Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 184

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Ц.Хашбаатар, шүүгдэгч Д.Ө, нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Д.Ө-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1803009970047 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянцагаан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, Цагдаагийн ерөнхий газрын Дотоодын цэргийн 805 дугаар ангид жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Д. Ө.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ө нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 15 цаг 15 минутын үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, “Сод Монгол” шатахуун түгээх станцын урд замд 15-44 УБЛ улсын дугаартай Хьюндай Верна маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.5-д “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.М-н жолоодож явсан 41-78 УНӨ улсын дугаартай Тоёота саксийд маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, Б.М-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Д.Ө: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, урсгал сөрж машинтай мөргөлдсөн нь миний буруу, дахин ийм үйлдэл хийхгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 15 цаг 15 минутын үед Н.Жавхлангийн эзэмшлийн Тоёота Саксийд маркийн 41-78 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Номин”  худалдааны төвөөс Яармагийн эцэс рүү явах гээд урдаасаа хойшоо чиглэлтэй явж байгаад зүүн гар тийш эргэх үед саарал өнгийн Хьюндай Верна маркийн 15-44 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл урсгал сөрж ирээд машины зүүн урд хэсгийг мөргөөд зогссон. Тухайн үед би хэсэг шоконд орсон, машинаасаа буухад зүүн гар өвдөөд байсан. ...Баруунаас зүүн чиглэлтэй хөдөлгөөн түгжрэлтэй байсан болохоор нь шууд зүүн гар тийшээ эргэхээр үргэлжилсэн цагаан шугам давсан...” /хх-ийн 42-43/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч С.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тоёота Саксийд маркийн 41-78 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2017 оноос манай байгууллагын өндөгний борлуулалтад явж байгаа. Байгууллагын машины эвдрэлийг засчихвал гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 44-46/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч Б.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Машины урд хэсэг эвдэрснийг Ө засуулчихсан. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 56-57/ гэсэн,

 

Иргэний хариуцагч Н.Баттогтох мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хьюндай Верна маркийн 15-44 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай байгууллагын эзэмшилд байдаг. Д.Ө нь 2017 оноос хойш манай байгууллагад жолоочоор ажиллаж байгаа болно. Бусдад учруулсан хохирлыг Д.Ө төлж барагдуулна...” /хх-ийн 62-63/ гэсэн,

 

Гэрч Н.Жавхлан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тоёота Саксийд маркийн 41-78 УНӨ улсын дугаартай машин миний нэр дээр бүртгэлтэй боловч “Могул ферм” ХХК-ийн өндөгний борлуулалтад явдаг, хоёр жилийн өмнө “Могул ферм” ХХК-ийн захирал С.Билэгдэмбэрэлд зарсан...” /хх-ийн 66/ гэсэн,

 

Шинжээч Ц.Ганболд мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Б.М-ын биед учирсан зүүн шууны хугарал нь шинэ гэмтэл байсан. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 73-74/ гэсэн,

 

Шүүгдэгч Д.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 13 цагийн орчим байгууллагын эзэмшлийн Хьюндай Верна маркийн 15-44 УБЛ улсын дугаартай машиныг жолоодоод Нисэхээс Төрийн санд яаралтай бичиг хүргэж өгөхөөр Хан-Уул дүүргийн “Сод Монгол” шатахуун түгээх станцын урд замд баруунаасаа зүүн чиглэлтэй, зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр 40 км/цагийн хурдтай явж байхад зам түгжрэл ихтэй болохоор нь аваараа татаад, холын гэрлээ асааж, мигалик асаасан /чанга яригчаа дуугаргаагүй/ байдалтай урсгал сөрж ороод явж байхад урдаасаа хойшоо чиглэлтэй орж ирээд зүүн гар тийшээ эргэх гэж байсан Тоёота Саксийд маркийн 41-78 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөөд зогссон...” /хх-ийн 152-155/ гэсэн  мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №14394 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Б.М-т зүүн шууны хугарал тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг болно...” /хх-ийн 77/ гэсэн,

 

- Мөн хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын авто техникийн шинжилгээний лабораторын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №205 тоот шинжээчийн дүгнэлтэд: “... Дүгнэлт 1.  Шинжилгээнд ирүүлсэн Хьюндай Верна маркийн KMHCL41AP9U365772 тоот арлын дугаартай, 15-44 УБЛ улсын дугаартай автомашин эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй.

2. Уг автомашины урд бамбай, арын хөндөл, баруун их гэрэл, их гэрлийн арын хөндөл, капот, хөргөлтийн радиатор зэрэг эд ангиуд эвдрэлтэй, баруун хойд, зүүн урд дугуйн хээ элэгдлийн хязгаарт хүрсэн байна.

3. Дээрх эвдрэл гэмтлүүд нь ослын үед үүссэн тул осолд нөлөөхгүй. Ашиглалтын явцад үүссэн баруун хойд, зүүн урд дугуйн хээ элэгдлийн хязгаарт хүрсэн гэмтэл нь зам дугуйн барьцалтын итгэлцүүрийг бууруулах тул ослын үед тоормослох явцад тоормосны бүрэн зогсолтын замыг уртасгах нөлөө үзүүлэх үндэслэлтэй.

4. Шинжилгээнд ирүүлсэн Хьюндай Верна маркийн KMHCL41AP9U365772 тоот арлын дугаартай, 15-44 УБЛ улсын дугаартай автомашины тоормос шингэн дамжуулгатай, энгийн тоормосны системтэй, Деселерометр багажаар шалгахад 59 хувийн идэвхижилтэй байна.

5. Хуурай бетон зам дээр огцом тоормослож шалгахад 6, 8 метр тоормосны мөр үүсгэж байв.

6. Жолоодож шалгахад спидометр ажиллаж байна. Спидометрын ажиллагаа нь зам тээврийн осолтой шалтгаант холбоогүй тул осолд нөлөөлөхгүй...” /хх-ийн 81-95/ гэсэн,

 

Мөн хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын авто техникийн шинжилгээний лабораторын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №650 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн Тоёота Саксийд маркийн NLP51-0001324 тоот арлын дугаартай, 41-78 УНӨ улсын дугаартай автомашин эвдрэл, гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй.

2. Уг автомашинд нүүр, зүүн их гэрэл, зүүн урд дохионы гэрэл, урд бамбайн зүүн тал, зүүн урд далбаа, капот, зүүн их гэрлийн арын суурь, зүүн урд амортизатор, хөргөлтийн радиатор, патруб, зүүн арын гэрэл зэрэг эд ангиуд эвдрэл гэмтэлтэй. Жолооч талын хаалга, баруун урд хаалганы босго, тотго, арын тээшний таг, зүүн хажуу хаалга, далбаа, зүүн урд тотго зэрэг эд ангиуд сэв гэмтэлтэй. Зай хураагуур байхгүй. Хойд хоёр дугуйн хээ элэгдсэн, урд тэнхлэгийн тохиргоо алдсан, баруун хойд тоормосны накладка элэгдсэн зэрэг эвдрэл гэмтэлтэй байна.

3. Баруун урд хаалга, босго, тотго, арын тээшний таг, зүүн хойд хаалга, зүүн хойд далбаа дамнасан, зүүн урд хаалганы тотго зурагдсан сэв гэмтлүүд ашиглалтын явцад ослын өмнө үүссэн сэв гэмтлүүд байна. Нүүрний хаалт, зүүн их гэрэл, зүүн урд дохионы гэрэл, урд бамбайн зүүн тал, зүүн урд далбаа, капот, зүүн их гэрлийн арын суурь, зүүн урд амортизатор, хөргөлтийн радиатор, патруб зэрэг эд ангиуд эвдрэл гэмтэл ослын үед үүссэн байна. Дээрх эвдрэл гэмтлүүд нь ослын өмнө болсон ослын үед үүссэн тул осолд нөлөөлөх үндэслэлгүй. Хойд хоёр дугуйн хээ элгэдлийн хязгаар хэтэрч элэгдсэн гэмтэл, баруун хойд тоормосны накладка элэгдсэн гэмтлүүд ослын өмнө ашиглалтын явцад үүссэн гэмтлүүд бөгөөд осол хэргийн материалд тухайн осол болох үед зам хальтиргаатай, цаг агаар цас хялмаалсан мэт байх тул тоормосны мөрийг уртасгах нөлөө үзүүлэх үндэслэлтэй.

4. Шингэн дамжуулгатай, ABS тоормосны системтэй. Тоормосны тэлэгч, хавчигчууд ажиллана. Зориулалтын багажгүй тул тоормосны хүчний үзүүлэлтийг шалгаж тогтоох боломжгүй.

5. Шинжилгээнд ирүүлсэн Тоёота Саксийд маркийн 41-78 УНӨ улсын дугаартай автомашин хөдөлгүүр асахгүй, тосгүй, зай хураагуур байхгүй, өөрөө явах боломжгүй тул тоормосны мөр үүсэх эсэхийг шалгаж тогтоох боломжгүй.

6. Шинжилгээнд ирүүлсэн Тоёота Саксийд маркийн 41-78 УНӨ улсын дугаартай автомашины хурд хэмжигч гадна харагдах байдал бүрэн, ил харагдах гэмтэлгүй, автомашин өөрөө явах боломжгүй тул ажиллагааг шалгах боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн осол хэргийн материал спидометрийн бүрэн бүтэн байдалд үндэслэн зам тээврийн осолд нөлөөлөх үндэслэлгүй. Хурд хэмжигч нь жолоочид тухайн үеийн хэрэгслийн хөдөлгөөний хурдны талаарх мэдээлэл өгөх үүрэгтэй...” /хх-ийн 118-144/ гэсэн,

 

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2 дугаартай магадлагаанд: “...1. Хьюндай Верма маркийн 15-44 УБЛ улсын дугаартай тээврийн  хэрэгслийг жолоодож явсан жолооч Дагва овогт Ө нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.5 эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, мөн дүрмийн 3 дугаар хавсралтын 3.1-д дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ доор дурдсан хэмжээнээс бага болсон буюу үйлдвэрээс тогтоосон элэгдлийн тэмдэглээний хязгаарт хүрсэн:

 

Тээврийн хэрэгслийн төрөл

Дугуйн хээний гүн /мм/

Суудлын автомашин, бүх жин 3.5 тонноос илүүгүй ачааны автомашин

1.6

Автобус троллейбус

2.0

Бүх жин нь 3.5 тонносс их ачааны автомашин

1.0

Мотоцикл, мопед

0.8

гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

2. Тоёота Саксийд маркийн 41-78 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Батбаяр овогтой М- нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.3 /үргэлжилсэн хос шугам/- дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” /хх-ийн 111-113/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-14/,

- Жолооч нарын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 15, 16/,

- Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 18-19/,

- Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 34/,

- Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 51-52/,

- Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 101-102, 107-108/,

- Түргэн тусламжийн хуудас /хх-ийн 161/,

- Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 168-169/,

- Жолоочийн лавлагаа /хх-ийн 171/,

- Цаг агаарын байдлын тодорхойлолт /хх-ийн 181/,

-  Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн албан бичиг /хх-ийн 18/,

- Хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 197-198/,

- Шүүгдэгч Д.Ө-ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 156-157, 172-178/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу Тээврийн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж,  Д.Ө-өд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                              

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Д.Ө нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 15 цаг 15 минутын үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, “Сод Монгол” шатахуун түгээх станцын урд замд 15-44 УБЛ улсын дугаартай, Хьюндай Верна маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.5-д “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг зөрчсөний улмаас Б.М-ын жолоодож явсан 41-78 УНӨ улсын дугаартай Тоёота саксийд маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, Б.М-ын эрүүл мэндэд зүүн шууны хугарал бүхийн хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.М-ын “...2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 15 цаг 15 минутын үед Н.Жавхлангийн эзэмшлийн Тоёота Саксийд маркийн 41-78 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Номин” худалдааны төвөөс Яармагийн эцэс рүү явах гээд урдаасаа хойшоо чиглэлтэй явж байгаад зүүн гар тийш эргэх үед саарал өнгийн Хьюндай Верна маркийн 15-44 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл урсгал сөрж орж ирээд миний машины зүүн урд хэсгийг мөргөөд зогссон. Тухайн үед би хэсэг шоконд орсон, машинаасаа буухад зүүн гар өвдөөд байсан. ...Баруунаас зүүн чиглэлтэй хөдөлгөөн түгжрэлтэй байсан болохоор нь шууд зүүн гар тийшээ эргэхээр үргэлжилсэн цагаан шугам давсан...” /хх-ийн 42-43/ гэсэн, шүүгдэгч Д.Өийн “...2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 13 цагийн орчим байгууллагын эзэмшлийн Хьюндай Верна маркийн 15-44 УБЛ улсын дугаартай машиныг жолоодоод Нисэхээс Төрийн санд яаралтай бичиг хүргэж өгөхөөр Хан-Уул дүүргийн “Сод Монгол” шатахуун түгээх станцын урд замд баруунаасаа зүүн чиглэлтэй, зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр 40 км/цагийн хурдтай явж байхад замын түгжрэл их болохоор нь аваараа татаад, холын гэрлээ асааж, мигалик асаасан /чанга яригчаа дуугаргаагүй/ байдалтай урсгал сөрж урдаасаа хойшоо чиглэлтэй эгнээнд орж ирээд зүүн гар тийшээ эргэх гэж байсан Тоёота Саксийд маркийн 41-78 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөөд зогссон...” /хх-ийн 152-155/ гэсэн  мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №14394 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Б.М-т зүүн шууны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг болно...” /хх-ийн 77/ гэсэн,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2019 оны 2 дугаартай магадлагаанд: “...1. Хьюндай Верна маркийн 15-44 УБЛ улсын дугаартай тээврийн  хэрэгслийг жолоодож явсан жолооч Дагва овогт Ө нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.5 эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, мөн дүрмийн 3 дугаар хавсралтын 3.1 дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ доор дурдсан хэмжээнээс бага болсон буюу үйлдвэрээс тогтоосон элэгдлийн тэмдэглээний хязгаарт хүрсэн:

 

Тээврийн хэрэгслийн төрөл

Дугуйн хээний гүн /мм/

Суудлын автомашин, бүх жин 3.5 тонноос илүүгүй ачааны автомашин

1.6

Автобус троллейбус

2.0

Бүх жин нь 3.5 тонносс их ачааны автомашин

1.0

Мотоцикл, мопед

0.8

гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Тоёота Саксийд маркийн 41-78 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Батбаяр овогтой М- нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.3 /үргэлжилсэн хос шугам/ дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна...” /хх-ийн 111-113/ гэсэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын авто техникийн шинжилгээний лабораторын шинжээчийн 2018 оны №205 дугаартай, 2019 оны №650 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-ийн 81-95, 118-144/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-14/, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 34/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 51-52/, автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 101-102, 107-108/, Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн албан бичиг /хх-ийн 18/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Д.Өийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Ө нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Ө-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.М-ын эрүүл мэндэд зүүн шууны хугарал бүхий хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бгийн эд хөрөнгөд 1,152,500 төгрөгийн, Б.Сгийн 883,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан. Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.М, иргэний нэхэмжлэгч С.Б, Б.С нарын хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн /хх-ийн 197-198/ тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Д.Ө нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Д.Өийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд прокурорын саналын хүрээнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Д.Ө-өд холбогдох хэргийг тус шүүхэд 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр ирүүлж, түүнд холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр зарласан боловч шүүгдэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгдэгч Д.Ө-өд авсан таслан сэргийлэх арга хэмжээг чангатган өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, эдлэх ялаас хасах талаар хуульчилжээ. 

Шүүгдэгч Д.Ө нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл буюу 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл нийт 8 /найм/ хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 15,000 төгрөгөөр тооцож, 120 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 120,000 төгрөгийг /15,000х8=120,000/ оногдуулсан торгуулийн ялаас хасч тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн 1803009970047 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдаж, Д.Ө-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №470342 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Өөд буцаан олгож шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч Б овогт Д.Ө-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Ө-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө-ийн цагдан хоригдсон 8 /найм/ хоногийн нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 15,000 /арван таван мянга/ төгрөгөөр тооцож нэг зуун хорин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 120,000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийг түүнд оногдуулсан 600,000 төгрөгийн торгуулийн ялаас хасч, түүний биечлэн эдлэх ялыг 480,000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Д.Ө-өд оногдуулсан 480,000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгийн торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Ө торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн Д.Ө-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №470342 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Ө-өд буцаан олгосугай.

 

7. Эрүүгийн 1803009970047 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.М, иргэний нэхэмжлэгч С.Б, Б.С нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Ө-өд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ө-өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР