 дугаар сарын 30-нд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах Баянжаргалант булаг нэртэй 8 нэрийн дэлгүүрийг түрээслэхээр тохиролцож 3-н сарын түрээсийн төлбөр болох 1 650 000 төгрөгийг 10 дугаар сарын 31-ний өдөр дэлгүүрийн эзэн Д.Ононгийн дансанд шилжүүлж охин болон танил эгчийн хамт тоолж хүлээн авсан болно. Д.Онон тухайн үед биеэ эмчлүүлэхээр хотод байсан болно. Тоолж авах үед барааны үлдэгдэл 2 500 000 гаруй төгрөг байсан. Энэхүү барааны төлбөрийг түрээслэх 3-н сарын хугацаанд бага багаар төлж барагдуулахаар тохиролцсон. Ингээд дэлгүүрийг түрээслэн ажиллуулж эхлэхэд маш орлого муутай, маш хүйтэн, хаалга нь завсартай байнга онгорхой, маш бохир, үйлчлүүлэгч муутай зэрэг нь эхний өдрөөс л ажиглагдсан тул 1 сар болоход 10 хоног дутуу байхад бид больё гэдгээ албан ёсоор хэлсэн билээ. Түрээслэх үед ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийгээгүй бөгөөд бид маш их алдагдалтай ажилласан юм. Ингээд Д.Онон түүний нөхөр Болд нартай уулзаж тохирон нөхөр Болдын тоолж хүлээн авна гэж хэлсний дагуу 11 дүгээр сарын 30-нд Д.Онон түүний охин нарын хамт тоолж хүлээлгэн өгсөн. Хүлээлцэх үед барааны үлдэгдэл 2 700 000 гаруй байсан болно. Ингэж албан ёсоор анх байснаас илүү үлдэгдэлтэй өөрсдийнх нь бүрэн зөвшөөрлийн дагуу дэлгүүрийг нь хүлээлгэж өгчихөөд байхад бидний үлдсэн 2 сарын түрээсийн төлбөр болох 1 100 000 төгрөг болон дэлгүүрт тавьсан өрийн 107 000 төгрөгийг өдий болтол эргүүлж өгөхгүй элдэв янзаар тайлбар тавин хүлээлгэж биднийг хохироож байгаа билээ. Бүтэн нэг сарын түрээсийн төлбөр болох 550 000 төгрөгөө өгөөд мөн өмнө хүлээн авсан барааны үлдэгдэл илүү үлдэгдэлтэй тоолж хүлээлгэж өгчихөөд байхад өдий болтол дэлгүүрээ нээн ажиллуулахгүй байгаа шалтгаанаа бидэнтэй холбож тайлбарлаад байгаа нь маш утгагүй асуудал юм. Дэлгүүрийг түрээслэн ажиллуулж байх үедээ бид барааны үлдэгдэл дээр нь 3 000 000 орчим төгрөгийн үнийн дүнтэй бараа нэмж татсан болно. Гэтэл одоо мөнгө төгрөгөө авах гэхээр биднийг элдвээр хэл амаар доромжилж гэрээсээ хөөн олон янзын утгагүй тайлбар тавин бүтэн 3 сарыг өнгөрөөж байна. Бидний зүгээс эвээр шийдэхийг хүсэж 1 сарын 13-нд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч 2 удаагийн уулзалтаар эвлэрэлд хүрч чадаагүй учир ийнхүү дараагийн шат болох иргэний хэргийн шүүхэд хандаж байна. Бидний өргөдөл нэхэмжлэлийг хүлээн авч 2 сарын түрээсийн төлбөр болох 1 100 000 төгрөг барааны өр 107 000 төгрөг нийт 1 207 000 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн мөнгө болох 33520 төгрөгийг хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г.Мөнхзул шүүхэд гаргасан тайлбартаа:
Г.Мөнхзул миний бие хариуцагч Д.Ононтой эвлэрлийн гэрээ байгуулсан тухай. Миний бие хариуцагч Л.Ононгоос 1 240 500 төгрөгийн төлбөр авах байсан ба хэрэг хянан шийдвэрлэх явцад ярилцсаны үр дүнд 340 500 төгрөгийг тооцолгүй 900 000 төгрөгийг буцаан авахаар тохиролцлоо. Энэхүү 900 000 төгрөгийг 2 тэнцүү хувааж эхний 450 000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 05-ны дотор сүүлийн 450 000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг дотор миний Хаан банкны 5031243850 тоот дансаар шилжүүлэхээр харилцан тохирлоо. Иймээс бидний энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Онон шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие Г.Мөнхзулын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан ярилцаж дараах байдлаар тохиролцлоо. Г.Мөнхзул нь 1 240 500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа 900 000 төгрөг болгон багасгаж миний бие уг 900 000 төгрөгийг 2 хувааж буюу 2016 оны 06 дугаар сарын 05, 2016 оны 07 дугаар сарын 10-ны дотор бүрэн төлж барагдуулах тул хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Мөнхзул нь хариуцагч Д.Ононд холбогдуулан дэлгүүрийн түрээсийн төлбөр 1 240 500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь 1 240 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад багасгаж хариуцагчаас 900 000 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагч Д.Онон нь уг 900 000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 05, 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрүүдэд 2 хувааж төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын дээрх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэн Г. Мөнхзул, Д.Онон нар нь 900 000 төгрөгийн хэмжээнд харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчдын дээрх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар зохигчид нь улсын тэмдэгтийн хураамжийг тохирсон 900 000 төгрөгийн дүндээ оруулж тооцсон болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид нь энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР