Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 160

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга В.Орхон, улсын яллагч Н.Мөнхцэцэг, шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1802003700199 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөтөч, орчуулагч, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:

Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4, 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 436 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Б.Г .

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа агаарын замын хилийн боомтоор Ганболд овогтой Б гэх нэртэй Е0953909 дугаартай гадаад паспортыг ашиглан зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Б.Г: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй, хүний бичиг баримтаар явж болохгүй гэдгийг мэдэж байсан, миний гадаад паспортын хуудас нь урагдсан учир болохгүй байх гэж бодоод бусдын бичиг баримтаар хил нэвтэрсэн нь миний буруу...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Гэрч Ү.Марал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн өглөө 6 цагийн орчим Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн ОМ-136 дугаартай аяллын онгоц ирсэн, тухайн үед миний бие ...зорчигч нарын баримт бичиг шалгасан. Шалгах үед нэг залуу надад өөрийн бичиг баримтыг шалгуулахаар өгөхөд  паспортыг аваад зураг тулгалт хийхэд өөр царайтай байсан, би тухайн хүний паспорт дээрх регистерын дугаарыг хараад уг хүнээс “ямар аймгийнх бэ” гэж асуухад хилээр нэвтэрч байсан этгээд Улаанбаатар хотынх гэж хэлсэн, би тэр үед “та яагаад Хөвсгөл аймгийн регистрын дугаартай байж, Улаанбаатар хотынх гээд байгаа юм бэ” гэж хэлсэн, миний бие “таны паспорт хаана байгаа юм бэ” гэж асуухад халааснаасаа өөрийн гадаад паспортыг гаргаж өгөөд, би “швейцарьд харлаад өөр хүний паспортоор явж байгаа юм” гэж хэлсэн...” /хх-ийн 93-94/ гэсэн,

 

Гэрч Г.Мөнхзаяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай дүү Г.Б 2012 онд Швед улс руу явсан, одоо европын улсад байгаа аль улсад байгаа талаар мэдэхгүй. ...Надад өөрийн баримт бичгээ алга болгосон гэж хэлсэн. Бичиг баримтаа хэзээ, яаж алга болгосон талаар асуухад “өөрийн түрийвчийн хамт алга болгосон, хулгайд алдсан” гэсэн. Харин яг хэзээ яаж алга болгосон талаар тодорхой яриагүй...” /хх-ийн 95-96/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Буянт-Ухаа боомтоор нэвтэрч Чех улс руу явсан. Чех улсын Праг хотоос 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Швед улсын нийслэл Стокгольм хот явсан. Тэгээд би Швед улсын Стокгольм хотод 2 жил 4 сар хууль бусаар амьдарч, ажиллаж байгаад Монголд ирсэн. Миний бие Швед улсад хууль бусаар амьдарч өөрийн бичиг баримтаар буцаад явах боломжгүй гэж бодоод фейсбүүк дэх Швед, Монголчуудын зараас Г.Бгийн гадаад паспортыг 8,000 крон буюу ойролцоогоор 2,000,000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн үед би интернэтээс паспорт худалдаж авч болдог талаар хамт ажиллаж байсан хүнээс сонсож байсан юм. Тэгээд би фейсбүүк дэх Швед, Монголчуудын зар гэх группээс 2018 оны 8 дугаар сарын 3 билүү 4-ний өдөр “Орондоо буцаана” гэх зар байсан, тухайн үед уг зарын дагуу холбогдоход нэг эрэгтэй хүн байсан. Тэгээд бид хоёр паспорт худалдах, худалдан авах талаар тохиролцож, Стокгольм хотын төвд Централ талбай дээр очиход над руу танихгүй дугаараас залгаж, талбайн хажууд байдаг бильярдны газарт хүрээд ир гэсэн. Тухайн үед бильярдны газар очиход үл таних 30 орчим насны Монгол залуу байсан. Миний бие паспорт зарж байгаа залууд мөнгө өгөөд оронд нь Г.Б нэртэй гадаад паспорт аваад явсан. Тухайн үед паспортны эзэн Г.Б биш өөр эрэгтэй байсан. Тэгээд миний бие Г.Бгийн гадаад паспортыг ашиглаж Стокгольм, Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцны билетыг захиалсан. Миний бие 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Стокгольм хотоос ОХУ-ын Москва хот руу ниссэн, тухайн үед би Швед, ОХУ-ын хилийг Г.Бгийн гадаад паспортоор нэвтэрсэн. Тэгээд би ОХУ-ын Москва хотын Шереметьво нисэх буудал дээр нэг хонож 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 17-18 цагийн хооронд Монгол руу ниссэн, тухайн үед би Монгол онгоцоор ниссэн. Тэгээд би 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн өглөө 06 цагийн үед Монгол улсын Буянт-Ухаа нисэх буудал дээр буусан, буугаад баримт бичгийн шалгалтаар орсон. Би баримт бичгийн шалгалтаар ороход эхлээд Г.Бгийн гадаад паспортыг шалгуулсан, тухайн үед паспортыг шалгагч нь миний өгсөн баримт бичиг шалгах явцад “чи ямар аймгийнх вэ” гэж асуухад би “Улаанбаатар” хотынх гэж хэлээд өөрийн жинхэнэ гадаад паспортыг өгсөн, тэр үед баримт бичиг шалгагч намайг та цаанаа сууж бай гэж хэлээд намайг хүлээлгэсэн...” /хх-ийн 115-117/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №5036 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн Б.Г-ын эзэмшлийн Е1497342 дугаартай энгийн паспорт нь жинхэнэ.

2. Тус гадаад паспорт 7, 8, 9, 10, 13, 14 дугаартай нүүр буюу нийт 3 хуудас байхгүй, 25, 26 дугаар нүүр 1 хуудас салсан байна. Бусад ямар нэгэн засвар хийгдсэн гэх шинж тэмдэг илрэхгүй байна...”  /хх-ийн 104-106/ гэсэн дүгнэлт,

 

- Хилийн зөрчлийн материал /хх-ийн 4-19/,

- Хил хамгаалах ерөнхий газрын 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2-5/7745 дугаартай, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2-5/7879 дугаартай албан бичгүүд /хх-ийн 26-27, 36-37/

- Г.Б, Б.Г нараас Монгол улсын үндэсний энгийн гадаад паспорт хүссэн мэдүүлгүүд баримтын хуулбарууд /хх-ийн 28-31, 39-41/,

-  Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 73-85/,

- “МИАТ” ХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 01/3384 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /хх-ийн 43, 47/,

- Бичиг текникийн шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 дугаар 08 сарын 29-ны өдрийн 5036 дугаартай дүгнэлт /хх-ийн 104-106/,

-  Дүр зургийн шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 5037 дугаартай дүгнэлт, хавсралт гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 99-102/,

- Шүүгдэгч Б.Г-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэл тогтоолын хуулбар, хувийн байдалтай холбоотой  бусад баримтууд /хх-ийн 119-141/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Г-ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                              

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа агаарын замын хилийн боомтоор Г овогтой Б гэх нэртэй Е0953909 дугаартай гадаад паспортыг ашиглан зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч Ү.Маралын: “...Тухайн үед миний бие онгоцоор ирсэн зорчигчдын баримт бичиг шалгах гэж 6 дугаартай кабинд үүрэг гүйцэтгэсэн. Ингээд зорчигч нарын баримт бичгийг шалгах үед нэг залуу надад өөрийн бичиг баримтыг шалгуулахаар өгсөн. Миний бие тэр залуугийн паспортыг аваад зураг тулгалт хийхэд өөр царайтай байсан, тэгээд тухайн хүний паспорт дээрх регистерын дугаарыг хараад уг хүнээс “аль аймгийнх вэ” гэж асуухад “Улаанбаатар хотых” гэж хэлсэн, би тэр үед “та яагаад Хөвсгөл аймгийн регистрын дугаартай байж, Улаанбаатар хотых гээд байгаа юм бэ, таны паспорт хаана байгаа вэ” гэж асуухад зорчигч халааснаасаа өөрийн гадаад паспортыг гаргаж өгөөд, би “швейцарьд харлаад өөр хүний паспортаар явж байгаа юм” гэж хэлсэн...” /хх-ийн 93-94/ гэсэн, гэрч Г.Мөнхзаяагийн: “...Манай дүү Г.Б 2012 онд Швед улс руу явсан, одоо европын улсад байгаа, аль улсад байгаа талаар мэдэхгүй. ...Өөрийн баримт бичгээ алга болгосон гэж хэлж байсан, би тухайн үед хэзээ, яаж алга болгосон талаар асуухад “өөрийн түрүүвчийн хамт хулгайд алдсан” гэж байсан...” /хх-ийн 95-96/ гэсэн, шүүгдэгч Б.Г-ын “...Миний бие Швед улсад хууль бусаар амьдарч байхдаа өөрийн бичиг баримтаар буцаад явах боломжгүй гэж бодоод фейсбүүк дэх Швед, Монголчуудын зараас Г.Бгийн гадаад паспортыг 8,000 крон буюу ойролцоогоор 2,000,000 төгрөгөөр худалдан авсан. ...Г.Бгийн гадаад паспортыг ашиглаж Стокгольм, Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцны билетыг захиалиад 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Стокгольм хотоос ОХУ-ын Москва хот руу ниссэн, тухайн үед би Швед, ОХУ-ын хилийг Г.Бгийн гадаад паспортаар нэвтэрсэн. Тэгээд би ОХУ-ын Москва хотын Шереметьво нисэх буудал дээр нэг хонож 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 17-18 цагийн хооронд Монгол руу ниссэн. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн өглөө 06 цагийн үед Монгол улсын Буянт-Ухаа нисэх буудал дээр буугаад баримт бичгийн шалгалтаар орохдоо эхлээд Г.Б-гийн гадаад паспортыг шалгуулсан, тухайн үед паспортыг шалгагч “чи аль аймгийнх вэ” гэж асуухад би “Улаанбаатар хотых” гэж хэлээд өөрийн жинхэнэ гадаад паспортыг өгсөн...” /хх-ийн 115-117/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5036 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн Бямбацогтын Г /РД:ШУ89042171/-ын эзэмшлийн Е1497342 дугаартай энгийн паспорт нь жинхэнэ.

2. Тус гадаад паспорт 7, 8, 9, 10, 13, 14 дугаартай нүүр буюу нийт 3 хуудас байхгүй, 25, 26 дугаар нүүр 1 хуудас салсан байна. Бусад ямар нэгэн засвар хийгдсэн гэх шинж тэмдэг илрэхгүй байна...”  /хх-ийн 104-106/ гэсэн дүгнэлт, хилийн 0218 дугаар ангийн хилийн зөрчлийн материал /хх-ийн 4-19/, Хил хамгаалах ерөнхий газрын 2018 оны 2-5/7745, 2-5/7879 дугаартай албан бичгүүд /хх-ийн 26-27, 36-37/, Г.Б, Б.Г нараас Монгол улсын үндэсний энгийн гадаад паспорт хүссэн мэдүүлгүүд, баримтын хуулбарууд /хх-ийн 28-31, 39-41/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 73-85/, “МИАТ” ХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 01/3384 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /хх-ийн 43,47/, бичиг текникийн шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №5036 дугаартай дүгнэлт /хх-ийн 104-106/, дүр зургийн шинжилгээ хийсэн мөн хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №5037 дугаартай дүгнэлт, хавсралт гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 99-102/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Шүүгдэгч Б.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгч Б.Г үйлдсэн гэмт хэргийнхээ нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарласан байдал болон түүний ажил эрхлэлт, үйлдсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж буй зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.1-д зааснаар хэрэгт хураагдан ирсэн Г овогтой Б-гийн Е0953909 дугаартай Монгол улсын үндэсний паспорт нэг ширхэг, Б овогтой Г-ын Е1497342 Монгол улсын үндэсний паспорт нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 1802003700199 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч Б овогт Б.Г-ыг Монгол Улсын хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ыг 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Г-ад оногдуулсан 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Г торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван тав нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгт хураагдсан ирсэн Г овогтой Б-гийн Е0953909 дугаартай, Б овогтой Г-ын Е1497342 дугаартай Монгол улсын үндэсний паспортуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлсүгэй.

 

6. Эрүүгийн 1802003700199 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Г-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.              

 

.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР