Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 125/2019/0004/З |
Дугаар | 221/МА2019/0407 |
Огноо | 2019-08-01 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2019/0407
З.Э-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Г.Билгүүн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Ховд аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г /цахимаар/ нарыг оролцуулан, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор З.Э-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг дарга, Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/706 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3, 131.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/706 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн илтгэх хуудас, дүгнэлтийн “хүүхдэд 1 хоол өгчихөөд 2 хоол өгснөөр баримт бүрдүүлсэн нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д “Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна”, 13.6-д “Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна”, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” гэсэн заалтыг зөрчсөн” гэсэн хэсгийг, Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/03 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг тус тус хүчингүй болгож, З.Энхцэцэгийг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоон, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2.848.062 төгрөгийг Ховд аймгийн Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгээс гаргуулж З.Э-т олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шалгалтын явцад нэгэнт хуралдаан дээр зөрчлийг хүлээн зөвшөөрсөн байхад энэ талаарх баримтыг цуглуулаагүй, нөхцөл байдлыг тогтоогоогүй гэж дүгнэсэн нь буруу юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэхээр заасан байдаг. Хэрэв гэрчийн мэдүүлснээр тухайн нөхцөл байдал хангалттай тогтоогдохгүй байна гэж үзэж байгаа бол энэ талаарх нотлох баримтыг шүүх өөрөө цуглуулах үүрэгтэй байсан ба энэ үүргээ шүүх биелүүлээгүй. 50 хүүхдийн тоог 2018.12.11-15 өдрүүдэд нэмсэн талаар тус цэцэрлэгийн 5 ажилтны бичгээр гаргасан тайлбар байдаг бөгөөд уг тайлбарт эрхлэгч З.Э гарын үсэг зурсан байдаг. Хүүхдийн тоог яг хэзээ нэмсэн талаар нэхэмжлэгч болон хэрэгт авагдсан баримт зөрүүтэй байхад дан ганц нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ сахилгын шийтгэл ногдуулах хугацаа хэтэрсэн байхад ажлаас чөлөөлсөн гэж үндэслэж энэ талаар маргаагүй юм. Хэрэв ингэж маргасан бол хариуцагчийн зүгээс энэ нөхцөл байдалтай холбоотой баримтуудыг нэхэмжлэгчээс гаргуулахаар байсан. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар өвчтэй байгаа ажилтныг ажлаас чөлөөлөх эрх зүйн үндэслэл байхгүй. Ингэхээр сахилгын шийтгэл ногдуулах хугацаа хэтрүүлсэн гэдэг үндэслэл нь хуульд нийцээгүй байна. Ажлын байранд архи хэрэглэсэн талаар гэрч А.С, Х.Н нар “З.Э ажлын байранд архи уусан, миний жишгээр ууна шүү гээд өөрөө эхэлж уусан” гэж мэдүүлсэн, 15 дугаар цэцэрлэгийн хөгжмийн өрөөнд ширээн дээр архи тавьсан, өөрөө зогсож байгаа зурагнууд хэрэгт авагдсан, тухайн өрөө 15 дугаар цэцэрлэгийн хөгжмийн өрөө мөн болохыг шүүх үзлэгээрээ тогтоосон байхад гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй, гэрчийн мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдохгүй байна гэсэн нь буруу байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв талаас нь үнэлээгүй, нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй, гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгах ажиллагаа хийгээгүй, талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн нь хууль зөрчсөн, нэг талын эрх ашигт үйлчилсэн гэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч З.Э нь анх “Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/706 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, илтгэх хуудсыг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
Маргаан бүхий Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/03 дугаар захирамжаар нэхэмжлэгч З.Э-ийг “хуурамч бичиг баримт бүрдүүлж санхүү эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил гаргаж ажил олгогчийн итгэлийг алдсан, байгууллага дээр ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зөрчлүүд гаргаж хөдөлмөрийн гэрээг зөрчсөн” гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалсан.
Дээрх захирамжид дурдсан зөрчлүүдийг аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/706 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсгийн шалгалтаар илрүүлсэн гэж хариуцагчаас тайлбарласан байх ба уг ажлын хэсгийн илтгэх хуудас болон дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Тодруулбал, маргаан бүхий аймгийн Засаг даргын Б/03 дугаар захирамжийн үндэслэл болсон “хуурамч бичиг баримт бүрдүүлж санхүү эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил гаргаж ажил олгогчийн итгэлийг алдсан” гэдэгт тайзны хөшгийг хөгжмийн багш хувиасаа төлсөн байхад 220.000 төгрөг давхардуулсан шилжүүлсэн, цэцэрлэгт ирсэн хүүхдийн тоог дур мэдэн нэмсэн, хүүхдүүдэд нэг хоол өгчихөөд 2 хоол өгснөөр материал бүрдүүлсэн зэрэг зөрчлүүдийг хамааруулсан байх бөгөөд “хүүхдүүдэд нэг хоол өгчихөөд 2 хоол өгснөөр материал бүрдүүлсэн” гэх зөрчил тогтоогдоогүй, энэ талаар цэцэрлэгийн багш, эрхлэгч нар хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаагүй, ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцсэн дүнгийн хурал дээр энэхүү зөрчлийн талаар дахин шалгах шаардлагатай гэж дурдагдсан зэргээс үзвэл уг зөрчлийг тогтоогоогүй байна.
Дээрх зөрчлийг ажлын хэсэг шалгаж тогтоогоогүй гэх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас ажлын хэсгийн илтгэх хуудсын Дөрөв дэхь хэсгийн 7-д заасан “өдөрт 1 хоол өгчихөөд 2 хоол өгснөөр материал бүрдүүлсэн” гэсэн хэсгийг болон дүгнэлтийн “Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д “Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна”, 13.6-д “Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна”, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” гэсэн заалтыг зөрчсөн гэснийг хүчингүй болгосныг буруутгах боломжгүй.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “2 удаа хоол өгөх байсан ч нэг удаа өгсөн зөрчлийг хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн байхад энэ талаарх баримтыг цуглуулаагүй, нөхцөл байдлыг тогтоогоогүй гэж дүгнэсэн нь буруу, шүүх өөрөө нотлох үүрэгтэй байсан” гэх гомдлыг хангахгүй.
Харин “цэцэрлэгт ирсэн хүүхдийн тоог дур мэдэн нэмсэн” гэх зөрчил гаргасанаа цэцэрлэгийн эрхлэгч, багш нар хүлээн зөвшөөрсөн, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 15-ны өдрийн хооронд 50 хүүхдийг ирснээр бүртгэсэн зөрчил гаргасан нь тогтоогдсон байна.
Түүнчлэн, “байгууллага дээр ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн” гэх зөрчлийн тухайд анхан шатны шүүх холбогдох нотлох баримтыг зөв үнэлсэн, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаар тогтоолын 1.7-д заасан “төрийн албан хаагч албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис, хэрэгслийг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашиглахыг байгууллагын дотоод журамд тусган хориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох” гэснийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, гэрч А.Солонго, Х.Нямдаваа нарын мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй гэж дүгнэх боломжгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь дээрх гэрч нарт сахилгын шийтгэл ногдуулж байсан, ёс зүйн зөвлөлд шилжүүлж байсан, тэдэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан, гэрч Х.Нямдаваа аймгийн Засаг даргад гомдол гаргасан үйл баримтууд нотлогдож байхад эдгээр гэрчийн мэдүүлгийг үнэн зөвд тооцох боломжгүй, гэрэл зургийн үзүүлэлт нь архи, согтууруулах ундаа хэрэглэж байгааг нотолсон нотолгоо болж чадахгүй байна.
Иймд нэхэмжлэгч З.Энхцэцэгийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж шууд буруутгах үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн төлөөгчөөс гаргасан “гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй, гэрчийн мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдохгүй байна гэсэн нь буруу” гэх гомдлыг хангах боломжгүй.
Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэвэл маргаан бүхий аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/03 дугаар захирамжийн үндэслэл болсон зөрчлүүдээс “цэцэрлэгт ирсэн хүүхдийн тоог дур мэдэн нэмсэн” гэх зөрчил нотлогдсон гэж үзэхээр ч уг зөрчил үйлдэгдсэн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс тооцож үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхээр байна.
Маргаан бүхий энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэх ба хуулийн 40.1.5-д заасан “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэх хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл хамааралгүй, цэцэрлэгийн эрхлэгчийг мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтаны хувьд үүргээ зөрчсөн гэж үзэхгүй.
Ийнхүү маргаан бүхий захирамжид заасан зөрчлүүд нотлогдоогүй, нотлогдсон зөрчил нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан “мэргэшсэн, тогтвортой байх” зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болох ба уг захирамжийг хүчингүй болгож З.Э-ийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон нь хуульд нийцнэ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ О.НОМУУЛИН