Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
Хэргийн индекс | 102/2016/04400/И |
Дугаар | 03557 |
Огноо | 2016-04-29 |
Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 03557
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн нэхэмжлэлтэй,
Гуравдагч этгээд: Баянгол дүүргийн 12-р хороо, 13-22 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ПЮ78120816, Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Энхтөрийг албадан эмчилгээнд явуулахыг хүссэн хүсэлтийг 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Э.Чамин-Эрдэнэ, гуравдагч этгээд П.Энхтөр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: П.Энхтөр нь Баянгол дүүргийн 12-р хороо, 13-22 тоотод оршин суудаг, Ар гэр болон оршин суугдчаас гомдол гаргадаг. Гэр орондоо хүмүүс цуглуулж архи уудаг. Олон хүн цугуулснаас болж орон сууцны оршин суугчид гарч орохоос айдаг. Мөн ээж нь манай хүүхэд гэртээ архичид цуглуулж архи уугаад байна. арга хэмжээ авч өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан гэв.
Гуравдагч этгээд П.Энхтөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайд миний таньдаг хүмүүс ирээд архи уудаг. Гэрээр найз нөхөд ирээд уухаар орцны жижүүр их хүн цуглууллаа гэдэг. 2016 оны 4-р сарын 24-ны өдөр манайд ирж уусан хүмүүс манай хавьцаа асуудал үүсгэсэн юм шиг байна лээ. Би энэ оны 6-р сард Архангай аймаг руу архины эмчилгээнд явах санаатай байсан гэв.
Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс П.Энхтөрийг албадан эмчилгээ хийлгүүлэх хүсэлтийг шүүхэд гаргажээ.
П.Энхтөр нь орон гэртээ бусдыг цугуулан архи ууж гэр бүл болон оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулдуулж агсан тавьж танхайран захиргааны арга хэмжээ авагдаж, удаа дараа эрүүжүүлэгдсэн нь захиргааны зөрчлийн баримт, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогдсон байна.
Түүнчлэн ээж Ц.Батнанжин 2016 оны 4-р сарын 28-ны өдөр архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг гаргасан. Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Согтууруулах, мансууруулах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлэгийн дүгнэлт”-ээр архинд донтох өвчтэй нь тогтоогдсон байх тул түүнийг албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Энхтөрийг албадан эмчилгээнд явуулсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Шийдвэрийг нэхэмжлэгч, гуравдагч этгээд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА