Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 1151

 

 Хгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/03375 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Хгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХнд холбогдох,

 

ХХХХХХ дугаар байр, ХХХХХХХХХХХ дугаарт бүртгэгдсэн 404 м2 талбайтай хувийн сууц болон эзэмших эрхтэй 649 м.кв газрыг 1 312 713 300 төгрөгөөр үнэлж, дуудлага худалдааны үнийг 918 899 310 төгрөгөөр тогтоосон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах, ХХХны 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 68 тоот шинжээч томилох тогтоол, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 190/02 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХ, өмгөөлөгч ХХХХ нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 4703 дугаар захирамжаар Х надаас 926 653 724 төгрөг гаргуулж, “ХХХХХ” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн . Ингээд дээрх захирамжийн дагуу 802 дугаартай гүйцэтгэх баримт бичигт ХХХнаас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа. ХХХнаас миний хөрөнгө болох ХХХХХХХХ дүүргийн ХХ хороо, ХХХХХХ байр, улсын бүртгэлийн ХХХХХХХХХХХ дугаарт бүртгэгдсэн 404 м.кв талбайтай хувийн сууц болон эзэмших эрхтэй 649 м.кв газрыг 1 312 713 300 төгрөгөөр үнэлж, анхны албадан дуудлага худалдааны үнийг 918 899 310 төгрөгөөр тогтоох болсон талаар 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 3/33744 дугаартай мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн.

Миний бие энэхүү үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тус албанд гомдол гарган, үнэлгээг дахин хийлгэх талаар хүсэлт гаргасан боловч 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. Миний өмчлөлийн ХХХХХХ байр, улсын бүртгэлийн ХХХХХХХХХХХ дугаарт бүртгэгдсэн 404 м.кв талбайтай хувийн сууц болон эзэмших эрхтэй 649 м.кв газрын зах зээлийн ханш нь одоогийн байдлаар 4 тэрбум орчим төгрөгийн үнэлгээтэй байгаа. Манай ойр орчмын манайхтай адилхан хувийн сууцнууд 3 тэрбумаас 4 тэрбумын хооронд зарагдаж байгаа. Гэтэл миний энэхүү хөрөнгийг үнэгүйдүүлж, зөвхөн төлбөр авагчийн мөнгийг гаргаж өгөхийн тулд миний эрхийг зөрчиж байгаад гомдолтой байна. Иймд миний өмчлөлийн ХХХХХХХ байр, улсын бүртгэлийн ХХХХХХХХХХХ дугаарт бүртгэгдсэн 404 м.кв талбайтай хувийн сууц болон эзэмших эрхтэй 649 м.кв газрыг 1 312 713 300 төгрөгөөр үнэлж, дуудлага худалдааны үнийг 918 899 310 төгрөгөөр тогтоосон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү.

Барьцааны эд хөрөнгийг хуульд заасан журмын худалдан борлуулах ажиллагаа явуулах нь зүйн хэрэг боловч зөвхөн төлбөр төлөгчийн төлбөрийг даруй барагдуулах зорилгоор хөрөнгийг үнэгүйдүүлж болохгүй. ХХХнаас Хд хөрөнгийн үнэлгээг өгөхийг мэдэгдсэн хуудас хүргүүлсэн байдаг. Төлбөр төлөгч нь тухайн үл хөдлөх хөрөнгөд өргөтгөл барьсан учир хөрөнгийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар тогтоолгосны дараагаар өгөх хүсэлтээ гаргасан байхад 7 хоногийн дотор шинжээч томилжээ. Шинжээч томилох тухай тогтоолд ХХХны ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгч болон шинжээчээр томилогдсон этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болдог хэмээн ойлгож байна. Шинжээчээр гарын үсэг зуруулж буйн зорилго агуулга нь үнэлгээ дүгнэлтийг үнэн зөв, бодитой гаргах нэг баталгаа болдог. Гэтэл шинжээч томилох тухай 68 тоот тогтоолд шинжээчийн гарын үсэг зурагдаагүй байгаа нь уг тогтоолыг хүчин төгөлдөр хэмээн зөвшөөрөх боломжгүйд хүргэж, нөгөө талаар зориуд шинжээчид эрх, үүргийг тайлбарлаагүй, гарын үсэг зуруулахгүйгээр хөрөнгийг бодит үнэлгээнээс хэт доогуур үнэлүүлсэн хууль бус үйлдэл болжээ. Иймд ХХХны 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 68 тоот шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүй болгуулахыг хүсэж 2 дахь нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байна.

Түүнчлэн бид шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нэг талыг барьж хууль тогтоомж, дүрэм, журмыг зөрчиж явагдаж буй хэмээн нэхэмжлэл гаргасан ба үйл ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлд тусгагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмыг удирдлага болгохгүй байгаа хариуцагчийн үйл ажиллагаа, үйлдэл бүрийг зохих журмын дагуу хүчингүй болгуулах хүсэлтэй байгаа.

Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх түүнийг хураан авах зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна гэж заасан байдаг. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр төлбөр төлөгч Хгийн орон байранд нэвтэрч, барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа явуулахдаа хөндлөнгийн гэрчээр нэг хүнийг байлцуулан явуулсан байна. Дээрх ажиллагаанд хөндлөнгийн 2 гэрчийг байлцуулах хуулийн зохицуулалтыг төлбөр төлөгч мэдээгүйн улмаас тухайн үед гомдол санал гаргаагүй байна. Хожим миний бие энэ нөхцөл байдлыг тогтоон уг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн гаргаж байна.

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолд тухайн ажиллагаанд байлцсан хүмүүс гарын үсэг зурж, тайлал буюу нэрээ бичих ёстой байдаг. Уг тогтоолд хөндлөнгийн гэрчээр ХХХХХХХ гэх хүн гарын үсэг зурж нэрээ бичсэн ба өөр хүн байгаагүй талаар нэхэмжлэгч Х хэлж байна. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь хоёр хөндлөнгийн гэрч байж гарын үсэг зурсан мэтээр тогтоолыг үйлдэж, тэмдэглэл хөтөлсөн байна. Тиймээс дээрх эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Хэдийгээр дээрх эд хөрөнгийг битүүмжлэн хураан авах ажиллагаа явагдах нь зүйн хэрэг боловч энэ бүх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль ёсны дагуу явагдах ёстой. Ийнхүү хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулах хуулийн шаардлагыг зөрчиж ажиллагаа явуулсан байхад хүлээн зөвшөөрч ажиллагааг цааш үргэлжлүүлэх боломжгүй байна. Иймд дээрх тайлбарын хүрээнд ХХХны 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 190/02 тоот эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХХХХХ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 4703 дугаартай захирамжаар Хгаас 926 653 724 төгрөгийг гаргуулж “ХХХХХ” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХ тоотод байрлах хувийн сууцыг газар эзэмших эрхийн хамт 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 190/02 тоот эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 190/07 тоот тогтоолоор хураан авсан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу төлбөр төлөгч Хд үнийн санал ирүүлэхийг 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 3/18831, 2015 оны 8 сарын 19-ний өдрийн 3/27973 тоот мэдэгдлээр тус тус мэдэгдсэн боловч дурьдсан хугацаанд үнийн санал ирүүлээгүй. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31, 37 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн үнэлгээчин томилон үнэлэгдсэн үнэлгээг 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 3/33744 тоот мэдэгдлээр мэдэгдсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт хөндлөнгийн гэрч оролцуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульчилсан байх бөгөөд битүүмжлэх ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулахыг хуульчлан тогтоогоогүй байна. Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт бусад тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч өөрийн үзэмжээр хөндлөнгийн гэрчийг оролцуулж болно гэж заасан байна.

Хөндлөнгийн гэрчээр хоёр хүн оролцуулсан мэтээр зохиож тэмдэглэл үйлдсэн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна. Хөндлөнгийн гэрчээр хэд хэдэн этгээд байлцуулахаар байсан боловч нэхэмжлэгч Х өөрийн болон эд хөрөнгийн аюулгүй байдлаа бодолцож зөвхөн нэг этгээдийг гэртээ оруулахыг зөвшөөрсөн. Бусдыг нь оруулаагүй. Харин гагцхүү гэрт орсон ХХХХХХ гэж гэрч тогтоолд гарын үсэг зурсан бөгөөд тэрээр тогтоолд гарын үсэг зурахдаа эхлээд нэрийн тайллаа өөрөө бичээд түүнийхээ дор гарын үсгээ зурсан байгаа. Миний бие мөн нэрийн тайллыг нь давхар бичсэн тул тус тогтоолд нэг хүний нэр 3 удаа дурдагдсан болно. Хоёр хөндлөнгийн гэрчээр зуруулсан зүйл байхгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Хгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ХХХХХ” ББСБ нь Хд холбогдох Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн албадан гүйцэтгүүлэх тухай 07464 тоот шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хийлгүүлэхээр шийдвэр гүйцэтгэлийн албанд хандаад байна. Тус ажиллагаа одоогоор тус шүүгчийн захирамжаар түдгэлзсэн байгаа бөгөөд манай байгууллага одоо болтол хохирлоо арилгуулж чадаагүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээч томилон маргаж буй орон сууцыг үнэлсэн. Уг ажиллагааг хууль бус болсон гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй юм. Учир нь уг байртай адил төстэй байрууд зах зээлд ийм үнээр л зарагдаж байна. Нэхэмжлэгч байрыг 3-4 тэрбум төгрөг болно гэж маргадаг. Гэтэл энэ үнээс нь бага үнээр зарах гээд зарагдахгүй байгаа нөхцөл байдал нь зах зээлийн ханш 3-4 тэрбум төгрөг биш гэдгийг нотлох юм. Битүүмжлэх, хураах ажиллагааны хувьд би өөрөө хажууд нь байсан. 2-3 хөндлөнгийн гэрч байлцуулахаар гудамжнаас авчирсан боловч Х өөрөө тэдгээр хүмүүсийг оруулаагүй. Бид гадаа нь хүлээж байгаад л явсан. Өөрөө нөхцөл бололцоогоор нь хангаагүй атлаа одоо хөндлөнгийн гэрч оруулаагүй гэж үндэслэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.1.5-т заасны дагуу ХХХны ХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХ гудамж, ХХХХХХХ хаягт байрлах хоёр давхар амины орон сууцанд үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн шинжээч томилох тухай 68 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасны дагуу ХХХны 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн эд хөрөнгийг битүүмжлэх тухай 190/02 тоот тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ХХХнаас 140 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөг ХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүх эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр байлцсан гэх ХХХХХХХыг гэрчээр асуулгаж түүнээс өөр 1 этгээдийг хөндлөнгийн гэрчээр хамт байлцуулсан эсэхийг тодруулахаар хүсэлт гаргасан боловч хангахгүй орхисон. Энэхүү гэрчийг асууснаар бидний энэ шаардлага нотлогдох боломжтой байсан ба хариуцагч болон гуравдагч этгээд хөндлөнгийн 2 гэрчийг байлцуулсан гэдгийг нотолж чадаагүй ба анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг бүрэн дүүрэн явуулсан гэж үзэх боломжгүйд хүрээд байна. Иймд нэхэмжлэлийг хангаагүй шийдвэрлэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч Х нь хариуцагч ХХХнд холбогдуулан албадан дуудлага худалдааны үнийг 918 899 310 төгрөгөөр тогтоосон шйдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн шинжээч томилох тухай 68 дугаар тогтоол болон 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн эд хөрөнгийг битүүмжлэх тухай 190/02 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулахаар шаардсан байна.

            Нэхэмжлэгч албадан дуудлага худалдааны үнэ тогтоохдоо барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээ гэрчилгээнд бичигдсэнээс илтэд нэмэгдсэн байхад бодит байдлыг харгалзалгүйгээр, зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн тул үнэлгээ тогтоосон шинжээчид эрх, үүргийг танилцуулаагүй, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд хөндлөнгийн 2 гэрч оролцуулаагүй хууль зөрчсөн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ.

            Хариуцагч нь шинжээч томилох, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, эд хөрөнгө битүүмжлэхэд хөндлөнгийн 2 гэрч оролцуулах гэсэн хуулиар тогтоосон журам байхгүй гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

            Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 4703 дугаар захирамжид Хгаас 926 653 724 төгрөг гаргуулж “ХХХХХ” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн ба уг шийдвэрт олгогдсон гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн ХХХ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна.

            ХХХ нь ХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хорооны ХХХХХХ хаягт байрлах хоёр давхар амины орон сууцны үнэлгээг тогтоолгохоор   томилогдсон “ХХХХХХХ” ХХК 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр үнэлгээний дүгнэлт гаргасныг шийдвэр гүйцэтгэх албанаас 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгч Хд мэдэгдсэн, нэхэмжлэгч уг үнэлгээг  эс зөвшөөрч 10 дугаар сарын 02-ны өдөр гомдол гаргасанд хариуцагч байгууллага 10 дугаар сарын 08-ны өдөр гомдлыг хүлээн авах үндэслэлгүй талаарх хариу өгсөн баримт хэрэгт авагджээ.

            Хэргийн дээрх баримтаас үзвэл нэхэмжлэгч нь үнэлгээний дүгнэлт гарсан тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасан хугацаанд дахин үнэлүүлэх хүсэлтээ хариуцагчид гаргасан, гомдлыг шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр гарснаас хойш 7 хоногт багтаан шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэгч шүүхэд хандсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

            Үнэлгээний зүйл болох Хгийн өмчлөлийн амины орон сууцны талбайн хэмжээг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2007 онд бичигдсэн гэрчилгээнд 404 м.кв гэж /хх-132/, нэхэмжлэгчийн хүсэлтээр “ХХХХХХХХХ” ХХК-иас уг амины орон сууцны гадна суурийн хэмжээг хэмжиж гаргасан 2016 оны тэмдэглэлд 1 дүгээр давхрын талбайн хэмжээ 271 м.кв, хоёрдугаар давхар түүнээс харьцангүй том хэмжээтэй /хх-155-159/ гэж тодорхойлсон нь хэрэгт авагджээ.

Шинжээчээр томилогдсон “ХХХХХХХ” ХХК талбайн хэмжээний дээрх илт зөрүүтэй байдлыг хэд хэдэн өмчлөх эрхийн гэрчилгээтэй байх магадлалтай гэж тайлбарласан атлаа үнэлж буй объектыг газар дээр нь танилцаж, шаардлагатай бол эрх бүхий этгээдээр хэмжилт хийлгэх ажиллагааг хийлгүй, үнэлгээ хийх үеийн нөхцөл байдлыг тодруулалгүйгээр үнэлгээний дүгнэлт гаргасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.1.5 дахь хэсэгт заасанд нийцээгүй байна.

            Түүнчлэн ХХХны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 68 дугаар тогтоолоор “ХХХХХХ ХХК”-ийг төлбөр төлөгч Хгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээчээр томилохдоо Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийг зөрчсөн болох нь хэргийн баримт, шинжээч ХХХХХХХХХХын тайлбараар тогтоогдсон байна.  /хх-45, 175/

Хэрэгт авагдсан баримт, нөхцөл байдлуудаас үзвэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас төлбөр төлөгч Хгийн өмчлөлд байгаа шийдвэр гүйцэтгэлийн журмаар битүүмжлэгдсэн 2 давхар амины орон сууцны зах зээлийн үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилохдоо хуулиар тогтоосон журмыг баримтлаагүй, шинжээч үнэлгээ хийхдээ үнэлгээ тогтоох журмыг зөрчсөн нь тогтоогдсон байна.

Дээрх үндэслэлүүдээр  шинжээч томилсон тогтоол, шинжээчийн үнэлгээний дүгнэлтийг үндэслэн дуудлага худалдааны үнийг 918 899 310 төгрөгөөр тогтоосон шйдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах үндэслэлтэй байх ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Харин шийдвэр гүйцэтгэлийн журмаар төлбөр төлөгчийн эд хөрөнгийг  битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 190/02 тоот тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасан хугацаанд гаргаагүй тул нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/03375 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХы гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.ЗОЛЗАЯА

                        ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ