Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 214

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булганыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Г

Хариуцагч: С дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “...С дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/*5 тоот “ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулж, эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэр бичилт хийлгэхийг даалгуулах”

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, хариуцагчийн өмгөөлөгч  П.А  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч  Д.Г 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...С дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/*5 тоот тушаалаар нэхэмжлэгч Д.Гыг 19 дүгээр хороо хариуцсан мэргэжилтэн болох үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байгаа. Дээрх тушаалыг эс зөвшөөрч, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйл 39.3-д заасны дагуу Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1168 тоот албан бичгээр хариу өгөхдөө энэхүү асуудлаа шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүл гэсэн байгаа юм. Нэхэмжлэгч нь төрийн албанд 25 жил тасралтгүй ажилласан байгаа. С дүүргийн 19 дүгээр хорооны мэргэжилтнээр ажиллах хугацаандаа төрийн албаны гэрээний биелэлтийг “А” дүнтэйгээр дүгнэгдэж ажиллаж байсан. С дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/*5 тоот тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Үүнд:

Монгол Улсын Засан захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.5, мөн энэ хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 09 дүгээр сарын 19-ний өдрийн бүтэц орон тоог батлах тухай А/11 дүгээр тушаалыг тус тус үндэслэсэн байна. Монгол Улсын Засан захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ” гэж заасан байдаг. Ер нь бол хэлтсийн даргын эрх хэмжээний хүрээнд тушаал гаргах эрхтэйг нотолсон заалт байгаа юм. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө” гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн ажиллаж байсан хороо хариуцсан мэргэжилтний үндсэн ажиллаж байсан албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа. Тэгэхээр үүгээр ажлаас халах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Мөн энэ хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Энэ зүйлийн 23.3-д заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, мөн зүйлийн 23.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно” гэж заасан байдаг. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасан байдаг. Энэ заалт нь төрийн албан хаагчийн ажиллах баталгаа болохоос биш ажлаас халах үндэслэл болохгүй юм.  

Иймд С дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/*5 тоот тушаалыг хүчингүй болгож, эрхэлж байсан үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү” гэжээ.

Хоёр. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/*5 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, С дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний асуудал хариуцсан хорооны мэргэжилтнээр эгүүлэн тогтоох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

С дүүргийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/*5 тоот тушаалаар нэхэмжлэгч Д.Гыг 19 дүгээр хороо хариуцсан мэргэжилтэн болох үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байгаа. Дээрх тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3-д заасны дагуу Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1168 тоот албан бичгээр хариу өгөхдөө энэхүү асуудлаа шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүл гэсэн байгаа юм. Нэхэмжлэгч нь төрийн албанд 25 жил тасралтгүй ажилласан байгаа. С дүүргийн 19 дүгээр хорооны мэргэжилтнээр ажиллах хугацаандаа төрийн албаны гэрээний биелэлтийг “А” дүнтэйгээр дүгнэгдэж ажиллаж байсан. С дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/*5 тоот тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Үүнд:

Монгол Улсын Засан захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.5, мөн энэ хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйл, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 09 дүгээр сарын 19-ний өдрийн бүтэц орон тоог батлах тухай А/11 дүгээр тушаалыг тус тус үндэслэсэн байна. Монгол Улсын Засан захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ” гэж заасан байдаг. Ер нь бол хэлтсийн даргын эрх хэмжээний хүрээнд тушаал гаргах эрхтэйг нотолсон заалт байгаа юм. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө” гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн ажиллаж байсан хороо хариуцсан мэргэжилтний үндсэн ажиллаж байсан албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа. Тэгэхээр үүгээр ажлаас халах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Мөн энэ хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Энэ зүйлийн 23.3-д заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, мөн зүйлийн 23.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно” гэж заасан байдаг. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасан байдаг. Энэ заалт нь төрийн албан хаагчийн ажиллах баталгаа болохоос биш ажлаас халах үндэслэл болохгүй юм. 

Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 04 тоот тогтоолоор Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс нэгдэж Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс байхаар тогтсон. Нэхэмжлэгч нь Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2008 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрийн албаны тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч юм. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл баталгаагаар бүрэн хангагдаж, чин үнэнчээр хөдөлмөрлөж, гэр бүл үр хүүхдээ тэжээн тэтгэж байхад ямар ч үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн нь нэхэмжлэгчид ноцтой хохирол учруулж байна. С дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргын нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх”, мөн хуулийн 4.2.6-д “төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах” зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. 

Мөн нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.З-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” гэсэн нэмэлт баталгаагаар хангагдсан тул Б/*5 тушаалыг хууль бус гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв. 

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н 2017 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь Ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний А/11 тоот тушаалаар бүтэц шинэчлэн тогтоосон байдаг. Үүний үндэс нь Монгол Улсын Их Хурлын 12 дугаар тогтоол байдаг. Энэ нь төрийн захиргааны байгууллагын бүтэц, тогтолцоо, бүдүүвчийг баталсан байдаг. Мөн Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор өөрчлөн байгуулсан. Үүнтэй холбоотой Нийслэлийн Засаг даргын хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай гэсэн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/653 захирамж байдаг. Үүний дагуу тус хэлтсийн бүтэц, зохион байгуулалт шинэчлэн зохион байгуулагдсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайн актыг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.4 гэсэн үндсэн заалтуудын нэмэлт баталгааг ярьж байна. Энэ нь халагдсан, чөлөөлөгдсөн нь өөр байгаа. Нэхэмжлэгч нь чөлөөлөгдсөн хүн байгаа. 

Ерөнхий газрын даргын А/11 дүгээр тушаалаас өмнө хэлтэс нь 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/17 Хөдөлмөрийн сайдын тушаалаар аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай тушаалаар хөдөлмөрийн хэлтэс нь нийт 32 орон тоотой батлагдсан байдаг. Мөн Нийгмийн халамж, үйлчилгээ ерөнхий газрын даргын тушаалаар 2016 оны 04 дүгээр сарын 26-ны А/53 тоот тушаалаар Нийгмийн халамж, үйлчилгээний бүтэц орон тоог баталсан. Үүгээр тухайн хэлтэс 77 хүний орон тоотой байхаар тогтсон байдаг. Харин шинэ бүтцээр 2016 оны 09 дүгээр сарын 19-ний А/11 тушаалаар нийт 78 болгож бүтэц орон тоог өөрчилсөн байдаг. 

Хуучин нэрээр Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын тушаалаар хороо хариуцсан нийгмийн халамжийн үйлчилгээ гэж байсан. Мөн Хөдөлмөрийн сайдын тушаалаар хороонд хөдөлмөр эрхлэлтийг хариуцсан мэргэжилтэн гэж байсан. Одоо шинэ тушаалаар хөдөлмөр эрхлэлт, халамжийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн. 

Мөн Б/*5 тоот тушаалыг гаргах болсон үндэслэл нь С дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчигээний хэлтсийн дарга нь 2006 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр томилогдсон байдаг. Үүний дараа Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу бүх ажилчидтай уулзаж сонсох үйл ажиллагаа  явуулсан байдаг. Энэ дээр бүтэц орон тоог шинэчилсэн талаар танилцуулаад 53 албан хаагч гарын үсэг зурсан байдаг. Энэхүү Б/*5 дугаар тушаалыг гаргахын өмнө нь нөхцөл байдлыг судалж үзээд тушаалыг төслийг нэхэмжлэгчид танилцуулж гарын үсэг зуруулсан.

Мөн нэхэмжлэгч нь 3 сарын тэтгэлэг олгох тухай хүсэлтийг гаргасан. Энэ хугацаанд нэхэмжлэгч нь суралцах, албан тушаал өөрчлөх гэх ямар нэгэн саналыг гаргаж байгаагүй болохоор хүлээн зөвшөөрсөн гэж ойлгосон” гэв. 

Дөрөв. Хариуцагчийн өмгөөлөгч П.А 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь өөрийн эрх ашгийг зөрчигдсөн гэж үзэж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар энэ ажил үүрэг байгаад би ажиллах боломжтой байхад миний төрийн жинхэнэ албан хаагчийн ажил үүргээ гүйцэтгэж байсан “А” үнэлгээний байдлыг үнэлж үзэхгүйгээр чөлөөлсөн нь өнөөдрийн маргаан гэж үзэж байна. Тэгэхээр тушаалыг гаргахдаа сонгон шалгаруулалт хийх ёстой байсан гэж яригдаж байна. Тэтгэмжийн асуудлаар бол маргахгүй. Өөрөө тэтгэмжийг хүсээд хүсэлт өгсөн байдаг. 

Хариуцагчийн гаргасан тушаалын хувьд тушаалын нэг дэх хэсэг дээр шинэчлэн өөрчлөгдсөн бүтцийн хүрээнд тушаал шийдвэр гарсан гэж тайлбарлаж байгаа. Тэгэхээр Б/*5 дугаар тушаалын үндэслэл болсон, Хөдөлмөрийн сайд, Засгийн газар, Улсын Их Хурлын тогтоол тус бүрийн тушаал шийдвэрүүдийг судалж үзэхэд өөрсдийн эрх хэмжээний хүрээнд бүтэц, зохион байгуулалтын шинэчлэн баталсан. Тэгэхээр Б/*5 дугаар тушаалыг гарах хүртэл нэхэмжлэгч маргаангүй юм байна гэж ойлгож байгаа. 

Төрийн албан хаагчийн баримтлах зарчим, мөн Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг биелүүлж байх ёстой. Тэгэхээр үүргээ биелүүлээгүй атлаа ажлын байрны тодорхойлтод заасан чиг үүргээ холбогдох хорооны иргэддээ үзүүлдэггүй атлаа цалин мөнгөө авдаг гэдэг нь нотлогдож байна. Мөн хувиараа ашиг орлого олж байсан нь судлагдаж нотлогдож байна. Төрийн албан хаагчийн хувьд хориглогдсон үйл ажиллагааг хэрэгжүүлж байсан. Нийтийн ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн зөрчил гэж тооцогдсон хориглогдсон заалтаар эгч дүү хоёр төрийн албыг хэрэгжүүлж байсан байна. Энэ нөхцөл байдлууд нь жинхэнэ төрийн албан хаагч гэж үзэх боломжгүй. 

Тэгэхээр нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөөгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Б/*5 тоот тушаалыг танилцсан, мэдсэн байна. Тийм учраас Б/*5 дугаар тушаалд заасны дагуу хүлээн зөвшөөрөөд тэтгэмжийг олгож өгнө үү гэж хүсэж байсан байна. Тэгэхээр энэ цаг үеэс тооцож үзэхэд нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3-т заасны дагуу Төрийн албаны зөвлөлд хандсан байна. Энэ нь шүүхийн урьдчилсан ажиллагаа гэж харж хандсан. Гэтэл Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны харьяаллын маргаан биш гээд хуульд нийцсэн хариу өгсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэгч өөрийгөө боловсролтой, мэдлэгтэй гэж тайлбарлаад байгаагийн үүднээс үзэхэд үйлчлэгч биш учраас хуульд юу гэж заасныг ойлгох учиртай. Тэгээд ч хууль мэддэггүй нь өнөөдөр хүндэтгэн үзэх шалтгаан биш юм. Тийм болохоор шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаагаа дуусгасны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Үүнийг шүүх хүлээн авах боломжгүй гэж хуульд нийцүүлэн шийдвэрлэдэг” гэв.

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “...С дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/*5 тоот “ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэр бичилт хийхийг даалгуулах” гэж тодорхойлж байгаад “...С дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/*5 тоот “ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулж, эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэр бичилт хийлгэхийг даалгуулах”  гэж өөрчилжээ.

          Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

           Нэхэмжлэгч Д.Г нь С дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/26 дугаар тушаалаар 19 дүгээр хороо хариуцсан халамжийн мэргэжилтнээр  томилогдон ажиллаж байгаад С дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/*5 дугаар тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ. Нэхэмжлэгч энэхүү тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд хандаж, Төрийн албаны зөвлөл 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1168 дугаар албан бичгээр “шүүхийн байгууллагад хандах нь зүйтэй” гэж хариу хүргүүлсэн тул 2016 оны 11 дүгээр  сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

           С дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/*5 дугаар тушаалаар Д.Гыг үүрэгт ажлаас нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.5, 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасныг үндэслэн С дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн бүтэц, орон тоо шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулж чөлөөлжээ. 

            Өөрөөр хэлбэл хариуцагч нэхэмжлэгчийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн бүтэц, орон тоо шинэчлэгдсэнтэй холбогдуулж тухайн  орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр  3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг  олгожээ.

            Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заажээ. Хавтаст хэрэгт авагдсан  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Дүүргийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтсийн бүтэц, орон тоо батлах тухай” А/11 дүгээр тушаалаар С дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг 78-иар, Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан хорооны мэргэжилтний орон тоог 42-иор баталсан бичгийн нотлох баримт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хороо хуучин  нийгмийн халамж, үйлчилгээ гэж байсан одоо шинэ тушаалаар хөдөлмөр эрхлэлт халамжийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн гэж бий болсон. Өмнө 3 мэргэжилтэн ажиллаж байсан бол одоо 1 мэргэжилтэн ажиллаж байгаа” гэсэн тайлбар зэргээс харахад төрийн байгууллага өөрчлөн байгуулагдаж, албан хаагчийн эрхэлж байсан хороо хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсан биш цөөрсөн байна. Өөрөөр хэлбэл “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн байгууллагын  зохион байгуулалтын  бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгох бөгөөд “орон тоо цөөрүүлсэн” гэдэгт байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил албан тушаалын хэд хэдэн орон тоооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно.

            Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заажээ. Энэ нь  төрийн байгууллага өөрчлөн байгуулагдаж албан хаагчийг урьд эрхэлж байсан албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй болсон тохиолдолд үйл ажиллаганы мэргэшлийн үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг чадвар, ажлын дадлага туршлага зэргийг харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг тухайн албан тушаалд эрх бүхий этгээд томилохоор заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.

         Нэхэмжлэгч Д.Г нь 2008 онд Төрийн жинхэнэ албан хаагчийг тангараг өргөсөн, үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээгээр “А” буюу “маш сайн” үнэлэгдэж байсан байна. Д.Г нь Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн хороо хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтоор бол ажлын байрны нэр: хороо хариуцсан нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн, албан тушаалын ангилал: дэс түшмэл, албан тушаалын зэрэглэл: ТЗ-4, ажлын байрны зорилго:  Монгол улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогын баримт бичиг, Үндэсний хөтөлбөрүүд, Нийгмийн халамжийн хууль тогтоомж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тухай хууль тогтоомж, журам, заавар, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, нийгмийн халамжийн багц хуулиудын дагуу иргэдэд тэтгэвэр, тэтгэмж, тусламж хөнгөлөлт олгох үйл ажиллагаагааг зохион байгуулах юм байна. Тэгвэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан хорооны мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт нь  ажлын байрны нэр: хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан хорооны мэргэжилтэн, албан тушаалын ангилал: дэс түшмэл, зэрэглэл: ТЗ-4, ажлын байрны зорилго: хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн халамжийн талаарх хууль тогтоомж, төрийн бодлого, зорилт чиг үүргийг орон нутагт хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэх гэжээ. Дээрх ажлын байрны тодорхойлолтын үндсэн зорилтын 4-10 дугаар заалтаас харахад Д.Гын өмнө эрхэлж байсан ажил албан тушаалын чиг үүргийг хэрэгжүүлэхээр заажээ.

            Хариуцагч  Д.Гыг  ажлаас чөлөөлөх үндэслэлдээ заагаагүй боловч шүүхэд ирүүлсэн тайлбартаа Хэлтсийн дарга байсан Д.Б нь  өөрийн төрсөн эгч Д.Гыг ажилд томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.3-д “ хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд албан үүргийн хувьд нэг нь нөгөөдөө шууд захирагдах буюу шууд хяналт тавих албан тушаалалтантай гэр бүл, садангийн хүн нь тухайн ажлын албаны нэгжид хамт ажиллахаар” гэсэн заалтыг зөрчсөн. Мөн нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “албан тушаалтан энэ хуулиар зөвшөөрснөөс өөр ажил, албан тушаал давхар эрхлэхийг хориглоно” гэж заасныг зөрчиж, С дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн /хуучин нэрээр/ даргыг 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаартай “Х” олон улсын  хүүхдийн байгууллагын төлөөлөгчийн газрын тэргүүнтэй байгуулсан “ажил гүйцэтгэх гэрээ”-нд зааснаар 19 дүгээр хороо хариуцсан халамжийн мэргэжилтэн Д.Г нь тус олон улсын байгууллагын “Э” хүүхдийн номын өргөөний номын санг хариуцан ажиллаж байсан. Мөн Д.Г нь С дүүргийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/180 дугаар захирамжаар хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авч 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хүүхэд харах үйлчилгээг  эрхэлж байсан гэжээ.

          Хавтаст хэрэгт авагдсан  2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Х” олон улсын хүүхдийн байгууллагын төлөөлөгчийн газрын тэргүүн Н.Т*******, С дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга Д.Б нарын хооронд байгуулсан “Ажил гүйцэтгэх тухай” 18 дугаар гэрээгээр гүйцэтгэгч талыг төлөөлж Д.Г ажиллахаар, 2016 оны 04 дүгээр сарын 28-ний өдрийн 25 дугаартай хамтран ажиллах гэрээ, 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр олгосон хүүхэд харагч бэлтгэх сургалтанд хамрагдсан гэрчилгээ, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн  СХД/160005 дугаартай хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл, хүүхдийн судалгаа зэрэг бичгийн нотлох баримтуудаар хариуцагчийн ирүүлсэн тайлбар нотлогдож байна. 

           Гэвч С дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн /хуучин нэрээр/ даргыг 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаартай “Х” олон улсын  хүүхдийн байгууллагын төлөөлөгчийн газрын тэргүүнтэй байгуулсан “ажил гүйцэтгэх гэрээ”-р “Х” олон улсын байгууллагын санхүүжилтээр С дүүргийн хүүхдүүдэд зориулсан номын санг тус дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дэргэд байгуулж, тус номын санг Д.Гыг ажиллуулахаар байгууллагаас томилжээ. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасан төрийн албаны захирах захирагдах зарчим, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-д  зааснаар харъяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх нийтлэг үүргийн хүрээнд номын сангийн ажлыг хариуцан ажиллуулсан байна.  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.3-д зааснаар Д.Г нь удирдах ажилтныхаа бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр тус ажил үүргийг гүйцэтгэжээ. Д.Гын хүүхэд харах үйлчилгээнээс олсон жилийн орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс илүүгүй  байх тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6 дахь заалтыг  зөрчөөгүй байна. Төрсөн дүү нь эгчийгээ ажилд авсан гэсэн тайлбарын тухайд  энэ нь төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх үндэслэл биш бөгөөд нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалд энэ үндэслэлийг заагаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд яригдах асуудал биш байна.

Д.Г нь ажлаас халагдахдаа 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг болох 1803147/ нэг сая найман зуун гурван мянга нэг зуун дөчин долоон/ төгрөгийн тэтгэмж авсан байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

       

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 27дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3-д заасныг тус тус баримтлан Д.Гын нэхэмжлэлээр Сонгино хайрхан дүүргийн  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад холбогдуулан гаргаснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, С дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/*5 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Гыг урьд эрхэлж байсан Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан хорооны мэргэжилтний үүрэгт ажилд томилохыг С дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад даалгасугай. 

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаа буюу 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх нийт 5 сар 20 хоногийн  дундаж  цалин хөлстэй  тэнцэх олговор нийт 3.397.343 /гурван  сая гурван зуун ерэн долоон мянга гурван зуун дөчин гурвөн/ төгрөгөөс 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг болох 1803417 /нэг сая найман зуун гурван мянга дөрвөн зуун арван долоо/ төгрөгийг хасаж тооцож нийт 1593926 /нэг сая таван зуун ерэн гурван мянга есөн зуун хорин зургаан/  төгрөгийг  Д.Гад олгохыг С дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад даалгасугай.

3. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Д.Гын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасугай.

  4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             Д.ЧАНЦАЛНЯМ