Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | О.Зандраа |
Хэргийн индекс | 128/2015/0345/з |
Дугаар | 001/ХТ2016/0042 |
Огноо | 2016-02-15 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 001/ХТ2016/0042
Х.Э-ы нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сумъяа даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, О.Зандраа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Х.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Г, хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 692 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 562 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Х.Э-ы нэхэмжлэлтэй, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Зандраагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Х.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/199 дүгээр тушаалд “Газрын удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүи биелүүлж...” гэсэн байна. Миний бие нэгжийн менежерийн хувьд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга, ерөнхий менежертэй байгуулсан 2014 оны үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн биелүүлсэн гэж 82 үнэлгээ авсан. Энэ нь бусад зарим хэлтсийн үнэлгээнээс дээгүүр оноо юм. Газрын удирдлагын үүрэг даалгаврын биелэлтийн 14 хоногийн тоон мэдээг тухай бүрт нь хугацаа хоцроолгүй гарган өгч ямар ч зэмлэл хүртэж байгаагүй. Дүүргийн нутаг дэвсгэрт гарсан осол, хордлогын талаар ажлын цагаас үл хамааран тухай бүрт нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргыг мэдээллээр хангаж, газар дээр нь очиж үр дагаврыг арилгуулах талаар ажиллаж байсан. Ямар үүрэг даалгавар өгсөн, түүнийг хэрхэн биелүүлээгүй талаар тушаалд дурдсаныг мэдэхгүй байна.
Мөн тушаалд “хэлтсийн болон улсын байцаагчдын өдөр тутмын үйл ажиллагааг удирдлага, арга зүйгээр хангаж ажиллаагүй, албан ажилдаа хайнга хандаж үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн” гэжээ. Миний бие Монгол Улсын хууль, төр засгийн бодлого, шийдвэрийг хэлтсийн хэмжээнд зохион байгуулах, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын шийдвэрийг хэлтсийн хэмжээнд хэрэгжүүлэх, удирдлагаар хангах ажлыг зохион байгуулах, хэлтсийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, хэлтсийн ажилтнуудын орон тооны бусаар хариуцах ажил үүргийн хуваарийг баталж мөрдүүлэх, хяналт тавих, үнэлгээ өгөх, ажилтнуудын санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэж ирсэн.
Улсын байцаагчийн төлөвлөгөөт бус шалгалтын удирдамжийг гаргуулж батлан, хэрэгжилтийг хангуулан хяналт тавих, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн санал, өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэж байсан. Түүнчлэн улсын байцаагчийн хяналт шалгалтын баримт бичгийн стандартыг хангуулахад тухай бүр нэг бүрчлэн хяналт тавьж байсан. Багаар ажиллах зарчмыг нэвтрүүлэн улсын байцаагч нарын чадавхийг дээшлүүлэн тасралтгүй суралцагч хэлтэс болох зорилт дэвшүүлэн ажиллаж ирсэн.
Миний бие төрийн алба, түүний дотор удирдах албан тушаалыг олон жил хийхдээ нэг ч удаа сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй. Миний даргаар ажиллаж байх хугацаанд манай хэлтсийн нэг ч улсын байцаагч сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй нь тус хэлтсийн ажил хууль, дүрэм журмын хүрээнд сайн явагдаж байсныг харуулна. Төрийн алба, түүний дотор гааль, хяналтын албанд олон жил үр бүтээлтэй ажиллаж төр засгаас Алтан гадас одон, Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, Төрийн хяналтын тэргүүний ажилтан, Гаалийн албаны тэргүүний ажилтан, Санхүү, банкны тэргүүний ажилтан, Боловсролын тэргүүний ажилтан, Төрийн албаны тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдаж байсан. Эдийн засгийн ухааны доктор, профессор, гаалийн зөвлөх цолтой. Дээрх тушаалд үндэслэл болгосон Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7, Газрын хөдөлмөрийн дотоод журмын 10.1.2, 10.1.4 дэх заалтыг зөрчөөгүй гэдгийг батлан бичиж байна.
Иймд, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/199 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Х.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “Миний бие Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны Б/199 дүгээр тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж хүчингүй болгуулахаар Төрийн албаны зөвлөл болон захиргааны хэргийн шүүхэд хандсан. Гэтэл уг хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар албан бичгээр Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан байна.
Уг сонгон шалгаруулалт нь миний хөндөгдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо шүүхээр хамгаалуулах эрхийг зөрчиж байгаа учир Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 27 тоот албан бичгээр Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд зарласан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Х.Э-ыг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7, Газрын хөдөлмөрийн дотоод журмын 10.1.2, 10.1.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн төрийн албанаас халсан.
Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс нь Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын 6 улсын байцаагчтай боловч нэг улсын байцаагчид орчны эрүүл ахуйн болон хүүхэд, өсвөр үеийн хяналт тавих чиг үүргийг өгч, ажлын хэт ачаалал үүсгэсэн. Энэ талаар Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн даргаас удаа дараа чиглэл, үүрэг өгсөөр байтал зөрчлийг арилгаагүй нь Хөдөлмөрийн дотоод журмын 3.1.2-т “Албан хаагчийн өдөр тутмын ажлыг хэлтсийн даргаар дамжуулан удирдана”, 3.1.3-т “Албан хаагчдын хөдөлмөрийг оновчтой зохион байгуулж, мэргэжил, мэргэшлийн дагуу ажиллуулна” гэж заасныг, мөн Ажлын байрны тодорхойлолтын 1 дүгээр үндсэн зорилтын 1.1-д “хэлтсийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, хяналт тавих, үр дүнд шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, холбогдох арга хэмжээг авч ажиллах”, 1.2-т “Газрын дотоод журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих” гэж заасныг тус тус зөрчсөн.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.л-д “нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагад орон нутаг, ард иргэдийн эрх ашигтай холбоотой асуудлаар хууль тогтоомжид заасан хэмжээ, хязгаарын дотор үүрэг,
чиглэл өгч, биелэлтийг нь хангуулах” гэж заасан Засаг даргын бүрэн эрхэд хамаарах асуудлаар Баянгол дүүргийн Засаг даргыг цаг үеийн холбогдолтой мэдээ, мэдээллээр хангаж ажиллаагүй.
Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж
байсан Х.Э нь хэлтсийнхээ 2015 оны 3 дугаар сард хийж гүйцэтгэсэн
ажлын тайлан, мэдээг хангалтгүй мэдээлсэн, ажилтан, албан хаагчдынхаа цаг
ашиглалтад хяналт тавьж ажилладаггүй, ажлын байран дээрээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр байгаагүй нь газрын Хөдөлмөрийн дотоод журмын 6.2-т “Ажлын цаг ашиглалтын байдалд харьяалах хэлтсийн дарга, цагийн бүртгэл хөтлөлтийн байдалд Төрийн захиргаа, удирдлагын газар хяналт тавина”, 6.1-д “... Ажилтан ажилд ирэх, тарахдаа цаг ашиглалтыг цаг бүртгэлийн аппаратад өөрийн биеэр бүртгүүлэх, албан хаагч нь ажлын цагийн дундуур гадуур ажлаар явахдаа хэлтсийн даргад, хэлтсийн дарга нар Төрийн захиргаа, удирдлагын газрын даргад, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга дэд даргад, дэд дарга Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргад мэдэгдэнэ” гэснийг, мөн ажлын байрны тодорхойлолтын 1 дүгээр үндсэн зорилтын 1.1-д “хэлтсийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, хяналт тавих, үр дүнд шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, холбогдох арга хэмжээг авч ажиллах” гэж заасныг тус тус зөрчсөн.
Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн албан хаагчдаас Төрийн захиргаа, удирдлагын газарт хэлтсийн дарга Х.Э-ы үндсэн ажил үүрэг болон ёс суртахууны талаар гаргасан гомдлын дагуу шалгахад дараах зөрчлүүд илэрсэн. Үүнд:
- Албан хаагчдын ажлын цаг ашиглалт хангалтгүй, хоцролт таслалт их байгаа нь газрын Хөдөлмөрийн дотоод журмын 6.2-т “Ажлын цаг ашиглалтын байдалд харьяалах хэлтсийн дарга, цагийн бүртгэл хөтлөлтийн байдалд Төрийн захиргаа, удирдлагын газар хяналт тавина” гэж заасныг,
- Хэлтсийн дарга Х.Э өглөө, орой явсан цагаа бүртгүүлдэггүй нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ажилтнуудын цагийн бүртгэл, цаг ашиглалтад хяналт тавих журмын 2.1-д “ажилтан, албан хаагчид нь ажилдаа ирэх, ажлаас тарахдаа цаг бүртгэлийн аппаратад бүртгүүлнэ” гэж заасныг тус тус зөрчсөн.
Иймд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны А/199 дүгээр тушаал хууль, эрх зүйн үндэслэлтэй гэдэг нь хангалттай нотлогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга Ш.Р шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Монгол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 10 дахь заалтад “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь энэ журмын 9-д зааснаас бусад удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулна”, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 128 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журмын 2.4.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол яам, агентлагийн харъяа болон Сайдын эрхлэх асуудлын хүрээний улсын төсвийн байгууллагын дарга /төсвийн шууд захирагч/-ын албан тушаалд томилогдох нэг ажилтныг Төрийн албаны зөвлөлөөс баталсан журам, зааврын дагуу сонгон шалгаруулж, нэр дэвшигчийн талаарх дүгнэлтээ уг ажилтныг томилох эрх бүхий этгээдэд өгөх”, 2.4.3-т “Шүүхийн ерөнхий зөвлөл, Үндэсний статистикийн хороо, яам болон агентлагийн дэргэдэх Салбар зөвлөл нь яам, аймаг, нийслэл, дүүрэгт ажилладаг Шүүхийн тамгын газар, хэлтэс, статистикийн газар, хэлтэс, мэргэжлийн хяналт, татвар, улсын бүртгэл, нийгмийн даатгал, нийгмийн халамж, хөдөлмөрийн салбарын болон тахарын албаны нутгийн захиргааны байгууллагын дарга /төсвийн шууд захирагч/-ын болон тэдгээр байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргын албан тушаалд томилогдох нэг ажилтныг Улсын Их Хурлаас тогтоосон журам, Төрийн албаны зөвлөлөөс баталсан зааврын дагуу сонгон шалгаруулж, нэр дэвшигчийн талаарх дүгнэлтээ уг ажилтныг томилох эрх бүрхий этгээдэд өгөх” гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтыг зохион байгуулдаг.
Тус салбар зөвлөл нь Улсын Дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолын 4 дэх хэсэгт “Хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 -д заасан “... сул орон тоо гарсан...” гэж хуулийн 23, 24, 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан болон төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын ажлын байр суларсан байхыг хэлнэ” гэж заасны дагуу гарсан сул орон тоонд буюу Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд сонгон шалгаруулалт явуулах захиалгаа Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн.
Иймд сонгон шалгаруулалт явуулах захиалгыг хүчингүй болгуулах талаар гаргасан Х.Э-ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 692 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/199 дүгээр тушаал, Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарласан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 27 тоот албан бичгийг тус тус хүчингүй болгож, Х.Э-ыг Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2015 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл 6 сарын хугацааны цалин 6,851,958 төгрөгийг гаргуулан олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргад даалгасан байна.
Хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 562 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 692 дугаар шийдвэрийн “Тогтоох нь” хэсгийн 1 дэх заалтын “28 дугаар зүйлийн 28.2.2” гэснийг “11 дүгээр зүйлийн 11.6, 17 дугаар зүйлийн 17.3” гэж өөрчилж, мөн хэсгээс “36 дугаар зүйлийн 36.1.2” гэснийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.
Хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд “... Х.Э-ы тухайд уг ажлын байрны зорилтоо буюу үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2014 онд “В” буюу “Сайн” дүнтэй гүйцэтгэсэн...”, “Гэтэл хариуцагч албан тушаалтан нэхзмжлэгчтэй байгуулсан 2014 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг “Сайн” гэж дүгнэсэн атлаа дүгнэх хугацаа болоогүй байхад гэрээнд заасан ажил үүргээ буюу хэлтсийн болон улсын байцаагчдын өдөр тутмын үйл ажиллагааг удирдлага, арга зүйгээр хангаж ажиллаагүй, албан ажилдаа хайнга хандаж, үүрэгт ажпаа хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн нь хууль, тогтоомжийн дээрх заалтуудыг зөрчжээ” гэжээ.
Тус шүүх үр дүнгийн гэрээг дүгнэх нь тухайн албан хаагчийн гэрээнд заагдсан ажил үүргээ хэрхэн гүйцэтгэж байгааг хагас бүтэн жилд л хяналт шинжилгээ хийж дүгнэх ёстой мэтээр ойлгогдохоор Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Х.Э нь ажиллаж байх хугацаандаа албан ажилдаа хайнга хандаж, үүрэгт ажлаа хангалтгүй биелүүж, анхааруулах хуудас удаа дараа авч байсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй зэрэг нь Газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр баталсан А/61 дүгээр “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын ажилтнуудын цагийн бүртгэл, цаг ашиглалтанд хяналт тавих журам”-ын 2.1 дэх заалт, “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 6.2 дах заалтыг тус тус зөрчсөн. Удаа дараа ахнааруулга хуудас авч байсан нь Хөделмөрийн дотоод журмын 10.1.16 дахь заалтыг зөрчиж байсан.
Иймд Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга байсан Х.Э-ыг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар төрийн албанаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга нь 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Б/203 дугаар тушаалаар тус газрын Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргаар Х.Э-ыг томилж, 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр “Үр дүнгийн гэрээ” байгуулсан боловч 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/199 дүгээр тушаалаар “газрын удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлж, хэлтсийн болон улсын байцаагчдын өдөр тутмын үйл ажиллагааг удирдлага, арга зүйгээр хангаж ажиллаагүй албан ажилдаа хайнга хандаж, үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн” гэсэн үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг үндэслэн төрийн албанаас халсан байна.
Х.Э нь ажлын байрны тодорхойлолтод заагдсан буюу ажлын байрны үндсэн зорилтуудад хамаарах “Хэлтсийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд хяналтын улсын байцаагч, ажилтнуудыг удирдлага арга зүйгээр хангах”, “Хэлтсийн ажилтантай холбоотой мэдээ, мэдээллүүдийг шуурхай гаргах, мэдээлэх” зорилтоо буюу үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2014 онд 82 хувь, “В” буюу “Сайн” үнэлгээтэй гүйцэтгэсэн, Баянгол дүүргийн Засаг даргыг цаг үеийн холбогдолтой мэдээ, мэдээллээр хангаж, чиг үүргийн хүрээнд хамаарах асуудлаар үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлж, зөрчил дутагдал гаргаж байгаагүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогджээ.
Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална:”, 25.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн;” гэж тус тус заасан байна.
Дээрх хуулийн заалтаас үзэхэд нэхэмжлэгч нь ажлын байрны тодорхойлолтод заасан албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн дотоод журмын 10.1.2-т “Албан үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн;”, 10.1.4-т “Удаа дараа ажлын хариуцлага алдсан;” гэснийг зөрчсөн зэрэг нь тогтоогдохгүй байхад түүнийг төрийн албанаас халсан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны Б/199 дүгээр тушаал хууль бус болжээ.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7-д зааснаар мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх орон нутгийн байгууллагын улсын байцаагчийг томилох, чөлөөлөх асуудал орон нутгийн байгууллагын буюу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын эрх хэмжээнд хамаарч байх тул Х.Э-ыг улсын байцаагчдын хяналтын чиглэлийг тогтоон, сэлгэн ажиллуулж, түр орлон гүйцэтгүүлээгүй гэж буруутгах боломжгүй юм.
Түүнчлэн, нэхэмжлэгч нь шүүхэд ажлаас үндэслэлгүй халагдсан талаар нэхэмжлэл гаргасны дагуу шүүхээс захиргааны хэрэг үүсгэж, маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны Б/199 дүгээр тушаал хууль зүйн үндэслэлтэй эсэхийг шалган, уг хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байхад тухайн актаар чөлөөлөгдсөн албан тушаалтны орон тоог сул орон тоо гэж үзэн сонгон шалгаруулалт зарласан нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, төрийн жинхэнэ албан тушаалд авах заалтад хамаарахгүй бөгөөд Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгосон хууль зүйн үндэслэлийн талаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Шүүхүүд хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.
Харин анхан шатны шүүх шийдвэрийн “Тогтоох” хэсэгт маргааны зүйлд хамаарах Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөв хэрэглээгүй учир давж заалдах шатны шүүх шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулсан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-т “Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хууль буруу хэрэглэсэн бол давж заалдах шатны журмаар захиргааны хэрэг хянан хэлэлцсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь өөрчлөх эрхтэй” гэж заасантай нийцсэн байна.
Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн;”, 172.2.2-т “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны Б/199 дүгээр тушаалын үндэслэл болоогүй байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 6.2, 10.1.16 дахь заалтыг зөрчсөн гэх буюу үйл баримт тоочин бичих байдлаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хяналтын шатны шүүх хуралдааны товыг урдчилан мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 175 дугаар зүйлийн 175.2-т “Зохигч ... тэдгээрийн төлөөлөгч ... шүүх хуралдаанд ирээгүй явдал хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй” гэсний дагуу хэргийг хянан хэлэлцсэн болно.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 562 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.СУМЪЯА
ШҮҮГЧ О.ЗАНДРАА