Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 146

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Н.Пүрэвтогтох, шүүгдэгч Ч.А, түүний өмгөөлөгч Ц.Жамбалсүрэн, шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч О.Мөнгөнчимэг, нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Х  овогт Ч.А, О овогт М.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 1710003400538 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 2000 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, аав, дүүгийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн  403 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жил хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 125 дугаартай шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнссэн суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, Х овогт Ч.А

2. Монгол улсын иргэн, 2000 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, ээж, аав, ах, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгины 29-367 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, О овогт М.Б /РД: ЙЛ00283071/.

 

Холбогдсон хэргийн талаар:

                           

Шүүгдэгч Ч.А нь М.Бтэй бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 15-ны шөнө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 1-9-103 тоотод байх иргэн Л.Ц-гийн хүнсний мухлагийн цонхыг хөшин хууль бусаар нэвтэрч, 130,000 төгрөг, тамхи, бохь, асаагуур, шампунь зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлж бусдад 244,850 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Б нь Ч.Атай бүлэглэн, 2017 оны 08 дугаар сарын 15-ны шөнө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 1-9-13 иргэн Л.Ц-гийн хүнсний мухлагийн цонхыг хөшин хууль бусаар нэвтэрч, 130,000 төгрөг, тамхи, бохь, асаагуур, шампунь зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлж бусад 244,850 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Ч.А: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч М.Б: “..Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөвөөр мэдүүлсэн, өмнө ярьсан зүйл дээр нэмж мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Л.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 08 дугаар сарын 15-ны шөнө 22 цагийн үед хүнсний мухлагаа хаасан. ...2017 оны 08 дугаар сарын 16-ны өглөө 07 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад 00 руугаа алхаж явахад хүнсний мухлагийн хашааны дотор талд байх хаалга нь онгорхой харагдахаар очиж үзэхэд хаалганы хажуу талын вакум цонхны гадна талын төмрийг хөшиж цонхыг түлхэж орсон байсан. Би хүнсний мухлаг руугаа орж алга болсон зүйлсийг тоолоход орлогын 50,000 төгрөг, хуримтлалын 80,000 төгрөг, бохь, шампунь асаагуур, самсунг Эс-3 маркийн гар утас байхгүй байсан. ...” /хх-ийн 39-40, 41, 42-43/ гэсэн,

 

Гэрч Л.Нацагдорж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 08 дугаар сарын 16-ны өглөө манай эгч Цгийн зээ охин Номин-Эрдэнэ манай гэрт ирээд дэлгүүрт хулгай ороод цоож эвдэрчихсэн таныг ирээд янзлаад өгөөч гэж байна гэж хэлэхээр нь би эгчийнд ирэхэд эгчийн дэлгүүрийн цонхны хаалгыг татаж эвдээд вакум цонхыг түлхээд хулгай орсон байсан...” /хх-ийн 48-49/ гэсэн,

 

Шүүгдэгч Ч.А мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 08 дугаар сарын 15-ны шөнө 01-ээс 02 цагийн үед найз М.Бат-Эрдэнийн хамт гэртээ харих гээд явж байхад гудамжны ойролцоо байх хүнсний мухлаг хаалттай байсан. Тэгтэл Б “хоёулаа энэ ТҮЦ-нээс тамхи авах уу” гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд Б хашааны хаалгыг нь давж ороод дотор талаас нь хашааны жижиг хаалгыг нь онгойлгосон. Тэгээд би дотогшоо орсон. Тэгтэл тухайн хүнсний мухлагын арын цонхны төмөр хаалттай байсан бөгөөд бид хоёр тухайн төмөр хаалтыг нь хоёулаа зэрэг татаад салгаж, Б хөлөөрөө жийгээд цонхыг онгойлгосон. Б, түрүүлээд ороод би араас нь ороод бид хоёр лангуун доороос тамхинууд авсан, Б хайрцаг дотроос бэлэн мөнгөн олсон гэж хэлсэн. Цэнэглэж байсан Самсунг эс-3 загварын гар утас, шампунь, тамхины асаагуур авсан...” /хх-ийн 86-87, 165-167/ гэсэн,

 

Шүүгдэгч М.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Ат “ТҮЦ байна, орж тамхи авах уу” гэж хэлэхэд Ч.А зөвшөөрсөн. Тэгээд би хүнсний мухлагийн хашааг нь давж ороод хашааны хаалгыг нь дотор талаас нь онгойлгосон ба Ч.А миний араас орж ирсэн. Хашааны хаалганы хажууд хүнсний мухлагийн арын хаалга байсан бөгөөд хажууд нь байсан жижиг цонхны төмөр хаалтыг бид хоёр татаж салгасан. Тэгээд цонхыг түлхэж ороод шампунь, тамхи, “Самсунг эс-3” загварын гар утас, бэлэн мөнгө 60,000 төгрөг, тамхины асаагуур, шүдний оо, бохь, зайрмаг зэрэг эд зүйл авсан...” /хх-ийн 80-81, 160-162/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Өргөдөл /хх-ийн 19/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-15/,

- Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 16-17/,

- Хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 18/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 63-64/,

- Гэрч Ж.Ганбат, М.Мөнхбаяр, Б.Галбадрах, П.Оргилбулаг нарын мэдүүлгүүд /хх-ийн 47, 54-55, 56-58, 59-61/,

- Шүүгдэгч Ч.А, М.Б нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 44, 45, 50, 51, 52/,

- Шүүгдэгч Ч.А-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 88-109/,

- Шүүгдэгч М.Б-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 110-115/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ч.А, М.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                              

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Ч.А М.Б нар нь бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 15-ны шөнө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 1-9-103 тоотод байх иргэн Л.Цгийн хүнсний мухлагийн цонхыг хөшин хууль бусаар нэвтэрч, бэлэн 130,000 төгрөг, тамхи, бохь, асаагуур, шампунь зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлж бусдад 244,850 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Л.Цгийн “...2018 оны 08 дугаар сарын 15-ны шөнө 22 цагийн үед хүнсний мухлагаа хаасан. ...2017 оны 08 дугаар сарын 16-ны өглөө 07 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад 00 руугаа алхаж явахад хүнсний мухлагийн хашааны дотор талд байх хаалга нь онгорхой харагдахаар очиж үзэхэд хаалганы хажуу талын вакум цонхны гадна талын төмрийг хөшиж цонхыг түлхэж орсон байсан. Би хүнсний мухлаг руугаа орж алга болсон зүйлсийг тоолоход орлогын 50,000 төгрөг, хуримтлалын 80,000 төгрөг, бохь, шампунь асаагуур, самсунг эс-3 маркийн гар утас байхгүй байсан...” /хх-ийн 39-40, 41/ гэсэн, шүүгдэгч Ч.Аын “...Б “хоёулаа энэ ТҮЦ-нээс тамхи авах уу” гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд Б хашааны хаалгыг нь давж ороод дотор талаас нь хашааны жижиг хаалгыг нь онгойлгосон. Тэгээд би дотогшоо орсон. Тэгтэл тухайн хүнсний мухлагын арын цонхны төмөр хаалттай байсан, бид хоёр тухайн төмөр хаалтыг нь хоёулаа зэрэг татаж салгаад, Б хөлөөрөө жийгээд цонхыг онгойлгосон. Б, түрүүлээд ороод би араас нь ороод бид хоёр лангуун доороос тамхинууд, Б хайрцаг дотроос бэлэн мөнгө олсон гэж хэлсэн. Цэнэглэж байсан самсунг эс-3 загварын гар утас, шампунь, тамхины асаагуур авсан...” /хх-ийн 86-87/ гэсэн, шүүгдэгч М.Бат-Эрдэнийн “...Би Ат “ТҮЦ байна, орж тамхи авах уу” гэж хэлэхэд Ч.А зөвшөөрсөн. Тэгээд би хүнсний мухлагийн хашааг давж ороод хашааны хаалгыг дотор талаас нь онгойлгосон ба Ч.А миний араас орж ирсэн. Хашааны хаалганы хажууд хүнсний мухлагийн арын хаалга байсан, хажууд нь байсан жижиг цонхны төмөр хаалтыг бид хоёр татаж салгасан. Тэгээд цонхыг түлхэж ороод шампунь, тамхи, самсунг эс-3 загварын гар утас, бэлэн мөнгө 60,000 төгрөг, тамхины асаагуур, шүдний оо, бохь, зайрмаг зэрэг эд зүйл авсан...” /хх-ийн 80-81/ гэсэн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-15/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 16-17/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 63-64/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшлээс нууцаар авах нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж бөгөөд үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтрэх нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг бага хэмжээний хохирол гэж заасан бөгөөд шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогчид 244,850 төгрөгийн хохирол учирсан хэдий боловч тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн нь хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн хангаж байна гэж шүүх дүгнэв.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.А, М.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ч.А, М.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Шүүгдэгч Ч.А, М.Б нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Л.Цгийн эд хөрөнгөд 244,850 төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлийг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн /хх-ийн 19/ байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Ч.А, М.Б нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ 17 настай байсан тэдний насны байдал, үйлдсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж буй хувийн байдлуудыг харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг багасгаж оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн 1710003400538 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Л.Ц гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Ч.А, О овогт М.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ч.А, М.Б нарыг тус бүр 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А, М.Б нарт оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн 1710003400538 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ч.А, М.Б нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Л.Ц гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.А, М.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэднийг цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 02 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.А, М.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР