Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2024/0001

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Б

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага:

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2023/0769 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Б

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, Г.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2023/0572/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Б.Б нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулж “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/*** дугаар захирамжийн Б.Бэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2023/0769 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2 дахь хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.6.5, 34.6.6 дахь хэсэг, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б давж заалдах гомдолдоо:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 18-ны өдрийн 128\ШШ2023\0769 дүгээр шийдвэрийг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

3.1. Дээрх шийдвэрийг Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2, 34 дүгээр зүйлийн 34.6.5, 34.6.6, 37 дугаар зүйлийн 37.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д заасныг баримтлан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Үүнд: Шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.1-д “Маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны А/*** дугаар захирамж гарахаас нэр бүхий иргэн хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох сонсох ажиллагаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулсан нь хуульд заасан хуулийн шаардлага хангаагүй гэж үзлээ.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “...” гэж зааснаар эрх ашиг хөндөгдөж байгаа этгээдийн тодорхойлж сонсох ажиллагааг явуулах ба эрх тохиолдолд маргаан бүхий газрын эзэмшигч, эрх ашиг хөндөгдсөн этгээд нь нэхэмжлэгч иргэн Б.Б байна. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл сонсох ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд нь мэдэгдсэн байгаа боловч нэг газар эзэмшигчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох тохиолдолд тухайн газар эзэмшиж буй этгээдэд мэдэгдэж сонсох ажиллагаа явуулах нь хуульд нийцэх юм.

Иймд сонсох ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан гэж үзэх боломжгүй. (Татгалзал) гэж нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүй.

Захиргааны шийдвэр гаргаж байгаа байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдийг тодорхойлж, 27 дугаар зүйлийн 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж заасны дагуу сонсох ажиллагааг “Өдрийн сонинд” зарлуулсан. Тус дүүргийн Засаг даргын 2021 оны А/*** дугаар захирамж нь 94 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тул Захиргааг ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т нийцэж байхад хуулийг буруу тайлбарлаж, нотлох баримтыг үнэлээгүй орхигдуулсан.

3.2 Шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.3-д Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6 “...”, 34.6.6 “...” Ийнхүү газрын төлбөрийг шинэчлэн тогтоолгоогүй бол зохих зардлыг газар эзэмшигч хүлээнэ гэж заажээ.

Хэрэгт авагдсан газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаас үзвэл газрын төлбөрийг 1 жилийн 150912 төгрөгөөр тооцсон байх боловч “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-д заасны дагуу 58.080 төгрөгөөр хэмжээгээ тооцвол 2017, 2018, 2019, 2020, 2021 онуудын газрын нийт төлбөрт нийт 290400 төгрөг төлөхөөр байна.

Нэхэмжлэгч нь 2016 онд 58,080 төгрөг 2018 онд 55,080 төгрөг, 2018 онд 55,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 90,547 төгрөг, 105,586 төгрөг, 60,365 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 105,586 төгрөг, нийт 369,578 төгрөгийн төлбөрийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний газрын төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулаагүй байх бөгөөд нэхэмжлэгч нь гэрээнд заасан хэмжээнээс илүү төлбөр төлсөн байх тул газрын төлбөрөө төлөөгүй гэж буруутгах боломжгүй. (Татгалзал) гэж Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын маргаан бүхий захирамж 2021 онд гарсан. Нэхэмжлэгч нь 2016 онд 58,080 төгрөг 2018 онд 55,080 төгрөг, 2018 онд 55,000 энэ баримтад дансны дугаар өөр байхад хамааралгүй нотлох баримтад үнэлэлт өгсөн. Мөн дүүргийн Засаг даргын захирамж 2021 онд гарсан байхад нэхэмжлэгч Б.Б нь 2022 онд төлбөр төлсөн байгаа нь дээрх дүгнэлтээр тогтоогдож байхад дүгнэлт хийхдээ нэхэмжлэгчийн газрын төлбөр төлсөн 2018 оны баримтад газрын төрийн сангийн данснаас зөрүүтэй өөр данс байхад хамааралгүй нотлох баримтыг үнэлж зөвхөн нэг талыг баримтлан шийдвэрлэсэн нь нотлох баримтыг бүрэн, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-т заасны дагуу нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

          1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Б-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн А/147 дугаар “Газар эзэмшүүлэх, эрх олгох тухай” захирамжаар Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 12 дугаар байрны хойно байрлах 132 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар Б.Б-д эзэмшүүлэхээр шийдвэрлэж, улмаар газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй, газар эзэмших гэрээний нөхцөлийг удаа дараа зөрчсөн, тухайн газраа зориулалтын дагуу хоёр жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр мөн дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/*** дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжаар Б.Б-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан, хэргийн оролцогчдын тайлбар зэрэгт анхан шатны шүүх зөв дүгнэлт өгч, Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэлтэй тайлбарлаж хэргийг хянан шийдвэрлэжээ. 

4. Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас зөрчилтэй иргэн хуулийн этгээдийн судалгааг гаргаж, “Өглөөний сонин”-ы 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №217 /3522/ нүүрт хэвлүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай сонсох ажиллагааг явуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно” гэж заасантай нийцэхгүй байна.

5. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/*** дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн хавсралтаар Б.Б-ийн Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 12 дугаар байрны хойно байрлах 132 м.кв газрын эзэмших эрхийг “...газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, газар эзэмших гэрээний нөхцөлийг удаа дараа зөрчсөн, тухайн газраа зориулалтын дагуу хоёр жил дараалан ашиглаагүй.” гэх үндэслэлээр цуцалжээ.

6. Нэхэмжлэгч Б.Б нь Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 12 дугаар байрны хойно байрлах 132 м.кв газарт 75 м.кв гараажийн зориулалттай барилга барьж, эрхийн улсын бүртгэлийн 0082*** дугаарт бүртгүүлэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй, үйл ажиллагаа явуулдаг болох нь хэрэгт авагдсан баримт болон шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдож байх бөгөөд 75 м.кв газар ашиглуулахаар дүүргийн Засаг дарга 2000 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Иргэний газар ашиглах гэрчилгээ олгож байжээ.

7. Маргаан бүхий актаар 94 /ерэн дөрөв/ иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т зааснаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан сонсох ажиллагаа явуулсан гэх боловч тухайн газар дээрээ үйл ажиллагаа явуулж байгаа, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй иргэнд өөрт нь тухайлан  /утас, факс, шуудан болон бусад хэлбэрээр/ мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй байна.    

8. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д “Газар эзэмших гэрээнд дараах зүйлийг тусгана”, 34.6.6-д “Газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг” гэж тус тус заасан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Газрын алба, иргэн Б.Б нарын хооронд байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 2.2-т “Газрын төлбөрийн хэмжээ бүгд үнэ 58.080 төгрөг”, 2.5-д “Эрх бүхий байгууллагын шийдвэрээр газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдөх тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулна. Ийнхүү газрын төлбөрийг шинэчлэн тогтоолгоогүй бол зохих зардлыг газар эзэмшигч хүлээнэ”, 3.4-т “Газар эзэмших гэрээг жил бүр дүгнэж, төлбөрийн тооцоо нийлсэн акт үйлдэх” гэж тус тус зааснаас үзвэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргахдаа хариуцагч дүүргийн Засаг дарга ийнхүү гэрээний холбогдох заалтыг харгалзаж, үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.  

9. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Б нь 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 58.080 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 90.547 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 105.586 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 60,365 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 105.586 төгрөгийг тус тус төлсөн байх бөгөөд хариуцагч маргаан бүхий захирамж гарсанаас хойш төлбөр төлсөн гэх боловч гэрээний дагуу гэрээг жил бүр дүгнэж, төлбөрийн тооцоо нийлсэн акт үйлдэж байгаагүй, газрын төлбөрөө төлөх болон эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар мэдэгдээгүй захирамж гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.  

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд “газрын төлбөрөө төлөөгүй учраас газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон” гэх тайлбарыг гаргасан бөгөөд маргаан бүхий захирамжийн үндэслэл бүрт дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

11. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараах эрх хэмжээтэй байна”, 23.4.2-т “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох”, 37 дугаар зүйлийн 37.1-т “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана” гэж заажээ.

12. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн А/*** дугаартай “Газар эзэмшүүлэх, эрх олгох тухай” захирамжийн хавсралтаар нэхэмжлэгч Б.Бэд Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 12 дугаар байрны хойно 132 м.кв газрыг үйлчилгээний зориулалттай 5 жилийн хугацаатай олгохоор захирамж гарсан боловч 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 6.2-т “...талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн 15 /арван таван/ жилийн хугацаатай байгуулав”, 000652755 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр “...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн А/*** тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 18637310827**** дугаар бүхий 132 м.кв газрыг 15 жилийн хугацаатай худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр” олгосон байх тул нэхэмжлэгчийг эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлт гаргаагүй гэж буруутгах үндэслэлгүй” гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2023/0769 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баярмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                               Т.ЭНХМАА

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА